Тод индэр
“Тураг гогой буюу хар галууны экологийн асуудал” сэдвээр хэлэлцүүлэг болов

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос “Тураг гогой буюу хар галууны экологийн асуудал” сэдвээр олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт төрийн захиргааны байгууллага, загас судлаачид, шувуу судлаачид, амьтан судлах, хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөлөл, их, дээд сургуулийн багш, эрдэмтэд, аялал жуулчлалын байгууллагын төлөөллүүд оролцов.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Амьтан, ургамал, байгалийн нөөцийн хэлтсийн дарга П.Цогтсайхан оролцогчдод “Тураг гогой шувууны эрх зүйн статус” сэдвийн хүрээнд мэдээлэл өгсөн. Тэрбээр Амьтны тухай хуульд “Амьтныг өмчлөх, эзэмших, ашиглах, агнуур хийх үйл ажиллагааг явуулахдаа амьтны жам ёсны эрхийг хүндэтгэн энэрэнгүй ёсоор хандана. Байгалийн тэнцлийг хангах, хүн амын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, халдварт өвчний голомтыг эрүүлжүүлэх болон мал, гэрийн тэжээвэр амьтанд өвчин халдварлах, иргэн, хуулийн этгээдэд хохирол учруулахаас сэрэмжлэх зорилгоор зарим амьтны тоо толгойг зохицуулах арга хэмжээ авч болно. Ингэхдээ бусад амьтны зүйлд гэм хор учруулахгүй, амьдрах орчин, хэвийн өсөлт, үржилтийг алдагдуулахгүйгээр хэрэгжүүлнэ” гэсэн байдгийг мэдээлэлдээ онцоллоо.
Үргэлжлүүлэн оролцогчид Тураг гогой шувууны тоо толгой сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн нь загасны экологид сөрөг нөлөөлөл үзүүлж байна уу гэсэн асуудлаар тал бүрийн байр суурийг илэрхийлэн, мэтгэлцсэн. Оролцогчдын асуултад төрийн захиргааны байгууллагын холбогдох албан тушаалтнууд хариулт, мэдээллийг өгөв.
Хэлэлцүүлгийн төгсгөлд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун Буйр нуур, Хөвсгөл нуур, Тэрхийн цагаан нуур гэсэн гурван чиглэлд хар галууны нөлөөлөл болон загасны өвчлөлийг судлах хамтарсан судалгаа, шинжилгээний баг шуурхай гаргаж, ажиллуулахаар саналаа илэрхийллээ.
Түүнчлэн энэхүү шувууны сөрөг нөлөөллийг олон улсад хэрхэн судалсан зэрэг бүх талын судалгаа, мэдээллийг нэгтгэснээр цаашид шинжлэх ухааны үндэслэлийн дагуу тоо толгойг хэрхэн зохицуулах талаар шийдвэр гаргахаар хэлэлцүүлэгт оролцогчид санал нэгдэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Тод индэр
Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим иргэн байна
Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулах төслийг Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн 158 га талбайд хэрэгжүүлж буй.
Энэ хүрээнд 2206 нэгж талбарыг чөлөөлөхөөс 1736 иргэнтэй нөхөн олговрын гэрээ байгуулж, нөхөх олговрыг олгоод байна.
Энэ талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөх хэлтсийн дарга Мөнхбаяр “Сэлбэ дэд төвийн 158 га газрын нөлөөлөлд 2206 иргэний газар өртсөн. Өнгөрсөн оны гуравдугаар сарын 18-нд иргэдээс нийгэм, эдийн засгийн судалгаа болон санал асуулга авч, 70-аас дээш хувийн дэмжлэг авсан тул төслийн газар чөлөөлөлтийн ажлыг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 1736 иргэнтэй нөхөн олговрын гэрээ байгуулж, иргэдийн мөнгийг дансанд нь шилжүүлсэн. Үүнээс 1562 айл байсан газрыг чөлөөлж цэвэрлээд байна” гэлээ.
Мөн газар чөлөөлөөгүй 280 орчим нэгж талбар үлдсэн бөгөөд үүний 30 орчим нь уг төслийг огт дэмжээгүй байна. Иймээс эдгээр иргэдтэй өдөр бүр уулзаж, сонсох ажиллагаа хийж байгааг хэллээ.
Тод индэр
Я.Чулуунхүү: Эзэнгүй нохой, муурыг барьж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлж байна
Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор эзэнгүй нохой, муур, мал амьтныг барьж, асрамжлах газарт байрлуулах ажлыг дөрөвдүгээр сарын 24-28-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ талаар УБЗАА-ны Захиргаа, санхүүгийн удирдлагын газрын дарга Н.Отгонбаяраас тодрууллаа.
Тэрбээр “2025 онд НЗДТГ болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд эзэнгүй нохой, мууртай холбоотой гомдол олноороо ирсэн. Тиймээс нийслэлийн Засаг даргын захирамжаар эзэнгүй нохой, муурыг эзэнжүүлэх, түр асрах байранд хүргэх, анхан шатны вакцин хийх, туулга өгөх, үржлийг хязгаарлах үйлчилгээ үзүүлж байна. Нохой, муур барих ажилд нийслэлийн зургаан дүүргийн онцгой, цагдаагийн албан хаагчид болон УБЗАА, нийслэлээс холбогдох албаныхан 1000 гаруй хүн ажиллаж байна. Энэ удаагийн байршил СХД-ийн 20 дугаар хорооноос эхэлж, Туулын бургаснаас хойш самнах ажиллагаа явуулж байна” гэлээ.
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны Засаг дарга Я.Чулуунхүү “Нийслэлийн Засаг даргын захирамжаар нохой, муур барих, эзэнжүүлэх арга хэмжээ 20 дугаар хороонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Манай хороо гэр хороолол, байшин хороолол, үйлдвэрлэлийн бүс ихтэй. Үйлдвэрлэлийн бүсэд эзэнгүй нохой, муур олон байдаг. Бага насны хүүхдүүдийг хичээл сургуульдаа явахад айлгадаг. Тиймээс нохой, муур барих ажил иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой” гэв.