Дэлхий нийтээр..
Түгжрэл бууруулахад RFID системийг ашиглаж, зам тээврийн хөдөлгөөнийг зохицуулна
Монгол Улсын хүн амын тал хувь нь оршин суудаг Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд цахим шилжилт, ухаалаг технологи хамгийн чухал юм. Энэ чиг үүргийг хариуцан ажиллаж байгаа Нийслэлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн газарт УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар ажиллалаа. Өмнөх уулзалтаар нийслэлд хэрэгжиж байгаа цахим системүүдтэй танилцаж байсан бол энэ удаад Зам тээврийн нэгдсэн систем, ялангуяа тээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын RFID дэд системийн хэрэгжилттэй танилцаж, санал солилцов.
Тус газар тээврийн хэрэгсэлтэй холбоотой дараагийн “e-mongolia” болгох зорилгоор Зам тээврийн нэгдсэн системийг хөгжүүлж байна. Үүний дэд систем болох RFID бол Улаанбаатар хотын 654 мянган тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэл, хяналтыг сайжруулах үндсэн зорилготой. Өнөөдрийн байдлаар RFID уншигч 161 шонг байршуулж, туршилтын ажлууд хийгдэж байгаа бөгөөд оношлогоонд ороогүй, даатгал, татвараа төлөөгүй гэх мэт зөрчилтэй тээврийн хэрэгслийн илрүүлэлт нэмэгдэж байгаа аж.
Мөн түүнчлэн энэ ондоо багтаж Улаанбаатар хотын иргэд газрын зургийн суурь системийг ашиглах боломжтой болох ажээ. Тус системд нийтийн тээвэр, хүүхдийн автобусны байршил, маршрут, засвартай, түгжрэлтэй зам, зогсоолын мэдээлэл зэргийг бодит цагийн горимоор харуулна. Одоо ашиглаж байгаа googlemap, smartbus зэрэг системээс ялгаатай нь дээрх үзүүлэлтүүдийг газрын зураг дээр дэлгэрэнгүй харуулах тул зорчигч тээврийн хэрэгслийнхээ сонголтыг хийхээс эхлээд маршрутаа бүтнээр нь урьдчилан төлөвлөх боломжтой болох юм.
Байнгын хорооны дарга Э.Батшугар өмнөх уулзалтаар хэлж байсанчлан RFID системийг зам тээврийн хөдөлгөөнийг ухаалгаар зохицуулж, түгжрэлийг бууруулахад ашиглах нь илүү үр дүнтэйг онцлов. Лондон, Москва зэрэг хотод гэрлэн дохион системтэйгээ холбосноор замын хөдөлгөөн, уулзварын нэвтрэлтийг бодит цагийн горимоор жигд хуваарилж, түгжрэлийг 20 хүртэл хувиар бууруулсан сайн жишиг олон бий. Нэгэнт багагүй хөрөнгө зарцуулж, гараанаас гаргасан энэхүү системийг илүү ухаалгаар ашиглах зорилтыг хэрэгжүүлэх чиглэлийг дахин өглөө. Эдгээр ажлууд болон цахим технологийн тусламжтайгаар ухаалаг Улаанбаатарыг бий болгоход Инновац, цахим бодлогын байнгын хороо хууль, эрхзүй, бодлогын талаас идэвхтэй ажиллахаа илэрхийллээ гэж УИХ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Дэлхий нийтээр..
Ши Жиньпин, Доналд Трамп нар Бээжинд уулзаж, хоёр улсын харилцааны гол асуудлуудыг хэлэлцэж байна
БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай Бээжин хотноо хэлэлцээ хийж байна. Олон улсын хэвлэлүүдийн мэдээлж буйгаар, хоёр улсын төрийн тэргүүн нарын уулзалтаар худалдаа, тариф, Тайванийн асуудал, хиймэл оюун ухаан, мөн Ираны нөхцөл байдал зэрэг олон улсын анхаарал татсан сэдвүүдийг хэлэлцэж байна.
“Reuters” агентлагийн мэдээлснээр, энэ удаагийн уулзалт АНУ, БНХАУ-ын худалдааны түр тохиролцоог баталгаажуулах, хоёр талын эдийн засаг, технологийн салбар дахь маргаантай асуудлуудыг хэлэлцэх өндөр ач холбогдолтой уулзалт болж байна. АНУ-ын тал Хятадтай худалдаа, хиймэл оюун ухаан, чип үйлдвэрлэл, нисэхийн салбар дахь хамтын ажиллагаа болон Америкийн компаниудын Хятадын зах зээлд нэвтрэх боломжийг хөндөж байгаа талаар мэдээлжээ.
