Тод индэр
Турк улсад тэтгэлгээр суралцах оюутны тоог нэмэгдүүлэхийг хүслээ

Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Зафер Атешийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хүлээн авч уулзлаа.
“Дээд боловсролын салбарт хамтран ажиллах тухай" Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Турк Улсын Дээд боловсролын зөвлөл хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. Энэхүү санамж бичгийн дүнд дээд боловсролын салбарт ахицтай үр дүн гарна гэдэгт итгэлтэй байгаагаа Боловсрол, шинжлэх ухааны сайд илэрхийллээ.
Турк Улсын Засгийн газрын тэтгэлгээр Монгол улсаас жил бүр оуютан суралцдаг. Энэ тоог цаашид нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа уулзалтын эхэнд Боловсрол, шинжлэх ухааны сайд илэрхийллээ. Мөн энэ хичээлийн жилээс эхлэн ЕБС-иудад ажиллуулж байгаа сэтгэл зүйчийн өрөөг сургууль бүрт байгуулахад дэмжлэг үзүүлэхийг хүслээ.
Монгол болон БНТУ хооронд сүүлийн жилүүдэд боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтын ажиллагаа өргөжин тэлж байна. Тодруулбал:
- Налайх дүүргийн МСҮТ-ийн гагнуурын анги байгуулах,
- Мал аж ахуй, Биотехнологийн сургуульд хэрэгжүүлсэн “Малын уурагт тэжээл тариалах, тэжээл үйлдвэрлэх” төсөл,
- Төв аймгийн Эрдэнэ сумын бага сургуулийн анги танхимыг тохижуулж, Техник, технологийн политехникийн коллежийн хоол, нарийн боов үйлдвэрлэлийн дадлагын газар, сургалтын орчны үйл ажиллагааг сайжруулах төсөл,
- ШУТИС-ийн БуХС-ийн дэргэд “3 хэмжээст мэдээлэлзүй дизайн”-ы лаборатори байгуулөх төсөл,
- МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуульд Цахилгаан соронзонгийн лабораторид шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх төсөл, зэрэг төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлжээ гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.
Тод индэр
Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим иргэн байна
Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулах төслийг Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн 158 га талбайд хэрэгжүүлж буй.
Энэ хүрээнд 2206 нэгж талбарыг чөлөөлөхөөс 1736 иргэнтэй нөхөн олговрын гэрээ байгуулж, нөхөх олговрыг олгоод байна.
Энэ талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөх хэлтсийн дарга Мөнхбаяр “Сэлбэ дэд төвийн 158 га газрын нөлөөлөлд 2206 иргэний газар өртсөн. Өнгөрсөн оны гуравдугаар сарын 18-нд иргэдээс нийгэм, эдийн засгийн судалгаа болон санал асуулга авч, 70-аас дээш хувийн дэмжлэг авсан тул төслийн газар чөлөөлөлтийн ажлыг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 1736 иргэнтэй нөхөн олговрын гэрээ байгуулж, иргэдийн мөнгийг дансанд нь шилжүүлсэн. Үүнээс 1562 айл байсан газрыг чөлөөлж цэвэрлээд байна” гэлээ.
Мөн газар чөлөөлөөгүй 280 орчим нэгж талбар үлдсэн бөгөөд үүний 30 орчим нь уг төслийг огт дэмжээгүй байна. Иймээс эдгээр иргэдтэй өдөр бүр уулзаж, сонсох ажиллагаа хийж байгааг хэллээ.
Тод индэр
Я.Чулуунхүү: Эзэнгүй нохой, муурыг барьж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлж байна
Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор эзэнгүй нохой, муур, мал амьтныг барьж, асрамжлах газарт байрлуулах ажлыг дөрөвдүгээр сарын 24-28-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ талаар УБЗАА-ны Захиргаа, санхүүгийн удирдлагын газрын дарга Н.Отгонбаяраас тодрууллаа.
Тэрбээр “2025 онд НЗДТГ болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд эзэнгүй нохой, мууртай холбоотой гомдол олноороо ирсэн. Тиймээс нийслэлийн Засаг даргын захирамжаар эзэнгүй нохой, муурыг эзэнжүүлэх, түр асрах байранд хүргэх, анхан шатны вакцин хийх, туулга өгөх, үржлийг хязгаарлах үйлчилгээ үзүүлж байна. Нохой, муур барих ажилд нийслэлийн зургаан дүүргийн онцгой, цагдаагийн албан хаагчид болон УБЗАА, нийслэлээс холбогдох албаныхан 1000 гаруй хүн ажиллаж байна. Энэ удаагийн байршил СХД-ийн 20 дугаар хорооноос эхэлж, Туулын бургаснаас хойш самнах ажиллагаа явуулж байна” гэлээ.
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны Засаг дарга Я.Чулуунхүү “Нийслэлийн Засаг даргын захирамжаар нохой, муур барих, эзэнжүүлэх арга хэмжээ 20 дугаар хороонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Манай хороо гэр хороолол, байшин хороолол, үйлдвэрлэлийн бүс ихтэй. Үйлдвэрлэлийн бүсэд эзэнгүй нохой, муур олон байдаг. Бага насны хүүхдүүдийг хичээл сургуульдаа явахад айлгадаг. Тиймээс нохой, муур барих ажил иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой” гэв.