Тод мэдээ
Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтийн цаг үеийн асуудлаар мэдээлэл сонсов

УИХ-ын Монгол Улсын Хөгжлийн банкны асуудлаар хянан шалгах түр хороо 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хуралдан Монгол Улсын Хөгжлийн банкнаас хийсэн цаг үеийн асуудлаарх мэдээллийг сонсов.
Хянан шалгах түр хороог УИХ-ын 2022 оны 14 дүгээр тогтоолоор байгуулсан бөгөөд Түр хорооны шалгалтын сэдэв, хүрээ хязгаарыг Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгахаар тогтоосон юм.
Цаг үеийн мэдээллийг Хөгжлийн банкны Тэргүүн дэд захирлын үүрэг гүйцэтгэгч Ж.Батаа хийлээ.
Хөгжлийн банканд 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш 769.4 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгджээ. Үүний 87 хувийг бэлэн мөнгөөр, 13 хувийг өмчлөлийн бус үл хөдлөх хөрөнгөөр эргэн төлсөн байна. Нийт бэлэн мөнгөөр төлөгдсөн зээлийн 267.1 тэрбум нь хэвийн, 126.4 тэрбум нь анхаарал хандуулах, 278.3 тэрбум нь чанаргүй зээлийн ангилалд хамрагдаж байсан аж.
278.3 тэрбум төгрөгийн 14 зээл төлөгдөн хаагдсан бөгөөд эдгээрээс хамгийн том зээлдэгч нь “Кью Эс Си” ХХК-ийн 191.2 тэрбум төгрөгийн зээл байсан аж.
Чанаргүй зээлийн эргэн төлөлт нэмэгдэж ирсэн гэдгийг Ж.Батаа захирал тодотгоод, төлөгдсөн чанаргүй зээлийн нийт эргэн төлөлтөд эзлэх хувь өнгөрсөн онуудаас нэмэгдэн 48 хувь болж өссөн гэлээ.
Засгийн газрын 220 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд “МИАТ” ТӨХК 15.9 тэрбумын зээлээ бүрэн төлсөн байна. “Эрдэнэс МГЛ” ХХК 117.2 тэрбумын зээлээ төлсөн бөгөөд 2023 оны 01 дүгээр сард бүрэн төлж барагдуулахаар төлөвлөжээ.
Монгол Улсын хөгжлийн банк 2022 оны зээлжих зэрэглэлийг хэвээр хадгалсан гэсэн мэдээллийг Ж.Батаа захирал өгсөн. Тус банк нь 2015 оноос “S&P”, “MOODY’S”, 2018 оноос ”FITCH” агентлагаар зээлжих зэрэглэл тогтоолгож ирсэн хэмээлээ.
Чанаргүй активыг бууруулах чиглэлээр 1.7 их наяд төгрөгийн зээлийн асуудлыг хуулийн байгууллагаар шалгуулж, 35 зээл иргэний шүүх, 32 зээл эрүүгийн шүүхийн шатанд байгаа юм байна. 32 зээлийн асуудлаар 2022 онд АТГ-т гомдол гаргаж, 19 эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэсэн мэдээллийг өгсөн.
2022 онд 153.6 тэрбум төгрөгийн таван зээлийн асуудлаар шүүхийн шийдвэр эцэслэн гарчээ. Шүүхийн бус журмаар буюу хэлэлцээрийн хүрээнд 427.5 тэрбум төгрөгийн 9 зээлийн асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаа аж.
Он дуустал 543.3 тэрбум төгрөгийн зээлийг төлүүлэхээр ажиллаж байгаагийн 310 тэрбум нь чанаргүй, 212 тэрбум нь анхаарал хандуулах, 21 тэрбум нь хэвийн зээлийн ангилалд хамаарч байгааг тэрбээр мэдээлсэн. 2022 оны эцэс гэхэд нийтдээ 1.3 их наяд төгрөгийн зээл эргэн төлөгдсөн байна гэсэн тооцоотой байгаа бөгөөд төлөвлөгөө хэрэгжсэнээр банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээ 20 хувиар нэмэгдэж, чанаргүй зээлийн харьцаа 46.1 хувиар буурах хүлээлттэй байгааг Ж.Батаа захирал онцолсон.
Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Доржханд, Э.Батшугар, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, хариулт авсан.
УИХ-ын гишүүд Хөгжлийн банк Евро, Самурай бондын эргэн төлөлтийг ямар эх үүсвэрээр хийхээр төлөвлөснийг лавласан. Мөн албан тушаалаа урвуулан ашиглаж Хөгжлийн банкны зээл авсан 86 хүний асуудал байгаа гэсэн мэдээллийг тодруулаад зээлээ эргэн төлсөн ч эрүүгийн хариуцлага хүлээхгүй гэж байгаа нь үнэн эсэхийг хариулж өгөхийг хүссэн.
Хөгжлийн банкны Тэргүүн дэд захирлын үүрэг гүйцэтгэгч Ж.Батаа, Самурай бонд Засгийн газрын баталгаатай, Евро бонд Засгийн газрын баталгаагүй. Зээлийн эргэн төлөлтөөр Самурай бондын эргэн төлөлтийг хийхээр төлөвлөсөн. Евро бондын эргэн төлөлтийг мөн зээлийн эргэн төлөлтөөс хийхээр тооцоолж байгаа. Мөн гадны банк, санхүүгийн байгууллагатай хамтран ажиллах асуудлыг судалж байгаа гэлээ.
