Тод индэр
Байнгын хорооны дарга Б.Саранчимэг “Бэлчээрийн үндэсний V форум”-д оролцлоо

Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооноос /МБАНХ/ тав дахь удаагаа Бэлчээрийн үндэсний форумыг “Хариуцлагатай нүүдэлчид: МАА-н өртгийн сүлжээний тогтвортой байдал, өрсөлдөх чадвараар дэлхийн зах зээлд хүрэх боломжийг нээх нь” сэдвийн дор энэ сарын 15,16-ны өдрүүдэд Архангай аймгийн Ихтамир суманд зохион байгууллаа. УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Саранчимэг тус форумд оролцож, бэлчээр ашиглагчид болон малчидтай санал бодлоо солилцсон юм.
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Саранчимэг форумыг нээж хэлсэн үгэндээ УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны зүгээс малчдаа дэмжих, нүүдлийн мал аж ахуйд суурилсан өртгийн сүлжээ буюу эцсийн бүтээгдэхүүн бий болгох замаар үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, малчдын амьжиргааг сайжруулах тал дээр дээр илүү анхаарна.
Та бүхний санал санаачилга, үндэсний форумаас гарах зөвлөмж нь цаашид хууль эрх зүйн орчныг сайжруулах, бодлого боловсруулахад маш чухал үүрэг гүйцэтгэнэ. Юуны түрүүнд бид малынхаа удмын санг сайжруулах, сүүний, махны, ноос ноолуурын гэсэн үндсэн гурван чиглэлээр гарц, үр шим өндөртэй мал аж ахуйг хөгжүүлэх шаардлагатай байна. Малын үр шим сайжирснаар малчдын мөнгөн орлого бодитоор нэмэгдэж, амьдрал ахуй нь сайжирч, үүнийгээ дагаад бэлчээр сайжирна гэдгийг онцлон дурдсан юм. Мөн Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд мал аж ахуйн салбар нэн чухал ач холбогдолтой. Тиймээс бэлчээр, түүний нөхөн сэргээгдэх нөөцийг зөв зохистой ашиглах нь мал аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийн үндэс юм. Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны зүгээс бэлчээрийг хамгаалж, зөв зохистой ашиглалтыг нэвтрүүлэх, малчдыг хариуцлагажуулах, монгол малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээл дээрх үнэлэмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх төсөл, арга хэмжээнүүдийг үр дүнтэй хэрэгжүүлсээр ирсэнд талархалтай байна хэмээлээ.
Форумын үеэр МБАНХ-ны гүйцэтгэх захирал Д.Бурмаа “Малчны байгууллагын хөгжил: өнөөгийн төлөв, цаашдын зорилт”, Доктор Н.Лхагважав “Монгол орны бэлчээр судлалын өнгөрсөн, одоо, ирээдүйн хандлага”, МБАНХ-ны удирдах зөвлөлийн гишүүн Ц.Энх-Амгалан “Монгол сарлагийн хөөврийг Европын зах зээлд нийлүүлсэн туршлага, ирээдүйн боломж” сэдвээр тус тус илтгэл тавилаа.
Мөн “Бэлчээрийн харилцааг зохицуулах эрх зүйн орчин, түүнийг сайжруулах хэрэгцээ”, “Орон нутаг дахь бэлчээрийн харилцааг зохицуулах журмын нөлөөг баталгаажуулах хуулийн заалтын хэрэгцээ”, “Малын тоо толгойн албан татварын хуулийн хэрэгжилт, сайжруулах хэрэгцээ”, “Малын тоо толгойн албан татварын хуримтлал, зарцуулалтын байдал”, “Малын тоо толгойн албан татвар: бэлчээр ашиглалтын ачааллыг тохируулах хэрэгсэл болох нь”, ”Хариуцлагатай нүүдэлчин зохистой дадлыг нэвтрүүлэх нь”, “Хариуцлагатай нүүдэлчид” стандартын шаардлага, шалгуур үзүүлэлтүүд”, “Хариуцлагатай нүүдэлчид” стандартаар бэлтгэж баталгаажсан бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд нийлүүлэх боломжоос” зэрэг сэдэвчилсэн хэлэлцүүлгүүд өрнөж, оролцогчид санал хүсэлтээ илэрхийллээ.
Тус форум нь Монгол орны бэлчээрийн доройтлыг хязгаарлах, зүй зохистой ашиглалтыг нэвтрүүлэх, зохицуулалт, хариуцлагыг өндөржүүлэх бодлогын шинэчлэл, арга хэмжээний үндсэн чиглэлээр салбарын мэргэжилтнүүд болон ашиглагчид нэгдсэн ойлголтод хүрэх, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах зорилготой. Форумаас тодорхой зөвлөмжүүдийг гаргаж, зохих шийдвэр гаргах түвшний байгууллагад хүргүүлэх юм.
Энэ удаагийн Бэлчээрийн форумыг ХХААХҮЯ, БОАЖЯ, “Switch Asia” хөтөлбөр, “Step Ecolab” төсөл, “AVSF хил хязгааргүй малын эмч нар ба агрономчид” ТББ, Ерөнхий болон Сорилын биологийн хүрээлэн, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, Архангай аймгийн Засаг даргын Тамгын газар, Ихтамир сумын Засаг даргын Тамгын газар, “Textile Exchange” ХХК хамтран зохион байгуулсан юм. Мөн “Ensure” төсөл, Сүхбаатар аймгийн “Хийморь” ХХК, “Меатраск” ХХК, “ZCL” ХХК, “WWF” төсөл, Хуурай хээрийн төсөл, 18 аймаг, сумдын Бэлчээр ашиглагчдын холбоо болон малчдын гээд 250 гаруй төлөөлөл оролцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Тод индэр
Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим иргэн байна
Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулах төслийг Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн 158 га талбайд хэрэгжүүлж буй.
Энэ хүрээнд 2206 нэгж талбарыг чөлөөлөхөөс 1736 иргэнтэй нөхөн олговрын гэрээ байгуулж, нөхөх олговрыг олгоод байна.
Энэ талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөх хэлтсийн дарга Мөнхбаяр “Сэлбэ дэд төвийн 158 га газрын нөлөөлөлд 2206 иргэний газар өртсөн. Өнгөрсөн оны гуравдугаар сарын 18-нд иргэдээс нийгэм, эдийн засгийн судалгаа болон санал асуулга авч, 70-аас дээш хувийн дэмжлэг авсан тул төслийн газар чөлөөлөлтийн ажлыг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 1736 иргэнтэй нөхөн олговрын гэрээ байгуулж, иргэдийн мөнгийг дансанд нь шилжүүлсэн. Үүнээс 1562 айл байсан газрыг чөлөөлж цэвэрлээд байна” гэлээ.
Мөн газар чөлөөлөөгүй 280 орчим нэгж талбар үлдсэн бөгөөд үүний 30 орчим нь уг төслийг огт дэмжээгүй байна. Иймээс эдгээр иргэдтэй өдөр бүр уулзаж, сонсох ажиллагаа хийж байгааг хэллээ.
Тод индэр
Я.Чулуунхүү: Эзэнгүй нохой, муурыг барьж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлж байна
Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор эзэнгүй нохой, муур, мал амьтныг барьж, асрамжлах газарт байрлуулах ажлыг дөрөвдүгээр сарын 24-28-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ талаар УБЗАА-ны Захиргаа, санхүүгийн удирдлагын газрын дарга Н.Отгонбаяраас тодрууллаа.
Тэрбээр “2025 онд НЗДТГ болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд эзэнгүй нохой, мууртай холбоотой гомдол олноороо ирсэн. Тиймээс нийслэлийн Засаг даргын захирамжаар эзэнгүй нохой, муурыг эзэнжүүлэх, түр асрах байранд хүргэх, анхан шатны вакцин хийх, туулга өгөх, үржлийг хязгаарлах үйлчилгээ үзүүлж байна. Нохой, муур барих ажилд нийслэлийн зургаан дүүргийн онцгой, цагдаагийн албан хаагчид болон УБЗАА, нийслэлээс холбогдох албаныхан 1000 гаруй хүн ажиллаж байна. Энэ удаагийн байршил СХД-ийн 20 дугаар хорооноос эхэлж, Туулын бургаснаас хойш самнах ажиллагаа явуулж байна” гэлээ.
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны Засаг дарга Я.Чулуунхүү “Нийслэлийн Засаг даргын захирамжаар нохой, муур барих, эзэнжүүлэх арга хэмжээ 20 дугаар хороонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Манай хороо гэр хороолол, байшин хороолол, үйлдвэрлэлийн бүс ихтэй. Үйлдвэрлэлийн бүсэд эзэнгүй нохой, муур олон байдаг. Бага насны хүүхдүүдийг хичээл сургуульдаа явахад айлгадаг. Тиймээс нохой, муур барих ажил иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой” гэв.