Тод мэдээ
Нийслэлийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж байна

НЗДТГ, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас Нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг боловсруулан, дүүрэг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдөд танилцуулж байгаа. Арваннэгдүгээр сарын 16-наас эхэлсэн танилцуулга, зөвлөгөөн өнөөдөр Хан-Уул дүүргийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг хэлэлцсэнээр үргэлжиллээ.
Анх 2001 онд Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг баталж байсан бөгөөд 2012 онд тус ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийж байжээ. Ийнхүү анхны ерөнхий төлөвлөгөөнөөс хойш 19 жилийн дараа шинэчлэн боловсруулахаар ажиллаж байна. Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг хөдөө аж ахуйн газар, хот тосгон болон суурин эдэлбэр газар, зам, шугам сүлжээний газар, ойн сан бүхий газар, усан сан бүхий газар, улсын тусгай хэрэгцээний газар хэмээн ангилан төлөвлөлтөө хийжээ.
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай “Нийслэл Улаанбаатар хотын газрын харилцааны бодлого, төлөвлөлт, өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлагын талаар НИТХ, ДИТХ-д сонгогдсон төлөөлөгчдөд танилцуулах зөвлөгөөнийг хийж байна. Ирэх жилүүдэд газрын харилцаатай холбоотой ямар ажил хийх вэ, хэрхэн зөв төлөвлөх вэ гэдэг асуудлаар зөвлөлдөж байгаа. Хийх ажлаа зөв төлөвлөснөөр төлөвлөгөөт ажлаа хэрэгжүүлэх нөхцөл нь бүрдэнэ. Тиймээс иргэдийн сонгосон албан ёсны төлөөлөгчдөөр нь дамжуулж саналыг нь тусгуулах юм. 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн шинэ ерөнхий төлөвлөгөөгөөр газар болон хот байгуулалтын асуудлууд шийдэгдэнэ” хэмээж байв.
Түүнчлэн тус зөвлөгөөнд оролцож буй Газар зохион байгуулалт, төлөвлөлтийн мэргэшсэн инженер Ц.Ханбүргэд “Энэ удаагийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө нь Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй нэг цаг хугацаанд хийгдэж байгаагаараа онцлогтой. Цаашид Улаанбаатар хотын газрын бодлого ирээдүйн 16 жилд хэрхэх вэ гэдэг нь тодорхой болж, бодлогын үндсэн бичиг баримт нь шинэчлэгдэн батлагдаж байна. Шинжлэх ухааны бүхий л шинэ арга зүй, ололт амжилтуудыг ашиглан, тус төлөвлөгөөг боловсруулж байгаа бөгөөд тун шинэлэг ерөнхий төлөвлөгөө болж байгаа. 2018 онд Монгол Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө шинэчлэгдэн батлагдсан. Үүнтэй холбоотойгоор нийслэл болон аймгуудын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг тус төлөвлөгөөтэй уялдуулан боловсруулсан. Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг 2020 оноос эхлэн хийж эхэлсэн бөгөөд 2021 ондоо багтаан НИТХ-д өргөн барихаар бэлтгээд байна. Улаанбаатар хотын тохиромжтой байдлын үнэлгээгээр хотын иргэдэд өмчлүүлэх газар болон иргэдэд олгох газрын нөөц багассан. Дагуул, хаяа хотуудыг хөгжүүлбэл иргэдэд өмчлүүлэх, шинээр олгох газрын нөөц нэмэгдэнэ. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж буй стандартуудаас давсан буюу өндөр нягтралтай төвийн дүүргүүдэд газар шинээр олгохгүй. Харин нийгмийн дэд бүтэц буюу сургууль, цэцэрлэгийн нягтралыг сайжруулах, зам, шугам сүлжээг нэмэгдүүлэх чиглэлээр газар олголтыг хийнэ. Бусад зориулалтын барилга, байгууламжид газар олголт хийхийг хориглох байдлаар тус төлөвлөгөөг батлах гэж байна” гэв.
Өнгөрсөн жилүүдэд жилд дунджаар 100 орчим гарааш буулган, газрыг чөлөөлдөг байсан бол 2021 онд нийслэлд мянга орчим гарааш буулган, газрыг чөлөөлсөн. Ирэх онд үлдсэн бүх гарааш буюу 5700 орчим зөвшөөрөлгүй барьсан тоосгон гарааш, чингэлгийг буулгахаар төлөвлөжээ. Гараашнууд голдуу сургууль, цэцэрлэг, эмнэлгийг тойрсон байршлуудад хашаа даган байрлаж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг алдагдуулдаг. Тиймээс эдгээр гараашийг бүгдийг нь буулган, тохижилт, ногоон байгууламж, авто зогсоол бий болгон, явган зорчилтыг нэмэгдүүлэх үүднээс орц, гарцыг нээх ажлыг ирэх оноос эрчимжүүлэх аж.
