Дэлхий нийтээр..
“Мөнх тэнгэрийн бичиг-2022” монгол уран бичлэгийн шилдгүүд тодров
Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан “Мөнх тэнгэрийн бичиг-2022” монгол уран бичлэгийн шилдгүүд тодорлоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Соёлын сайд Ч.Номин, Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир нар шагналыг нь гардуулав.
Голомт банкны график дизайнер Ц.Тамирын “Монголын нууц товчоо” бүтээл уран бүтээлчдийн үсгийн урлалын төрөлд шилдгээр шалгарлаа.
- Зүүн хүрээ Дашчойлин хийдийн бурханч лам, “Зүүн хүрээ” коллежийн багш М.Эрдэмбилэг – “Чингисийн билиг сургаал”;
- “Бичиг соёл” төвийн багш М.Буянхишиг – “Чингисийн их өчиг”;
- БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хотын дэсийн төлөөлөгч А.Мэргэнбат – “Эзэн Чингисийн сан оршвой”;
- Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн багш Ү.Мөнхбалжир – “Оюун түлхүүр”;
- Нийслэлийн ерөнхий боловсролын “Томүжин” алтернатив сургуулийн багш Г.Сайнжаргал – “Хархорум”;
- Нийслэлийн ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн багш Б.Даваачулуун – “Чингис хааны билиг сургаал”;
8-10 дугаар ангийн сурагчдын ангилалд:
- Нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн 10 дугаар ангийн сурагч Б.Баяр-Эрдэнэ – “Чингис хаан”
- Нийслэлийн ерөнхий боловсролын 16 дугаар сургуулийн 8 дугаар ангийн сурагч М.Энхжаргал– “Чингис хааны их өчиг”;
- Нийслэлийн ерөнхий боловсролын 151 дүгээр сургуулийн 6 дугаар ангийн сурагч З.Мөнх-Эрдэнэ – “Чингис”;
11-12 дугаар ангийн сурагчдын ангилалд:
- Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагч Ү.Энхжин – “Жамухын өчил”;
- Хэнтий аймгийн Хэрлэн сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Ичиннорвоо – “Монголын их амар амгалан”;
- Нийслэлийн ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч Х.Номин – “Монголын нууц товчоо” бүтээлээрээ эхний гурван байр эзэллээ.
“Чингис хаан ба Монголын их амар амгалан” сэдэвт “Мөнх тэнгэрийн бичиг-2022” монгол уран бичгийн үзэсгэлэнд дотоод, гадаадын 333 бүтээл ирсэн байна. Энэ жил анх удаа үсгэн урлалын бүтээлүүдийг хүлээж авсан бөгөөд цаашид цахим тигийн төрлийг нэмэхээр төлөвлөжээ.
“Мөнх тэнгэрийн бичиг” үзэсгэлэнг Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг тохиолдуулан уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ хүрээнд үндэсний бичиг үсгээ сурч байгаа сурагчид, багш нар болон монгол уран бичлэгийг гарамгай эзэмшсэн уран бүтээлчдийг хөхиүлэн урамшуулж, шилдэг бүтээлүүдийг нийтэд сурталчлан таниулдаг юм.
Үзэсгэлэнг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Соёлын яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, МҮОНРТ, Боловсролын ерөнхий газар, “Чингис хаан” музей, Монголын хүүхдийн урлан бүтээх төв, Монголын урчуудын эвлэл, “Бичиг соёл” төв хамтран зохион байгууллаа.
“Мөнх тэнгэрийн бичиг-2022” монгол уран бичлэгийн үзэсгэлэнг ”Чингис хаан” музейд толилуулж байна.
Дэлхий нийтээр..
Германы прокурорууд “Умардын урсгал”-ын халдлагыг Украины тал захиалсан гэж үзжээ
Германы прокурорууд 2022 онд “Умардын урсгал” хийн хоолойд гарсан дэлбэрэлттэй холбоотойгоор Украины армийн офицер асан этгээдэд яллах дүгнэлт үйлджээ. Түүнийг Украины төрийн байгууллагын нэрийн өмнөөс ажиллаж, хоолойг дэлбэлэх ажиллагаанд оролцсон гэж буруутгаж байна.
Германы хувийн мэдээлэл хамгаалах журмын дагуу Серхий К. гэж нэрлэгдсэн уг этгээдийг иргэний зориулалттай байгууламжид халдсан, дэлбэрэлт үүсгэсэн, дэд бүтэц сүйтгэсэн, нийтийн үйлчилгээг тасалдуулсан бүлэгт багтсан гэж үзжээ. Харин тэрбээр уг хэрэгт холбоогүй гэдгээ мэдэгдсэн байна.
