Дэлхий нийтээр..
Баруун бүсийн Наркологийн төвийг Баянхонгорт байгуулна
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын баг Баянхонгор аймагт өнөөдөр ажиллаж байна. Тэднийг аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан хүлээн авч уулзав.
Энэ үеэр аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан хуулийн байгууллагуудын үйл ажиллагааны өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцуулга хийлээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Баянхонгор нь бусад аймагтай харьцуулахад хуулийн салбар нэгжүүдээ маш сайн дэмждэг, бүх нэгжээ өөрийн гэсэн байртай болгож үйл ажиллагаа явуулах нөхцөлийг сайтар бүрдүүлж өгсөн харагддаг. Төрийн архив нь өөрийн барилгатай, тэр нь үйл ажиллагаагаараа улсад тэргүүлдэг зэргээр сайн жишээнүүд танай аймагт олон байна. Архинд донтолтын эсрэг орон нутаг өөрөө санаачлан бодит ажил хэрэг явуулж байгаад салбарын сайдын хувьд ихэд олзуурхаж байгаа юм. Танай энэ төвийг дэмжин урт хугацааны хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон” гэснээр дараах асуудлуудыг орон нутагт шийдвэрлэж өгөхөөр болов. Үүнд:
– Жаргалтай амьдрал төвийг өргөтгөн ирэх онд баруун бүсийн аймгуудын иргэдэд /Говь-Алтай, Ховд, Увс, Завхан, Баян-Өлгий/ үйлчилгээ үзүүлэх 100 ортой Наркологийн төвийг шинээр байгуулах;
– Хуучнаар татварын хэлтсийн барилгыг балансаас балансад шилжүүлэх эрхийг олгож иж бүрэн тохижуулан шүүхийн шинжилгээний албыг өөрийн байртай болгох;
– Баривчлах байрыг орчин үеийн стандартын дагуу шинээр байгуулах;
– Цагдаагийн газрын эрүүлжүүлэн саатуулах байрыг шинэчлэх;
– Цагдаагийн газрын сум дундын тасгууд болох Богд, Бууцагаан суманд туулах чадвар сайтай 2 автомашин олгох;
– Шүүхийн шинжилгээний албанд туулах чадвар сайтай нэг автомашин олгох;
– Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт туулах чадвар сайтай 1 автомашин олгох;
– Төрийн архивын тасгийг хэлтэст харьяалуулалгүй тусдаа бие даасан статусаар үйл ажиллагаа явуулах эрхийг олгох зэрэг асуудлуудыг тус тус шийдвэрлэж өгнө гэв.
Засаг дарга Д.Мөнхсайхан, Орон нутагт ирж хуулийн байгууллагуудынхаа үйл ажиллагаатай биечлэн танилцаж, чухал шаардлагатай асуудлыг газар дээр нь шийдвэрлэж өгсөнд хууль зүйн сайдад талархал илэрхийлээд шинээр байгуулах 100 ортой Наркологийн төвийн үйл ажиллагааг өндөр хэмжээнд үр дүнд хүргэн авч явах болно гэдгийг илэрхийллээ.
Тэрбээр Баянхонгор аймагт ажиллах үеэрээ салбарын нийт удирдлага, алба хаагчидтай уулзалт хийн тэдний санал хүсэлтийг сонсож, Цагдаагийн газар, Эрүүлжүүлэн саатуулах байр, Улсын бүртгэлийн хэлтэс, Төрийн архивын тасаг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүхийн шинжилгээний албадын үйл ажиллагаатай тус тус танилцах юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Дэлхий нийтээр..2024/09/26
Ц.Баатархүү: Төрд байгаа их өгөгдөлийг нээлттэй болгож, эдийн засгийн эргэлтэд о...
-
Хэн юу хэлэв...2020/08/05
Нийгмийн бодлогын байнгын хороо МСҮТ, Политехник коллежийн удирдлагуудтай уулзал...
-
Дэлхий нийтээр..2023/10/19
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
-
Дэлхий нийтээр..2021/05/19
Коронавирусний халдвар авч, гэрээр эмчлүүлсэн иргэд өрхийн эмнэлгээсээ магадалга...
