Тод мэдээ
Явган замыг хотын төвд багадаа 2.5-3 метр, цаашлаад 5-7 метр хүртэл өргөсгөн тохижуулж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, холбогдох албаны хүмүүс Улаанбаатар хотын хэмжээнд хэрэгжиж буй зарим тохижилт, бүтээн байгуулалтын ажлын явцыг шалгаж, газар дээр нь ажиллалаа.
Нийслэлийн Засаг даргатай хамт Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ, НЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Мишээлт, Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны Хотын тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга С.Эрдэнэсайхан, Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан, Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ, гүйцэтгэгч компанийн төлөөллүүд байлцсан юм.
Хотын мээр болон холбогдох албаныхан дараах байршлуудад хийж буй бүтээн байгуулалт, тохижилтын ажлуудын явцтай биечлэн танилцсан. Үүнд:
-Бага тойруу, Д.Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж, Ж.Самбуугийн гудамж, Нэгдсэн үндэстний гудамжинд явган, дугуйн зам шинээр барих болон засвар шинэчлэлт
-Жамъяан гүний гудамжны явган, дугуйн зам шинээр барих болон засвар шинэчлэлт / ICC TOWER /
-Чингисийн өргөн чөлөөний дагуу Төв шуудангийн уулзвараас 120 мянгатын уулзвар хүртэлх хэсэгт явган, дугуйн зам шинээр барих болон засвар, шинэчлэлт зэрэг багтсан.
Энэ онд нийслэлд хийж буй явган болон дугуйн замын шинэчлэл, өргөтгөлийн талаар Нийслэлийн Замын хөгжлийн газрын Хөдөлгөөн зохицуулалт төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Одбаяраас тодрууллаа.
-Энэ жил нийслэлийн хэмжээнд 13 байршилд явган хүний зам шинэчлэн засварлаж байна. Эдгээр замууд нь хүн амын нягтаршил өндөртэй, түгжрэл, зорчилт ихтэй авто замуудыг сонгон засаж байгаа. Түүнчлэн эдгээр байршилд явган хүн зорчих боломж хомс, явган хүний зам нь эвдэрч гэмтсэн, хэт нарийн байгаагаас авто замд улам ачаалал үүсгэж байна гэж үзсэн. Тиймээс дээрх байршлуудад явган болон дугуйн замыг тохижуулан шинэчилж байгаа юм. Явган хүний замыг хамгийн багадаа 2.5-3 метр, өргөн хэсэгтээ 5-7 метр хүртэл өргөсгөн тохижуулж байгаа. Жамъян гүний гудамжаас Баянзүрхийн 26 дугаар хороо хүртэл явган хүний зам шинээр тавьж байна. Их сургуулийн гудамжинд гэхэд явган хүний зам 3 метр боловч барилгын түр хашаа шахаж орж ирснээс болж хүмүүс алхахад хүндрэлтэй байсан. Тэгвэл энэ замыг л гэхэд 4.5-6.5 метр өргөн болгож байна.
-Явган хүний болон дугуйн замд саад бартаа их байдаг тухай иргэд шүүмжилдэг. Ургаа мод, сандал, гэрлийн шон, барилгын хашаа, сурталчилгааны самбар гэхчлэн олон саад байгаагаас явган алхах, дугуй унахаас хүмүүс төвөгшөөдөг. Энэ бүхнийг тооцож, тохижилтдоо анхаарч байгаа юу?
-Тохижилт хийх байршил болгонд судалгаа хийсэн. Аль байршилд сурталчилгааны самбар, аль хэсэгт сандал суудал байна гэхчлэн судлаад хүн алхахад саадгүй, коридор зам үүсгэж байна. Түүнчлэн тусгай хэрэгцээт иргэд зорчиход саадгүй байх, хөтөч хавтан хийх, авто замтай нэг түвшинд огтлолцуулах зэрэг стандарт шаардлагад нийцсэн зам хийхэд онцгой анхаарч буй юм. Тэрэгтэй хүүхэд түрж явах, бага насны хүүхдээ хөтлөөд алхахад ч саадгүй байхаар тооцсон.
-Зам дагасан ногоон байгууламжийг хэрхэн хамгаалж байна вэ?
-Явган зорчигч, дугуйн замаа нэгдүгээрт анхаарч байна. Мэдээж түүнээс гадна ногоон байгууламжид анхаардаг. Ядарсан үедээ суух, амрах нөхцөлийг бүрдүүлж байгаа.
-Явган болон дугуйн замын ажил хэдий хүртэл үргэлжлэх вэ?
-Өргөн зургаараа бол 2023-2024 онд ч үргэлжилнэ. Энэ жилийн хийж буй байршлуудын ажлыг аль болох яаравчлан дуусгахаар зорьж байна. Ялангуяа Их сургуулийн гудамж оюутан залуус цуглах үеэр ачаалал ихтэй болдог. Тиймээс хотын төвд хийгдэж буй тохижилт, шинэчлэлийг наймдугаар сарын 20 гэхэд дуусгахаар зорьж байна. Дараа нь Парисын гудамж, Гранд плазагийн урд хэсэг, 3,4 дүгээр хороолол орчмын явган замыг засварлана. Энэ жилийн тохижилтын ажил арваннэгдүгээр сар хүртэл үргэлжилнэ гэлээ.
Явган болон дугуйн замыг олон улсын түвшинд хүргэх хотын бодлогыг дэмжиж, тохижилтыг иж бүрэн гүйцэтгэж буй аж ахуйн нэгжүүдэд талархаж байгаагаа Нийслэлийн Засаг дарга илэрхийлсэн юм. Улаанбаатар хотын Бага тойрууд ажлын байр, хүмүүсийн төвлөрөл их байгаагаас түгжрэлийн гол шалтгаан үүддэг нь судалгаагаар батлагдсан. Тиймээс Бага тойрууд явган замыг шинэчлэх шаардлага тулгараад буй юм. Ингэхдээ авто машины зорчилтод саад болж буй хөндлөн зогсоолыг хэвтээ тэнхлэгт шилжүүлэх, явган замыг 2.7 метрээс багагүй болгон өргөтгөх зэрэг ажлуудыг хийж байна. Товчоор бол хүмүүс хотын төвд машин унахгүйгээр ажлаа амжуулах боломжийг бүрдүүлэхэд онцгой анхаарч байгааг мэргэжилтнүүд тодотгосон.
Энэ ажилд аж ахуйн нэгж байгууллагууд идэвх, санаачилга гаргаж байгаа нь талархууштай. Тухайлбал, Петоровис ХХК Туушингаас Спортын ордон хүртэлх замд байрладаг төв оффисийнхоо 12 машины гараашийг буулгаж, явган замыг өргөтгөсөн сайн жишээ байна. Түүнчлэн Чингисийн өргөн чөлөө, Төв шуудангийн уулзвараас 120 мянгатын уулзвар хүртэлх явган замын тохижилт олны анхааралд өртөөд буй. Ялангуяа Төв номын сангийн эсрэг талд KFC орчмын машины зогсоолыг цэгцэлж, явган хүмүүс чөлөөтэй зорчих боломж бүрдүүлж байгааг дэмжиж буйгаа иргэд илэрхийлж байлаа.
Тод мэдээ
Сүхбаатар дүүрэгт 37228 ам.метр явган хүний замын засвар, арчлалтыг энэ сарын 20-ноос эхлүүлнэ
Нийслэлээс явган замын арчлалтыг сайжруулах үүднээс байршлууд дээр нь очиж тогтмол ажиллаж байгаа. Тухайлбал, энэ сарын 17-ны өдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг болон холбогдох албаныхан хотын гол, гудамж замын зарим байршилд явган замын нөхцөл байдалтай танилцаж, үүрэг чиглэл өглөө.