Киевийн эрх баригчид Германы прокуроруудын мэдэгдэлд дэлгэрэнгүй тайлбар өгөх хангалттай мэдээлэл одоогоор байхгүй гэжээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский яллах дүгнэлтийн талаар бүрэн мэдээлэл аваагүй тул одоогоор дүгнэлт хийхэд эрт байна гэж мэдэгдсэн байна.
Прокуроруудын мэдээлснээр Серхий К. нь 2022 оны есдүгээр сард шумбагчид, хөлгийн ахмад, тэсрэх бодисын мэргэжилтнээс бүрдсэн багийг удирдан Герман руу хуурамч бичиг баримтаар нэвтэрч, хөлөг түрээслэсэн гэж үзэж байна. Улмаар багийнхан Балтын тэнгист байрлах хоолойн хэсэгт тэсрэх төхөөрөмж байрлуулсан гэх үндэслэлээр шалгагдаж байна.
“Умардын урсгал”-ын дэлбэрэлт 2022 оны есдүгээр сард буюу Орос Украинд бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлснээс долоон сарын дараа болсон. Дэлбэрэлтийн улмаас Оросын байгалийн хийг Европ руу дамжуулах гол шугам болох “Умардын урсгал-1” гэмтэж, ашиглалтад ороогүй байсан “Умардын урсгал-2”-ын хэсэг мөн эвдэрсэн юм.
Германы тал уг хэргийг өөрийн харьяалалд хамаарна гэж үзэж байна. Учир нь гэмтсэн хоолойнууд Германы Мекленбург–Өрнөд Померани мужийн Любмин хотод хүрдэг бөгөөд Германы эрчим хүчний аюулгүй байдалд нөлөөлсөн гэж тайлбарлажээ.
Дэлхий нийтээр..
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён-ы хамт 2026 оны 07 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
Энэ айлчлал БНСУ-ын төрийн тэргүүн 2011 онд манай улсад айлчилснаас хойш 15 жилийн дараа болох юм.
Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны хэлэлцээ хийж, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагаа зэрэг чиглэлээр санал солилцоно.
Айлчлалын үеэр талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолд хүндэт зочдын хувиар оролцоно.
Хоёр улс:
2006 онд “Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны түншлэл”
2011 онд “Иж бүрэн түншлэл”
2021 онд “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоосон.
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс 1990 оны 03 дугаар сарын 26-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. БНСУ 1990 онд Улаанбаатар хотноо, манай улс 1991 онд Сөүл хотноо Элчин сайдын яамаа нээжээ.
Дэлхий нийтээр..
Пакистан: Афганы хил орчимд явуулсан ажиллагаагаар 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж мэдэгдэв
Пакистаны аюулгүй байдлын хүчнийхэн Афганистантай залгаа хилийн бүсэд явуулсан хуурай замын ажиллагаа болон дараах агаарын цохилтын үеэр 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж тус улсын эрх баригчид мэдэгдлээ.
Пакистаны Мэдээллийн сайд Аттаулла Тарарын мэдээлснээр, уг ажиллагааг сүүлийн үед тус улсын нутаг дэвсгэрт гарсан хэд хэдэн зэвсэгт халдлагын хариу арга хэмжээ болгон зохион байгуулжээ. Тэрбээр ажиллагааны үеэр зэвсэгт бүлэглэлүүдийн байрлаж байсан нуугдах газар, баазуудад чиглэсэн цохилт өгсөн гэж мэдэгдсэн байна.
Энэхүү ажиллагаа нь Карачи хот дахь Пакистаны хилийн цэргийн төв байр руу зэвсэгт халдлага үйлдэгдсэний дараахан болсон юм. Уг халдлагын улмаас гурван цэргийн алба хаагч амь үрэгдэж, хэд хэдэн хүн шархадсан бөгөөд халдлагын хариуцлагыг Пакистаны Талибантай холбоотой Жамаат-ул-Ахрар бүлэглэл хүлээжээ.
Сүүлийн жилүүдэд Пакистаны баруун хойд бүсэд зэвсэгт халдлагын тоо эрс нэмэгдэж, тус улсын эрх баригчид ихэнх халдлагыг Пакистаны Талибан (TTP) болон түүнтэй холбоотой бүлэглэлүүдтэй холбон тайлбарлаж ирсэн. Харин Афганы эрх баригчид өөрийн нутаг дэвсгэрийг ийм зорилгоор ашиглуулахгүй гэсэн байр сууриа удаа дараа илэрхийлж байгаа юм.







