Тод мэдээ
Барилгын салбарт ногоон, дэвшилтэт технологиудыг нэвтрүүлж байна
Монголын барилгын салбарт эрчим хүчний хэмнэлттэй, галд тэсвэртэй ногоон барилгын дэвшилтэт технологиуд нэвтэрч байна. Олон улсын ногоон барилгын гэрчилгээг бүрэн хангасан хувийн сууцууд ч баригдсаар байна. Мөн хуучны угсармал орон сууцуудыг дулаалах ажил өрнөж байгаа билээ. Барилга орон сууцууд хана, шал, тааз, цонхны хэсгүүдээрээ дулаан алдагдал ихтэй байдаг. Иймээс дулаан алдагдлыг бууруулж, эрчим хүчний хэмнэлт гаргах дэвшилтэт технологиудыг өргөнөөр нэвтрүүлэх асуудал чухлаар тавигдаж байна.
Энэ хүрээнд “Барилгын салбарт шинэ дэвшилтэт технологиудыг нэвтрүүлэх нь” сэдэвт семинарыг зохион байгууллаа.
Семинарт Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв, Кингспан Монголиа ХХК, Монголын Ногоон барилгын зөвлөл, Монголын барилгын үндэсний ассоциаци, Монголын хот байгуулалтын хөгжлийн танхим, Монголын Архитекторуудын эвлэл Монголын зураг төсөл зохиогч болон барилга угсралтын компанийн төлөөллүүд оролцлоо. Семинарын үеэр Монголын барилгын салбарт нэвтрүүлж буй шинэ технологиудыг танилцуулж, нэвтрүүлэх асуудлуудын хүрээнд талууд байр сууриа солилцлоо.
Тухайлбал: Кингспан Монголиа ХХК нь Европын холбооны BRE Global итгэмжлэлийн байгууллагаас Байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүний “BREG EN EPD” гэрчилгээ, Монгол Улсын БОАЖЯ-наас “Ногоон гэрчилгээ” авсан бүтээгдэхүүнүүдээ танилцуулав. Тус бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч “Kingspan Limited” ХХК нь Оросын холбооны улс, Казакстан, Турк улсуудаас Тохирлын гэрчилгээ авсан төдийгүй, “EN15804” стандартын шаардлагыг хангасан хана, дээвэр, гадна фасадны дулаалгатай хавтан, барилгын хийц, бүтээцүүдийг үйлдвэрлэж байна.
Дэвшилтэт технологиудыг шингээсэн дээрх бүтээгдэхүүнүүд нь байгаль орчинд ээлтэй, усны болон эрчим хүчний хэмнэлттэй, дулаан тусгаарлах чадвар өндөртэй, галд тэсвэртэй, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах олон давуу талуудыг бий болгож байгаа юм гэж БХБЯ-наас мэдээллээ.
Тод мэдээ
Богдхан уулын ойн сангийн 3000 га талбайд хөнөөлт шавжтай тэмцэнэ
2024 онд Богдхан уулын дархан цаазат газрын ойн сангийн 3000 га-д ойн хөнөөлт, хортон шавжтай тэмцэх ажил хийнэ.
Монгол Улсад хэрэгжиж буй “Эрүүл ой” төслийн хүрээнд Монгол Улсад газраар ойн хөнөөлт шавж, өвчинтэй тэмцэж байгаа арга технологитой газар дээр нь танилцах, гадаадын эрдэмтдээс туршлага судлах сургалтад МУИС-ийн судлаачид, ЗГХА Ойн газар, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, “Ойн хөнөөлт шавжтай тэмцэх үйл ажиллагаа эрхлэгчдийн холбоо” зэрэг байгууллагууд хамтран оролцлоо.
Америк, Канад улсаас ирсэн эрдэмтэд Монгол орон хөнөөлт шавжтай тэмцэхдээ дэвшилтэт технологи ашиглаж байгааг онцоллоо. Цаашид Монгол орны ойн эрүүл байдлыг хамгаалах, хадгалах талаар зөвлөмж боловсруулж хүргүүлнэ.
2024 онд Богдхан уулын ойн сангийн 3000 га талбайд хөнөөлт шавжтай онгоцоор тэмцлийн ажил хийхээр төлөвлөөд байна гэж Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас мэдээллээ.
Тод мэдээ
Нийтийн тээврийн 3 чиглэлд өөрчлөлт орууллаа
Тод мэдээ
Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Өмнөговь аймгийн Даланзадгад сум, “Буян-Од” ХХК хамтран “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарьж, ургуулах аян өрнүүлнэ.
Энэ тухай Санамж бичигт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрыг төлөөлж Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр, Өмнөговь аймгийн Даланзадгад сумыг төлөөлж тус сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Х.Батболд, “Буян-Од” ХХК-ийг төлөөлж тус компанийн ерөнхий захирал В.Буянтогтох нар гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн хүрээнд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбай бүхий “Говь хангай төгөл” цэцэрлэгт хүрээлэн байгуулж, хангайн бүсээс 4,000 ширхэг улиас, хайлаас модны тарьц, суулгац авчирч, тарьж, ургуулахаар боллоо.
Шаардагдах хөрөнгийг “Буян-Од” ХХК гаргах бөгөөд Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газар усалгаа, арчилгаа, тордлогоог нь бүрэн хариуцна. “Буян-Од” ХХК “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин, цэцэрлэгт хүрээлэн байгуулах, тарьц, суулгац нийлүүлэх санаачилга гаргасан юм.
Тус компани 2001-2014 онд Сэлэнгэ аймгийн Тужийн нарсыг нөхөн сэргээхэд хувь нэмрээ оруулж, 20 гаруй сая мод тарьж, ургуулан, ойн санд хүлээлгэн өгч байжээ.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн гаргаж байгаа аливаа санал, санаачилгыг Ерөнхийлөгчийн Тамгын газар бүх талаар дэмжиж, хамтран ажиллана гэдгийг Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр хэллээ.
Сэтгэгдэл