Авлигатай тэмцэх газраас өгсөн мэдээллээр, тус газар Хөгжлийн банкны зээлтэй холбоотой 86 яллагчид холбогдох мөрдөн байцаалтын хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа аж. Мөрдөн шалгах явцад 769 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгдсөн байна. Гэхдээ зээл төлсөн эсэхээс үл хамаарч 86 хүний гэм буруугийн асуудал яригдана гэсэн хариултыг өгсөн.
Мөн хуралдаанаар Хянан шалгагч нарын ажлын явцын тайлан, мэдээллийг хаалттай горимоор сонслоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Тод мэдээ
Сүхбаатар дүүрэгт 37228 ам.метр явган хүний замын засвар, арчлалтыг энэ сарын 20-ноос эхлүүлнэ
Нийслэлээс явган замын арчлалтыг сайжруулах үүднээс байршлууд дээр нь очиж тогтмол ажиллаж байгаа. Тухайлбал, энэ сарын 17-ны өдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг болон холбогдох албаныхан хотын гол, гудамж замын зарим байршилд явган замын нөхцөл байдалтай танилцаж, үүрэг чиглэл өглөө.
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд ажиллахдаа явган замгүй байршлуудад хэрхэн явган зам гаргах, иргэдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах асуудлаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг болон албаны хүмүүстэй ярилцлаа.
Энэ үеэр Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг “Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу өнгөрсөн амралтын өдрүүдээр дүүргийн Тамгын газар, хороодын ажлын албатай хамтарч Сүхбаатар дүүргийн 1-11 дүгээр хорооны 355 байршилд 37228 ам.метр талбайн явган хүний зам талбайн арчлалтыг шалгасан. Явган хүний замын хавтангуудын арчлалтыг сайжруулах, засварлах шаардлагатай хэсгүүдэд ажлыг энэ сарын 20-ноос эхлүүлж, үе шаттай явуулна. Эхний ээлжид Сүхбаатар дүүргийн Бага тойруугаас Их тойруу доторх явган хүний замыг засварлана. Багшийн дээдийн хойно Спортын төв ордны арк дээр иргэдээс гомдол их ирдэг. Автомашин явах хоёр урсгал замтай ч хажуугаар нь явган хүний зам байдаггүй. Тиймээс иргэд, орчмоор нь зорчиж байгаа оюутнуудад зорчиход хүндрэлтэй. Энэ хэсэгт мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулж, явган хүний замыг хийхээр төлөвлөж байна” гэлээ.
Сүхбаатар дүүргийн хэмжээнд Энхтайваны өргөн чөлөө буюу Арслантай гүүрний баруун талаас Баруун 4 зам хүртэлх явган хүний замыг шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Гэрээнд заасан хугацааны дагуу ажлууд хийгдэнэ. МУИС-ийн баруун талаас Засгийн газрын ордны зүүн талд байрлах “Галлериа Улаанбаатар”-ын урд талын хэсэг, СТӨ-ний ард талын хэсгийн явган замын ажлуудыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас хяналт тавин гүйцэтгэж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Тод мэдээ
Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ
Нийслэлийн Засаг даргын 2025 оны “Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнөөдрөөс Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ.
Тодруулбал, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, дүүргүүдийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн алба хаагчид Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу 9 чиглэлд ирэх есдүгээр сарын 21-ний өдрийг дуустал хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллах юм. Энэ жилээс Сэлбэ гол дагуу хөдөлгөөнт эрүүл ажиллана. Нийслэлийн хэмжээнд гол, усны ослоос аврах, урьдчилан сэргийлэх завьт болон хөдөлгөөнт эргүүл 15 дахь жилдээ ажиллаж байна.
НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС
Тод мэдээ
Сүхбаатарын талбайн хоёр талын явган хүний замыг шинэчлэх ажил үргэлжилж байна
Нийт 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчлэх ажил үргэлжилж байна. Үүний нэг болох Сүхбаатарын талбайн хоёр талын 5012 ам.метр талбай бүхий явган хүний зам засварын байршилд холбогдох албаныхан ажиллалаа.
Тухайн байршилд ажилласан УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “Нийслэл хотын хэмжээнд төв магистрал зургаан гудамжинд байгалийн чулуун хавтангаар явган хүний зам хийж байна. Тухайлбал, Төв шуудангийн уулзвараас Сүхбаатарын талбайг тойрсон явган хүний замыг тодорхой хэсгүүдэд хувааж, ажлыг үргэлжлүүлж байгаа юм. Ажил гүйцэтгэхдээ явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулахгүйн тулд иргэд чөлөөтэй зорчих гарцыг гаргасан” гэлээ.
Түүнчлэн явган замыг байгалийн боржин чулуун хавтангаар шинэчлэхдээ галаар шатаах, цохилттой дрилл ашиглан барзгар гадаргуу үүсгэх байдлаар технологийн шинэчлэлтийн ажлыг зарим шаардлагатай хэсэгт оруулж өгч байгааг ажил гүйцэтгэгчид хэллээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
-
Тод мэдээ2023/05/17
“Урьтаж ухаар” аяны хүрээнд жолоочийн хариуцлагыг нэмэгдүүлнэ
-
Тод мэдээ2022/01/18
Б.Бат-Эрдэнийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад нэр дэвшүүлжээ
-
Өнөөдөр2025/05/08
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
-
Өнөөдөр2022/03/21
Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна