Тод мэдээ
“Харшийн сүлд модны наадам”-д 700 гаруй хүүхэд багачууд оролцлоо

Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Харшийн сүлд модны наадам” /2022.12.24/ боллоо. Тус наадмыг НЗДТГ, Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолбортой хамтран 10 дахь жилдээ зохион байгуулж байгаа юм. Харин өнөөдрийн тухайд нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй асрамж, халамжийн төвүүдийн 700 гаруй хүүхэд багачууд хамтдаа нэг өдрийг дурсамж дүүрэн өнгөрүүлэв.
НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Мөнгөншагай “Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолбороос 40 гаруй жил зохион байгуулж буй уг наадмыг Нийслэлийн Засаг даргын нэрэмжит болгон, сүүлийн арван жил дэмжин ажиллаж байгаа. Өглөө 09:00 цагаас эхэлсэн хөтөлбөрийн хүрээнд хүүхдүүд маань цэнгээнт бүжиг сурч, хөгжөөнт тоглоом тоглон, урлагийн тоглолт үзэж байна. Зөвхөн урлагийн тоглолт үзэх бус, бусад хүүхдүүдтэйгээ ч мөн танилцан нөхөрлөж байгаа юм. “Харшийн сүлд модны наадам”-д ирсэн хүүхэд бүрд гарын бэлэг өгч байгаа бөгөөд урлаг спорт, сурлагын амжилт гаргасан 20 хүүхдэд орон орны бяцхан өвлийн өвгөд гарын бэлэг гардуулсан” хэмээв.
Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолбор анх 1981 онд өвлийн барилга, байгууламжаа ашиглалтад оруулсан бөгөөд тэр цагаас хойш “Харшийн сүлд модны наадам"-ыг зохион байгуулж байгаа юм. Энэ талаар тус цогцолборын ерөнхий захирал Б.Отгонбат “Манай “Харшийн сүлд модны наадам” арванхоёрдугаар сарын 21-27-ныг хүртэл долоо хоног үргэлжилнэ. Энэ жил 4500 гаруй хүүхэд багачуудыг хүлээн авахаар төлөвлөсөн. Мөн Өвөрхангай, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Өмнөговь аймаг болон Улаанбаатар хотоос 100 гаруй уран бүтээлч хүүхдүүд хүрэлцэн ирж, урлагийн тоглолтоо толилуулж байна. Тоглолтод сонгогдсон уран бүтээлчид маань долоо хоногийн өмнөөс байрлан, тоглолтуудаа шинээр зохиомжилсон. Үзэгч хүүхдүүддээ байгаль дэлхийгээ хайрлах, нэгнээ гомдоохгүй, гадуурхахгүй байх, сайн хүн болохын тухай сургамжилсан зохиомж бэлтгэсэн. Уран бүтээлч хүүхдүүдээс гадна Найрамдал зуслангийн 100 гаруй багш ажилтан буюу нийт 300 орчим хүн зохион байгуулалтад ажиллаж байна. Өнөөдрийн тухайд Нийслэлийн Засаг даргын нэрэмжит тоглолт буюу асрамж, халамжийн төвийн хүүхдүүдтэйгээ баяраа тэмдэглэлээ” гэв.
“Харшийн сүлд модны наадам”-д тив тивээс ирсэн бяцхан өвлийн өвгөд болон уран бүтээлчид хүүхэд багачуудад мэндчилгээ дэвшүүллээ
Европ тивийн өвлийн өвгөн:
-Хүсэл мөрөөдлийн бэлгэ тэмдэг
Харшийн цэнгүүндээ морилон саатсан
Энхрий бяцхан хүүхдүүд
Эрхэм анд найз нар минь сайн байцгаана уу?
Цас шиг цагаахан сэтгэлтэй
Цайлган хөөрхөн хүүхдүүд та нар минь
Үйлс бүхэн нь үргэлж биелж
Үлгэр адил жаргах болтугай
Хөгшин Европ тивийнхээ халуун мэндийг хүргэе, өвөө нь.
Америк тивийн өвлийн өвгөн:
-Америкаас Монголд ирэхэд хол байлаа. Америкт дандаа зун болдог болохоор халуун бүгчим байдаг. Монголд харин хүйтэн байна.
Монгол өвлийн өвгөн:
-Би хүүхдүүд баярлуулах дуртай. Учир нь хүүхдүүдийг баярлуулах нь хүмүүсийн үүрэг бөгөөд хүүхдийн эрхийг хүндэлж байгаа нэг хэлбэр гэж боддог.
Австрали тивийн өвлийн өвгөн:
-Эргэх эх дэлхийн
Энэхэн нэгэн төлөөлөл
Эрхэмлэн дээдлэх байгаль дэлхийн
Эгнэшгүй суут бүтээл
Мөнхийн ногоон Австрали тивээсээ
Мөн ч их яаран ирлээ би
Байгаль эхээ хайрлан хамгаалж
Баялаг түүхийнхээ эзэд нь болоорой, хүүхдүүд ээ.
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Говийн Уянга Борхойн Дэг хүүхдийн бүжгийн чуулгын уран бүтээлчид:
-Бид арванхоёрдугаар сарын 12-нд Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолборт ирж, бэлтгэлээ хийсэн. Ийнхүү өдөр тутмын тоглолтуудаа амжилттай толилуулж байна. Дүү нар болон үеийн найзууддаа тоглолтоороо бэлэг барьж байгаадаа сэтгэл хангалуун байгаа. Тэд маань ч халуун дотноор хүлээн авч байгаад нь баярладаг. Бид монгол модерн бүжиг, олон үндэстний бүжиг зэргийг найзууддаа болон дүү нартаа хүргэсэн. Энэхүү тоглолтод шалгараад оролцож байгаадаа үнэхээр их баяртай байна.
