Бидэнтэй нэгдэх

Тод индэр

Г.Занданшатар: Монгол Улсын ардчилсан, шинэ Үндсэн хуулийн үзэл санаа улам улмаар түгэн дэлгэрэх болтугай

Огноо:

,

Сэтгүүлч:

Монгол Улсын Үндсэн хуулийн 30 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан өнөөдөр /2022.01.13/ боллоо. Тус хуралдааны үеэр УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.


Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч өө, Монгол Улсын Ерөнхий сайд аа,

Улсын Их Хурлын Эрхэм гишүүд ээ,

Эрхэм хүндэт Үндсэн хууль тогтоогчид оо,

Монгол Улсын нийт ард иргэд ээ,

Эрхэм зочид оо,

Та бүхэндээ Монгол Улсын ардчилсан, шинэ Үндсэн хуулийн 30 жилийн ойн баярт өдрийн мэнд дэвшүүлье.

Бидний монголчууд төрт ёс, хууль цаазны олон мянган жилийн түүхэн уламжлалтай ард түмээн. Их Монгол улсын төрийн үндсэн гол хууль “Их засаг” найман зууны, Бүгд найрамдах Монгол улсаа тунхаглан зарласан Анхдугаар Үндсэн хууль нэгэн зууны түүхтэй.

Харин эдүгээгээс яг 30 жилийн өмнө, яг энэ өдрийн морин цагт буюу 11 цаг 35 минутад Монгол Улсын ардчилсан, шинэ Үндсэн хуулийг Ардын Их Хурлын 12 дахь удаагийн сонгуулийн хоёрдугаар чуулганаар баталсан шинэ түүхтэй, ардчилсан, чөлөөт Монгол улсын ард иргэд та бид билээ.

Монголын ард түмэн бид:

-улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж,

-хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж,

-төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж,

-хүн төрөлхтөний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж,

-эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгосон Монгол Улсын Үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхагласан.

Түүхийг хүмүүс бүтээдэг. Гэхдээ хүн бүхэн түүх бүтээгч байж чаддаггүй. Харин 30 жилийн өмнө Монгол Улсын зорин тэмүүлэх шинэ замын эхлэлийг тавьж, шинэ ирээдүйн гэрэлт бамбарыг асаасан ардчилсан, шинэ Үндсэн хуулийг баталсан Үндсэн хууль тогтоогчид, АИХ-ын 430 депутат, УБХ-ын гишүүд, Үндсэн хуулийн төсөл боловсруулах комиссын гишүүд, тэдний ар талд техник, зохион байгуулалт, арга зүйн туслалцаа үзүүлж ажилласан Улсын Бага Хурал, Ерөнхийлөгч,  Засгийн газрын ажилтнууд, сэтгэл итгэлээ зориулсан олон мянган хүмүүс бол жинхэнэ ёсоор түүх бүтээгчид юм.

Монголын шинэ түүхийг бүтээн туурвигч Та бүхэндээ тэгш дүүрэн 30 жилийн ойн баярын мэндчилгээг УИХ-ын нэрийн өмнөөс болон хувиасаа   дэвшүүлж, ажил үйлсийн өрнүүн амжилт, амьдралын  баяр жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе.

Түүхийн эгзэгтэй цаг үеүдэд монголчууд эв саналаа нэгтгэж, нэгэн зүгт зориглон хөдөлдөг эрхэм чанараараа тухайн үеийн МАХН, шинэ улс төрийн нам, эвслүүд, Монголын нийт ард түмэн зорилго тэмүүллээ нэгтгэн, зөвшилцөл ойлголцлыг бүрдүүлж зүтгэсний үр дүнд шинэ Үндсэн хууль батлагдсан. Гучин жилийн ойн өдөр Үндсэн хууль маань хэрхэн батлагдсан талаарх түүхийг товчхон сөхөх нь залуу хойч үеийнхэнд түүхэндээ бодитоор хандах ач холбогдолтой хэмээн үзэж байна.

1980-аад оны сүүлчээр марксизм- ленинизмийн онол, нэг намын үзэл суртлыг удирдлага болгосон төвлөрсөн төлөвлөгөөт, захиран тушаах тогтолцоо ганхаж, дэлхий даяар социалист систем задарч, бүрэлдэхүүнд нь байсан улс орнууд хөгжлийн шинэ замыг сонгох сонголтын өмнө тулж очсон билээ.

Энэ шинэ уур амьсгалын нөлөөгөөр Монголын нийгэмд үүсэн бий болсон нөхцөл байдал Үндсэн хуулийн өөрчлөлтийг шаардаж байлаа. Энэ шаардлагыг тухайн үеийн нам, төрийн удирдлага ч ойлгон анзаарч 1989 онд “БНМАУ-ын 1960 оны Үндсэн хуулийг шинэчлэн найруулах ажлыг эрхлэн гүйцэтгэх комисс”-ыг нам, төрийн тэргүүн Жамбын Батмөнхөөр ахлуулан байгуулсан байдаг.

Энэ үед ардчилал, шинэчлэлийн үзэл санаа нийт нийгмийг хамарч, 1989 оны 12 дугаар сарын 10-ны өдөр буюу Олон улсын хүний эрхийн өдөр Монголын Ардчилсан Холбоо байгуулагдсанаа албан ёсоор зарласны араас шинэ эвсэл, хөдөлгөөн, холбоод  байгуулагдаж, улмаар улс төрийн намын зохион байгуулалтад шилжсэн билээ.

Шинэ байгуулагдсан улс төрийн хүчнүүд олон намын тогтолцоог зөвшөөрөх, хүний эрхийг дээдлэх, бүх нийтийн сонгуулийг хугацаанаас нь өмнө явуулах, эрх баригч намын үйл ажиллагааг төрөөс тусгаарлах, АИХ-ыг шинэчлэн байгуулах зэрэг шаардлагыг тавьж байв. Улмаар 1990 оны гуравдугаар сарын 9-ний өдөр МАХН-ын Төв Хорооны Улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохоо мэдэгдсэнээр тухайн үеийн төр засгийн болон улс төрийн шинэ хүчний төлөөллүүд хэлэлцээрийн ширээний ард суусан билээ.

Тэд нийгмийн ардчилал, өөрчлөн байгуулалтын явцад эх орон, улс үндэстнийхээ эв нэгдэл, эрх ашгийг эрхэмлэн дээдлэх, үүрэг хариуцлагаа бүрэн ухамсарлан, түүнд нийцсэн үйл ажиллагаа явуулахаа ард түмэндээ мэдэгдэж, Хамтарсан тунхаглал гаргасан нь ардчилсан хувьсгалыг тайван замаар өрнүүлэх эх үндэс болсон юм.

Үндсэн хуулийг шинэчлэх үйл явц хоёр үе шаттай  хэрэгжсэн билээ. Эхний шатанд 1990 оны гуравдугаар сард БНМАУ-ын АИХ-ын 11 дэх удаагийн сонгуулийн VIII чуулган Үндсэн хуулиас МАХН-ын төр, нийгмийн удирдан чиглүүлэх чиг үүргийг халж, олон намын тогтолцооны эрх зүйн үндсийг тавьсан юм. Улмаар 1990 оны тавдугаар сарын 10-нд IX чуулганаараа БНМАУ-ын Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хууль, БНМАУ-ын АИХ-ын депутатуудын сонгуулийн тухай хуулийг баталсан нь манай улсад анхны олон намын оролцоо бүхий ардчилсан сонгууль явуулж, төрийн тогтолцоог БНМАУ-ын Ерөнхийлөгч, АИХ, УБХ гэсэн цоо шинэ бүтэцтэйгээр зохион байгуулах эрх зүйн үндсийг бүрдүүлсэн билээ.

Анхны чөлөөт ардчилсан сонгууль 1990 оны 7-р сард болж, сонгуулийн үр дүнд бүрдсэн АИХ-аас БНМАУ-ын анхны Ерөнхийлөгчийг сонгож, байнгын ажиллагаатай  хууль тогтоох байгууллага УБХ-ыг олон намын хувь тэнцүүлсэн төлөөллийн үндсэн дээр байгуулсан нь манай оронд өрнөх улс төрийн шинэтгэлийн цаашдын чиг баримжааг тодорхойлсон.

Улсын Бага Хурал шинэ Үндсэн хуулийн төсөл  боловсруулах комиссыг Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбатаар ахлуулан, комиссын орлогч даргаар УБХ-ын орлогч дарга Кинаятын Зардыхан, нарийн бичгийн даргаар УБХ-ын нарийн бичгийн дарга Бяраагийн Чимид нарыг томилж, бүрэлдэхүүнд нь Засгийн газрын Ерөнхий сайд,  Хууль зүйн сайд, УБХ-ын байнгын хороодын дарга нар, улс төрийн 6 намын дарга зэрэг 16 хүнийг оролцуулан байгуулсан юм. Ингэснээр Үндсэн хуулийн шинэтгэлийн үйл явц хоёр дахь шатандаа орсон түүхтэй.

Комиссоос боловсруулсан Үндсэн хуулийн төслийг 1991 оны дөрөвдүгээр сарын 19-нд “Монгол Улсын Их цааз” нэртэйгээр УБХ-д өргөн барьсан байдаг. Төслийг УБХ зүйл, заалт бүрээр 2 удаа нягтлан хэлэлцээд Тогтоол гаргаж, Төрийн төв хэвлэлд нийтлэх, 1991 оны зургадугаар сарын 1-нээс 1991 оны есдүгээр сарын 1-нийг хүртэл ард нийтээр хэлэлцүүлэх, ард нийтээр хэлэлцүүлсэн дүнд үндэслэн эцэслэн боловсруулж 1991 оны аравдугаар сарын 1-ний дотор УБХ-д өргөн мэдүүлэхийг Комисст даалгасан.

Үндсэн хуулийн төсөл боловсруулах комисс олон орны Үндсэн хуулийг харьцуулан судалж, гадаадын шинжээчдийн саналыг сонсож, олон улсын бага хурал, бүсчилсэн зөвлөгөөн зохион байгуулж, төслийг ард нийтээр хэлэлцүүлсэн. Эдгээрт үндэслэн эцэслэн боловсруулсан “Их цааз”-ын төслийг УБХ-аар хэлэлцэн зохих нэмэлт, өөрчлөлт оруулаад, АИХ-д 1991 оны 11-р сард өргөн барьжээ.

Ард нийтийн хэлэлцүүлэгт тухайн үеийн сонгуулийн эрх бүхий 1.1 сая хүний 900 гаруй мянга нь оролцож, тэдгээрээс 200 гаруй мянган санал төсөл боловсруулах Комиссын хаягаар ирсэн байдаг. Энэ бол шинэ Үндсэн хуулийн төслийг боловсруулах үйл явц Монголын нийт нийгмийг хамарч, төр улс, түмэн олон, шинэ, хуучин улс төрийн намууд гээд бүхий л түвшинд өндөр идэвх, чин сэтгэлээр асуудалд хандаж, эх орныхоо ирээдүйн сайн сайхны төлөөх эрмэлзэл тэмүүллээр Монгол Улс тэр чигээрээ оргилж байсны илэрхийлэл юм. 

Үндсэн хуулийн төслийн хэлэлцүүлэг АИХ-ын танхимд 76 хоног үргэлжилж, 400 гаруй депутат оюун бодлоо мэтгэлцэн уралдуулж, улс төрийн зөвшилцлийг хангах, депутатуудын бүлгүүдийн байр суурийг нэгтгэн нэг мөр ойлголтод хүрэх ээдрээ, түвэгтэй замыг туулсны эцэст  “ардчилсан” хэмээх нэрээр түүхэнд үлдсэн шинэ  Үндсэн хуулиа 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр баталсан билээ.

Шинэ Үндсэн хуулийг эхийг ёсчлох хуралдаан дээр АИХ-ын дарга Жамбалдоржийн Уртнасан агсан: “Энэ баярт мөчийг та бид зүрх сэтгэлдээ хадгалж, хойч үе маань түүх болгон дурсах болно. Үүний учир бид Үндсэн хуулиа даяар олноо зарлан тунхаглаж байна. Та бид оносон аваас үр ач нар минь баярлан талархаж, алдсан аваас залруулах эрх тэдэнд маань үлдэх болно. Одоо гагцхүү туурвиж бүтээсэн Үндсэн хуулиа дээдэлж хэрэгжүүлэхэд хүчин зүтгэх л үлдлээ” гэсэн нь өнөөгийн бидний ямагт сэрж мэдэрч байх ёстой үнэт зүйл билээ.

