Тод индэр
Л.Чой-Иш: Нийслэлийн 7 цэгт махны худалдааг өргөжүүлнэ

ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Ишээс цаг үеийн асуудлаар мэдээлэл авлаа.
-Нөөцийн мах бэлтгэх ажлын явцын талаар мэдээлэл өгнө үү?
-Энэ жил 13.3 мянган тонн мах нөөцлөхөөр аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулсан. Ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан агуулахад хадгалж байгаа махны дүн мэдээг долоо хоног бүр тогтмол авч байна. Хөндлөнгийн аудиторууд шалгалт хийж, дүнг нэгтгэн гаргаж байна.
Өмнөх долоо хоногийн мягмар гарагийн мэдээгээр 7400 тонн мах агуулахад хадгалж байна. Энэ жил мал тарга хүчтэй байгаа учир махны чанар харьцангуй сайн байна. Тиймээс махны өөх ихдэхээс сэргийлж аж ахуйн нэгжүүдэд зөвлөмж хүргүүлсэн. Нийт бэлтгэж буй махны 30 хувь нь үхэр, 60 хувь нь хонь, 10 хувь нь ямааных байна.
-Малын өвчлөл гарсантай холбоотойгоор мах бэлтгэлийн ажилд ямар зохицуулалт хийж байна вэ?
-Зөвхөн нөөцийн мах төдийгүй зах зээлд борлуулж байгаа маханд мал эмнэлгийн тогтолцоогоор гарал үүслийн баталгаажуулалт байнга мөрдөгддөг. Үүний дагуу өвчлөл бүхий аймгийн малд вакцин тарьсан эсэхээс хамаараад гарал үүслийн бичгээр зохицуулалт хийж байна. Өөрөөр хэлбэл, тухайн бүс нутаг өвчлөлтэй, вакцин хийсэн бол мал, махны хөдөлгөөн хийхгүй гэсэн үг.
-"Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааны үр дүн ямар байв?
-Улаанбаатар хотод махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор “Өвлийн идэш” арга хэмжээг 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 02-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулсан. Мөн орон нутагт буюу Орхон, Хөвсгөл, Хэнтий зэрэг аймагт энэхүү арга хэмжээг мөн зохион байгууллаа.
Төв цэнгэлдэх хүрээлэн дэх өргөтгөсөн худалдааг 12 дугаар сарын 5-ны өдрийг дуустал сунгасан. Уг төвлөрсөн худалдаа нь иргэдийн хувьд сонголтоо нэг дороос хийх боломжийг бүрдүүлж өгснөөрөө онцлог. Нийт 16 аймгаас мал, мах нийлүүлж, борлууллаа. Хоногт 60-90 гаруй тонн махны худалдааг малчид хийсэн мэдээ гарсан. Махнаас гадна цагаан идээ, импортоор авдаг цагаан будаа, ургамлын тос зэрэг гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнийг борлуулсан.
“Өвлийн идэш” арга хэмжээний хоёр дахь үе шат өнөөдрөөс буюу 12 дугаар сарын 6-наас эхэлж байна. Тодруулбал, Улаанбаатар хотын 7 цэгт махны худалдааг өргөжүүлнэ. Иргэдийн хувьд аль цэгт хаанахын мах борлуулж байгаа мэдээллийг аваад сонголтоо хийх боломжтой. Зүүн талд "Амгалан" зах, "Тэнгэр" бөөний худалдааны төв, хотын төвд "Саруул" зах, баруун талд "Хархорин" худалдааны төв, урагшлаад "Монгол фермер", "Лавай" худалдааны төв, мөн шинээр Яармагт нээгдсэн орчин үеийн тоног төхөөрөмжтэй "Фүүд сити" худалдааны төвд аймгууд нийлүүлэлтээ хийх хувиар гарлаа. Засгийн газар, ХХААХҮ-ийн сайдаас орон нутгийн Засаг дарга нар руу нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор тодорхой чиглэл өгсөн.
-Яамнаас махны үнийг тогтвортой байлгах чиглэлд ямар бодлого хэрэгжүүлж байна вэ?
-Бид нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд анхаарч байна. Нийлүүлэлт нэмэгдвэл үнэ буурах нөхцөл бүрдэнэ. Малын тооллого эхлэх үеэс нийлүүлэлт нэмэгдэх хандлагатай байна.
Нийслэлд орж ирж байгаа мал, маханд ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг тавьж байгаа. Нийслэлийн мал эмнэлгийн газраас дээж авах, ариун цэвэр шаардлагын нөхцөлийг хангуулах чиглэлээр ажиллаж байна.
-Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний нөөц хэр байна вэ?
