Тод мэдээ
Олимпын гүүрний явган хүний гарцыг угсарч эхлээд байна
Замын цагдаагийн газрын ойролцоох Олимпын гүүрний явган хүний гарц барих ажил хил гааль хаалттайн улмаас хойшлогдоод байсан. Тэгвэл саяхан металл хийцүүдийг тээвэрлэн авчирч, явган хүний гарцыг үндсэн гүүртэй угсрах ажил эхлээд байна.
Өнгөрсөн хугацаанд үндсэн гүүрийн бүтээн байгуулалт болон Соёолжийн нүхэн гарцаас Энхтайваны гүүрний зүүн талын нүхэн гарц хүртэлх нэг километр авто замыг шинэчилж дууссан. Одоогийн байдлаар явган хүний гарцын угсралтаас гадна үндсэн гүүрний урд талын “U” хэлбэрийн буцаж эргэх авто замын зүүн талын 40 метр, баруун талын 60 метр урт тулц хана болон суурийн хоёр үе бетон цутгалт хийж, авто замд хашлага суурилуулж байгаа юм.
Олимпын гүүрийг барих төсөл 2016 оны арваннэгдүгээр сараас эхэлсэн. Энэ хугацаанд 1.4 км орчим гүүр, 2.5 км авто зам, инженерийн байгууламжийг цогцоор нь барьж байгуулсан бөгөөд нийт ажлын явц 95 хувьтай байна.
Тод мэдээ
Хайрхан суманд хөвүүр гүүр байрлуулахаар ажиллаж байна
Архангай аймгийн Хайрхан сумын төвд байрлах Хүнүй голын модон гүүр шар усны үерийн улмаас нурж, орон нутгийн иргэд, мал сүрэг, техник хэрэгсэл нэвтрэх боломжгүй болжээ.
Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн захирагч хурандаа Г.Эрдэнэбаяраар ахлуулсан усчин дайчид ЗХЖШ-ын даргын тушаалаар Архангай аймгийн Хайрхан суманд ажиллаж байна.
Томилгоот бүлэг өнөө өглөөнөөс Хүнүй голын хүн ихээр зорчиж, нэвтэрдэг хэсэгт хөвүүр гүүрийг байрлуулахаар ажиллаж эхэллээ.
Хөвүүр гүүрийг төхөөрөмжилж байрлуулснаар хүн, техник саадгүй нэвтрэх боломж бүрдэнэ гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.
Тод мэдээ
ШӨХТГ: 44 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэж 4.217.000 төгрөгийн хохирол барагдууллаа
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын “Хэрэглэгчийн мэдээллийн 115 төв”-д өнгөрөгч 4 дүгээр сард нийт 497 иргэн хандсан байна. Үүнээс 438 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, 8 иргэний гомдол, мэдээлэл судлагдаж хариу өгөхөөр хүлээгдэж, 7 иргэний гомдлыг хариуцах салбар шилжүүлж, 44 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэж 4.217.000 төгрөгийн хохирол барагдууллаа.
Ирүүлсэн гомдлыг салбараар нь авч үзвэл худалдаа үйлчилгээ 171, харилцаа холбоо 60, хөдөлмөр нийгмийн халамж үйлчилгээ 13, цахилгаан 9 , банк, санхүү, даатгал 35, барилга 17, боловсрол 2, НЗАА-ны үйл ажиллагаатай холбоотой 4, контор 60, НӨАТ 7, өрсөлдөөн 7 , СӨХ 7, тасалбартай холбоотой 1, түрээсийн асуудлаар 2, шатахуун 4, эрүүл мэндийн үйлчилгээтэй холбоотой 12, бусад асуудлаар 86 иргэн хандсан байна гэж ШӨХТГ-аас мэдээллээ.
Сэтгэгдэл