Тод индэр
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Алтан намар-2024” ургацын баярт оролцлоо

Монгол Улс атар газар эзэмшсэний 65 жилийн ой, “Хүнсний хангамж-аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд зохион байгуулж буй “Алтан намар-2024” ургацын баяр Дархан-Уул аймгийн Дархан хотод болж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх атар газар эзэмшсэний 65 жилийн ойн баярын хуралд оролцож үг хэллээ.
Тэрбээр хэлсэн үгийнхээ эхэнд Монгол Улс атар газар эзэмшсэний 65 жил, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойн баярын мэндийг салбарын үе үеийн ажилтан, албан хаагч, малчин, тариаланч, үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдэд хүргэж, талархал илэрхийлэв.
Өнгөрсөн хугацаанд Монгол Улс ард иргэдийнхээ хүнсний хэрэгцээг хангах, экспортлох зорилгоор Атрын гурван удаагийн аяныг үндэсний хэмжээнд өрнүүлж байсан түүх, ололт амжилтыг дурдлаа.
Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын нэг чухал асуудал нь хүн амаа эрүүл, аюулгүй орчин, найдвартай, эрүүл хүнсээр хангах явдал бөгөөд байгаль орчин, хүнсний хангамж, аюулгүй байдалд онцгой анхаарах ёстойг онцоллоо.
Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн” болон “Цагаан алт” зэрэг үндэсний хөдөлгөөнүүдийг улс орон даяар санаачлан хэрэгжүүлж байгааг тэмдэглэв.
Тухайлбал, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд төр, захиргааны 35 байгууллага хамтран ажиллаж, хууль дүрэм, төсөв санхүү, хөнгөлөлттэй зээл, гааль татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөөс эхлүүлээд 114 төрлийн арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм.
Үндэсний хөдөлгөөн хэрэгжсэн сүүлийн хоёр жилийн хугацаанд арилжааны банкаар дамжуулан 5-6 хувийн хүүтэй, 3-5 жилийн хугацаатай, нийт 1.3 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 3,100 орчим хүнс үйлдвэрлэгч, баялаг бүтээгч иргэн, аж ахуйн нэгжид олгоод байна.
Үүний үр дүнд хүнсний салбарт нийт 24 хүнсний үйлдвэр шинээр ашиглалтад орж, 2023 оны байдлаар хүнсний ногооны хэрэгцээний 85 хувийг дотоодоосоо хангаж чадсаныг Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ тэмдэглэв.
Үндэсний хөдөлгөөнүүдийг амжилттай хэрэгжүүлснээр байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хөгжилд шинэ боломж нээгдэж, хот, хөдөөгийн тэнцвэртэй хөгжил хангагдах, худалдаа, экспорт, хөрөнгө оруулалт, ажлын байр нэмэгдэх, ядуурал буурах зэрэг олон эерэг үр дүн гарна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Монгол Улс “Эрүүл хүнс үйлдвэрлэгч, хүнс экспортлогч орон” болох зорилтын хүрээнд Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгууд буюу төвийн бүсийг “Хөдөө аж ахуйн төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс” болгон хөгжүүлэхээр зорьж байна.
Энэ хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамыг Дархан-Уул аймагт шилжүүлэн байршуулахаар Улсын Их Хурал, Засгийн газраас шийдвэр гарсан юм.
Цаашид байгаль орчинд ээлтэй, бүсчилсэн хөгжил болон тогтвортой хөгжлийг дэмжсэн газар тариалангийн салбарыг хөгжүүлэхэд тодорхой ахиц дэвшил, үр дүн гарах учиртайг Ерөнхийлөгч тэмдэглэлээ.
Тодруулбал, төр, хувийн хэвшлийн зүгээс:
- Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, шороон шуургыг бууруулж, ногоон хөгжлийг дэмжсэн, дэвшилтэт технологи, инновацад суурилсан, дэлхийн жишигт нийцсэн, экспортод чиглэсэн газар тариалангийн салбарыг хөгжлийн шинэ түвшинд гаргах цогц шинэчлэл, бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэх;
- Бүсчилсэн хөгжлийг дэмжсэн газар тариалангийн кластер, цогцолборуудыг байгуулах, түүхий эд бэлтгэн нийлүүлэлт, борлуулалтын нэгдсэн тогтолцоо, жижиг, дунд үйлдвэрүүдийг байгуулах, тээвэр логистикийн оновчтой сүлжээг бий болгох, боловсон хүчнийг бэлтгэх;
- Эрүүл ахуй, чанарын асуудлыг шат шатандаа анхаарч, аюулгүй байдлын хяналтыг эрс чангатгах;
- Төсөв, хөрөнгийн нөөц боломжоо бүрэн дүүрэн зөв ашиглаж, зээл санхүүжилт, татвар, даатгал зэрэг санхүүгийн хөшүүргүүдийг оновчтой, хүртээмжтэй ашиглаж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг дэмжих зэрэгт анхаарах шаардлагатай байгааг онцлов.
Ингэснээр ард иргэдээ гарал үүсэл нь тодорхой, найдвартай, дотоодын эрүүл хүнсээр хангаж, ажлын байрыг нэмэгдүүлж, монгол хүний амьдралын чанар сайжирч, улмаар Монгол Улс хүнс экспортлогч орон болох боломж бүрдэнэ гэдгийг онцлон тэмдэглэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх эх орноо эрүүл хүнсээр хангах их үйлсэд хүнс, хөдөө аж ахуйн салбарын ажилтан, албан хаагчид, үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчдийн дэмжлэг, манлайлал, хамтын ажиллагаа, харилцан ойлголцол хамгийн чухал гэдгийг мөн онцлон тэмдэглэж, хурлын оролцогчдод амжилт хүсэв.
Баярын хуралд УИХ-ын гишүүн, УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен, УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиков нарын албаны төлөөлөгчид, салбарын үе үеийн ажилтан, албан хаагчдын төлөөлөл, иргэд оролцлоо.
ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиков Монгол Улс атар газар эзэмшсэний 65 жилийн ойн баярын мэндийг хүргэв.
Монгол Улсад шинжлэх ухааны үндэслэлтэй хөдөө аж ахуйн салбарыг бүрдүүлэх зорилтыг хэрэгжүүлэхэд ЗХУ-аас дэмжлэг үзүүлж, хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмжийг нийлүүлж, мэргэжилтэн, зааварлагчдыг томилон явуулж байсныг дурдаж, хоёр улсын хамтын түүхийн баатарлаг хөдөлмөрийн хуудас мөн гэдгийг онцоллоо.
Цаашид Дархан-Уул аймаг, Дархан хот шинэчлэгдэн хөгжиж, энэ бүс нутагт шинэ үйлдвэрүүд байгуулагдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд энэ бүс нутгаас гаргаж буй экспортын бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлснээр ОХУ, Монгол Улсын худалдааны эргэлтийг өсгөх, тэнцвэржүүлэхэд хувь нэмрээ оруулна гэж үзэж байгаагаа хэлэв.
“Алтан намар-2024” ургацын баярын хүрээнд хүнсний ногоо, хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн технологи, шилмэл малын үзэсгэлэн, дуудлага худалдааг Дархан хотноо зохион байгуулж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх үзэсгэлэнгээр зочлох үеэрээ хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын баялаг бүтээгч, тариаланч, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл, иргэдтэй уулзаж, техникийн парадыг үзэж сонирхлоо.
Ташрамд дурдахад, 1959 онд эхэлсэн Атрын анхдугаар аяны үр дүнд 10 сангийн аж ахуй, салбарын үндэсний мэргэжилтэн, боловсон хүчин бэлтгэх их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд шинээр байгуулагдаж, зургаан жилийн дотор 1 сая орчим га атар газрыг эзэмшиж, анх удаа 516 мянган тонн үр тариа хураан авсан түүхтэй.
Атрын хоёрдугаар аян 1976 онд эхэлж, үр дүнд нь 1989 оны байдлаар 1.2 сая га эргэлтийн талбайтай болж, 840 мянган тонн үр тариа, 155 мянган тонн төмс, хүнсний ногоо, нэг сая гаруй тонн таримал тэжээл, хадлан хураан авч байсан юм.
Гэвч нийгэм, эдийн засгийн шилжилтээс улбаалан хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт сорилт тулгарч, үр тариа, гурилынхаа 70 гаруй хувь, төмс, хүнсний ногооны 50 гаруй хувийг импортоор авч, үр тарианы ургацын хэмжээ 2005 он гэхэд 77 мянган тоннд хүрсэн нь атрын хоёрдугаар аяны үеэс 90 гаруй хувиар буурсан үзүүлэлт болж байв.
Монгол Улсын Засгийн газар 2008-2010 онд Атрын гуравдугаар аян болох Тариалангийн хөгжлийн үндэсний хөтөлбөрийг дэвшүүлэн хэрэгжүүлснээр тариалангийн эргэлтийн талбайг 650 мянган га-д хүргэн сэргээж, улаанбуудай, төмсөөр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж чадсан юм.
Тод индэр
Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим иргэн байна
Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулах төслийг Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн 158 га талбайд хэрэгжүүлж буй.
Энэ хүрээнд 2206 нэгж талбарыг чөлөөлөхөөс 1736 иргэнтэй нөхөн олговрын гэрээ байгуулж, нөхөх олговрыг олгоод байна.
Энэ талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөх хэлтсийн дарга Мөнхбаяр “Сэлбэ дэд төвийн 158 га газрын нөлөөлөлд 2206 иргэний газар өртсөн. Өнгөрсөн оны гуравдугаар сарын 18-нд иргэдээс нийгэм, эдийн засгийн судалгаа болон санал асуулга авч, 70-аас дээш хувийн дэмжлэг авсан тул төслийн газар чөлөөлөлтийн ажлыг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 1736 иргэнтэй нөхөн олговрын гэрээ байгуулж, иргэдийн мөнгийг дансанд нь шилжүүлсэн. Үүнээс 1562 айл байсан газрыг чөлөөлж цэвэрлээд байна” гэлээ.
Мөн газар чөлөөлөөгүй 280 орчим нэгж талбар үлдсэн бөгөөд үүний 30 орчим нь уг төслийг огт дэмжээгүй байна. Иймээс эдгээр иргэдтэй өдөр бүр уулзаж, сонсох ажиллагаа хийж байгааг хэллээ.
Тод индэр
Я.Чулуунхүү: Эзэнгүй нохой, муурыг барьж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлж байна
Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор эзэнгүй нохой, муур, мал амьтныг барьж, асрамжлах газарт байрлуулах ажлыг дөрөвдүгээр сарын 24-28-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ талаар УБЗАА-ны Захиргаа, санхүүгийн удирдлагын газрын дарга Н.Отгонбаяраас тодрууллаа.
Тэрбээр “2025 онд НЗДТГ болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд эзэнгүй нохой, мууртай холбоотой гомдол олноороо ирсэн. Тиймээс нийслэлийн Засаг даргын захирамжаар эзэнгүй нохой, муурыг эзэнжүүлэх, түр асрах байранд хүргэх, анхан шатны вакцин хийх, туулга өгөх, үржлийг хязгаарлах үйлчилгээ үзүүлж байна. Нохой, муур барих ажилд нийслэлийн зургаан дүүргийн онцгой, цагдаагийн албан хаагчид болон УБЗАА, нийслэлээс холбогдох албаныхан 1000 гаруй хүн ажиллаж байна. Энэ удаагийн байршил СХД-ийн 20 дугаар хорооноос эхэлж, Туулын бургаснаас хойш самнах ажиллагаа явуулж байна” гэлээ.
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны Засаг дарга Я.Чулуунхүү “Нийслэлийн Засаг даргын захирамжаар нохой, муур барих, эзэнжүүлэх арга хэмжээ 20 дугаар хороонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Манай хороо гэр хороолол, байшин хороолол, үйлдвэрлэлийн бүс ихтэй. Үйлдвэрлэлийн бүсэд эзэнгүй нохой, муур олон байдаг. Бага насны хүүхдүүдийг хичээл сургуульдаа явахад айлгадаг. Тиймээс нохой, муур барих ажил иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой” гэв.
Тод индэр
Д.Батбаатар: Тээврийн салбарын хүндрэлээс яаж гарах вэ?
-
Өнөөдөр2023/12/08
Аюулгүй байдлаа хангаагүй 3928 зөрчил илрүүлэн, 545 зөрчлийг арилгууллаа
-
Тод мэдээ2019/07/17
Халх голын дайнд ашигласан автомашин, техникийг сэргээн засах уралдаан зарлав
-
Тод мэдээ2021/11/03
УИХ дахь ажлын хэсгүүд хуралдана
-
Тод мэдээ2021/12/14
“Рио Тинто”, “Туркойс Хилл Ресурсэс” компаниас Засгийн г...