Уулзалтын бас нэг гол сэдэв нь Тайванийн асуудал байна. Бээжин АНУ-ын Тайваньд үзүүлж буй дэмжлэг, зэвсгийн худалдаанд эсэргүүцэл илэрхийлсээр байгаа бол Вашингтон Тайванийн асуудлаарх бодлогодоо өөрчлөлт ороогүй гэж өмнө нь мэдэгдсэн байна. Тайвань нь АНУ, БНХАУ-ын харилцааны хамгийн эмзэг сэдвүүдийн нэг хэвээр байгааг ажиглагчид онцолж байна.
Мөн АНУ-ын тал Ираны нөхцөл байдалтай холбоотойгоор Хятад улс Тегеранд үзүүлэх нөлөөгөө ашиглан хурцадмал байдлыг намжаахад дэмжлэг үзүүлэхийг хүсэж байгаа талаар “Reuters” мэдээлэв. Гэхдээ шинжээчид Бээжин Ираны эсрэг хатуу байр суурь баримтлах магадлал бага гэж үзэж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп уулзалтын эхэнд Ши Жиньпинийг “агуу удирдагч” хэмээн тодорхойлж, энэ уулзалтыг томоохон ач холбогдолтой гэж үнэлсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Харин БНХАУ-ын тал хоёр улсын харилцааны тогтвортой байдал нь дэлхийн эдийн засаг, олон улсын аюулгүй байдалд чухал нөлөөтэйг онцолжээ.
Уулзалтын хүрээнд хоёр талын албан ёсны хэлэлцээ, төрийн хүндэтгэлийн арга хэмжээ болон бизнесийн хүрээний уулзалтууд болох төлөвтэй байна. АНУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд технологи, санхүү, үйлдвэрлэлийн салбарын томоохон компанийн удирдлагууд багтсан нь энэ удаагийн айлчлал эдийн засаг, технологийн хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч байгааг харуулж байна.
Дэлхий нийтээр..
Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүд дахин нүүр тулан уулзана
Хятад улсын дарга Ши Жиньпиний урилгаар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 5-р сарын 13-15-ны хооронд БНХАУ-д төрийн айлчлал хийж байна.
Энэ нь Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүдийн өнгөрсөн оны 10-р сард Пусан хотод уулзсаны дараа хоёр дахь удаагаа нүүр тулан уулзах бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгчийн есөн жилийн хугацаанд Хятадад хийсэн анхны айлчлал юм. Хоёр орны тэргүүн Хятад, Америкийн харилцаа, дэлхийн энх тайван, хөгжлийн гол асуудлаар гүнзгий санал солилцох болно.
Дэлхий нийтээр..
Украйн: Батлан хамгаалахын салбарын албан хаагчид 9 жилийн хорих ял оноов
Украин улсын Авлигын эсрэг дээд шүүх “Красиловын агрегатын үйлдвэр” төрийн өмчит компанийн үйлдвэрийн хэлтсийн даргыг хахууль авсан хэрэгт буруутай гэж үзэн 9 жилийн хорих ял оноосон байна.
Уг этгээд нь бизнес эрхлэгчээс 1,990,840 гривень (161,8 сая төгрөг)-тэй тэнцэх хэмжээний хахууль авсан нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогджээ. Үүний хариуд бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулах болон хүлээн авах явцад саад учруулахгүй байх, төлбөрийг баталгаажуулах, цаашдын хамтын ажиллагааг дэмжих талаар амлалт өгсөн байв.
Авлигын эсрэг дээд шүүхээс түүнийг Украины Эрүүгийн хуулийн 368 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хорих ялаас гадна өмчийн тодорхой хэсгийг хураах, удирдах албан тушаал эрхлэх эрхийг 3 жилийн хугацаагаар хасах шийдвэр гаргасан байна. Мөн шүүхээс гарсан шийдвэрийг 30 хоногийн дотор давж заалдах боломжтой талаар мэдэгджээ.
-
Үйл явдал2021/04/26
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна
-
Дэлхий нийтээр..2025/05/26
Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад өнөөдөр айлчилна
-
Дэлхий нийтээр..2025/12/30
Шинэ жилийн баяраар цаг агаар ямар байх вэ?
-
Тод зураг2020/01/07
“XXI зуун-21 гранд” төслийн шалгаруулалт эхэллээ