БНМАУ-ын АИХ, түүнийг бүрдүүлсэн 430 депутат 2 сар гаруйн хугацаанд ардчилсан ёс, хүний эрх, улс төр, эдийн засаг, оюун санааны эрх чөлөө, нийгэм-төрийн байгууллын цоо шинэ тогтолцоог шинэ Үндсэн хуулиараа тунхаглан зарласан түүхэн гавьяатай.

Монгол Улсад ийнхүү ардчилсан хувьсгал тайван замаар ялалтад хүрч, бүх ард түмний чөлөөт сонгуулиар төрийн дээд эрх барих байгууллагаа сонгон байгуулж, ардчилал, зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжих шинэ үеийг эхлүүлсэн юм.

Зуун найман жилийн өмнө 1914 онд Богд хаант Монгол Улсаас “Улсын Дээд, Доод хурал байгуулсан тухай бичиг”-тээ дурдсанчлан “Улсын хүчин чийрэг бат, эдийн засаг элбэг дэлбэг, хүн бүрт хүрэлцэж, гэр бүр баян тавиу, дотоодод ариун тодорхой, гадаадад найртай түвшин болох явдлыг өдөр бүр эрмэлзэн, цаг бүр чармайн” байсан хүсэл зорилго биелэн бүтэх үндэс суурь нь ийнхүү шинэ Үндсэн хуулиар тавигдсан билээ.

Түүнчлэн 1920 оны “Монголын шинэ Ардын засаг байгуулах үндсэн журам”-д:

ард олны дундаас сонгож байгуулах засаглалыг тогтоохыг эрмэлзэж буйгаа дурдаад, “Ийнхүү Ардын засгийн хамаг үйлдвэр явдал нь олон түмний засгийг сонгох лугаа адил сонгосон тогтмол хугацаагаар тавигдсан, ардын төлөөлөгчдийн их хуралдааны шалгалтад байх амой” хэмээсэн үзэл баримтлал жинхэнэ ёсоор хэрэгжин биелэх бодит боломж бүрдсэн юм.

Шинэ Үндсэн хууль маань өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монгол Улсын төрийн тогтолцоо, улс төр, эдийн засаг, нийгмийн харилцаанд эргэлтийн шинжтэй олон шилжилт, өөрчлөлтийг авчирч, хүний эрх, эрх чөлөөний баталгааг олон улсын түвшинд баталгаажуулсан юм.

Үндсэн хуулиа баталж, хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийн шинэ тогтолцоонд шилжих шилжилтийг улс төрийн болон эдийн засаг, нийгмийн хүрээнд нэгэн зэрэг хэрэгжүүлснээрээ Монгол Улс бүс нутгийн хэмжээнд төдийгүй олон улсын хамтын нийгэмлэгийн хэмжээнд үлгэр жишээ хэмээн үнэлэгддэг билээ.

1992 оны Үндсэн хууль нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын баталгаа, төрийн байгууллын тогтвортой байдал, эрх мэдэл хоорондын хяналт-тэнцэл, улс төр, эдийн засаг, нийгэм , соёлын харилцааны бат суурь болж байна. Иргэд маань Үндсэн хуулиар баталгаажсан эрх, эрх чөлөөгөө эдэлж, өөрийн өмч, үзэл бодол, итгэл үнэмшилтэй, түүнийгээ чөлөөтэй илэрхийлэх боломжтой, шударгаар хөдөлмөрлөж, нийгмийн халамж дэмжлэг хүртэх, хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх эрхээр бүрнээ хангагдсанд шинэ Үндсэн хуулийн маань гол ололт, түүхэн ач холбогдол оршиж байна.

 Монгол Улсын Үндсэн хууль цөөнгүй сорилт, шалгалтыг давж, гурван арваныг тууллаа. Манай Үндсэн хууль урт хугацаанд, тогтвортой үйлчлэх чадвартайгаа харуулж, хууль ёсны хүлээн зөвшөөрөгдсөн байдал, төрийн тогтолцооны талаарх олон нийтийн санаа бодолд эерэг үнэлгээ давамгайлж байдаг. Гэсэн хэдий ч Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үйл явц өрнөж, 2000 онд Үндсэн хуулийн зарим заалтад нэмэлт, өөрчлөлт оруулсан нь хожмоо “дордуулсан 7 өөрчлөлт“ хэмээн нэрлэгдэж, олон нийт, судлаач эрдэмтдийн шүүмжлэлд өртсөн билээ.

Түүнчлэн 2011-2015 онд УИХ, гишүүдээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж нийгэмд тулгамдсан асуудлуудыг Үндсэн хуулийн түвшинд зохицуулах хэд хэдэн удаагийн оролдлого гарч, зарим төсөл өргөн баригдсан боловч парламентаар хэлэлцэх боломж бүрдээгүй юм. Энэ асуудлыг үе үеийн УИХ анхаарч ирсэн бөгөөд Эрдэмтэд судлаачдын баг Үндсэн хуулийн хэрэгжилтэд иж бүрэн судалгаа үнэлгээ дүгнэлт хийж, долоо хэмжих зарчмаар 2016 оноос Засгийн газар, УИХ-аас ажлын хэсгүүд байгуулж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ, шаардлага байгаа эсэхийг судалж, Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулж, ард иргэд олон нийтийн санаа бодлыг тандан тодорхойлсон билээ.

Энэ бүгдэд үндэслэн Ажлын хэсгээс боловсруулсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг орон даяар хэлэлцүүлсний үндсэн дээр  2019 онд Улсын Их Хурал уг төслийг Үндсэн хууль болон Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн дагуу 5 сар шахам хугацаанд улс төрийн бүх нам,  иргэд,олон нийтийн өргөн оролцоог хангасны үндсэн дээр хэлэлцэн баталсан.     

Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт , өөрчлөлт нь ард түмний засаглах эрхийг ханган, парламентат ёсоо бататган бэхжүүлэх, хөгжлийн бодлого төлөвлөлт, байгалийн баялгийг ашиглахад баримтлах зарчмыг тодорхойлж, УИХ-ын хариуцлага, хяналтыг сайжруулах, улс төрийн нам, түүний санхүүжилт, үйл ажиллагааны зарчмыг тодорхойлж, гүйцэтгэх эрх мэдлийн тогтвортой байдлыг хангах, шүүх эрх мэдлийн хараат бус, хариуцлагатай байдлыг  дээшлүүлэх, нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгоход чиглэсэн.

Өдгөө энэхүү нэмэлт, өөрчлөлтийг ажил хэрэг болгох Эрх зүйн хувьсгалын үйл явц өрнөж байна.

Улсын Их Хурлаас Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай, Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай анхдагч хууль, Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай, Төрийн аудитын тухай, Монгол Улсын Шүүхийн тухай багц хуулиудын шинэчилсэн найруулга, тэдгээрийг дагалдсан холбогдох хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг баталж, мөрдүүлж эхлээд байна.

Монгол Улсын Үндсэн хууль хэрэгжсэн 30 жилийн замналаас үзэхэд төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэх үндэс суурь болсон хууль хоорондын уялдаа холбоо бүрэн төгс биш, үүнээс үүдэн хяналт-тэнцлийн механизм бүрэн төгс болсонгүй. Саяхан баталсан Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль энэ асуудлыг шийдэх нэг чухал алхам болно гэдэгт итгэлтэй байна. Нөгөө талаас нь хийх бас нэг чухал алхам нь Засгийн газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгад гүйцэтгэх засаглалын хариуцлагын тогтолцоог нарийвчлан тусгах явдал юм.

Хуулийг батлаад орхихгүй, хэрэгжилтэд нь мониторинг хийж, үзэл баримтлалынхаа дагуу хэрэгжиж байгаа эсэхэд эргэх хандлагаар иргэд, иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээлэлтэй хамтран хянах, нийтийн сонсгол хийх энэ шинэ тогтолцоо парламентын хөгжлийн шинэ үе шатыг эхлүүлнэ.

Хяналт, сонсгол, мэдээлэл судалгаа хийснээр хууль тогтоомжийн зөрчил, хуулийн хийдэл гарч байгаа эсэхийг илрүүлэн мэдэх, хууль тогтоомжийг системчлэх асуудалд шинжлэх ухааны судалгааны үндсэн дээр хандах боломж бүрдэх юм.

Хууль тогтоох байгууллагын баталсан суурь хуулиудыг дагаж гарсан хуулиуд нь давхардалгүй, зөрчилгүй, хийдэлгүй байж чадвал эрх зүйн шинэтгэл үр дүнтэй хэрэгжих боломж бүрдэнэ. Ингэж байж эрх зүйн систем бүхэл тогтолцоо болно. Эрх зүйн салаа утгагүй, тодорхой байдлын зарчим, хууль хэрэглээний тогтвортой байдлыг Засгийн газар, Шүүх, Үндсэн хуулийн цэц хангах ёстой. Эргэх хандлагын хяналтыг УИХ хийж, хууль системтэй, зөв хэрэгжсэнээр эрх зүйт, авлигагүй, шударга төр төлөвших болно.

Энэ хүрээнд эхний ээлжинд хүнээс хамаардаг бус, хууль засагладаг шударга, хараат бус шүүхийн тогтолцоог бүрдүүлэх ажил эрчимтэй өрнөж байна.

Энэ бол зөвхөн эхлэл бөгөөд цаашид улс орны эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх, ард түмэн маань баялгийнхаа жинхэнэ эзэд байж, үр өгөөжийг нь хүртэх, төрийн байгууллагын үйл ажиллагааг ёс зүй, сахилга хариуцлагад суурилах, хүний эрх, эрх чөлөөг баталгаатай хангах зэрэг чиглэлээр цөөнгүй хууль батлан гаргах шаардлагатай байна.

Коронавируст цар тахлын нөхцөлд бүх байгууллага, иргэд зохицон ажиллаж амьдрах, төрийн байгууллагын үйл ажиллагааг цахимжуулах шаардлага нэн тулгамдаж байна. Энэ чиглэлээр холбогдох хэд хэдэн  хуулийг УИХ батлан гаргасан. Цахим шилжилт нь хүнд суртал, зардал чирэгдэл, авлига үүсэх орчин, нөхцөлийг арилгахад чухал хөшүүрэг болох нь дамжиггүй юм.

Стратегийн орд газруудын 10 хувийг ард иргэдэд эзэмшүүлэх Ашигт малтмалын хуулийн заалтыг бодитоор хэрэгжүүлэх чиглэлээр УИХ-ын гишүүд санаачилга гарган, ажиллаж байна.

Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх бодлогын баримт бичгийг УИХ нэн яаралтай журмаар хэлэлцэн баталсан. Энэ мэт хугацаа алдалгүй хэлэлцэн шийдвэрлэх олон асуудлууд хүлээгдэж байна. Гэхдээ хуулийн төсөл болгон Үндсэн хуулийнхаа агуулга, үзэл санаанд нийцсэн, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, хэрэгжих бодит боломжтой, боловсруулалтын шаардлагыг сайтар хангасан байх ёстойг тэмдэглэе.

Өөр нэг анхаарал татсан асуудал бол Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн шинэчлэлийн асуудал мөн. Үндсэн хуулийн 58.1-д заасны дагуу эдийн засаг, нийгмийн цогцолбор байх учиртай нэгжүүдэд тодорхой эрх мэдлүүдийг олгох замаар төсвөөс хараат бусаар биеэ даан хөгжих боломжийг бүрдүүлэх нь нэн чухал зорилт мөн.

1912 онд Монгол Улс дөрвөн аймаг, хоёр хязгаар, 129 хошуунд, 1923 онд 6 аймаг, 110 хошуунд хуваагддаг, тухайн бүс нутгийн байгаль, цаг уурын онцлог, аж ахуй эрхлэх амьдралын хэв маягтай уялдан зохицсон байв.  

            Түүнээс хойших социалист байгууллын он жилүүдэд сумдыг нийгэм, эдийн засгийн цогцолбор буюу сум, нэгдэл болгон хөгжүүлж байсан ч өдгөө үндсэн бүтэц нь алдагдсанаар өнөөгийн байдлаар Монгол Улсын 21 аймгийн 330 сумын дийлэнх нь төсвийн татаасаар амиа аргацааж байна.

Нийт сумдын 51.7 хувь нь жижиг буюу 3000-аас доош, 30.1 хувь нь жижгэвтэр буюу 3000-5000 хүртэл хүн амтай байгаа одоогийн нөхцөлд хоршооллын зарчмаар буюу нийгэм-эдийн засгийн цогцолбор болгон хөгжүүлж, сумын иргэд, малчдын амьдралыг шинэ шатанд гаргаж байж төвлөрөл саарах болно.

Тиймээс улсынхаа нийгэм, эдийн засгийг Тогтвортой хөгжлийн зорилгод нийцүүлэн бүс нутгаар хөгжүүлэх, дэд бүтэц, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг иргэн бүхэнд хүртээмжтэй хүргэх зэрэг шаардлагад нийцүүлэн засаг захиргааны тогтолцоог дорвитой шинэчлэх цаг болсон гэж үзэж байна.

            Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, төрийн албаны чадавхийг бэхжүүлэхэд онцгой анхаарах хэрэгтэй байна. Төр нь сайн түшээгийн хүчинд л тогтвортой, дархлаатай байж чадна. Дархлаатай төр л даяар олныхоо итгэлд бат оршино. Тиймээс эдүгээгээс нэгэн зууны өмнө өвөг дээдсийн минь төрийн албанд зарчим болгон тогтоож байсан “…ард олны зовлон зүдгүүрийг нэвтэрхий мэдэх, олны тусыг эн тэргүүнд бодох, цэвэр шударга, зусарч бялдууч биш, эрх ямбатанд нүүрчилдэггүй” алба хаагчидтай болох нь төрд сахилга хариуцлага, ёс зүйг төлөвшүүлэхээс эхлэх учиртай. Монгол төрд алба хаших түшээдийг ёс зүй нь эерэг, мэдлэг чадвар нь нийцтэй, сэтгэл зүтгэл нь тууштай байх шалгуураар, алагчлалгүй сонгон бүрдүүлэх тогтолцоо, эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай байна.

            Эрхэм нөхөд өө,

Үндсэн хуулиа дээдлэн хүндэтгэх, зүйл заалт нэг бүрийг мэдэж, ёсчлон сахидаг болох нь иргэн бүрийн журамт үүрэг билээ. Үүний тулд иргэддээ Үндсэн хуулийн боловсрол олгох ажлыг шат дараатай, зорилго чиглэлтэй хийх ёстой гэж УИХ үзэж байна. Ард түмний засаглах эрхийг хангаж, хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангахад ч энэ үйл ажиллагаа нэн чухал юм. Тиймээс УИХ-ын Тамгын газар “Парламентын  боловсрол” хөтөлбөрийг эхлүүлж, эхний ээлжинд 12-17 насны хүүхэд багачуудад зориулсан Үндсэн хууль, парламентат ёсны сургалтын гарын авлага, хөтөлбөр боловсруулаад байна.

Үндсэн хуулийн үзэл баримтлалыг гажуудалгүй хэрэгжүүлэхийн тулд улс төрийн намуудын үүрэг, оролцоог дээшлүүлж, хүлээх хариуцлагыг сайжруулах нь тулгамдсан асуудал мөн. Үндсэн хуульд оруулсан нэмэлт , өөрчлөлтийн дагуу УИХ-аас Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Улс төрийн намын санхүүжилтийн тухай анхдагч хуулийн төслийг боловсруулж байна. Эдгээр хуулийг батлан мөрдүүлснээр манай нийгмийн улс төрийн тогтолцооны цөм болсон улс төрийн намуудын үйл ажиллагаа шинэчлэгдэж, иргэд, олон нийтийн бухимдлыг төрүүлж буй олон сөрөг үзэгдэл, гажуудал арилж, улс төрийн намууд жинхэнэ ёсоор төлөвшин хөгжихөд чухал түлхэц болно.

Монголын ард түмний Үндсэн хуулиараа тунхаглаж, эргэлт буцалтгүй сонгосон парламентын ардчилсан засаглал, төрийн эрх мэдлийн хуваарь, харилцан хяналт- тэнцэл цаашид баттай хадгалагдах нь бидний сонгосон замын найдвартай хөтөч мөн гэдэгт эргэлзэхгүй байна.

Үүний тулд ”Хэрэв хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдэл хоёулаа ганц хүний юм уу, нэг байгууллагын гарт орвол эрх чөлөө байхгүй болж, дарангуйлал тогтоно. Хэрэв шүүх эрх мэдэл нь гүйцэтгэх болон хууль тогтоох эрх мэдлээс ангид бус бол эрх чөлөө мөн л байхгүй гэсэн үг. Хэрэв тэр нь хууль тогтоох эрх мэдэлтэй хослох аваас иргэний амьдрал, эрх чөлөө хэмжээлшгүй дарангуйлалд унана гэсэн үг. Яагаад гэвэл шүүгч хууль тогтоогч болж хувирна. Хэрэв шүүх эрх мэдэл нь гүйцэтгэх засаглалтай нэгдэх аваас шүүгч нар дарангуйлагчийн эрх мэдэлтэй болдог. Ганц хүнд юм уу, түшмэд сурвалжтанууд, эсвэл нэг байгууллагад хууль тогтоодог, төрийн тогтоол, зааврыг хэрэгжүүлдэг, гэмт хэрэг, иргэдийн маргаан шүүдэг энэ гурван эрх мэдэл төвлөрөх аваас бүх юм өнгөрлөө гэсэн үг” гэж аугаа сэтгэгч, соён гэгээрүүлэгч Шарль де Монтескье хэлснийг бид ямагт санаж явах ёстой.

Үндсэн хуулийн хэрэгжилтийн байдалд шинжлэх ухааны үндэслэлтэй шинжилгээ, судалгаа хийх хэрэгцээ, шаардлага байсаар байна. Энэ чиглэлээр эрдэмтэн судлаачдын хийж буй судалгааны ажлыг дэмжиж, эрчимжүүлэх нь зүйтэй гэж УИХ үзэж байгаа.

Үндсэн хуулиа дагаж мөрдөж ирсэн 30 жилийн үйл явцыг шинжлэх ухааны үндэстэйгээр дүгнэж, Үндсэн хуулийнхаа үзэл баримтлал, агуулга, үзэл санааг тууштай мөрдөн хэрэгжүүлэх асуудлаар эрдэм шинжилгээний бага хурлыг өчигдөр зохион байгууллаа. Энэхүү бага хурал дээр яригдсан асуудал, санал, зөвлөмжийг манай төр засгийн бүхий л эрх мэдлийн байгууллагууд анхааралтай авч үзэж үйл ажиллагаагаа Үндсэн хуулийнхаа агуулгад нийцүүлэх, холбогдох эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох талаар арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь зүйтэй.

Монгол Улсын иргэн бүр Үндсэн хуулиа дээдэлж, түүний агуулга, үзэл санааг ойлгож, амьдрал, ажил үйлстээ мөрдөж, эх орныхоо хөгжил, дэвшлийн төлөө чин сэтгэлээр нэгдэн нягтрахыг түүхт ойн энэ өдөр нийт иргэддээ хандан уриалж байна.

Үндсэн хуулийнхаа ойг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагаа өнөөдрөөс эхлэн дараа оны нэгдүгээр сарын 13 хүртэл үргэлжлэх учиртай. Энэ нэг жилийн хугацаанд Үндсэн хуулиа сурталчлан таниулах, үзэл санааг нь түгээн дэлгэрүүлэх, Үндсэн хуулийн мэдлэгийг иргэд, хүүхэд залуустаа олгох чиглэлээр түлхүү анхаарах ёстой. Ирээдүйн төлөөх энэ үйл хэрэгт эрхэм хүндэт зочид, Үндсэн хууль тогтоогчид та бүхний оролцоо, хувь нэмэр чухал гэдгийг эцэст нь тэмдэглэж хэлье.

Монгол Улсын ардчилсан, шинэ Үндсэн хуулийн үзэл санаа улам улмаар түгэн дэлгэрэх болтугай.

Монгол эх орон минь мөнх оршиж, төрийн нуруу төвшин, түмний сэтгэл амгалан оршиг ээ.

Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Тод индэр

Б.Лхагвасүрэн: Инфляц зорилтот интервалдаа тогтвортой байх боломж бий

Огноо:

,

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй эдийн засгийн нөхцөл байдал, цаашдын төлөвийн талаар дэлгэрэнгүй ярилцлаа.

-Яриагаа эдийн засгийн одоогийн нөхцөл байдал, төлөвөөс эхэлье гэж бодож байна. Энэ талаар юуны түрүүнд таны дүгнэлтийг сонсохыг хүсэж байна.

-Манай улсын эдийн засаг мөчлөгийнхөө сэргэлтийн үе дээрээ байна. 2023 оны гүйцэтгэлээр 7 хувийн өсөлттэй гарсан нь бүс нутагтаа төдийгүй, дэлхийд тэргүүлэх үзүүлэлт боллоо. Энэхүү өсөлтөд хөдөө аж ахуйн салбараас бусад бүх салбар эерэг хувь нэмэр орууллаа. Тэр дундаа, уул уурхайн салбар, түүнийг дагасан тээвэр, үйлчилгээ, худалдааны салбар тэргүүлэх үүрэг гүйцэтгэсэн. Хэрвээ хөдөө аж ахуйн салбар 9 орчим хувийн уналт үзүүлээгүй бол өнгөрсөн оныхоос илүү өндөр өсөлттэй гарахаар байлаа.  Нийт эрэлт талаас нь авч үзвэл, эдийн засгийн өсөлтийг өрхийн хэрэглээ, төрийн байгууллагын хэрэглээ, экспортын өсөлт голлон тэтгээд байгаа юм. Тэр дундаа нүүрсний экспортын биет хэмжээний өсөлт нь экспортын орлогыг нэмэгдүүлж, төсвийн дахин хуваарилалтаар дамжин өрхийн секторын орлого, хэрэглээний өсөлтөд нөлөөлсөн. 

Энэ онд эдийн засгийн сэргэлт, идэвхжил үргэлжлэх хүлээлттэй байгаа. Харин энэ онд зудын нөхцөл байдал хүндэрч байгаа нь мал аж ахуйн салбарт илүү хүндээр тусаж, эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлөхөөр байна. Мал аж ахуйн салбарыг хасаж тооцсон дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий хувьд 2024 онд 6 хувийн өсөлттэй байх боломжтой. Тиймээс эдийн засгийн дотоод эрэлт, идэвхжил талдаа энэ оны туршид сэргэлт үргэлжилнэ.  Харин малын зүй бус хорогдол өндөр байх нөлөөг тооцвол энэ онд эдийн засгийн өсөлт 4 орчим хувьд байх төсөөлөл гарсан. Хаваржилт хэр хүндрэх, малын зүй бус хорогдол хэрхэх нь нийт өсөлт үүнээс сайжрах эсвэл буурахад нөлөөлнө. 

-Та экспортын орлого нэмэгдсэн, эдийн засгийн идэвхжил үргэлжилнэ гэлээ. Харин макро эдийн засгийн тогтвортой байдал тал дээр ямар өөрчлөлт гарч байна вэ?