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд ажиллахдаа явган замгүй байршлуудад хэрхэн явган зам гаргах, иргэдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах асуудлаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг болон албаны хүмүүстэй ярилцлаа.
Энэ үеэр Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг “Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу өнгөрсөн амралтын өдрүүдээр дүүргийн Тамгын газар, хороодын ажлын албатай хамтарч Сүхбаатар дүүргийн 1-11 дүгээр хорооны 355 байршилд 37228 ам.метр талбайн явган хүний зам талбайн арчлалтыг шалгасан. Явган хүний замын хавтангуудын арчлалтыг сайжруулах, засварлах шаардлагатай хэсгүүдэд ажлыг энэ сарын 20-ноос эхлүүлж, үе шаттай явуулна. Эхний ээлжид Сүхбаатар дүүргийн Бага тойруугаас Их тойруу доторх явган хүний замыг засварлана. Багшийн дээдийн хойно Спортын төв ордны арк дээр иргэдээс гомдол их ирдэг. Автомашин явах хоёр урсгал замтай ч хажуугаар нь явган хүний зам байдаггүй. Тиймээс иргэд, орчмоор нь зорчиж байгаа оюутнуудад зорчиход хүндрэлтэй. Энэ хэсэгт мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулж, явган хүний замыг хийхээр төлөвлөж байна” гэлээ.
Сүхбаатар дүүргийн хэмжээнд Энхтайваны өргөн чөлөө буюу Арслантай гүүрний баруун талаас Баруун 4 зам хүртэлх явган хүний замыг шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Гэрээнд заасан хугацааны дагуу ажлууд хийгдэнэ. МУИС-ийн баруун талаас Засгийн газрын ордны зүүн талд байрлах “Галлериа Улаанбаатар”-ын урд талын хэсэг, СТӨ-ний ард талын хэсгийн явган замын ажлуудыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас хяналт тавин гүйцэтгэж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Тод мэдээ
Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ
Нийслэлийн Засаг даргын 2025 оны “Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнөөдрөөс Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ.
Тодруулбал, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, дүүргүүдийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн алба хаагчид Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу 9 чиглэлд ирэх есдүгээр сарын 21-ний өдрийг дуустал хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллах юм. Энэ жилээс Сэлбэ гол дагуу хөдөлгөөнт эрүүл ажиллана. Нийслэлийн хэмжээнд гол, усны ослоос аврах, урьдчилан сэргийлэх завьт болон хөдөлгөөнт эргүүл 15 дахь жилдээ ажиллаж байна.
НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС
Тод мэдээ
Сүхбаатарын талбайн хоёр талын явган хүний замыг шинэчлэх ажил үргэлжилж байна
Нийт 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчлэх ажил үргэлжилж байна. Үүний нэг болох Сүхбаатарын талбайн хоёр талын 5012 ам.метр талбай бүхий явган хүний зам засварын байршилд холбогдох албаныхан ажиллалаа.
Тухайн байршилд ажилласан УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “Нийслэл хотын хэмжээнд төв магистрал зургаан гудамжинд байгалийн чулуун хавтангаар явган хүний зам хийж байна. Тухайлбал, Төв шуудангийн уулзвараас Сүхбаатарын талбайг тойрсон явган хүний замыг тодорхой хэсгүүдэд хувааж, ажлыг үргэлжлүүлж байгаа юм. Ажил гүйцэтгэхдээ явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулахгүйн тулд иргэд чөлөөтэй зорчих гарцыг гаргасан” гэлээ.
Түүнчлэн явган замыг байгалийн боржин чулуун хавтангаар шинэчлэхдээ галаар шатаах, цохилттой дрилл ашиглан барзгар гадаргуу үүсгэх байдлаар технологийн шинэчлэлтийн ажлыг зарим шаардлагатай хэсэгт оруулж өгч байгааг ажил гүйцэтгэгчид хэллээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС