Тод мэдээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хааны гэр бүл болон Британийн ард түмэнд эмгэнэл илэрхийлж, хүндэтгэл үзүүлэв
ИБУИНХУ-ын Цог Жавхлант Хатан хаан II Элизабет 70 жил хаан ширээнд заларсны эцэст 2022 оны есдүгээр сарын 8-ны өдөр 96 насандаа таалал төгссөн бөгөөд Хатан хааныг сүүлчийн замд нь үдэх Төрийн оршуулгын ёслол энэ сарын 19-ний өдөр Вэстминстерийн сүмд болов. Британид хамгийн сүүлд Ерөнхий сайд асан Уинстон Черчиллийг 1965 онд таалал төгсөхөд Төрийн оршуулгын ёслол хийж байжээ.
Төрийн оршуулгын ёслолд Монгол Улсыг төлөөлж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, Хааны гэр бүл болон Британийн ард түмэнд эмгэнэл илэрхийлж, хүндэтгэл үзүүлэв. Тэрбээр оршуулгын ёслолын өмнөх өдөр Хатан хааны шарилд хүндэтгэл үзүүлж, эмгэнэлийн дэвтэрт гарын үсэг зурсны сацуу Букингемийн ордонд болсон Хаан Чарльзийн хүлээн авалтад оролцсон.
Хатан хаан Элизабет нь Британийн түүхэнд хамгийн удаан буюу 70 жил хаан ширээнд заларсан бөгөөд энэ хугацаанд Британийн нийгэм, эдийн засгийн өөрчлөлт шинэчлэлтийн гэрч болж, тогтвортой байдал, эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон. Хатан хаан ИБУИНХУ-ын төдийгүй 56 улсыг багтаасан Хамтын нөхөрлөлийн 14 улсынх нь төрийн тэргүүн байв.
Хатан хаан Элизабет хаан ширээнд залрах хугацаандаа Монгол-Британийн харилцаанд онцгой хувь нэмэр оруулсан билээ. Британи Улс нь Хатан хааны засаглалын үеэд 1963 онд өрнөдийн орнуудаас хамгийн анх манай улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, дипломат харилцаа тогтоосон. Түүнчлэн 1990-ээд оноос эхлэн манай улсын ардчилал, эдийн засгийн хөгжлийг тууштай дэмжиж ирсэн.
Хатан хааны Төрийн оршуулгын ёслолд нийт 2000 хүн, тэр дундаа гадаадын 200 орчим улсын 500 гаруй дээд, өндөр зочид төлөөлөгчид оролцож, Британид сүүлийн хэдэн арван жилд тохиогоогүй хамгийн том олон улсын арга хэмжээний нэг болов.
Тод мэдээ
Монгол Улс нэгдүгээр улиралд 17.6 сая тонн нүүрс экспортлов
Монгол Улс нэгдүгээр улиралд 17.6 сая тонн нүүрс экспортолжээ. Тодбуулбал, 2024 оны 1-5 дугаар сарын 1 хүртэл манай улс 17.6 сая тонн нүүрс экспортолсон дүн мэдээ байна.
Үүнээс Гашуунсухайт боомтоор 12.7 сая.тн, Шивээхүрэн боомтоор 7.1 сая.тн, Ханги боомтоор 2.4 сая.тн, Замын-Үүд боомтоор 1 сая.тн, Булган боомтоор 1 сая.тн, Бичигт боомтоор 584 мян.тн, Хавирга боомтоор 7 мян.тн, нийт 25 сая.тн нүүрс экспортолсон байна гэж Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос мэдээллээ.
Тод мэдээ
Богдхан уулын ойн сангийн 3000 га талбайд хөнөөлт шавжтай тэмцэнэ
2024 онд Богдхан уулын дархан цаазат газрын ойн сангийн 3000 га-д ойн хөнөөлт, хортон шавжтай тэмцэх ажил хийнэ.
Монгол Улсад хэрэгжиж буй “Эрүүл ой” төслийн хүрээнд Монгол Улсад газраар ойн хөнөөлт шавж, өвчинтэй тэмцэж байгаа арга технологитой газар дээр нь танилцах, гадаадын эрдэмтдээс туршлага судлах сургалтад МУИС-ийн судлаачид, ЗГХА Ойн газар, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, “Ойн хөнөөлт шавжтай тэмцэх үйл ажиллагаа эрхлэгчдийн холбоо” зэрэг байгууллагууд хамтран оролцлоо.
Америк, Канад улсаас ирсэн эрдэмтэд Монгол орон хөнөөлт шавжтай тэмцэхдээ дэвшилтэт технологи ашиглаж байгааг онцоллоо. Цаашид Монгол орны ойн эрүүл байдлыг хамгаалах, хадгалах талаар зөвлөмж боловсруулж хүргүүлнэ.
2024 онд Богдхан уулын ойн сангийн 3000 га талбайд хөнөөлт шавжтай онгоцоор тэмцлийн ажил хийхээр төлөвлөөд байна гэж Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас мэдээллээ.
Сэтгэгдэл