Дэлхий нийтээр..
Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ
2023 оны 4 дүгээр сарын 24-нөөс 2023 оны 5 дугаар сарын 01-нийг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 24-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 25-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 27-нд нутгийн хойд хагаст, 28-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 30-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 25-нд Алтайн уулархаг нутгаар, 26-нд зарим газраар секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Хугацааны дунд үеэр сэрүүсэж Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 14-19 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна. 29-нд нутгийн баруун хэсгээр, 25, 30-нд ихэнх нутгаар дулаарч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 14-19 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан байна.
Улаанбаатар хот орчмын 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 26, 27-нд хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.
Салхи: 26-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр, зарим үед секундэд 16-18 метр хүртэл ширүүсэж шороон шуурга шуурна. Бусад хугацаанд их төлөв баруунаас секундэд 6-11 метр байна.
Агаарын температур: 27-нд шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 11-13 хэм, бусад хэсгээр 7-9 хэм хүйтэн, өдөртөө 1-3 хэм дулаан, бусад хугацаанд шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан байна.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Дэлхий нийтээр..2021/10/18
Жирэмсэн эхчүүдийг томуугийн вакцинд идэвхтэй хамрагдахыг уриалж байна
-
Дэлхий нийтээр..2021/06/21
УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүд хуралдана
-
Дэлхий нийтээр..2021/12/03
Д.Зүмбэрэллхамыг Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүний үүрэгт ажлаас чөлөө...
-
Үйл явдал2024/02/26
Налайх дүүрэгт 50 тонн тэжээлийг үнэ төлбөргүй олголоо
