Дэлхий нийтээр..
М.Баяраа: Шаардлага хангаагүй шугам тавьсан компаниуд, ашиглалтад хүлээн авсан байгууллагуудтай хариуцлага тооцно
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа Хан-Уул дүүргийн 23, 24 дүгээр хорооны орон сууцны хороолол, хотхонуудын зэвтэй усны асуудлаар шалгалт хийсэн Ажлын хэсгийн тайлантай танилцаж, тухайн орон сууцуудын контор, СӨХ-ны төлөөллүүдтэй уулзлаа.
Тодруулбал, Хан-Уул дүүргийн 23, 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, 25 мянга гаруй хүн амьдардаг “Ханбогд” хороолол, “Арцат”, “Богд вилла”, “Велмонте”, “VIP резиденс”, “Хүннү вилла”, “Хангарьд-1”, “Хангарьд-2”, “Нью гарден” зэрэг 20-иод хороолол, хотхоны халуун, хүйтэн ус зэвтэй байна гэсэн гомдлууд ашиглалт үйлчилгээ хариуцдаг орон сууцны конторууд, Ус сувгийн удирдах газар болон холбогдох байгууллагуудад өнгөрсөн оны зургаадугаар сараас ирэх болсон.
Тухайн бүсийн оршин суугчдын гомдлыг шийдвэрлэх, ус зэвтэй гарч буйн шалтгааныг тогтоох зорилгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар Ажлын хэсгийг байгуулан, орон сууц, олон нийтийн барилгуудын дамжуулах шугам сүлжээ, усны эх үүсвэрт хяналт, шалгалт хийж, тодорхой арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлжээ.
УБЗАА-ны Ус хангамж, ариутгах татуурга, цэвэрлэх байгууламж хариуцсан мэргэжилтэн Л.Алтангэрэл:

-Ажлын хэсэг ус зэвтэй гарч байгаагийн шалтгааныг тодруулах арга хэмжээг нэн тэргүүнд авсан. Ингэхдээ насос станцаас гарч байгаа цэвэр усны шугамууд, хэрэглэгчийн салаа болон салбар худаг шугамууд, ус хэмжүүрийн зангилаа болон айл өрхийн сантехникийн хэрэгслээс Ус сувгийн удирдах газар хими, бактериологиийн дээж авч шинжилсэн. Мөн тухайн цэгүүдээс Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын лаборатори, Шинжлэх ухааны академийн Хими технологийн хүрээлэнгийн лаборатори, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн лабораториудад усны дээж, ус дамжуулах шугам хоолойн дээжийг тус тус шинжлүүлсэн.
Удаа дараа өгсөн усны шинжилгээний хариунуудыг харьцуулан үзэхэд усан дахь төмрийн агууламж ихэссэн, өнгө өөрчлөлттэй, хүчил шүлтийн түвшин саармаг буюу зөвшөөрөгдөх хэмжээнд байсан. Мөн аль ч усны сорьцод эмгэг төрүүлэгч нян илрээгүй.
2022 оны есдүгээр сард орон сууцны хорооллын ус дамжуулах хоолой, хоолойд үүссэн зэвэнд Шинжлэх ухааны академийн Хими, химийн технологийн хүрээлэн шинжилгээ хийсэн.
Яармагийн ус хангамжийн эх үүсвэрээс хэрэглэгчдэд хүргэх үед манган, төмөр, цайрын агууламж нэмэгдэж, зэвтэй гарч байгаа нь усыг дамжуулж буй шугам хоолойноос хамааралтай гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, шугам хоолой нь ундны ус дамжуулах шаардлагыг хангаагүй гэсэн үг. Тэгэхээр “Пума констракшн” ХХК , “Пи Ай Эм Эм” ХХК-ийн хөрөнгөөр барьсан ф200 мм голчтой хоёр км ган яндан, “Шинэ өргөө” хорооллын гаднах ф200 мм-ийн ган шугам болон орон сууцны хорооллын дотор шугам сүлжээ, тоноглолыг стандартад нийцүүлэн солих шаардлага гарч байна гэлээ.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа:

-Зэвтэй усны асуудлаар иргэдээс маш олон гомдол ирсэн. Үүний дагуу Ажлын хэсэг байгуулаад холбогдох чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг авч ажиллалаа. Ус дамжуулах хоолой стандартын шаардлага хангаагүйгээс ийм асуудал үүссэнийг Ажлын хэсгийн тайланд онцолж байна. Усны зэвийг арилгахаар шугам, хоолой, нийт тоноглолыг угаах зэрэг арга хэмжээ авсан ч төдийлөн үр дүнд хүрээгүй.
Энэ бол иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах эрхэнд шууд халдсан нөхцөл байдал. Тиймээс стандартын шаардлага хангаагүй шугам сүлжээ тавьсан, угсралт хийсэн компаниуд, ашиглалтад хүлээн авсан эрх бүхий байгууллагуудтай хариуцлага тооцохоос өөр аргагүй болж байна. Үүнээс гадна 25 мянган хүний эрх ашиг хөндөгдөж байхад асуудлыг шийдэх арга хэмжээ аваагүй аж ахуйн нэгж, хүмүүс хуулийн дагуу хариуцлага хүлээх ёстой гэлээ.

