Тод мэдээ
Ковидын үеийн халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж ажиллахыг чиглэл болголоо

Гамшгийн эрсдэлийг бууруулах Нийслэлийн зөвлөл 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хуралдаж, 2022 оны тус зөвлөлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хэлэлцлээ.
Энэ онд тус зөвлөлөөс нийт 38 арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Газар хөдлөлтийн эрсдэлийг бууруулах, үер усны аюул, гал түймэр, хүн, мал амьны гоц халдварт өвчин болон гаммшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх мэдээ мэдээлэл, сургалт судалгаа…зэрэг долоон чиглэлээр хэрэгжүүлсэн дээрх 38 арга хэмжээний гүйцэтгэл 81.3 хувьтай биелсэн гэж дүгнэж байна. Тэгэхдээ 100 хувь биелсэн арга хэмжээ 19 байгаа бол, бусад нь 30-70 хувийн биелэлттэй гарсан юм. Харин биелэгдээгүй ажлуудын ихэнх нь төсөв, хөрөнгөөс шалтгаалжээ.
Тодруулбал, Төрийн хэмнэлтийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр зарим санхүүжилтийг танасан болохыг тодотголоо. Хуралдааны үеэр зөвлөлийн гишүүд цаг үеийн холбогдох мэдээллүүдийг танилцууллаа. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Баатархүү “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ 2030” баримт бичиг болон “Аюулгүй гамшигт тэсвэртэй хот-2030” төслийн талаарх мэдээллийг өглөө. 2015 онд Япон Улсын Сендай хотод болсон “Гамшгийн эрсдэлийг бууруулах Дэлхийн III бага хурал”-аас НҮБ-ын гишүүн 187 улс орон дээрх баримт бичгийг баталсан. Харин Монгол Улс энэхүү баримт бичгийн II үе шатыг хэрэгжүүлэн ажиллаж байгааг Ц.Баатархүү хэллээ. Мөн сайжруулсан шахмал түлшний нөөцлөлт, үйлдвэрлэлтийн талаар Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд өгсөн юм. Өнөөдрийн байдлаар сайжруулсан шахмал түлшний 2 үйлдвэрийн 11 шугамаар хоногт 2000 гаруй тонн түлш үйлдвэрлэж байна. Засгийн газраас 200 мянган тонн түлш нөөцлөх үүрэг өгснөөс одоогийн байдлаар 120 мянган тонныг нөөцлөөд байгаа аж. Дүүргүүдэд байгаа нийт 59 агуулахаас 650 борлуулалтын цэг рүү тээвэрлэлтийг өдөр тутам хийн ажиллаж байна.
Нийслэлийн онцгой байдлын газрын хувьд холбогдох мэдээллийг өгөхийн сацуу Туул, Тэрэлж голын дагуух хэд хэдэн байршил буюу иргэдийн хамгийн их очдог тодорхой хэсэгт хяналтын камер байршуулж, үер усны гамшгаас урьдчилан сэргийлэх асуудлыг хөндлөө. Улмаар энэхүү ажлын санхүүжилтийг шийдвэрлэж өгөхийг хүссэн юм.
Хуралдааны үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга, Гамшгийн эрсдэлийг бууруулах Нийслэлийн зөвлөлийн дарга Ж.Батбаясгалан хэд хэдэн чиглэлээр зөвлөлийн гишүүдэд үүрэг өглөө. Тухайлбал, нийслэлийн өвөлжилтийн бэлэн байдалд онцгой анхаарч, УБ хотын инженерийн шугам сүлжээний найдвартай байдал, эрчим хүчний хангамжийг сайжруулахыг сануулсан юм. Мөн хүйтний эрч нэмэгдэж эхэлсэнтэй холбогдуулан гэр хорооллын иргэдиийн түлшний хангалт, угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчид шат шатандаа бэлэн байдалд ажиллахыг үүрэг болгов. Эцэст нь коронавируст цар тахал болон улирлын ханиад томуу нэмэгдэж байгаа тул ковидын үеийн халдвар хамгааллын дэглэмийг мөн мөрдөж ажиллахыг чиглэл болголоо.
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ
Тод мэдээ
Баянгол дүүргийн 2 байршилд дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх ААН-үүд шалгарчээ
Нийслэлээс ашиглалтын шаардлага хангахгүй дүгнэлт нь гарсан, оршин суугчдын амьдрах нөхцөл хүнд байгаа байршлуудад дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж буй.
Энэ хүрээнд “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-иас ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцуудыг буулгаж, байршил дээр нь дахин төлөвлөлтийн 15-20 төслийг хэрэгжүүлэхээр сонгон шалгаруулалтыг үе шаттай зарласан.
Ийнхүү хоёр төслийн гүйцэтгэгч шалгарч, батламж гардууллаа. Тодруулбал,
- Баянгол дүүргийн 3 дугаар хороо, ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай 35, 36 дугаар орон сууцны барилгыг буулган, барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр “Тэргүүн чансаа” ХХК;
- Баянгол дүүргийн 2 дугаар хороо, ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай 32 дугаар орон сууцны барилгыг буулган, барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр “Грэйт Роуд” ХХК тус тус шалгарсан юм.