-Нүүрсний экспортын биет хэмжээ түүхэн дээд түвшнээс давж, 2023 онд 67 сая тоннд хүрсэн. Үүнийг дагаад нийт экспортын орлого 21 хувиар өссөн бол, импортын өсөлт даруухан байж, гадаад худалдааны тэнцлийн ашиг нэмэгдсэн. Энэ эерэг өөрчлөлт нь 2008 оноос хойш алдагдалтай байсан урсгал тэнцэл өнгөрсөн онд ашигтай гарахад нөлөөллөө. Үүний үр дүнд төлбөрийн тэнцэл 1.46 тэрбум ам.долларын ашигтай гарч, гадаад валютын нөөц өнгөрсөн оны эцэст 5 тэрбум ам.долларт дөхөж ирсэн. Гадаад валютын орох урсгал ийнхүү сайн байсан нь төгрөгийн гадаад валюттай харьцах ханш оны туршид тогтвортой, бага зэрэг чангарахад ч нөлөөлсөн. Энэ оны эхний улиралд ч энэ нааштай хандлага үргэлжилж, 3 сарын байдлаар гадаад валютын нөөц 5.25 тэрбум ам.доллар болж, нэмэгдэн төгрөгийн гадаад валюттай харьцах ханш тогтвортой байна. Эдгээр нь манай эдийн засгийн гадаад тэнцвэрт байдал хадгалагдаж байгааг илтгэж байна.

Харин дотоод тэнцвэртэй байдлыг хангаж буй гол үзүүлэлт бол инфляц сүүлийн 9 сард нэг оронтой тоонд байсан бол оны 2, 3 дугаар сард 7 хувь руу орсноор Монголбанкны зорилтот интервалд хадгалагдаж байна. Инфляц буурахад өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн мөнгөний хатуу бодлогоос гадна импортын барааны гадаад зах зээл дээрх үнийн өсөлтийн нөлөө арилсантай холбож үзэж болно. Дээр нь төгрөгийн гадаад валюттай харьцах ханш тогтвортой байгаа нь голлон нөлөөлсөн. Нөгөө талдаа инфляц 7 хувь хүрч буурсан нь мөнгөний бодлогыг сулруулах орон зайг бий болголоо. 2022 оны 1 сараас өсөж эхэлсэн бодлогын хүү 26 сарын дараа эргэн буурч, эдийн засгийн идэвхжилийг дэмжих чиглэлд шилжлээ.

-Манай улсын гадаад өрийн эргэн төлөлт, дефолтын эрсдэлийн байдал зэрэг нь ямар түвшинд байна вэ? Нэг хэсэг ихэд анхаарлын төвд байсан сэдэв ч одоо бол намдсан байна.

-Өнгөрсөн 2 жилд гадаад өрийн том дүнтэй эргэн төлөлтүүд давхцаж, яахын аргагүй томоохон сорилттой тулсан байсан. Гэсэн ч Засгийн газар, Хөгжлийн банк, Монголбанкны зүгээс харилцан уялдаатай сайн ажилласны үр дүнд амжилттай давж гарсан. Тухайлбал, гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх, эдийн засгийг тогтворжуулах, хөрөнгө оруулагчдыг мэдээллээр хангах, бодлогын шийдвэр, үйл ажиллагаагаа нээлттэй тайлбарлах, дотоод нөөц бололцоогоороо өрөө төлөх зэргээр ажилласан. Үүний үр дүнд зарим гадаад өрийн нөхцөлийг муутгахгүйгээр амжилттай дахин санхүүжүүлж, зарим хэсгийг валютын нөөцөөс төлж барагдууллаа. Тухайлбал, Монголбанк нь Хятадын Ардын банктай байгуулсан үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн гэрээний хүрээнд 2011-2016 оны хооронд ашигласан хэлцлийн дүнгээс 1.5 тэрбум юань буюу 210 сая ам.долларын төлөлтийг өнгөрсөн 12 дугаар сард, 1 тэрбум юанийн төлбөрийг 4 сарын эхээр хийсэн.

Монгол Улсын гадаад өрийн эргэн төлөлтийн хуваариас харахад 2026 он хүртэл том дүнтэй гадаад эргэн төлөлт байхгүй. Засгийн газраас гадаад өрийн стратегийн хүрээнд эргэн төлөлтийн ачаалал цаг хугацааны хувьд давхцахгүй байх, дахин санхүүжилтийн нөхцөл нэмж муудахгүй байхад ихээхэн анхаарсан. Ийнхүү гадаад өрийн том дүнтэй эргэн төлөлт богино хугацаандаа байхгүй гэдэг нь төлбөрийн тэнцэл, гадаад валютын нөөцөд ирэх дарамт бага гэсэн үг. Энэ нь, валютын нөөцийн хүрэлцээ өндөр түвшиндээ хадгалагдах, төгрөгийн гадаад валюттай харьцах ханш тогтвортой байхад эерэг нөлөө үзүүлнэ.

-Тэгвэл эдийн засгийн сэргэлттэй уялдан банкны салбарт ямар өөрчлөлт, шинэчлэлт гарч байна вэ? 

-Эдийн засгийн сэргэлт, тогтвортой байдал нь бизнесийн орчин тогтвортой байх, банк, санхүүгийн салбар тэлэх суурь нөхцөл болдог. Нөгөө талдаа, банкны салбарын тогтвортой байдал нь санхүүгийн зуучлал, гүнзгийрүүлэлтээр дамжин бодит эдийн засгийн сэргэлтэд хувь нэмэр оруулдаг. Иймд Монголбанкны бодлого, үйл ажиллагаа нь эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чиглэдэг.

Банкны салбарын статистик, дүн шинжилгээнээс харахад банкны салбарын сэргэлт үргэлжилж, тогтвортой байдал бүрэн хадгалагдаж байна. Банкны салбарын зээлийн жилийн өсөлт 20 орчим хувийн түвшинд тогтвортой буюу санхүүгийн зуучлал, дотоод, гадаад төлбөр тооцоо хэвийн үргэлжилж байна.             Зээлийн өсөлтийн энэ түвшин нь эдийн засгийн өсөлтийг дэмжих, инфляцыг тогтвортой байлгах зорилттой нийцтэй түвшин юм. Банкны салбарын эрүүл мэндийг илтгэх үзүүлэлтүүд ч сайн байгаа. Тухайлбал, системийн хэмжээгээр чанаргүй зээл нийт зээлд 7 хувь болж буурлаа. Өөрийн хөрөнгийн хүрэлцээ, төлбөр түргэн гүйцэтгэх чадварын үзүүлэлт Монголбанкнаас тогтоосон шалгуур үзүүлэлтээс нэлээд өндөр түвшинд хадгалагдаж байна.

Өнгөрсөн 2 жилд системд нөлөө бүхий бүх банкнууд IPO амжилттай гарган нээлттэй компани болж, олон нийтээс 470 гаруй тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн. Тус арга хэмжээ нь хөрөнгийн зах зээлийг тэлэх, банкны санхүүгийн үзүүлэлтүүд сайжрахад бодит нөлөө үзүүлсний дээр банкны засаглал, хяналт сайжрахад чухал алхам болсон. Энэ онд банкнууд ногдол ашиг хэлбэрээр 400 гаруй тэрбум төгрөг хуваарилах боломжтойгоо ч нийтэд мэдээлээд байна. Энэ бол банкнууд  нээлттэй хувьцаат компани болсны нэгэн эерэг нөлөө юм. Банкны салбарын суурь үзүүлэлтүүд цар тахлын өмнөх түвшнээс ч сайжирч, тогтвортой байдал хангагдаж байгаа нь өнгөрсөн 3 жилд авч хэрэгжүүлсэн Банкны салбарын шинэтгэлийн хөтөлбөр, цар тахлын үед банкны салбарт хэрэгжүүлсэн бодлого, зохицуулалтын үр дүн байсан.   

-Хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдээс ханш, бодлогын хүүний цаашдын төлөвт ихээхэн анхаарал хандуулдаг. Тиймээс цаашдын төлөв, бодлогын талаар сонирхмоор байна.

-Гадаад валютын улсын нөөц 3 сарын байдлаар 5.25 тэрбум ам.доллар буюу барааны импортын 7 сарын хэрэгцээг хангах түвшинд хүрч өсөөд байна. Валютын орох урсгал цаашид ч сайн хэвээр үргэлжлэх төлөвтэй байгаа тул оны туршид төгрөгийн гадаад валюттай харьцах ханш тогтвортой хэвээр байх боломж харагдаж байна.

Бодлогын хүү 12 хувьтай буюу түүний бодит (инфляцаар засварласан) хүү +5 хувь байгаа нь мөнгөний бодлого нь инфляцын дарамтыг бууруулах чиглэлд нөлөөлж байгааг илтгэнэ. Одоогийн суурь төсөөллөөр инфляц зорилтот интервалдаа тогтвортой байх боломж бий. Гэхдээ зудын нөхцөл байдлын мах, махан бүтээгдэхүүний үнэд үзүүлэх нөлөө, төсөв, түүнтэй адилтгах санхүүжилтийн тэлэлт нь хувийн хэвшлийн цалин, инфляц дахь үр дагавар зэргийг харзнах хүчин зүйлс бас байна. Хэрэв эдгээр хүчин зүйлсийн нөлөө сул байж, инфляц зорилтот интервалдаа хадгалагдах боломж баталгаажих тохиолдолд мөнгөний бодлогыг үргэлжлүүлэн сулруулах орон зай нэмэгдэнэ. Монголбанкны Мөнгөний бодлогын хороо эдийн засгийн дотоод, гадаад орчин, инфляцын төлөв хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарч бодлогын дараагийн алхмыг тухай бүр авч хэрэгжүүлнэ.

-Эдийн засгийн тогтвортой байдлыг илүү удаан хугацаанд хадгалж бэхжүүлэхийн тулд бид юун дээр анхаарах ёстой вэ. Үүнд банкны салбарын үүрэг оролцоо ямар байх вэ?

-Манай улсын эдийн засгийн сэргэлт, уналт нь эрдэс бүтээгдэхүүний экспортоос ихээхэн хамааралтай явж ирлээ. Нийт экспортын орлогын 91 хувийг уул уурхайн бүтээгдэхүүний экспортоос олж байна. Иймд эдийн засгийг төрөлжүүлэх нь чухал юм. Одоогийн нөхцөлд төрөлжилтийг уул уурхайн болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хувьд хийх, нэмүү өртөг шингэсэн экспортын бүтээгдэхүүн болгох боломж нь илүү өндөр юм. Үйлчилгээ талдаа аялал жуулчлалын салбарыг өргөжүүлэх асуудал яригдана.

Санхүүгийн талаас эдийн засгийн төрөлжилтийг дэмжих нэг арга хэрэгсэл нь нийлүүлэлтийн  сүлжээний санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх явдал юм. Энэ төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлж, ашиглахад Монголбанкны зүгээс дэмжин ажиллаж байна. Энэ санхүүжилтийн онцлог нь худалдан авагч компанитай байгуулсан гэрээ, баримт бичиг нь барьцаа, баталгааны үүрэг гүйцэтгэх боломжийг олгодог. Нийлүүлэлтийн сүлжээний шат бүр дээр ийм хэлцэл хийгдэх боломжтой бөгөөд нийлүүлэлтийн сүлжээнд оролцогч нь нэмэлт барьцааны хязгаарлалтад орохгүйгээр шаардлагатай санхүүжилтээ авч бизнесээ хэвийн үргэлжлүүлэх, өргөжүүлэх боломжтой юм. Банк санхүүгийн байгууллага талдаа гэрээний дагуу төлбөр орж ирэх үед зээлийн хүү, үндсэн төлбөрөө суутган авах тул эрсдэл ч буурна.

Нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийг жишиг байдлаар ноолуурын салбар дээр туршиж байна. Цаашид бусад салбаруудад нутагшуулах боломжтой. Ийм санхүүгийн схем нь аж ахуйн нэгжүүдэд тулгардаг барьцааны асуудлыг шийдвэрлэхээс гадна санхүүжилтийн хугацаа уртсах, хүү буурах зэрэгт эергээр нөлөөлнө. Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг олон улсын санхүүгийн байгууллагууд, дотоодын банкнууд нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийг илүү боловсронгуй болгон нутагшуулах тал дээр  дэмжлэг үзүүлэн идэвхтэй ажиллаж байна.

-Макро эдийн засгийн болон банкны салбарын тогтвортой байдал хадгалагдаж, цаашдын төлөв эерэг байгаа юм байна гэж ойлголоо. Харин Монголбанкны зүгээс ногоон эдийн засаг, ногоон санхүүжилтийн чиглэлд ямар бодлого, зарчим баримталж байгаа вэ?

-Уур амьсгалын өөрчлөлт, түүний сөрөг үр дагавар нь дэлхий нийтийн өмнө тулгарч буй том сорилт болж байна. Энэ ч үүднээс өөрчлөлтөд нөлөөлж буй хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах чиглэлд улс орнууд Олон улсын тавцанд үүрэг, амлалт аван ажиллаж байна. Монгол Улсын хувьд ч хүлэмжийн хийн ялгаруулалтыг 2030 он гэхэд суурь түвшинтэй харьцуулахад 22.7 хувиар бууруулах, хэрэв шингээлтийг нэмж тооцвол бууралтыг 38.4 хувьд хүргэх зорилтыг тавьсан. Иймд ногоон эдийн засгийн хөгжил, түүнд шаардлагатай ногоон санхүүжилтийг дэмжих шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

Монголбанкны зүгээс Тогтвортой санхүүжилтийн холбоо, банкнууд, төрийн бус байгууллагуудтай хамтран Ногоон санхүүжилтийн тогтолцоог бий болгох, түүнд шаардлагатай дэд бүтцийг бүрдүүлэхэд манлайлан ажиллаж байна. Тухайлбал, 2019 оны 12 дугаар сард Монголбанк “Монгол Улсын ногоон таксономи” баримт бичгийг санаачлан дэмжиж, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл (СТБЗ)-д оруулан батлуулж, банкнуудаар мөрдүүлснээр ногоон зээлийн статистикийг гаргах болсон.

Эдгээр нь юуг ногоон гэж үзэхийг тодорхойлж, энэ ангиллаар хэр их зээл гарч байгааг хэмжиж чаддаг болсон. Дараа нь “Тогтвортой санхүүгийн үндэсний замын зураг”-ийг 2022 оны 3 дугаар сард баталж, түүнд 2030 он гэхэд банкны салбарын нийт зээлийн 10 хувь нь ногоон зээл байх томоохон зорилтыг тусгасан. "Тогтвортой хөгжлийн зорилтын санхүүжилтийн таксономи"-г 2023 оны 6 дугаар сард СТБЗ-өөс баталж, санхүүгийн байгууллагуудаар мөрдүүлэх ажлыг хэрэгжүүлж эхлүүлээд байна. Түүнчлэн Монголбанкнаас авч хэрэгжүүлж буй томоохон ажил бол “Банкны байгаль орчин, нийгэм, засаглалын эрсдэлийг үнэлэх, удирдах аргачлал”-ыг мөн өнгөрсөн онд баталж, банкны салбарт мөрдүүлж байгаа. 

Эдгээр стандарт, аргачлал, бодлогын баримт бичгийг батлан мөрдүүлэхээс гадна гадаадаас ногоон санхүүжилт татах, ногоон зээл олгох чиглэлд Монголбанкнаас дэмжин ажиллаж байна. Тухайлбал, ногоон санхүүжилтийн зориулалтаар гадаад зах зээлээс татсан эх үүсвэрийн хувьд хөнгөлөлттэй нөхцөлтэй своп хэлцэл хийх, зарим ногоон зээлийн хувьд эрсдэлийн жинг бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Банкнуудын хувьд ч ногоон, тогтвортой санхүүжилтийн эх үүсвэрийг гадаад, дотоод зах зээлээс бүрдүүлэх, ногоон зээл олгох чиглэлд идэвх санаачилгатай ажиллаж байгааг онцлох нь зүйтэй. Монголбанкны зүгээс ногоон санхүүжилтийг дэмжих, үндэсний замын зурагт тодорхойлсон зорилтоо амжилттай хэрэгжүүлэх чиглэлд бодлогын дэмжлэгийг үргэлжлүүлэх болно.

-Танд нэмж тодруулж хэлэх зүйл бий юу?

-Энэ онд Монгол Улсад орчин цагийн банкны салбар үүсэж, бэхэжсэний 100 жилийн ой тохиож байна. Иймд энэхүү түүхт ойн баярын мэндийг банкны салбарын үе үеийн төлөөлөл, нийт ард иргэддээ өргөн дэвшүүлье. 1924 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Зөвлөлт Холбоот Улс (ЗХУ)-тай хувь нийлүүлсэн Худалдаа ба Аж үйлдвэрийн банк (Монголбанк) үүдээ нээсэн түүхтэй. Монголбанк Монголын банкны холбоо, банкнуудтайгаа хамтран энэ түүхт ойн хүрээнд олон нийтэд чиглэсэн хэд хэдэн өргөн хүрээтэй арга хэмжээг зохион байгуулахаар ажиллаж байгааг дуулгахад таатай байна. 

Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: Монголбанк

Дэлгэрэнгүй унших

Тод индэр

Г.Золбоо: 2024 оны эхний улиралд манай улсын эдийн засаг, төсвийн үзүүлэлтүүд цар тахлын өмнөх түвшнээс давсан сайн гүйцэтгэлтэй байна

Огноо:

,

Монгол Улсын Сангийн яамны Санхүү, төсвийн судалгааны газрын дарга Г.Золбоотой 2024 оны нэгдүгээр улирлын макро эдийн засгийн гүйцэтгэлийн талаар ярилцлаа.

-2023 оны хувьд уул уурхайн жил болж, эдийн засаг эргэн сэргэлээ. Тэгвэл 2024 оны эхний улиралд эдийн засаг ямар байна вэ? 

-Сүүлийн жилүүдэд дэлхий дахин эдийн засаг, санхүүгийн хувьд тааварлахын аргагүй олон сорилтуудтай тулгарлаа. Манай улсад эдгээр сорилтууд бусад хөгжиж буй улсуудтай харьцуулахад илүү хүчтэй нөлөөлсөн гэж бодож байна. Гэсэн хэдий ч Засгийн газар цаг тухайд нь оновчтой арга хэмжээг авч хэрэгжүүлсэний үр дүнд бид эдгээр сорилтуудыг амжилттай давж гарлаа.

Тухайлбал, Засгийн газар хил, гааль, тээврийн асуудлуудыг шийдвэрлэж, томоохон төрийн өмчит компаниудын менежментийг сайжруулсны үр дүнд өнгөрсөн онд Монгол Улс түүхэндээ анх удаа 70 сая тн нүүрс экспортоллоо.  Үр дүнд нь эдийн засагт эерэг дохио болдог төсөв, төлбөрийн тэнцлийн хос ашигтай гарч, валютын нөөц 5 тэрбум ам.доллар буюу түүхэн дээд хэмжээнд хүрлээ. Цаашилбал, инфляц зорилтот түвшинд хүрч тогтворжин, эдийн засаг 7 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Энэ оны хувьд, эхний 2 сарын байдлаар уул уурхай, боловсруулах үйлдвэр, үйлчилгээ зэрэг салбарын өсөлтийн нөлөөгөөр, эдийн засаг 7.8 хувийн өсөлт үзүүлсэн.

Мөн нэгдүгээр улирлын байдлаар, экспорт өмнөх оны өндөр түвшинд хадгалагдаж, гадаад валютын нөөц 5.2 тэрбум долларт хүрлээ. Түүнчлэн, төсвийн орлого өмнөх оноос 2.5 их наяд төгрөгөөр өсөж, тэнцэл 1.6 их наяд төгрөгийн ашигтай гарсан зэрэг эерэг үзүүлэлттэй байна.

-Эдийн засгийн үзүүлэлтүүд эхний улиралд эерэг гарсан ч гадаад худалдаа буурсан байна. Үүнд юу голлон нөлөөлөв?

-Эхний улирлын байдлаар манай улсын гадаад худалдааны ашиг 1.2 тэрбум ам.доллар гарч өмнөх оноос 31.9 хувь буурсны гол шалтгаан нь  импортын дүн өмнөх оноос 25 хувиар өсөж 2.4 тэрбум ам.долларт хүрсэн юм. Нэг талаараа импорт өсөж байгаа нь дотоодод эдийн засгийн идэвхжил сайн, хэрэглээ нэмэгдэж байгааг илэрхийлдэг.

Мөн экспорт 3.7 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх оны түвшнээс 2.9 хувиар буурсан байна. Манай улсын нийт экспортын 60 орчим хувийг нүүрс, 14 хувийг зэсийн баяжмал, 2 орчим хувийг цайрын баяжмал бүрдүүлдэг. Эхний улирлын байдлаар цайрын баяжмал, нүүрсний экспорт буурсан нь дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийн хэлбэлзэлтэй холбоотой. Хэдийгээр бид нүүрсний биет хэмжээг өмнөх оноос 4 сая тонноор өсгөж, оны эхнээс 18 сая тн нүүрс экспортолж чадсан боловч Ганцмод боомтын үнэ тонн тутамд 193 ам.доллар болж өмнөх оноос 37 доллараар бага байгаа нь нүүрсний экспорт буурах шалтгаан болсон.

-Нүүрсний үнийн бууралтыг хэрхэн харж байгаа вэ?  Цаашид үнийн талаар та ямар таамаглалтай байна вэ?

-Ерөнхийдөө манай коксжих нүүрсний үнэ нь БНХАУ-ын гангийн эрэлт, нийлүүлэлттэй шууд холбоотой гэж ойлгож болно. Өнгөрсөн 3 сарын хугацаанд БНХАУ-ын гангийн зах зээл уналтад орж, тус улсын дотоодын коксжих нүүрс хэрэглэдэг үйлдвэрүүдийн эрэлт суларснаар коксжих нүүрсний үнэ буурахад хүрлээ. 

Хэдийгээр Ганцмод боомтын коксжих нүүрсний үнэ 3 дугаар сарын дунджаар 1,399 юань буюу 193 ам.доллар болж буурсан боловч Ковид-19 цар тахлын өмнөх үе болох 2019 оны мөн үеэс 33 хувиар өндөр байгааг дурдах нь зүйтэй.

Олон улсын байгууллагуудын төсөөллөөр нүүрсний үнэ цаашдаа тодорхой хэмжээгээр буурах хандлагатай ч дэлхийн хамгийн том нүүрс хэрэглэгч, үйлдвэрлэгч БНХАУ-ын эрчим хүч, гангийн хэрэгцээ болон түүхий эдийн эрэлт өндөр хэвээр байхаар байна. Иймд нүүрсний үнэ буурсан ч биет хэмжээ буурахгүй гэж харж байна. Үүнээс гадна БНХАУ-ын гангийн эрэлт энэ оны 4 дүгээр сарын дунд үеэс сайжирч байгаа нь коксжих нүүрсний үнийг тогтворжуулж, ойрын хугацаанд нэмэгдэх хандлагатай байгааг Sxcoal онцолсон.

-Та сая БНХАУ-ын гангийн эрэлт сайжирч байгаа талаар дурдлаа. Гэтэл зарим эдийн засагчид тус улсын эдийн засгийг төдийлөн сайжрахгүй байна, тодорхой эрсдэлүүд байна, үүнээс шалтгаалаад манай уул уурхайн бүтээгдэхүүний экспортод эрсдэл учирч болзошгүй гэж үзэж байна?

-Бид БНХАУ—ын эдийн засгийн нөхцөл байдал, дотоодод нь өрнөж буй нийгэм, улс төрийн үйл явдал, болон Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээг тогтмол ажиглаж, судалгаа хийдэг. БНХАУ-ын Үндэсний статистикийн хорооноос 1 дүгээр улирлын эдийн засгийн өсөлтийг 5.3 хувь гэж танилцуулсан нь  шинжээчдийн хүлээлтээс давсан үзүүлэлт болсон. Үүнд цахилгаан машины үйлдвэрлэлтэй холбоотойгоор аж үйлдвэрийн салбарын өсөлт голлон нөлөөлжээ. Энэхүү тоон мэдээлэл зарлагдсаны дараагаар “Goldman Sachs”, “Citigroup” зэрэг олон улсын байгууллагууд тус улсын эдийн засгийн өсөлтийн 2024 оны төсөөллийг шинэчилж, 5.0 хувь болгон нэмэгдүүлсэн юм.

Мөн өнгөрсөн 3 дугаар сард БНХАУ-ын Ардын төлөөлөгчдийн Их Хурлын үеэр ерөнхийлөгч Ши Жиньпин шинжлэх ухаан, техник технологид суурилсан эдийн засгийг бий болгохоор зорьж байгаа талаар мэдэгдсэн. Энэ нь түүхий эдийн зах зээлд эерэг мэдээ болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, цахилгаан машин, хагас дамжуулагч зэрэг бүтээгдэхүүний үйлдвэрлэл цаашдаа ч үргэлжлэн өсөн нэмэгдэхийг илэрхийлж байна. Тэдгээр бүтээгдэхүүний үндсэн түүхий эд нь зэс, ган учир манай түүхий эдийн экспорт тогтвортой байх дохиог өгч байна.

-Хэдийгээр нүүрсний үнэ буурч байгаа ч нөгөө талаас зэс, алтны үнэ харьцангуй өсөлттэй байна. Та энэ талаар юу гэж бодож байна вэ?

-Энэ оны эхний улиралд зэсийн үнэ дунджаар 8,300 ам.доллар орчимд хэлбэлзэж байсан. Харин 4-р сарын 22-ны байдлаар Лондонгийн хөрөнгийн бирж дээрх зэсийн үнэ 9,815 ам.доллар болж сүүлийн 2 жилийн дээд хэмжээнд хүрээд байна. Үүнд БНХАУ-ын үйлдвэрлэлийн салбар сэргэж эхэлсэнтэй зэрэгцэн 3 дугаар сарын сүүлээс БНХАУ-ын зэс хайлуулах үйлдвэрүүд нийлүүлэлтээ бууруулах болсон нь нөлөөлсөн гэж шинжээчид үзэж байгаа. Улс орнуудын хэрэгжүүлж буй эдийн засгаа дэмжих бодлого болон цахилгаан машины үйлдвэрлэл нэмэгдэж байгаа нь зэсийн эрэлтэд эергээр нөлөөлж, цаашдаа зэсийн үнэ тогтвортой хадгалагдах төсөөллийг олон улсын байгууллагууд гаргаж байна.

Харин алтны тухайд Ойрх дорнод болон зүүн европ дахь геополитикийн хурцадмал байдлаас үүдэн Төв банкууд алтны худалдан авалтаа нэмэгдүүлэх болсон нь алтны үнийг өсгөж, дөрөвдүгээр сарын 18-нд үнэ 2,417 ам.доллар буюу түүхэн дээд хэмжээнд хүрч өсөөд байна. Алт нь хамгийн бага эрсдэлтэй хөрөнгө оруулалт гэгддэг тул алтны үнэ өсөх нь эдийн засагт тодорхой бус байдал нэмэгдэж байгаа дохио гэж шинжээчид хардаг. Иймд бид гадаад орчны нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж, шаардлагатай тооцоо, судалгааг тогтмол хийж байна.

-Манай эдийн засагт уул уурхайн салбарын өсөлт үргэлжилж байна гэж та ярилаа. Тэгвэл энэхүү өсөлт нь төсвийн орлогод хэрхэн нөлөөлж байна вэ?

-Уул уурхайн салбарын орлого АМНАТ болон бусад татварын орлогуудаар дамжин манай төсвийн орлогын 30 хүртэлх хувийг бүрдүүлдэг томоохон салбар. Тухайлбал 2023 онд АМНАТ-ын орлого 4.2 их наяд төгрөгт хүрч дангаараа төсвийн орлогын 17 хувийг бүрдүүлсэн. Харин 2024 онд бид АМНАТ-ын орлого 4.5 их наяд төгрөгт хүрнэ гэж төлөвлөснөөс эхний улирлын байдлаар аль хэдийн 1.5 их наяд төгрөгийг бүрдүүлээд байна.

АМНАТ-ын орлогоос гадна энэ оны эхний улиралд өмнөх оны мөн үетэй харьцуулахад аж ахуйн нэгжийн орлогын албан татварын орлого 90 хувиар, НӨАТ-ын орлого 30 хувиар, НДШ-ийн орлого 10 орчим хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байгаа. Эдийн засаг идэвхжиж, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа сайжирч голлох татварын орлогууд өсөж байгаатай холбоотойгоор 2024 онд төлөвлөсөн нийт татварын орлогын 30 орчим хувь нь мөн бүрдээд байна. Улмаар энэ оны нэгдүгээр улирлын байдлаар төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 1.6 их наяд төгрөгийн ашигтай гарлаа.

-Эдийн засаг, төсвийн энэхүү өсөлт тэгвэл иргэдийн амьжиргаанд хэрхэн нөлөөлж байна вэ?

-Эдийн засгийн зөв бодлого хэрэгжүүлээд, бизнесийн идэвхжил нэмэгдээд ирэхээр ажил эрхлэлт, цалин нэмэгдэж, улмаар иргэдийн амьжиргааг дэмжих суурь нөхцөл болдог. Үүнийг 2023 оны гүйцэтгэлийн тоо мэдээнүүдээс харж болж байна.

Нэгдүгээрт, Сангийн яам аж ахуйн нэгжүүдийн 2023 оны санхүүгийн тайланг цахим тайлангийн системээрээ авч, тодорхой тоон мэдээлэлд дүн шинжилгээ хийж үзсэн. Ингэхэд цахим тайлангийн систем дэх бизнесийн байгууллагуудын хөрөнгө өмнөх оноос 22 хувиар, цэвэр ашгийн хувь 11.2 хувьд хүрч өсөн цах тахлын өмнөх өсөлтийн түвшинд хүрсэн байна. Мөн Татварын ерөнхий газрын 2023 оны татвар төлөлтийн тайлангаас харахад үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн тоо 8 хувиар өсөж, үүнээс 6 тэрбумаас дээш борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжийн тоо 27 хувиар, 1.5-6 тэрбумын борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжийн тоо 19 хувиар тус тус өссөн дүнтэй байна.

Хоёрдугаарт, хөдөлмөрийн зах зээлд нийт ажиллагчдын тоо 38.6 мянгаар өсөж 1.2 саяд хүрчээ. Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчдийн тоо ч мөн 33 мянгаар өсөж 730 мянга хүрсэн бөгөөд дундаж цалин нь өмнөх оноос 22 хувиар өссөн үзүүлэлттэй байна.  Ажил эрхлэлт өссөн, бизнесийн ашигт ажиллагаа сайжирсан, ажилчдын дундаж цалин нэмэгдсэн нь иргэдэд эдийн засгийн өсөлтийг бодитой хүргэх, иргэдийн амьжиргаанд нөлөөлөх гол суваг болж байна гэж үзэж байна.

-Сүүлийн жилүүдэд инфляц гол сорилт байлаа. Үнийн өсөлтийг тогтворжуулах чиглэлд Засгийн газраас тодорхой ямар ажлууд хийгдэж байна вэ?

-Дэлхий дахинд сүүлийн жилүүдэд үүссэн сорилтууд нь нийлүүлэлтийн гаралтай инфляцыг хөөрөгдөж 2022 оны 6 дугаар сард манай улсын инфляц 16.9 хувьд хүрсэн. Тус инфляцын задаргааг харвал 9.9 нэгж хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалж байсан. Өөрөөр хэлбэл манай улсад импортоор орж ирж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өндөр байсан нь инфляцын суурь шалтгаан болж байв. Тиймээс үнийг тогтворжуулахын тулд Засгийн газраас гаалийн албан татварыг хөнгөлөх, нөөцийг нэмэгдүүлэх, шаардлагатай санхүүжилтийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох гэх зэрэг арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлснээр инфляц аажмаар саарч 2024 оны 3 дугаар сард 7 хувьтай гарлаа.

Хэдийгээр импортын гаралтай инфляц буурсан боловч дотоодын хүнсний бүлгийн үнийн өсөлт өндөр хэвээр байна. Үүнд хамгийн гол нөлөө үзүүлсэн нь гурил болон махны үнэ байгаа юм. Тухайлбал, 2024 оны 3 дугаар сард үхрийн махны үнэ өмнөх оны мөн үеэс 15, дээд гурилын үнэ 14 хувиар тус тус нэмэгдсэн байна. Иймээс Засгийн газар гурил, махны үнийг бууруулах чиглэлд ажиллаж байна.

-2024 оны эхний улиралд нэгдсэн төсөв 1.6 их наяд төгрөгийн ашигтай гарч, гадаад валютын нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрсэн, валютын ханш, инфляц тогтворжсон зэрэг эдийн засаг, санхүүгийн үзүүлэлтүүд эерэг дүр зурагтай гарсан талаар та хэллээ. Дунд хугацааны эдийн засгийн өсөлтийн төсөөлөл ямар байгаа вэ?

-Энэ оны үлдсэн хугацаанд гаднаас гэнэтийн томоохон шок үүсэхгүй бол эдийн засгийн өсөлт хадгалагдаж, 6 орчим хувиар өсөх төлөвтэй байна.

Засгийн газар ирэх 2025 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг боловсруулаад байна. Хуулийн хугацаагаар тавдугаар сарын 1-ний өдөр Улсын Их Хуралд өргөн барих ёстой бөгөөд  төсөлд Шинэ сэргэлтийн бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, эдийн засгийн өсөлтийг дунд хугацаанд 7-8 хувьд хадгалах боломжтой гэж тооцож байна. Үүнд уул уурхай, хөдөө аж ахуй болон үйлчилгээний салбарын өсөлт голлон нөлөөлөх бөгөөд дотоодын худалдаа, үйлчилгээний салбарын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж, өсөлтийг дэмжинэ гэж төсөөлж байна.

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: Сангийн яам

Дэлгэрэнгүй унших

Тод индэр

Б.Ундраа: Төгрөгийн тогтвортой байдлыг хангаж чадаагүйгээс нэг сая иргэн ядуу амьдарч байна

Огноо:

,

АН-ын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны Эдийн засгийн бодлогын хорооны дарга, эдийн засагч Б.Ундраатай ярилцлаа.


-Монгол Улсын эдийн засаг өсч байна гэдэг ч иргэдийн амьдралд нөлөөлөхгүй, бодит орлого нь нэмэгдэхгүй байна. Яг үнэндээ өрнөөс өрний хооронд амьдарч байна. Эдийн засаг өсөөд байхад иргэдийн амьдрал сайжрахгүй байгааг та юу гэж тайлбарлах вэ?

-Манай улсын эдийн засаг 2023 онд долоон хувьд хүрч өссөн гэж байгаа нь яг үнэндээ Засгийн газрын зөв бодлогын нөлөө биш. Нүүрсний экспорт нэмэгдэж, уул уурхайн салбарын өсөлт, түүнээс хамааралтай тээвэр болон бусад салбаруудын идэвхжилтэй холбоотой өсөлт юм. Энэ долоон хувийн өсөлтийн 4.3 хувийг нь уул уурхай болон тээврийн салбарын өсөлт дангаар бүрдүүлсэн.

Эдийн засаг өслөө, улсын ашиг орлого нэмэгдлээ гээд л сайхан, сайхан тоо яриад байгаа ч ард иргэддээ энэ өсөлт хүртээмжтэй байж чадсан уу гэвэл үгүй. Иргэдийн амьжиргааны түвшинг сайжруулж чадсан өсөлт биш. Уул уурхайн салбараас үүдэлтэй хэдэн төгрөг ахиу орж ирдэг мөчлөгийн шинжтэй өсөлт нь эдийн засгийн өсөлтийг тогтвортой нэмэгдүүлэхгүй. Уул уурхай ч гэж дээ, нүүрсний салбар л даа. Арай ахиу нүүрс зарлаа, түүнийгээ тээвэрлэлээ. Тэр мөнгө нь нүүрсний эздийн халаасанд орчихсон. Нүүрсний сонсголоос энэ бүхнийг иргэд хангалттай сонсож, мэдсэн байх.