Түүнчлэн ундны ус дамжуулах стандартын шаардлага хангаагүй хоолой, орон сууцны хорооллын дотор шугам сүлжээ, тоноглолыг солих арга хэмжээг даруй авах шаардлагатай гэдгийг уулзалтын үеэр онцолж байсан юм.

Дэлхий нийтээр..
Ши Жиньпин, Доналд Трамп нар Бээжинд уулзаж, хоёр улсын харилцааны гол асуудлуудыг хэлэлцэж байна
БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай Бээжин хотноо хэлэлцээ хийж байна. Олон улсын хэвлэлүүдийн мэдээлж буйгаар, хоёр улсын төрийн тэргүүн нарын уулзалтаар худалдаа, тариф, Тайванийн асуудал, хиймэл оюун ухаан, мөн Ираны нөхцөл байдал зэрэг олон улсын анхаарал татсан сэдвүүдийг хэлэлцэж байна.
“Reuters” агентлагийн мэдээлснээр, энэ удаагийн уулзалт АНУ, БНХАУ-ын худалдааны түр тохиролцоог баталгаажуулах, хоёр талын эдийн засаг, технологийн салбар дахь маргаантай асуудлуудыг хэлэлцэх өндөр ач холбогдолтой уулзалт болж байна. АНУ-ын тал Хятадтай худалдаа, хиймэл оюун ухаан, чип үйлдвэрлэл, нисэхийн салбар дахь хамтын ажиллагаа болон Америкийн компаниудын Хятадын зах зээлд нэвтрэх боломжийг хөндөж байгаа талаар мэдээлжээ.
Уулзалтын бас нэг гол сэдэв нь Тайванийн асуудал байна. Бээжин АНУ-ын Тайваньд үзүүлж буй дэмжлэг, зэвсгийн худалдаанд эсэргүүцэл илэрхийлсээр байгаа бол Вашингтон Тайванийн асуудлаарх бодлогодоо өөрчлөлт ороогүй гэж өмнө нь мэдэгдсэн байна. Тайвань нь АНУ, БНХАУ-ын харилцааны хамгийн эмзэг сэдвүүдийн нэг хэвээр байгааг ажиглагчид онцолж байна.
Мөн АНУ-ын тал Ираны нөхцөл байдалтай холбоотойгоор Хятад улс Тегеранд үзүүлэх нөлөөгөө ашиглан хурцадмал байдлыг намжаахад дэмжлэг үзүүлэхийг хүсэж байгаа талаар “Reuters” мэдээлэв. Гэхдээ шинжээчид Бээжин Ираны эсрэг хатуу байр суурь баримтлах магадлал бага гэж үзэж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп уулзалтын эхэнд Ши Жиньпинийг “агуу удирдагч” хэмээн тодорхойлж, энэ уулзалтыг томоохон ач холбогдолтой гэж үнэлсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Харин БНХАУ-ын тал хоёр улсын харилцааны тогтвортой байдал нь дэлхийн эдийн засаг, олон улсын аюулгүй байдалд чухал нөлөөтэйг онцолжээ.
Уулзалтын хүрээнд хоёр талын албан ёсны хэлэлцээ, төрийн хүндэтгэлийн арга хэмжээ болон бизнесийн хүрээний уулзалтууд болох төлөвтэй байна. АНУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд технологи, санхүү, үйлдвэрлэлийн салбарын томоохон компанийн удирдлагууд багтсан нь энэ удаагийн айлчлал эдийн засаг, технологийн хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч байгааг харуулж байна.
Дэлхий нийтээр..
Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүд дахин нүүр тулан уулзана
Хятад улсын дарга Ши Жиньпиний урилгаар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 5-р сарын 13-15-ны хооронд БНХАУ-д төрийн айлчлал хийж байна.
Энэ нь Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүдийн өнгөрсөн оны 10-р сард Пусан хотод уулзсаны дараа хоёр дахь удаагаа нүүр тулан уулзах бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгчийн есөн жилийн хугацаанд Хятадад хийсэн анхны айлчлал юм. Хоёр орны тэргүүн Хятад, Америкийн харилцаа, дэлхийн энх тайван, хөгжлийн гол асуудлаар гүнзгий санал солилцох болно.
Дэлхий нийтээр..
Украйн: Батлан хамгаалахын салбарын албан хаагчид 9 жилийн хорих ял оноов
Украин улсын Авлигын эсрэг дээд шүүх “Красиловын агрегатын үйлдвэр” төрийн өмчит компанийн үйлдвэрийн хэлтсийн даргыг хахууль авсан хэрэгт буруутай гэж үзэн 9 жилийн хорих ял оноосон байна.
Уг этгээд нь бизнес эрхлэгчээс 1,990,840 гривень (161,8 сая төгрөг)-тэй тэнцэх хэмжээний хахууль авсан нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогджээ. Үүний хариуд бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулах болон хүлээн авах явцад саад учруулахгүй байх, төлбөрийг баталгаажуулах, цаашдын хамтын ажиллагааг дэмжих талаар амлалт өгсөн байв.
Авлигын эсрэг дээд шүүхээс түүнийг Украины Эрүүгийн хуулийн 368 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хорих ялаас гадна өмчийн тодорхой хэсгийг хураах, удирдах албан тушаал эрхлэх эрхийг 3 жилийн хугацаагаар хасах шийдвэр гаргасан байна. Мөн шүүхээс гарсан шийдвэрийг 30 хоногийн дотор давж заалдах боломжтой талаар мэдэгджээ.
