Тод мэдээ
“Хүүхдийн хөгжил, төлөвшил” үндэсний эрдэм шинжилгээний бага хурөл зохион байгуулагдлаа

Тус хурлын зорилго нь хүүхдийн хөгжил, төлөвшил, хамгааллын талаарх онол, практикийн ач холбогдол бүхий судалгааны илтгэл, шинэлэг үзэл санааг дэмжин хөгжүүлэх, багш, судлаачдын судалгаа шинжилгээний ажлын үр дүнг хэлэлцэх, олон нийтэд сурталчлан таниулах, туршлага хуваалцах, хэрэглээнд нэвтрүүлэх, дэмжих эрдэм шинжилгээний эргэлтэд оруулахад оршдог.
Энэ удаагийн хурлыг НҮБ-ын Хүүхдийн сан, Солонгосын Хүүхдийн сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Отгонтэнгэр их сургууль, Монгол Улсын Боловсролын Их сургуулийн Сургуулийн өмнөх боловсролын сургууль хамтран зохион байгуулж байгаа бөгөөд бага насны болон ерөнхий боловсролын сургуулийн насны хүүхдийн хөгжил, төлөвшил, хамгаалал түүнчлэн 24 цагийн ажиллагаатай цэцэрлэгийн үйлчилгээний чанарын асуудал гэсэн 3 салбар үйл ажиллагааны хүрээнд 67 эрдэмтэн багш, судлаачдын 40 илтгэл хэлэлцэгдэж байна.

Тухайлбал Анагаах ухааны эрдэмтэн багш нараас хүүхдийн ундны хэрэглээний асуудлыг үндэсний хэмжээнд судалсан судалгааны үр дүнг хэлэлцүүлж, цаашид хүүхдийн шингэний хэрэглээг нарийвчлан тооцсон судалгааг хийх шаардлагатай талаар санал дэвшүүлсэн бол боловсрол судлал, сэтгэл судлалын эрдэмтэн багш нараас 24 цагийн ажиллагаатай цэцэрлэгийн хүүхдэд тохиолдож болзошгүй эрсдэл, хүүхэд хамгааллын тулгамдсан асуудлыг хөндөж, эцэг эх, асран хамгаалагчдад хүүхдээ хайрлах, тэврэлтийн ач тусыг таниулах, хөгжлийг дэмжих зөвлөмжийг ч боловсруулжээ. Мөн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын нас, бие, сэтгэл зүйн онцлог, үе тэнгийнхний дээрэлхэлт, онлайн дарамт, сурлагын амжилт, чанар, ковид-19 үеийн хүүхдийн амьдралын хэв маягийн өөрчлөлт зэргийг ч олон талаас нь судалж, санал, оролцооны хэлбэрийг ч дэвшүүлсэн байна.