Онолоороо бол эдийн засгийн тогтвортой, хүртээмжтэй өндөр өсөлтийг хангаж чадсанаар хүний болон эдийн засгийн хөгжлийн суурь орчныг бүрдүүлж, монгол иргэн бүрийн амьдралын чанарыг дээшлүүлж, ядуурлын түвшин буурна. Гэтэл Монголын эдийн засгийн өсөлт хэлбэлзэл өндөртэй байдаг. Эдийн засгийн урт хугацааны тогтвортой, хүртээмжтэй өсөлт, хөгжилд хүрэх нь улс орны хөгжлийн стратегийн асуудал байх ёстой. Манай орны хувьд эдийн засгийн бодит салбар нь уул уурхай болон мал аж ахуй гэсэн хоёрхон тулгууртай.

Хувийн хэвшлийн хөгжилд тулгуурласан эдийн засгийн өсөлтийг бий болгож чадахгүй байна. Монгол Улсын хөгжлийн цаашдын чиг хандлага нь мэдлэгт тулгуурласан эдийн засагт шилжих, эдийн засгийн олон талт өсөлт бүхий оновчтой бүтцийг бий болгох, дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь чухал. Эдийн засаг нь хүчтэй байж ард иргэд үнийн, өрийн дарамтад боомилогдсон хямралт байдлаас гарна. Гэтэл өнөөдөр инфляци, үнийн өсөлтөөс болж иргэдийн амьдрал өдрөөс өдөрт муудаж байна.

-Эдийн засаг өссөн, иргэдийн амьдрал муудсан гэдэг эрс тэс хоёр өнцөг байна. Эдийн засаг өссөн нь тоогоор батлагдаж байна. Харин иргэдийн амьдрал муудсаныг илтгэх тоо байна уу?

-Дэлхийн банк болон Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын ядуурлын түвшин 27.1 хувь буюу 914 мянган иргэн 418 мянган төгрөгнөөс доош орлоготой байна гэсэн судалгаа гаргасан. Сая шахам иргэн хагас сая төгрөг хүрэхгүй мөнгөөр амь зууж байна шүү дээ. 2022 оны энэ судалгаанаас ядуурлын шугамыг инфляцитай холбогдуулан нэмэгдүүлээд харахад иргэдийн талаас дээш хувь нь ядуурлын түвшинд орж байгаа. Үнэхээр эдийн засгийн өсөлт нь иргэдийнхээ амьжиргаанд нөлөөлдөг бол ядуурлын түвшин буурах ёстой биз дээ. Тэгээд ч эдийн засгийн өсөлт ядуурлыг бууруулахад дангаар нөлөөлдөггүй. Төрд нүүрлэсэн энэ их авлига нь эдийн засгийн өсөлтийг иргэдэд хүргэхгүй, ядуурлыг бууруулах боломжийг олгохгүй байна.

Энэ бүхнийг цогцоор шийдэхгүй, үр дүнтэй бодлого гаргаагүй байж эдийн засаг өслөө, бүх зүйл сайхан болж байна гэж хоосон лоозондоод байж болохгүй. Засгийн газар нийгмийн халамж, тэтгэвэр тэтгэмж, төрийн албан хаагчдын цалинг бага сага нэмсэн. Тэр жаахан нэмэгдэл ядуурлыг бууруулахад нөлөөлж чадахгүй. Өнгөрсөн өвөл үүссэн зудын нөхцөл байдлаас шалтгаалж хөдөө аж ахуйн салбарын уналт энэ онд үргэлжилнэ. Энэ нь нийт эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлөх магадлал өндөр. Цаашлаад төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, нийгмийн халамжийн өсөлттэй холбоотой эрэлтийн нөлөө нэмэгдэх зэргээс шалтгаалж харин ч инфляци дахин өсөх эрсдэлтэй байгаа. Энэ бүхэн ядуу болон бага орлоготой өрхүүдийн амьжиргааны түвшинд сөргөөр нөлөөлж байна.

-Монголбанк инфляци буурч байна гэдэг боловч өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өссөн хэвээр байна. Инфляцийн энэ тооцоолол зөв байж чадаж байна уу?

-Инфляцийн түвшин 2024 оны гуравдугаар сарын байдлаар долоон хувьтай гарсан байсан. Энэ хувийг тодорхойлоход хэрэглээний үнийн индексийг гол үзүүлэлт болгон ашигладаг. Индексийг тооцох зорилготой хэрэглээний сагс гэж байгаа. Хэрэглээний сагс нь дундаж өрхийн хэрэглээг төлөөлөх чадвартай хүн амын өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний нэр төрлийн жагсаалт. Үүнд 12 төрлийн 370 гаруй бараа, үйлчилгээ ордог байсныг жил гаруйн өмнө 13 бүлгийн 410 нэр төрөл болгож нэмэгдүүлсэн. 410 бараа үйлчилгээний дундаж статистик тоогоор л инфляци долоон хувьтай харагдаж байна. Гэтэл ихэнх бага, дунд орлоготой иргэдийн өдөр тутмын амьдралд хэрэглэгддэг лангуун дээр байгаа нөгөө мах, гурил, сүү, талх гээд үсрээд 10 хүрэхгүй нэр төрлийн барааны үнийн өсөлт чинь энэ хувиасаа харьцангуй өндөр байна. Яг бага орлоготой иргэдэд энэ 410 нэр төрлийн бараа, үнэндээ хамаарахгүй байгаа.

Инфляци одоо долоон хувь гэж байгаа ч өмнөх хоёр жилийн хугацаанд 13, 14 хүрсэн. Сүүлийн жилүүдэд гурил, будаа, талхны үнэ тасралтгүй нэмэгдэж байна. Гэтэл дизель түлшний үнэ 30 хувиар нэмэгдээд удлаа. Суудлын автомашин унаж байгаа иргэд шатахууны өсөлт мэдрэгдээгүй байх. Яагаад гэвэл АИ-92 шатахууны үнэ өсөөгүй, барьж байгаа. Гэтэл дизель түлшний үнэ нэмэгдсэнээр бараа, бүтээгдэхүүний үнэ өсөх суурь шалтгааны нэг болсон.

2016 онтой харьцуулбал, өнгөрсөн найман жилийн хугацаанд өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2-3 дахин өсчихлөө. Гэтэл орлогын түвшин яаж өссөн билээ. Орлогын өсөлт бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөө гүйцэхгүй байна. Ийм байхад яаж иргэдийн амьжиргаа дээшлэх юм бэ. Эрх барьж байгаа МАН 2016 онд хоёр хувьтай байсан инфляцийг өсгөөгүй бол өнгөрсөн найман жилийн хугацаанд бараа, бүтээгдэхүүний үнэ 16 хувиар л өсөх байсан гэсэн үг. Гэтэл өнөөдөр мах, гурил, сүү, талх гэхэд л 2016 оноос 120-190 хувиар буюу 2-3 дахин өсчихсөн байгаа. Найман жилийн өмнө савласан нэг кг алтан тариа гурил 1294 төгрөг байсан бол одоо 2949 төгрөг болж, 128 хувь буюу 2.3 дахин өссөн байна. Гэтэл дэлхийн зах зээл дээр гурилын үнэ зургаан жилийн өмнөх үнээрээ байж л байна.

Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний инфляци өндөр байгаагийн зэрэгцээ сонгууль угтсан төсвийн зардлын тэлэлт, Эрдэнэс Таван толгойн ногдол ашиг, төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэгдсэн нь эдийн засгийн тогтворгүй байдал үргэлжлэх нэг том нөхцөл болохоор байна. Мөн зудын нөхцөл байдал зэрэг дотоод шалтгаанаар инфляци 2024 онд эргээд өсөх эрсдэл бий.

-Эрх баригчдын буруу бодлого, сонгууль угтсан мөнгө тараалт урт хугацаандаа иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлж, улам л сөхрүүлэх нь гэж ойлгож болох уу?

-Эдийн засагт уялдаа холбоогүй зүйл гэж байхгүй. Нэг хоёр буруу бодлого 10, 20 алдаа, хүндрэлийг араасаа дагуулдаг.

Орлогын өсөлт нь амьжиргааны зардал, үнийн өсөлтөө давахгүй байгаа учраас иргэд арга буюу зээл авч өрх гэрийнхээ амьжиргааг залгуулж байна. Энэ нь ч тоо баримтаар тодорхой байгаа зүйл. Өрхийн дундаж бодит орлого нэмэгдэлгүй 8 жил боллоо. Энэ хугацаанд үнийн өсөлтөөс улбаалан зарлага эрс өсөж, дундаж монгол айлын орлого нь зарлагаа гүйцэхгүй, зээлээс зээлийн хооронд амь зогоож байна. Уул уурхайгаас бусад ихэнх бизнес мөн адил өр зээл, бартерын солилцоогоор аргацааж байгаа. Өнөөдөр монголчууд бүгд өрийн дарамтад амьдарч байна. Улс нь, аж ахуйн нэгж байгууллагууд нь, иргэд нь бүгд зээлтэй, өртэй байна. Улсаа хөгжүүлж, иргэдийн амьдралыг сайжруулахын тулд эхлээд бүгд өрнөөсөө салах хэрэгтэй.

Уг нь одоо эрх барьж байгаа МАН 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө цалингийн бодит хэмжээг инфляци, үнийн өсөлттэй уялдуулан үе шаттайгаар нэмэгдүүлэх бодлого баримталж, иргэдийн орлогыг нэмэгдүүлж, ядуурлыг хоёр дахин бууруулна, бага, дунд орлоготой иргэдийг дэмжих банк, санхүүгийн тогтолцоо бий болгож, иргэдэд бага хүүтэй зээл олгоно, зээлийн хүүг бууруулж, сарын нэг хувиас хэтрүүлэхгүй болгоно гэж амласан. Гэтэл өнөөдөр энэ амлалтуудаас нэг нь ч биелээгүй байна. Монгол Улсын насанд хүрсэн иргэдийн 87 хувь нь банкинд дунджаар 8.6 сая төгрөгийн зээлтэй байна гэсэн судалгаа гарсан. Үүн дээр ББСБ, ХЗХ, ломбард, аппликэйшний зээлүүдийг оруулбал нийт иргэд бүгд зээлтэй байна.

-Иргэд хэрэглээний зээл авч байгаа нь намын мөрийн хөтөлбөр, Төрийн бодлоготой хамаагүй гэх л байх даа?

-2016 онд нийт насанд хүрсэн иргэдийн 43 хувь нь зээлтэй байсан. Одоо 87 хувь нь зээлтэй байна. Хоёр дахин нэмэгдсэн байгаа биз. Зээлийн төрлүүдийг аваад үзье л дээ. 2016 оны үед иргэд ипотекийн зээл буюу өмч хөрөнгөтэй болгох урт хугацааны, бага хүүтэй зээл их байсан. Харин одоо бол орлого нь амьжиргааныхаа зардалд хүрэхгүй байгаа учир хэрэглээний зээл дийлэнх хувийг эзэлж байна. Хэрэглээний зээлүүд нь хугацаа бага, өндөр хүүтэй байгаа учраас иргэд банк, санхүүгийн байгууллагад өндөр хүү төлж, давхар давхар зардлаа өсгөөд байгаа юм. Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос 2019 онд банкны нийт хэрэглээний зээлийг бууруулах зорилгоор тэтгэврийн зээлээс бусад хэрэглээний зээлийн өр, орлогын харьцаа 70 байсныг бууруулж, 60 хувиар тогтоох шийдвэр гаргасан. Монголбанк нь өөрөө ийм шийдвэр гаргаж банкнаас зээл авах дүнг багасгаснаар иргэд нь өнөөдөр яалт ч үгүй хэрэглээний зээл авах хэрэгцээтэй байгаа учраас банк бус болон бусад зээлийн үйлчилгээний газраас өндөр хүүтэй зээл авах нөхцлийг бүрдүүлчихсэн. ББСБ-д сарын 3-4 хувь, жилийн 36-48 хувийн хүү буюу банкнаас авснаас 2, 3 дахин зээлийн өндөр хүүнд иргэд дарлуулаад амьдарч байна. Үнэндээ дэлхийд байхгүй хүүтэй улс болсон байна. Иргэдээ ингэж зээл, өрийн дарамтад оруулсан нь иргэдийн амьжиргааг бүр л хүнд нөхцөлд аваачиж байна. ББСБ-ын мөнгө нь ер нь л хулгайны мөнгө гэж хэлэхэд хилсдэхгүй. Голцуу л хэдэн дарга, улстөрчид, тэдэнтэй ойр хүмүүсийн хулгайлаад олсон л мөнгө байгаа. Энэ мөнгө хүүлэлтэд жирийн иргэд л хохироод өндөр хүүг нь төлөөд амьдарч байна.