-Гол нэрийн 16 төрлийн бүтээгдэхүүн байдгаас загасны мах зэрэг бараа бүтээгдэхүүнээ хасаад нийтийн хэрэглээнд байгаа 10 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний нөөцийг 7 хоног бүр хянаж байна. Төмөр замаар орж ирэх бараа бүтээгдэхүүнд зохицуулалт хийж, байнга татан авалт хийхийг зорьж буй. Үүн дотор гол нэрийн хүнс болох цагаан будаа, ургамлын тосны захиалгыг холбогдох яамдуудтай хамтран сар бүр өгч байна. 11 дүгээр сард хамгийн хүндрэлтэй үе байсан. Энэ үед төмөр замаар татан авалтаа хийсэн. Хүнсний нарийн ногоо, жимс жимсгэнийн хувьд саатал үүссэн учир хангалтыг хэвийн байлгах зорилгоор татан авалтаа хийсэн. Хоёрдугаарт, үнийн хувьд тээврийн зардлаас хамааралтай өсөлт үүсээд байсан. Энэ хоёр асуудлыг нэг дор шийдэхийн тулд төмөр замаар болон импортлогч аж ахуйн нэгжүүдийн машинаар татан авалт хийснээр 10 дугаар сард тээврээс шалтгаалсан үнийн өсөлтийг хэвийн хэмжээнд авчрах боломжийг бүрдүүлсэн.
12 дугаар сард шинэ жил болж байгаатай холбоотойгоор дэлхий нийтээр хүнсний нарийн ногоо, өндөгний хэрэглээ хоёр дахин өсдөг. Тэгэхээр эдгээр бараа бүтээгдэхүүнийг төмөр замаар татан авахаар ажиллаж байна. Хайрагдаж, хөлдөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дулаалгатай чингэлгээр татан авалт хийх нөхцөлийг бүрдүүлж захиалгаа хүргүүлж байна. Өндөгний хувьд ОХУ-аас татан авалтаа хийж байгаа. Хүнсний нарийн ногоо, жимснийхээ тодорхой хэсгийг ОХУ-аас нийлүүлж байна.
Эх сурвалж: ХХААХҮЯ
Тод индэр
Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим иргэн байна
Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулах төслийг Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн 158 га талбайд хэрэгжүүлж буй.
Энэ хүрээнд 2206 нэгж талбарыг чөлөөлөхөөс 1736 иргэнтэй нөхөн олговрын гэрээ байгуулж, нөхөх олговрыг олгоод байна.
Энэ талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөх хэлтсийн дарга Мөнхбаяр “Сэлбэ дэд төвийн 158 га газрын нөлөөлөлд 2206 иргэний газар өртсөн. Өнгөрсөн оны гуравдугаар сарын 18-нд иргэдээс нийгэм, эдийн засгийн судалгаа болон санал асуулга авч, 70-аас дээш хувийн дэмжлэг авсан тул төслийн газар чөлөөлөлтийн ажлыг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 1736 иргэнтэй нөхөн олговрын гэрээ байгуулж, иргэдийн мөнгийг дансанд нь шилжүүлсэн. Үүнээс 1562 айл байсан газрыг чөлөөлж цэвэрлээд байна” гэлээ.
Мөн газар чөлөөлөөгүй 280 орчим нэгж талбар үлдсэн бөгөөд үүний 30 орчим нь уг төслийг огт дэмжээгүй байна. Иймээс эдгээр иргэдтэй өдөр бүр уулзаж, сонсох ажиллагаа хийж байгааг хэллээ.
Тод индэр
Я.Чулуунхүү: Эзэнгүй нохой, муурыг барьж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлж байна
Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор эзэнгүй нохой, муур, мал амьтныг барьж, асрамжлах газарт байрлуулах ажлыг дөрөвдүгээр сарын 24-28-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ талаар УБЗАА-ны Захиргаа, санхүүгийн удирдлагын газрын дарга Н.Отгонбаяраас тодрууллаа.
Тэрбээр “2025 онд НЗДТГ болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд эзэнгүй нохой, мууртай холбоотой гомдол олноороо ирсэн. Тиймээс нийслэлийн Засаг даргын захирамжаар эзэнгүй нохой, муурыг эзэнжүүлэх, түр асрах байранд хүргэх, анхан шатны вакцин хийх, туулга өгөх, үржлийг хязгаарлах үйлчилгээ үзүүлж байна. Нохой, муур барих ажилд нийслэлийн зургаан дүүргийн онцгой, цагдаагийн албан хаагчид болон УБЗАА, нийслэлээс холбогдох албаныхан 1000 гаруй хүн ажиллаж байна. Энэ удаагийн байршил СХД-ийн 20 дугаар хорооноос эхэлж, Туулын бургаснаас хойш самнах ажиллагаа явуулж байна” гэлээ.
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны Засаг дарга Я.Чулуунхүү “Нийслэлийн Засаг даргын захирамжаар нохой, муур барих, эзэнжүүлэх арга хэмжээ 20 дугаар хороонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Манай хороо гэр хороолол, байшин хороолол, үйлдвэрлэлийн бүс ихтэй. Үйлдвэрлэлийн бүсэд эзэнгүй нохой, муур олон байдаг. Бага насны хүүхдүүдийг хичээл сургуульдаа явахад айлгадаг. Тиймээс нохой, муур барих ажил иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой” гэв.
Тод индэр
Д.Батбаатар: Тээврийн салбарын хүндрэлээс яаж гарах вэ?
-
Тод мэдээ2025/04/02
МАН-ын бүлэг Авлигатай тэмцэх газрын дарга З.Дашдавааг улируулан томилох саналыг...
-
Тод мэдээ2021/06/15
Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төслийн талаарх хэлэлцүүлгийг зохион байгуул...
-
Өнөөдөр2021/10/12
УИХ дахь ажлын хэсгүүд хуралдана
-
Тод мэдээ2022/04/15
Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа