Тод мэдээ
3х3 сагсан бөмбөгийн талбай байгуулах байршлуудыг танилцуулж байна
“Улаанбаатар кап 2022” 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний шагнал гардуулах үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нийслэлийн есөн дүүргийн 118 байршилд 3х3 сагсан бөмбөгийн стандартын шаардлага хангасан талбай шинээр байгуулахаа мэдэгдсэн.
Тэгвэл уг ажлыг эхлүүлэхээр 3х3 сагсан бөмбөгийн талбайн байршлуудыг урьдчилсан байдлаар төлөвлөжээ. Тодруулбал, Хот байгуулалт, хөгжлийн газраас есөн дүүргийн 118 байршилд олон улсын стандартад нийцсэн 3х3 сагсан бөмбөгийн талбайг байгуулахаар санал оруулсан. Энэ жилдээ багтаан нийслэл, дүүргийн төсөв, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд 59 байршил дахь 3х3 сагсан бөмбөгийн талбайг байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Мөн Нийслэлийн Засаг даргын захирамжаар иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, тохижилтын ажил гүйцэтгэх боломжийг бүрдүүлэхээр 188 байршилд 4860 гарааш буулгах ажил үргэлжилж байгаа. Тэгвэл гарааш чөлөөлсөн байршлуудад 3х3 сагсан бөмбөгийн талбай байгуулах саналыг дүүргүүдээс ирүүлжээ. Тухайлбал, Баянгол дүүрэг гарааш чөлөөлсөн дөрвөн байршилд, Баянзүрх дүүрэг дөрвөн байршилд, Чингэлтэй дүүрэг нэг байршилд тус бүр сагсан бөмбөгийн талбай байгуулах саналыг Хот байгуулалт, хөгжлийн газарт хүргүүлсэн байна. Саналын дагуу есөн байршлын Архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталжээ.
Архитектур төлөвлөлтийн даалгавар нь батлагдсан есөн байршлыг танилцуулж байна.
Тод мэдээ
Зэсийн баяжмалын арилжаа зохион байгуулна
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 73 дугаар тогтоолоор зэсийн баяжмалыг биржээр дамжуулан арилжаалах шийдвэр гарч, тус тогтоолын дагуу “Монголын хөрөнгийн бирж” ХК (МХБ) нь 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 16:00 цагт зэсийн баяжмалын анхны арилжааг зохион байгуулахаар боллоо.
Эхний арилжаагаар 22.35%-ийн зэсийн агуулгатай нийт 3000 нойтон метр тонн зэсийн баяжмалыг тонн тутмыг 2141.83 ам.доллараас эхлэн дуудаж, арилжааг зохион байгуулах бөгөөд арилжигдсан зэсийн баяжмалыг БНХАУ-ын Эрээн боомтод хүргэж өгөх нөхцөлтэй.
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр арилжаалах зэсийн баяжмалын арилжааг зохион байгуулах, бэлтгэл ажлыг хангах хүрээнд МХБ нь уул уухайн бүтээгдэхүүний арилжаа, холбогдох журам, арилжааны системийг танилцуулах сургалтыг хоёр удаа зохион байгуулж, 100 гаруй худалдан авагчийг хамруулсан.
2023 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзэж болон хэмээн Монголын хөрөнгийн биржээс мэдээллээ.
Тод мэдээ
Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ
2023 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсын хэмжээнд бэлгийн замаар дамжих халдварт өвчний 10245 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 25 хувийг эзэлж байна.
Бэлгийн замаар дамжих халдварт өвчний 4206 /41.1 хувь/ тохиолдлыг тэмбүү, 3579 /34.9 хувь/ тохиолдлыг заг хүйтэн, 2437 /23.8 хувь/ тохиолдлыг трихомониаз эзэлж байна.
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өссөн байна гэж Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээллээ.
Тод мэдээ
Сонсголонгийн гүүрийн нэг талын чиглэлийн тээврийн хэрэгслийн зорчих хэсгийн хөдөлгөөнийг хаана
Хан-Уул дүүргийн 8, 9-р хороо Сонсголонгийн 289.4 У/М гүүрийн засвар, арчлалтын ажлын хүрээнд тус гүүрийн зорчих хэсгийн зүүн талын /хойш/ чиглэлийн эгнээг хааж тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг баруун талын /урагш/ чиглэлийн эгнээгээр түр зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохион байгуулж байна.
Тус ажлын хүрээнд Сонсголонгийн 289.4 У/М гүүрийн орох хэсгийн дамжих хавтан болон 2, 4, 6, 7 дугаар алгаслал хооронд зорчих хэсгийн хүчитгэж асфальтбетон хучилтын ажил хийгдэнэ.
Гүүрийн засварын ажил 2024 оны 04 дүгээр сарын 25-ны 23 цагт эхэлж, 04 дүгээр сарын 26-нд дуусахаар төлөвлөж байна.
Иймд иргэд, жолооч та бүхэн дээрх хугацаанд түр замын хөдөлгөөний зураглалын дагуу хөдөлгөөнд оролцоно уу хэмээн Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ.
Сэтгэгдэл