Энэхүү хурлын үйл ажиллагааг дүгнэн авч үзвэл Ковид -19 цар тахлын үед Монгол хүүхдэд тохиолдсон сэтгэлзүйн болон хөгжлийн хямрал, эрүүл мэнд, хамгааллын асуудал болон тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтыг зохион байгуулах хувилбарыг санал болгосон цаг үеэ олсон, онол, практикийн ач холбогдолтой болжээ. Мөн Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын онцлог хэв шинж болсон 24 цагийн ажиллагаатай цэцэрлэгийн хүүхэд, эцэг эх, тэнд ажиллаж байгаа багш, ажилтнуудын ажлын өвөрмөц онцлог, хөгжлийн асуудал зэргийг хөндөж, шийдэх гарц, хувилбаруудыг эрдэмтэн, профессор багш, нар судлаачид, салбарын мэргэжилтнүүд судалж гаргасан байна.
Монгол Улсын ирээдүй болсон хойч үеийн хөгжил, төлөвшилд анагаах ухаан, гэр бүл, сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх зүй, боловсрол судлалын чиглэлийн тэргүүлэх эрдэмтэд, тухайн салбарын багш судлаачид тулгамдсан асуудлыг хөндөж, шинэлэг санааг дэвшүүлж, төр засгийн бодлого, эрх зүйн баримт бичгийг хэрэгжүүлэхэд сэтгэл гарган, гар бие оролцож байгаа нь ихээхэн давуу тал гэж үзэж байна.
Монгол хүүхдийн хөгжил төлөвшлийг судалж ирээдүй хойч үеийн төлөө сэтгэл, оюунаа зориулж байгаа эрдэмтэн багш, судлаачдынхаа эрдэм шинжилгээ, судалгааны ажилд өндөр амжилт хүсье.
Тод мэдээ
Сүхбаатар дүүрэгт 37228 ам.метр явган хүний замын засвар, арчлалтыг энэ сарын 20-ноос эхлүүлнэ
Нийслэлээс явган замын арчлалтыг сайжруулах үүднээс байршлууд дээр нь очиж тогтмол ажиллаж байгаа. Тухайлбал, энэ сарын 17-ны өдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг болон холбогдох албаныхан хотын гол, гудамж замын зарим байршилд явган замын нөхцөл байдалтай танилцаж, үүрэг чиглэл өглөө.
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд ажиллахдаа явган замгүй байршлуудад хэрхэн явган зам гаргах, иргэдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах асуудлаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг болон албаны хүмүүстэй ярилцлаа.
Энэ үеэр Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг “Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу өнгөрсөн амралтын өдрүүдээр дүүргийн Тамгын газар, хороодын ажлын албатай хамтарч Сүхбаатар дүүргийн 1-11 дүгээр хорооны 355 байршилд 37228 ам.метр талбайн явган хүний зам талбайн арчлалтыг шалгасан. Явган хүний замын хавтангуудын арчлалтыг сайжруулах, засварлах шаардлагатай хэсгүүдэд ажлыг энэ сарын 20-ноос эхлүүлж, үе шаттай явуулна. Эхний ээлжид Сүхбаатар дүүргийн Бага тойруугаас Их тойруу доторх явган хүний замыг засварлана. Багшийн дээдийн хойно Спортын төв ордны арк дээр иргэдээс гомдол их ирдэг. Автомашин явах хоёр урсгал замтай ч хажуугаар нь явган хүний зам байдаггүй. Тиймээс иргэд, орчмоор нь зорчиж байгаа оюутнуудад зорчиход хүндрэлтэй. Энэ хэсэгт мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулж, явган хүний замыг хийхээр төлөвлөж байна” гэлээ.
Сүхбаатар дүүргийн хэмжээнд Энхтайваны өргөн чөлөө буюу Арслантай гүүрний баруун талаас Баруун 4 зам хүртэлх явган хүний замыг шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Гэрээнд заасан хугацааны дагуу ажлууд хийгдэнэ. МУИС-ийн баруун талаас Засгийн газрын ордны зүүн талд байрлах “Галлериа Улаанбаатар”-ын урд талын хэсэг, СТӨ-ний ард талын хэсгийн явган замын ажлуудыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас хяналт тавин гүйцэтгэж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Тод мэдээ
Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ
Нийслэлийн Засаг даргын 2025 оны “Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнөөдрөөс Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ.
Тодруулбал, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, дүүргүүдийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн алба хаагчид Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу 9 чиглэлд ирэх есдүгээр сарын 21-ний өдрийг дуустал хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллах юм. Энэ жилээс Сэлбэ гол дагуу хөдөлгөөнт эрүүл ажиллана. Нийслэлийн хэмжээнд гол, усны ослоос аврах, урьдчилан сэргийлэх завьт болон хөдөлгөөнт эргүүл 15 дахь жилдээ ажиллаж байна.
НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС
Тод мэдээ
Сүхбаатарын талбайн хоёр талын явган хүний замыг шинэчлэх ажил үргэлжилж байна
Нийт 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчлэх ажил үргэлжилж байна. Үүний нэг болох Сүхбаатарын талбайн хоёр талын 5012 ам.метр талбай бүхий явган хүний зам засварын байршилд холбогдох албаныхан ажиллалаа.
Тухайн байршилд ажилласан УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “Нийслэл хотын хэмжээнд төв магистрал зургаан гудамжинд байгалийн чулуун хавтангаар явган хүний зам хийж байна. Тухайлбал, Төв шуудангийн уулзвараас Сүхбаатарын талбайг тойрсон явган хүний замыг тодорхой хэсгүүдэд хувааж, ажлыг үргэлжлүүлж байгаа юм. Ажил гүйцэтгэхдээ явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулахгүйн тулд иргэд чөлөөтэй зорчих гарцыг гаргасан” гэлээ.
Түүнчлэн явган замыг байгалийн боржин чулуун хавтангаар шинэчлэхдээ галаар шатаах, цохилттой дрилл ашиглан барзгар гадаргуу үүсгэх байдлаар технологийн шинэчлэлтийн ажлыг зарим шаардлагатай хэсэгт оруулж өгч байгааг ажил гүйцэтгэгчид хэллээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС