Тод мэдээ
“Улаанбаатарын тунхаглал: Олон талт хамтын ажиллагаа түншлэлийг дэмжих” уулзалт болов
Гадаад харилцааны яам, Жендэрийн Үндэсний хороо хамтран зохион байгуулсан “Улаанбаатарын тунхаглал: Олон талт хамтын ажиллагаа түншлэлийг дэмжих” уулзалт болов.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг уг уулзалтыг нээж хэлсэн үгэндээ 2018 онд болсон “Тогтвортой хөгжлийн зорилго: Жендэр ба хөгжил” олон улсын бага хурлаас баталсан Улаанбаатарын тунхаглалын хүрээнд Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн хугацаанд бодлогын баримт бичиг, хууль, эрх зүйн орчинг шинэчлэх, бодит арга хэмжээ авч хэрэгжүүлэх чиглэлээр ч ахиц гаргасныг дурьдаж, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлж, улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралын бүх хүрээнд эмэгтэйчүүд үр дүнтэй оролцох, манлайлан ажиллах тэгш боломжоор хангах, зорилт дэвшүүлэн ажиллаж буйг онцлон тэмдэглэв.
Тэрбээр Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг 2017-2021 онд хэрэгжүүлэхэд хөгжлийн түншлэгчдийн дэмжлэг туслалцаа их байсныг онцолж, цаашид манай улс хуулийг хэрэгжүүлэх, ялангуяа жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах чиглэлээр хүч чармайлтаа эрчимжүүлж, олон улсын өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх, Улаанбаатарын тунхаглалын хүрээнд бүс нутгийн болон олон улсын хэмжээнд үр ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, улмаар манлайлан оролцох боломжийг бүрдүүлэхийн төлөө үргэлжлүүлэн ажиллана гэв.
Тус уулзалтад Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрууд, олон улсын түнш байгууллагуудын тэргүүн нар, ажилтнууд оролцож, “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын 2022-2031 оны стратеги төлөвлөгөө”-г хэрэгжүүлэх, хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар санал солилцов гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.
Тод мэдээ
Зэсийн баяжмалын арилжаа зохион байгуулна
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 73 дугаар тогтоолоор зэсийн баяжмалыг биржээр дамжуулан арилжаалах шийдвэр гарч, тус тогтоолын дагуу “Монголын хөрөнгийн бирж” ХК (МХБ) нь 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 16:00 цагт зэсийн баяжмалын анхны арилжааг зохион байгуулахаар боллоо.
Эхний арилжаагаар 22.35%-ийн зэсийн агуулгатай нийт 3000 нойтон метр тонн зэсийн баяжмалыг тонн тутмыг 2141.83 ам.доллараас эхлэн дуудаж, арилжааг зохион байгуулах бөгөөд арилжигдсан зэсийн баяжмалыг БНХАУ-ын Эрээн боомтод хүргэж өгөх нөхцөлтэй.
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр арилжаалах зэсийн баяжмалын арилжааг зохион байгуулах, бэлтгэл ажлыг хангах хүрээнд МХБ нь уул уухайн бүтээгдэхүүний арилжаа, холбогдох журам, арилжааны системийг танилцуулах сургалтыг хоёр удаа зохион байгуулж, 100 гаруй худалдан авагчийг хамруулсан.
2023 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзэж болон хэмээн Монголын хөрөнгийн биржээс мэдээллээ.
Тод мэдээ
Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ
2023 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсын хэмжээнд бэлгийн замаар дамжих халдварт өвчний 10245 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 25 хувийг эзэлж байна.
Бэлгийн замаар дамжих халдварт өвчний 4206 /41.1 хувь/ тохиолдлыг тэмбүү, 3579 /34.9 хувь/ тохиолдлыг заг хүйтэн, 2437 /23.8 хувь/ тохиолдлыг трихомониаз эзэлж байна.
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өссөн байна гэж Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээллээ.
Тод мэдээ
Сонсголонгийн гүүрийн нэг талын чиглэлийн тээврийн хэрэгслийн зорчих хэсгийн хөдөлгөөнийг хаана
Хан-Уул дүүргийн 8, 9-р хороо Сонсголонгийн 289.4 У/М гүүрийн засвар, арчлалтын ажлын хүрээнд тус гүүрийн зорчих хэсгийн зүүн талын /хойш/ чиглэлийн эгнээг хааж тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг баруун талын /урагш/ чиглэлийн эгнээгээр түр зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохион байгуулж байна.
Тус ажлын хүрээнд Сонсголонгийн 289.4 У/М гүүрийн орох хэсгийн дамжих хавтан болон 2, 4, 6, 7 дугаар алгаслал хооронд зорчих хэсгийн хүчитгэж асфальтбетон хучилтын ажил хийгдэнэ.
Гүүрийн засварын ажил 2024 оны 04 дүгээр сарын 25-ны 23 цагт эхэлж, 04 дүгээр сарын 26-нд дуусахаар төлөвлөж байна.
Иймд иргэд, жолооч та бүхэн дээрх хугацаанд түр замын хөдөлгөөний зураглалын дагуу хөдөлгөөнд оролцоно уу хэмээн Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ.
Сэтгэгдэл