Тод индэр
У.Хүрэлсүх: Хүнсний аюулгүй байдлыг хангахад үндэсний лавлагаа лаборатори чухал үүрэгтэй

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид ажиллалаа.
Лабораторийн ерөнхий захирал Б.Амар хүнсний гол гол аюулгүйн үзүүлэлтээр хийж байгаа шинжилгээний явцыг танилцуулав.
Тухайлбал, нянгийн бохирдлыг илрүүлэн эмгэг төрүүлэгч нянг тодорхойлж баталгаажуулах, хүнд металл болон хор, пестицидийн үлдэгдэлийг тодорхойлох уламжлалт болон багажит шинжилгээ, мөн улаан буудайн үрийн чанар, хорио цээртэй хортон шавж, хог ургамлын хольц тодорхойлох явцыг танилцуулав.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ойрын таван жилд 19 төрлийн хүнсээр дотоодын хэрэгцээгээ хангадаг болох зорилт тавиад байгааг хэлж, хүнсний чанар, аюулгүй байдлыг хангахад Үндэсний лавлагаа лаборатори чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг тэмдэглэв.
Мөн улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг энэ лабораторийн тогтолцоо, бүтэц, зохион байгуулалтыг эргэж харах, бусад мэргэжлийн албыг бэхжүүлэх, техник, тоног төхөөрөмжийг нь шинэчлэх, ажилтан, албан хаагчдын ажиллах орчин нөхцөл, нийгмийн асуудлыг нь сайжруулах, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, давтан сургах зэрэгт анхаарах шаардлага байгааг хэлэв.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори нь дотоодын болон экспорт, импортын хүнсний бүтээгдэхүүний аюулгүйн үзүүлэлтүүд, таримал ургамлын үр, хорио цээрийн шинжилгээг хийж, нийслэл, орон нутгийн хяналтын лабораториудыг нэгдсэн арга зүйгээр ханган ажилладаг. Үндэсний болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн магадлан итгэмжлэлтэй юм.
Өнгөрсөн оны байдлаар нийт 61,876 дээжийг бизнес эрхлэгч аж ахуйн нэгж, албан байгууллага, хяналтын байгууллагын хүсэлтээр хүлээн авч сорилт шинжилгээ хийжээ.
Тод индэр
Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим иргэн байна
Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулах төслийг Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн 158 га талбайд хэрэгжүүлж буй.
Энэ хүрээнд 2206 нэгж талбарыг чөлөөлөхөөс 1736 иргэнтэй нөхөн олговрын гэрээ байгуулж, нөхөх олговрыг олгоод байна.
Энэ талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөх хэлтсийн дарга Мөнхбаяр “Сэлбэ дэд төвийн 158 га газрын нөлөөлөлд 2206 иргэний газар өртсөн. Өнгөрсөн оны гуравдугаар сарын 18-нд иргэдээс нийгэм, эдийн засгийн судалгаа болон санал асуулга авч, 70-аас дээш хувийн дэмжлэг авсан тул төслийн газар чөлөөлөлтийн ажлыг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 1736 иргэнтэй нөхөн олговрын гэрээ байгуулж, иргэдийн мөнгийг дансанд нь шилжүүлсэн. Үүнээс 1562 айл байсан газрыг чөлөөлж цэвэрлээд байна” гэлээ.
Мөн газар чөлөөлөөгүй 280 орчим нэгж талбар үлдсэн бөгөөд үүний 30 орчим нь уг төслийг огт дэмжээгүй байна. Иймээс эдгээр иргэдтэй өдөр бүр уулзаж, сонсох ажиллагаа хийж байгааг хэллээ.
Тод индэр
Я.Чулуунхүү: Эзэнгүй нохой, муурыг барьж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлж байна
Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор эзэнгүй нохой, муур, мал амьтныг барьж, асрамжлах газарт байрлуулах ажлыг дөрөвдүгээр сарын 24-28-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ талаар УБЗАА-ны Захиргаа, санхүүгийн удирдлагын газрын дарга Н.Отгонбаяраас тодрууллаа.
Тэрбээр “2025 онд НЗДТГ болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд эзэнгүй нохой, мууртай холбоотой гомдол олноороо ирсэн. Тиймээс нийслэлийн Засаг даргын захирамжаар эзэнгүй нохой, муурыг эзэнжүүлэх, түр асрах байранд хүргэх, анхан шатны вакцин хийх, туулга өгөх, үржлийг хязгаарлах үйлчилгээ үзүүлж байна. Нохой, муур барих ажилд нийслэлийн зургаан дүүргийн онцгой, цагдаагийн албан хаагчид болон УБЗАА, нийслэлээс холбогдох албаныхан 1000 гаруй хүн ажиллаж байна. Энэ удаагийн байршил СХД-ийн 20 дугаар хорооноос эхэлж, Туулын бургаснаас хойш самнах ажиллагаа явуулж байна” гэлээ.
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны Засаг дарга Я.Чулуунхүү “Нийслэлийн Засаг даргын захирамжаар нохой, муур барих, эзэнжүүлэх арга хэмжээ 20 дугаар хороонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Манай хороо гэр хороолол, байшин хороолол, үйлдвэрлэлийн бүс ихтэй. Үйлдвэрлэлийн бүсэд эзэнгүй нохой, муур олон байдаг. Бага насны хүүхдүүдийг хичээл сургуульдаа явахад айлгадаг. Тиймээс нохой, муур барих ажил иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой” гэв.