Ийнхүү өнөөдөр асрамж, халамжийн төвийн хүүхэд багачууд цэвэр агаарт өртөөчилсөн тоглоом тоглон, хөтөлбөрт бүжгийн цэнгүүнд оролцож, харшийн тоглолт үзэн, баярын зоог барьсан юм.
Тод мэдээ
Сүхбаатар дүүрэгт 37228 ам.метр явган хүний замын засвар, арчлалтыг энэ сарын 20-ноос эхлүүлнэ
Нийслэлээс явган замын арчлалтыг сайжруулах үүднээс байршлууд дээр нь очиж тогтмол ажиллаж байгаа. Тухайлбал, энэ сарын 17-ны өдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг болон холбогдох албаныхан хотын гол, гудамж замын зарим байршилд явган замын нөхцөл байдалтай танилцаж, үүрэг чиглэл өглөө.
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд ажиллахдаа явган замгүй байршлуудад хэрхэн явган зам гаргах, иргэдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах асуудлаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг болон албаны хүмүүстэй ярилцлаа.
Энэ үеэр Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг “Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу өнгөрсөн амралтын өдрүүдээр дүүргийн Тамгын газар, хороодын ажлын албатай хамтарч Сүхбаатар дүүргийн 1-11 дүгээр хорооны 355 байршилд 37228 ам.метр талбайн явган хүний зам талбайн арчлалтыг шалгасан. Явган хүний замын хавтангуудын арчлалтыг сайжруулах, засварлах шаардлагатай хэсгүүдэд ажлыг энэ сарын 20-ноос эхлүүлж, үе шаттай явуулна. Эхний ээлжид Сүхбаатар дүүргийн Бага тойруугаас Их тойруу доторх явган хүний замыг засварлана. Багшийн дээдийн хойно Спортын төв ордны арк дээр иргэдээс гомдол их ирдэг. Автомашин явах хоёр урсгал замтай ч хажуугаар нь явган хүний зам байдаггүй. Тиймээс иргэд, орчмоор нь зорчиж байгаа оюутнуудад зорчиход хүндрэлтэй. Энэ хэсэгт мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулж, явган хүний замыг хийхээр төлөвлөж байна” гэлээ.
Сүхбаатар дүүргийн хэмжээнд Энхтайваны өргөн чөлөө буюу Арслантай гүүрний баруун талаас Баруун 4 зам хүртэлх явган хүний замыг шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Гэрээнд заасан хугацааны дагуу ажлууд хийгдэнэ. МУИС-ийн баруун талаас Засгийн газрын ордны зүүн талд байрлах “Галлериа Улаанбаатар”-ын урд талын хэсэг, СТӨ-ний ард талын хэсгийн явган замын ажлуудыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас хяналт тавин гүйцэтгэж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Тод мэдээ
Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ
Нийслэлийн Засаг даргын 2025 оны “Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнөөдрөөс Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ.
Тодруулбал, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, дүүргүүдийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн алба хаагчид Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу 9 чиглэлд ирэх есдүгээр сарын 21-ний өдрийг дуустал хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллах юм. Энэ жилээс Сэлбэ гол дагуу хөдөлгөөнт эрүүл ажиллана. Нийслэлийн хэмжээнд гол, усны ослоос аврах, урьдчилан сэргийлэх завьт болон хөдөлгөөнт эргүүл 15 дахь жилдээ ажиллаж байна.
НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС
Тод мэдээ
Сүхбаатарын талбайн хоёр талын явган хүний замыг шинэчлэх ажил үргэлжилж байна
Нийт 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчлэх ажил үргэлжилж байна. Үүний нэг болох Сүхбаатарын талбайн хоёр талын 5012 ам.метр талбай бүхий явган хүний зам засварын байршилд холбогдох албаныхан ажиллалаа.
Тухайн байршилд ажилласан УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “Нийслэл хотын хэмжээнд төв магистрал зургаан гудамжинд байгалийн чулуун хавтангаар явган хүний зам хийж байна. Тухайлбал, Төв шуудангийн уулзвараас Сүхбаатарын талбайг тойрсон явган хүний замыг тодорхой хэсгүүдэд хувааж, ажлыг үргэлжлүүлж байгаа юм. Ажил гүйцэтгэхдээ явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулахгүйн тулд иргэд чөлөөтэй зорчих гарцыг гаргасан” гэлээ.
Түүнчлэн явган замыг байгалийн боржин чулуун хавтангаар шинэчлэхдээ галаар шатаах, цохилттой дрилл ашиглан барзгар гадаргуу үүсгэх байдлаар технологийн шинэчлэлтийн ажлыг зарим шаардлагатай хэсэгт оруулж өгч байгааг ажил гүйцэтгэгчид хэллээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
-
Тод мэдээ2024/11/18
“Ланд-200 маркийн автомашин хямд худалдана" гэж залилжээ
-
Тод мэдээ2024/03/14
Шар усны үер болон халиа тошингийн эрсдэлээс сэргийлэх хүрээнд 11 тэрбум төгрөги...
-
Тод мэдээ2024/12/13
“Транспэрэнси интернэшнл” байгууллагын Удирдах зөвлөлийн дарга Франсуа Валер...
-
Тод мэдээ2024/04/16
Монгол Улсын авлигатай тэмцэж буй бодлого, үйл ажиллагаанд олон улсын шинжээчид ...