Батламж гардуулах үеэр “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Төмөртөмөө гүйцэтгэгчээр шалгарсан аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлд амжилт хүсэн “Хамгийн гол нь хариуцлага алдахгүйгээр иргэдтэйгээ харилцан тохиролцож, бүтээн байгуулалтын ажилдаа яаравчлан орох хэрэгтэй. Дахин төлөвлөлтийн ажил цаг ямагт маргаан дагуулж байдаг. Гэвч та бүхнийг өнгөрсөн алдааг давтахгүй, хариуцлагаа өндөржүүлж, айл өрхийн амьдрах орчныг сайжруулахын төлөө хичээж ажиллана гэдэгт итгэж байна” гэв.
Тод мэдээ
Улиас модыг хэлбэржүүлэх, молцог түүх, унгарилыг шүршиж угаах ажлыг тогтмол хийж байна
Нийслэлийн хэмжээнд 38.8 мянга гаруй улиас мод байдаг. Үүнээс 50.4 хувь буюу 19.5 мянган гаруй улиас нь нийслэлийн зургаан дүүргийн нийтийн эзэмшлийн талбайд ургаж байна. Нийт улиас модны 46.9 хувь буюу 18232 ширхэг нь эм улиас гэж нэрлэгддэг. Энэхүү эм улиас модны унгарилын гаралтыг багасгах, бууруулах чиглэлээр үе шаттай ажлууд хийж байна.
Тухайлбал, 2025 оны хаврын хэлбэржүүлэлтийн ажлын хүрээнд 86 байршилд 9298 ширхэг навчит мод буюу нийт хэлбэржүүлэх эм улиас модны 51 хувийг хэлбэржүүлсэн. Харин энэ зургаадугаар сарын байдлаар нийтийн эзэмшлийн 157 га талбайд ургаж байгаа улиас модыг хэлбэржүүлэх, молцог түүх, унгарил гарсан үед шүршиж угаах зэрэг ажлыг тогтмол хийж байна.
Зургаадугаар сарын эхний 7 хоногоос эхлэн эм улиасны унгарилыг усаар шүршсэн. Ингэснээр эм улиаснаас гарах үр хөврөлийн хэмжээ 40 хувь хүртэл буурах боломжтойг холбогдох албаныхан хэллээ. Мөн ААНБ-ууд өөрсдийн эзэмшлийн талбайд байгаа улиас модны унгарилыг усаар шүршиж цэвэрлэхийг уриаллаа.
Тод мэдээ
Э.Ниндэв: Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг олон улсын стандартад нийцүүлэх, лацны стандартыг батлах шаардлагатай
Нийслэлийн зүгээс тээврийн хэрэгслийн улсын дугаарыг олон улсын стандартад нийцүүлэх, лацны стандартыг батлах төслийг боловсруулж, Зам, тээврийн яамтай санал солилцож байна.
Уг стандартыг баталснаар манай улсын автомашины дугаартай иргэд олон улсад зорчихдоо ямар нэгэн саадгүй зорчих нөхцөл бүрдэхээс гадна ашиглаж буй улсын дугаараа дур мэдэн сольж, өөрчлөх зөрчил багасах ач холбогдолтой.
Энэ талаар нийслэлийн Автотээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын төв ОНӨААТҮГ-ын дарга Э.Ниндэв “Өнөөдрийн байдлаар манай улсад мөрдөгддөг тээврийн хэрэгслийн улсын дугаарын MNS 4410:2017, MNS 4410:2002 стандарт нь олон улсын стандартад нийцдэггүй. Иймээс Монгол Улс Замын хөдөлгөөний тухай конвенц /олон улсын гэрээний эрх зүйн тухай венийн конвенц/-д нэгдсэнийхээ дагуу иргэдийн зорчих эрхийг эдлүүлэх хүрээнд тээврийн хэрэгслийн олон улсын дугаарын стандартыг нэвтрүүлэх шаардлага гарсан. Мөн лацны стандартыг батлах ёстой. Ингэснээр иргэд тээврийн хэрэгслийн дугаарыг хоорондоо дамжуулах, тэгш, сондгойгоор хязгаарласан үед болон товчоогоор гарахдаа сольдог зөрчил арилна” гэв.
Гэсэн хэдий ч автомашины улсын дугаарыг олон улсын стандартад нийцүүлэх, лацны стандартыг батлах нь төслийн шатандаа явж байгааг анхаарах хэрэгтэй. Хэрэв стандарт батлагдаж, хэрэгжих үед бүх тээврийн хэрэгслийн улсын дугаарыг төсвийн мөнгөөр солихгүй. Өөрөөр хэлбэл иргэд тээврийн хэрэгсэлдээ шинээр дугаар авч байгаа тохиолдолд шинэ стандартаар дугаарыг олгоно. Харин хуучин дугаартай иргэд өөрсдийн хүсэлтээр дугаараа шинэ стандартад шилжүүлэх боломжтой болж байгааг тэрбээр онцолсон юм.
Ташрамд, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор НИТХ-аас өнгөрсөн оны хоёрдугаар сарын 8-нд нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байх тогтоолыг баталсан. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 15-наас эхлэн уг баталсан дээд хязгаарт багтаан зургаан шалгуур үзүүлэлтээр нийслэл хотод тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарыг олгох, бусад тохиолдолд олгохгүй байх тогтоолыг үе шаттай хэрэгжүүлж байна.
-
Өнөөдөр2025/01/29
Улаанбаатарт өдөртөө 17 хэм хүйтэн
-
Тод индэр2019/07/19
Улаанбаатар-Дарханы замын засвартай холбоотойгоор авто болон төмөр замаар хэрхэн...
-
Өнөөдөр2020/10/13
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн
-
Тод мэдээ2022/10/13
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Транспэрэнси Интернэшнл байгууллагын гүйцэтгэх захира...