Төв банкны тухай хуулиараа Монголбанк төрийн мөнгөний бодлогыг боловсруулж, хэрэгжүүлдэг байгууллага. Үндэсний мөнгөн тэмдэгт болох төгрөгийн тогтвортой байдлыг хангах үндсэн зорилтот ажлаа хийж чадаж байна уу. Сүүлийн 8 жилийн турш Монголбанк бодлогын хүүгээ 13 дээр барьж байгаад саяхан 12 хувь болгосон. Бодлогын хүүг ийм өндөр байлгаад байгаа нь зээлийн хүү өндөр байхад нөлөөлөөд байна. Төв банк нь 1 төгрөгөө 13 хувийн хүүтэй зээл гээд хүчээр тулгачиж байна. Банкны эзэд, банк бусын эздэд доод хүүг нь 13 хувь гээд тавиад өгчихөөр тэд хүүгээ тэрнээс дээшээ тавих нь тодорхой. Энийг мөнгө хүүлэлт гээд байгаа юм.

-Энэ их мөнгө хүүлэлтийн эсрэг яаж ажиллах ёстой гэж та бодож байна вэ?

Аливаа улсын эдийн засагт сангийн бодлого болон мөнгөний бодлого байна.

Татвар төлөгчдийн мөнгийг Засгийн газар удирдаад зарцуулж байгаа нь сангийн бодлого юм. Парламентийн засаглалтай оронд ялсан намын Засгийн газар энэ мөнгөөр намын бодлого, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд зарцуулдаг.

Гэтэл нөгөө талдаа хамгийн чухал мөнгөний бодлого нь хаягдчихаад байна. Мөнгөний бодлогыг Монголбанк хэрэгжүүлдэг. Монголбанк маань засгийн газрын тохируулагч нь байх ёстой. Харамсалтай нь Монголбанк Засгийн газрын үгээр, тэдний гаргасан шийдвэрийн араас ажиллаад байна уу гэж анзаарагдаж байна.

Парламентын засаглалтай оронд Төв банкны шууд удирдлага нь УИХ. Монголбанк нь үйл ажиллагаагаа УИХ-ын өмнө тайлагнаж, жил бүр төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг боловруулж УИХ-аар батлуулдаг.

Тэгэхээр энэ инфляцийн өсөлт, ханш, үнийн өсөлт, зээлийн хүү зэрэг сая дурдсан энэ бүх асуудлыг шийдэхийн тулд Монгол банк маань ажлаа зоригтой хийж, үнийн тогтвортой байдлыг хангах бодлогоо хэрэгжүүлэх хэрэгтэй байна.

-Кабелийн телевизийнхээ төлбөрийг төлөөгүй үед ч иргэдийг зээлийн мэдээллийн санд шууд оруулдаг, муу түүхтэй мэтээр харуулдаг асуудалд иргэд маш их бухимддаг. Байгууллагууд хэт давуу эрхтэй, эсрэгээрээ иргэд нь хохирдог жишээ их. Төв банкнаас энэ сарын 16-ны өдөр Монголбанкны зээлийн мэдээллийн санд тохируулга хийх шийдвэр гаргаж, муу зээлийн түүхийг нь арилгахаар боллоо. Энэ асуудалд та ямар байр сууринаас хандаж байгаа вэ?

-Монголбанкнаас гаргасан мэдэгдлийг харахад энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс өмнөх муу зээлийн түүхтэй бүх иргэд, аж ахуйн нэгжүүдийн зээлийн түүхийг мэдээллийн сангаас арилгах тохируулга хийлээ гэж ойлгосон. Монголбанкны энэ мэдэгдэл мэдээж шууд утгаараа муу зээлийн түүхээсээ болоод зээл авч чадахгүй болчихсон иргэд, байгууллагын хувьд сайн мэдээ.

Ер нь бол зээлийн мэдээллийн санд чанаргүй, муу зээлийн түүхтэй байлаа гээд зээл олгохгүй гэсэн ямар ч хууль, дүрэм, журам байдаггүй. Зээлийн түүх гэдэг нь зээлдэгчийн санхүүгийн сахилга батыг илэрхийлж байгаа учраас банк, санхүүгийн байгууллагууд тухайн хүний өмнөх болон одоогийн санхүүгийн чадамж, эрсдлийг тооцож зээл олгох эсэх шийдвэрээ бие даан гаргадаг. Арилжааны банкууд өөрсдийн бүрэн эрхийн хүрээнд чанаргүй зээлдэгчээр бүртгэгдсэн бол зээл олгохоос татгалзаж болно.

Зээлийн мэдээллийн сан, зээлийн мэдээллийн лавлагаа гэж байдаг. Энийг ялгаж ойлгох хэрэгтэй болов уу. 2011 онд батлагдаж байсан Зээлийн мэдээллийн тухай хууль гэж байгаа. Энэ хуулийн 19.1 дээр “Зээлийн мэдээллийн санд цуглуулсан зээлийн мэдээллийг уг санд хүлээн авсан өдрөөс хойш 10 жилийн хугацаанд хадгална” гэж заасан байдаг бол 11.1 дүгээр хэсэг дээр зээлдэгчийн сүүлийн 6 жилийн мэдээллийг зээлийн лавлагаанд тусгадаг. Өөрөөр хэлбэл, таны зээлийн сөрөг мэдээлэл зээлийн мэдээллийн сангийн лавлагаанаас зургаан жилийн дараа арилах боловч Монголбанкны зээлийн мэдээллийн санд 10 жил хадгалагдаж л байдаг юм. Харин Сангийн сайд нэг сайтад өгсөн ярилцлагдаа харилцагчийн зээлийн мэдээллийг 10 жил хадгалагддаг байсныг бид зургаан жил болгосон гэж ярьсан байна лээ.

Энэ оны нэгдүгээр сарын 22-нд нэг иргэн Монголбанкны зээлийн мэдээллийн санг шинэчлэх хуулийн төсөл санаачлах талаар санал гаргасан байсан. Монголбанкны зээлийн мэдээллийн санд иргэд ангилал буурч орсноор банк, санхүүгийн байгууллагаас үйлчилгээ авч чадахгүйд хүрдэг. Мэдээлэл нь зургаан жил болж байж устаж буйг өөрчлөх. Зээлээ төлсөн иргэдийн ангиллыг хэвийн болгох хугацааг өөрчилье гэдэг санал. Тэгэхийн тулд Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн холбогдох хууль, журмыг өөрчилж өгөхийг хүссэн өргөдөл гаргасан хэрэг. Гэтэл 100 мянган санал цуглуулах ёстойгоос ердөө дөрвөн мянга гаруй л хүн гарын үсэг зурсан байсан. Монголбанкнаас гаргасан мэдэгдлээр бол иргэдийн зээлийн лавлагаан дээр гарч ирэхгүйгээр тохируулсан ч хуулиараа зээлийн мэдээллийн сан байдгаараа байж байх ёстой болчихоод байна. Яагаад гэвэл хуулинд өөрчлөлт ороогүй.

Яг үнэндээ Монголбанкны шийдвэр сахилга баттай зээлээ төлж байсан иргэдэд шударга бус тусахаар байгаа. 2024 оны дөрөвдүгээр сарын 1-ний байдлаар 29.1 их наяд төгрөгийн зээлийн өрийн үлдэгдэлтэй байгаагаас 88.6 хувь буюу 25.8 их наяд хэвийн, үлдсэн 11.4 хувь буюу 3.3 их наяд нь хугацаа хэтрэлттэй, чанаргүй зээл байна.

Нийт зээлийн 60-аад хувь нь иргэдийн зээл байхад хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн 74.5 хувь нь байгууллагынх байна. Эндээс харахад, иргэд ихэвчлэн цалин, тэтгэвэр, хадгаламжаа барьцаалж хэрэглээний зээл авдаг учраас хугацаа хэтрэлт, чанаргүй зээлийн ангилалд багтах нь бага. Жижиг, дунд аж ахуйн нэгжүүд ч зээлийн мэдээллийн санд муу түүх үлдээхгүйн тулд аль болох хугацаандаа төлөхийг хичээдэг. Тэгэхээр энэ шийдвэр нь сахилга батгүй хэдэн томоохон аж ахуй нэгжүүдэд хамааралтай юу, магадгүй сонгуулийн жилтэй холбогдуулж гаргасан шийдвэр үү гэх хардалтыг төрүүлж байгаа юм.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод мэдээ1 өдөр.өмнө

Хайрхан суманд хөвүүр гүүр байрлуулахаар ажиллаж байна

Тод мэдээ1 өдөр.өмнө

ШӨХТГ: 44 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэж 4.217.000 төгрөгийн хох...

Тод мэдээ1 өдөр.өмнө

Шар өвс шатаасан 2 иргэнд хариуцлага тооцов

Тод мэдээ1 өдөр.өмнө

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх Засгийн газрын т...

Тод мэдээ1 өдөр.өмнө

Гурилын хангамж, хүртээмжийн тогтвортой байдлыг хадгалж, нийлүүлэлти...

Тод мэдээ1 өдөр.өмнө

Импортын цементийн Гаалийн албан татварын хувь, хэмжээг 5 хувь болго...

Тод мэдээ1 өдөр.өмнө

Эм, эмнэлгийн хэрэгслийн хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ

Тод мэдээ1 өдөр.өмнө

Хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацааг тасралтгүй ажилласан жилд хамру...

Тод мэдээ1 өдөр.өмнө

Монголын хоккейн баг хүрэл медальтай ирлээ

Тод мэдээ1 өдөр.өмнө

2023 онд батлагдсан Монгол Улсын хуулиудад Төрийн тамга дарах ёслол ...

Тод мэдээ2024/05/01

Тавдугаар сард хилийн боомтуудын амрах болон ажиллах цагийн хуваарь

Тод индэр2024/05/01

Б.Лхагвасүрэн: Инфляц зорилтот интервалдаа тогтвортой байх боломж би...

Тод мэдээ2024/05/01

Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн хо...

Тод мэдээ2024/05/01

АТГ: Төлөвлөгөөт хяналтаар 58 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав

Тод мэдээ2024/05/01

Кени улсад үерийн улмаас 71 хүн амь насаа алдаж, 110 хүн эмнэлэгт хү...

Тод мэдээ2024/05/01

“Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай”...

Тод мэдээ2024/05/01

Хариуцлагагүй уул уурхайн улмаас эвдэрсэн 187 га газарт нөхөн сэргээ...

Өнөөдөр2024/05/01

“Е-Мongolia” платформын “Жолоочийн лавлагаа, мэдээ...

Өнөөдөр2024/05/01

Нарны замыг хааж, засварлана

Өнөөдөр2024/05/01

Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан

Тод мэдээ2024/04/30

Авто зам засвартай холбоотойгоор нийтийн тээврийн зарим чиглэлд өөрч...

Тод мэдээ2024/04/30

Зэсийн баяжмалын арилжааг нээх цан цохих ёслол боллоо

Тод мэдээ2024/04/30

Эмээлт эко аж үйлдвэрийн парк ТЭЗҮ-г баталлаа

Тод мэдээ2024/04/30

УБЦТС-ын баруун талын авто замыг хааж, засвар, шинэчлэлт хийнэ

Тод мэдээ2024/04/30

Эрүүл мэнд, аялал жуулчлал, биотехнологийн салбарт хамтран ажиллахаа...

Тод мэдээ2024/04/30

Түймэрт урьдчилсан байдлаар 1200 га талбай өртжээ

Өнөөдөр2024/04/30

Мягмар, Пүрэв, Бямба, Ням гарагт нөөцийн махны өргөтгөсөн худалдааг ...

Өнөөдөр2024/04/30

УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон түр хороод

Өнөөдөр2024/04/30

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байна

Тод мэдээ2024/04/29

СПОРТ клубт нэг, нэг удаа ҮНЭГҮЙ хичээллэж үзэх үү?

Санал болгох