Тод мэдээ
Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс зөвлөмж гаргалаа

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл (СТБЗ)-ийн хоёрдугаар сарын 28-ны өдрийн ээлжит бус хурлаар Монгол Улсын эдийн засгийн төлөв, гадаад орчинд үүсэж буй эрсдэл, тодорхой бус байдлын талаар хэлэлцээд макро эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хангаж, санхүүгийн зуучлалыг хэвийн үргэлжлүүлэх хүрээнд доорх чиглэлээр бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэх зөвлөмж гаргаж байна.
Үүнд:
Нэг. Эдийн засгийн гадаад орчинд үүссэн нөхцөл байдалтай уялдуулан олон улсын төлбөр тооцооны тасралтгүй үйл ажиллагааг ханган ажиллах.
Хоёр. “Шинэ сэргэлтийн бодлого”-д туссан хилийн боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлж, худалдааны эргэлтийг сайжруулахад чиглэсэн боомтуудын өргөтгөл шинэчлэлт, бүтээн байгуулалтын ажлыг яаралтай дуусгах, БНХАУ-ын талтай харилцан тохиролцож, хилийн боомтуудын төлөвлөлт зохион байгуулалтыг нягт уялдуулан үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэх.
Гурав. Хил орчмын бүс нутагт халдвар хамгааллын дэглэмийг чангатгах, хил нэвтрүүлэх зохион байгуулалтыг сайжруулах, экспортын тээвэрт хүний шууд оролцоог бууруулсан чингэлэгт тээврийн терминал, ухаалаг тээврийн хэрэгслийг (AGV) нэвтрүүлэх ажлуудыг шуурхайлах замаар экспортыг нэмэгдүүлэх.
Дөрөв. Замын-Үүд, Булган, Бичигт, Гашуунсухайт, Шивээхүрэн боомтууд, импортын бараа тээвэрлэлтийн шинэ замуудыг судалж, ашиглах замаар импортын бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт, хангамжийг нэмэгдүүлэх, тээвэрлэлтийн өртөг зардлыг бууруулах.
Тав. Гадаад, дотоод хүчин зүйлээс шалтгаалан нэмэгдсэн инфляцыг Улсын Их Хурлаас баталсан мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн хүрээнд Төв банкны дунд хугацааны зорилтот түвшинд хүргэж тогтворжуулах бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэх.
Зургаа. Эдийн засгийн сэргэлтийг дэмжих, үйлдвэрлэлийн суурь зардал, хэрэглээний үнийн дарамтыг бууруулж, иргэдийн бодит орлогыг хамгаалах хүрээнд эрчим хүч, цахилгаан дулаан, сайжруулсан түлш, цэвэр бохир ус, сургалтын төлбөр зэрэг төрийн зохицуулалттай үнэ болон бензин шатахууны үнийн тогтвортой байдлыг ханган ажиллах.
Долоо. Макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор гадаад төлбөрийн чадварыг дэмжиж, валютын нөөцийг нэмэгдүүлэхэд чиглэсэн төсөв, мөнгөний бодлого, үйл ажиллагаа, санхүүгийн зохицуулалтыг уялдуулан хэрэгжүүлэх.
Тод мэдээ
Сүхбаатар дүүрэгт 37228 ам.метр явган хүний замын засвар, арчлалтыг энэ сарын 20-ноос эхлүүлнэ
Нийслэлээс явган замын арчлалтыг сайжруулах үүднээс байршлууд дээр нь очиж тогтмол ажиллаж байгаа. Тухайлбал, энэ сарын 17-ны өдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг болон холбогдох албаныхан хотын гол, гудамж замын зарим байршилд явган замын нөхцөл байдалтай танилцаж, үүрэг чиглэл өглөө.
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд ажиллахдаа явган замгүй байршлуудад хэрхэн явган зам гаргах, иргэдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах асуудлаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг болон албаны хүмүүстэй ярилцлаа.
Энэ үеэр Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг “Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу өнгөрсөн амралтын өдрүүдээр дүүргийн Тамгын газар, хороодын ажлын албатай хамтарч Сүхбаатар дүүргийн 1-11 дүгээр хорооны 355 байршилд 37228 ам.метр талбайн явган хүний зам талбайн арчлалтыг шалгасан. Явган хүний замын хавтангуудын арчлалтыг сайжруулах, засварлах шаардлагатай хэсгүүдэд ажлыг энэ сарын 20-ноос эхлүүлж, үе шаттай явуулна. Эхний ээлжид Сүхбаатар дүүргийн Бага тойруугаас Их тойруу доторх явган хүний замыг засварлана. Багшийн дээдийн хойно Спортын төв ордны арк дээр иргэдээс гомдол их ирдэг. Автомашин явах хоёр урсгал замтай ч хажуугаар нь явган хүний зам байдаггүй. Тиймээс иргэд, орчмоор нь зорчиж байгаа оюутнуудад зорчиход хүндрэлтэй. Энэ хэсэгт мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулж, явган хүний замыг хийхээр төлөвлөж байна” гэлээ.
Сүхбаатар дүүргийн хэмжээнд Энхтайваны өргөн чөлөө буюу Арслантай гүүрний баруун талаас Баруун 4 зам хүртэлх явган хүний замыг шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Гэрээнд заасан хугацааны дагуу ажлууд хийгдэнэ. МУИС-ийн баруун талаас Засгийн газрын ордны зүүн талд байрлах “Галлериа Улаанбаатар”-ын урд талын хэсэг, СТӨ-ний ард талын хэсгийн явган замын ажлуудыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас хяналт тавин гүйцэтгэж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Тод мэдээ
Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ
Нийслэлийн Засаг даргын 2025 оны “Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнөөдрөөс Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ.
Тодруулбал, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, дүүргүүдийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн алба хаагчид Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу 9 чиглэлд ирэх есдүгээр сарын 21-ний өдрийг дуустал хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллах юм. Энэ жилээс Сэлбэ гол дагуу хөдөлгөөнт эрүүл ажиллана. Нийслэлийн хэмжээнд гол, усны ослоос аврах, урьдчилан сэргийлэх завьт болон хөдөлгөөнт эргүүл 15 дахь жилдээ ажиллаж байна.
НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС
Тод мэдээ
Сүхбаатарын талбайн хоёр талын явган хүний замыг шинэчлэх ажил үргэлжилж байна
Нийт 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчлэх ажил үргэлжилж байна. Үүний нэг болох Сүхбаатарын талбайн хоёр талын 5012 ам.метр талбай бүхий явган хүний зам засварын байршилд холбогдох албаныхан ажиллалаа.
Тухайн байршилд ажилласан УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “Нийслэл хотын хэмжээнд төв магистрал зургаан гудамжинд байгалийн чулуун хавтангаар явган хүний зам хийж байна. Тухайлбал, Төв шуудангийн уулзвараас Сүхбаатарын талбайг тойрсон явган хүний замыг тодорхой хэсгүүдэд хувааж, ажлыг үргэлжлүүлж байгаа юм. Ажил гүйцэтгэхдээ явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулахгүйн тулд иргэд чөлөөтэй зорчих гарцыг гаргасан” гэлээ.
Түүнчлэн явган замыг байгалийн боржин чулуун хавтангаар шинэчлэхдээ галаар шатаах, цохилттой дрилл ашиглан барзгар гадаргуу үүсгэх байдлаар технологийн шинэчлэлтийн ажлыг зарим шаардлагатай хэсэгт оруулж өгч байгааг ажил гүйцэтгэгчид хэллээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС