Дэлхий нийтээр..
Зайсангийн зарим замыг шөнийн цагаар эсрэг урсгалтай болгоно
Авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд нийслэлийн зарим уулзвар, замд хөдөлгөөн зохион байгуулалтын арга хэмжээ авч байна.
Тодруулбал, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Зайсан орчмын авто замын хөдөлгөөнийг өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн нэг чигтэй болгосон. Харин урин дулааны улирал ирж, барилга угсралтын ажил эхэлж буйтай холбогдуулан хөдөлгөөн зохион байгуулалтад зарим өөрчлөлтийг хийж байгаа талаар Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-аас мэдээлэл өглөө.
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг:

-Улаанбаатарт барилга угсралт, бүтээн байгуулалтын ажил эхэлж байна. Үүнтэй холбоотойгоор Зайсан орчмын зарим замын хөдөлгөөнийг эсрэг урсгалд оруулах арга хэмжээ авна гэлээ.
Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-ын захирал С.Адъяасүрэн:

-Зайсан тойруугийн хөдөлгөөн нэг чигтэй болоод таван сар болж байна. Хөдөлгөөний эрчмийн хувьд Энхтайваны гүүрээр урагш зорчих Чингисийн өргөн чөлөөний хөдөлгөөн 40 орчим хувиар сайжирсан. Мөн уулын гэж нэрлэдэг Дүнжингаравын замаар зорчих хөдөлгөөний эрчим 37 хувиар сайжирсан байна. Өнөөдрийн байдлаар хөдөлгөөн тогтворжин жигдэрсэн үед оргил цагт нэвтрүүлж буй хөдөлгөөний эрчим өмнөх үетэй харьцуулахад 46 хувиар сайжирсан гэсэн үзүүлэлт бий. Тэгэхээр Зайсан тойруугийн зүүн тал буюу нэг чигийн зохион байгуулалт өдрийн цагаар үргэлжилнэ. Харин шөнийн цагаар тодорхой замыг эсрэг урсгалтай болгоно.
Тодруулбал, 23:00-06:00 цаг хүртэл буюу шөнөөр дараах замууд эсрэг урсгалтай болгоно. Үүнд:
- ХААИС-ийн дөрвөн замын уулзвараас KFC-ийн гурван замын уулзвар хүртэл;
- Зайсан тойруугийн зүүн хойд гурван замын уулзвараас ХААИС-ийн дөрвөн замын уулзвар хүртэлх зам үүнд хамаарах юм.
Харин 06:00-23:00 цаг хүртэл буюу өдөр Зайсан тойруу нэг чигийн урсгалтай хэвээр байна хэмээлээ.

Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан:

-Зайсан тойруугийн замыг өвөл нэг чигийн хөдөлгөөнд оруулсан. Харин одоо Зайсан орчимд бүтээн байгуулалт хийж буй барилгын компаниудын ачаа тээвэр явж эхэлсэн. Үүнээс болоод Зайсангийн зүүн чигийн зам дээр эвдрэл гарч, засвар шинэчлэл хийх шаардлагатай болсон юм. Энэ зам нь нийслэлийн төсвөөр тавигдаагүй, мөн том оврын болон хүнд даацын машин явах зориулалтгүй. Тиймээс Зайсангийн зүүн талын хөдөлгөөнд 24 цагийн турш ачааны автомашинд жингийн хязгаарлалт тогтоосон. Өөрөөр хэлбэл, наймаас дээш тонн жинтэй автомашиныг зорчуулахгүй гэсэн юм.
ТЦА-ны Замын цагдаагийн газрын Нийслэлийн замын хөдөлгөөний хяналт, зохицуулалт хариуцсан дэд дарга Ч.Батболд:

-Улаанбаатар хотын бүтээн байгуулалттай холбогдуулан Зайсан орчмын замын хөдөлгөөнд тодорхой зохицуулалтыг хийж байна. Тэгэхээр өнөө оройноос эхлээд замын тэмдэг тэмдэглэгээг байршуулна. Тиймээс иргэд замын хөдөлгөөнд оролцохдоо тэмдгийн заалтыг баримтлах хэрэгтэй. Ямар нэгэн байгууллага, иргэдэд тусгай зөвшөөрөл олгохгүй. Дээрх зохицуулалтын хүрээнд цагдаагийн байгууллага хяналт тавьж ажиллана гэлээ.
Дэлхий нийтээр..
НҮБ дайн үргэлжилбэл дэлхийд өлсгөлөн нэмэгдэх эрсдэлтэйг анхааруулав
НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөр (WFP)-өөс 2026 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр гаргасан мэдэгдэлд дурдсанаар, Ойрхи Дорнодын бүс нутагт үүсээд буй хурцадмал байдал, ялангуяа Ирантай холбоотой зөрчил үргэлжилбэл дэлхийн хэмжээнд нэмэлт 45 сая хүн хурц өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй байгааг анхааруулжээ.
Энэ талаар НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Синди Маккейн анхааруулахдаа, геополитикийн хурцадмал байдал нь дэлхийн хүнсний аюулгүй байдалд ноцтой дарамт учруулж байгааг онцолсон байна.
Тус байгууллагын мэдээлснээр, дайн, зөрчил нь зөвхөн тухайн бүс нутагт төдийгүй дэлхийн хүнсний хангамж, тээвэр логистик, эрчим хүчний зах зээлд шууд болон дам нөлөө үзүүлж байгаа аж. Үүний улмаас хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөх, нийлүүлэлт тасалдах, эмзэг эдийн засагтай орнуудын худалдан авах чадвар буурах зэрэг сөрөг үр дагавар нэмэгдэх төлөвтэй байна.
Одоогийн байдлаар дэлхий даяар хэдийнэ олон сая хүн хүнсний хомсдолд өртөөд байгаа бөгөөд дээрх нөхцөл байдал үргэлжилбэл энэ тоо цаашид огцом нэмэгдэх эрсдэлтэйг НҮБ онцолсон байна. Иймд олон улсын хамтын нийгэмлэгийг зөрчлийг намжаах, хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлэх, хүнсний хангамжийг тогтвортой байлгахад анхаарахыг уриалжээ.
Шинжээчдийн үзэж буйгаар, геополитикийн тогтворгүй байдал нь дэлхийн эдийн засаг, ялангуяа хүнсний аюулгүй байдалд мэдэгдэхүйц нөлөө үзүүлж байгаа бөгөөд ойрын хугацаанд энэ чиг хандлага үргэлжлэх төлөвтэй байна.
Дэлхий нийтээр..
Хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил хурдасч, дэлхийн өрсөлдөөн шинэ шатанд хүрэв
Сүүлийн жилүүдэд хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил эрчимжиж, дэлхийн томоохон компаниудын өрсөлдөөн шинэ шатанд хүрлээ. Үйлдвэрлэл, тээвэр, мэдээллийн технологийн салбарт автоматжуулалт, ухаалаг системийн хэрэглээ эрс нэмэгдэж, хүний оролцоог багасгах чиг хандлага давамгайлж байна.
Хиймэл оюуны шинэ үеийн загварууд илүү нарийвчлалтай, хурдтай ажиллах чадвартай болж, их хэмжээний өгөгдлийг богино хугацаанд боловсруулах боломжийг өргөжүүлэв. Энэ нь бизнесийн шийдвэр гаргалтад шууд нөлөөлөх хэмжээнд хүрчээ. Жолоочгүй тээврийн хэрэгсэл, роботжуулсан үйлдвэрлэл бодит хэрэглээнд улам ойртож, туршилтаас хэрэглээ рүү шилжих үе шат идэвхжив.
Нөгөө талаас дата төвүүдийн хүчин чадал нэмэгдэхийн хэрээр эрчим хүчний хэрэглээ өсөж, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн асуудал олон улсын анхаарлын төвд орж байна.
Мөн технологийн энэ хурдац хөдөлмөрийн зах зээлд өөрчлөлт авчирч, зарим ажлын байр буурч, шинэ ур чадварын эрэлт нэмэгдэх нөхцөл бүрдэв.
Иймээс улс орнууд технологийн бодлогоо шинэчилж, инновац, хүний нөөцийн бэлтгэлийг чухалчлах шаардлага улам тодорч байна.
Дэлхий нийтээр..
“Al Jazeera”-гийн сэтгүүлч амь үрэгдсэнд эмгэнэл илэрхийллээ
-
Дэлхий нийтээр..2023/08/21
Бүгд Найрамдах Филиппин Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Хаймэ Флоркр...
-
Дэлхий нийтээр..2025/03/27
Улаанбаатар хотод орчин үеийн жишиг номын сан барих ажлыг эхлүүллээ
-
Дэлхий нийтээр..2025/02/05
Монгол, Азербайжан улсын зам тээврийн салбарын харилцаа хамтын ажиллагааг бүх са...
-
Дэлхий нийтээр..2023/03/23
Солонгос соёлд хайртай хүмүүсээс бүрдсэн Солонгосын соёлыг сурталчилах арга хэмж...