Тод мэдээ
Баянгол дүүргийн 2 байршилд дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх ААН-үүд шалгарчээ
Нийслэлээс ашиглалтын шаардлага хангахгүй дүгнэлт нь гарсан, оршин суугчдын амьдрах нөхцөл хүнд байгаа байршлуудад дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж буй.
Энэ хүрээнд “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-иас ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцуудыг буулгаж, байршил дээр нь дахин төлөвлөлтийн 15-20 төслийг хэрэгжүүлэхээр сонгон шалгаруулалтыг үе шаттай зарласан.
Ийнхүү хоёр төслийн гүйцэтгэгч шалгарч, батламж гардууллаа. Тодруулбал,
- Баянгол дүүргийн 3 дугаар хороо, ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай 35, 36 дугаар орон сууцны барилгыг буулган, барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр “Тэргүүн чансаа” ХХК;
- Баянгол дүүргийн 2 дугаар хороо, ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай 32 дугаар орон сууцны барилгыг буулган, барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр “Грэйт Роуд” ХХК тус тус шалгарсан юм.
Батламж гардуулах үеэр “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Төмөртөмөө гүйцэтгэгчээр шалгарсан аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлд амжилт хүсэн “Хамгийн гол нь хариуцлага алдахгүйгээр иргэдтэйгээ харилцан тохиролцож, бүтээн байгуулалтын ажилдаа яаравчлан орох хэрэгтэй. Дахин төлөвлөлтийн ажил цаг ямагт маргаан дагуулж байдаг. Гэвч та бүхнийг өнгөрсөн алдааг давтахгүй, хариуцлагаа өндөржүүлж, айл өрхийн амьдрах орчныг сайжруулахын төлөө хичээж ажиллана гэдэгт итгэж байна” гэв.
Тод мэдээ
Улиас модыг хэлбэржүүлэх, молцог түүх, унгарилыг шүршиж угаах ажлыг тогтмол хийж байна
Нийслэлийн хэмжээнд 38.8 мянга гаруй улиас мод байдаг. Үүнээс 50.4 хувь буюу 19.5 мянган гаруй улиас нь нийслэлийн зургаан дүүргийн нийтийн эзэмшлийн талбайд ургаж байна. Нийт улиас модны 46.9 хувь буюу 18232 ширхэг нь эм улиас гэж нэрлэгддэг. Энэхүү эм улиас модны унгарилын гаралтыг багасгах, бууруулах чиглэлээр үе шаттай ажлууд хийж байна.
Тухайлбал, 2025 оны хаврын хэлбэржүүлэлтийн ажлын хүрээнд 86 байршилд 9298 ширхэг навчит мод буюу нийт хэлбэржүүлэх эм улиас модны 51 хувийг хэлбэржүүлсэн. Харин энэ зургаадугаар сарын байдлаар нийтийн эзэмшлийн 157 га талбайд ургаж байгаа улиас модыг хэлбэржүүлэх, молцог түүх, унгарил гарсан үед шүршиж угаах зэрэг ажлыг тогтмол хийж байна.
Зургаадугаар сарын эхний 7 хоногоос эхлэн эм улиасны унгарилыг усаар шүршсэн. Ингэснээр эм улиаснаас гарах үр хөврөлийн хэмжээ 40 хувь хүртэл буурах боломжтойг холбогдох албаныхан хэллээ. Мөн ААНБ-ууд өөрсдийн эзэмшлийн талбайд байгаа улиас модны унгарилыг усаар шүршиж цэвэрлэхийг уриаллаа.
Тод мэдээ
Э.Ниндэв: Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг олон улсын стандартад нийцүүлэх, лацны стандартыг батлах шаардлагатай
Нийслэлийн зүгээс тээврийн хэрэгслийн улсын дугаарыг олон улсын стандартад нийцүүлэх, лацны стандартыг батлах төслийг боловсруулж, Зам, тээврийн яамтай санал солилцож байна.
Уг стандартыг баталснаар манай улсын автомашины дугаартай иргэд олон улсад зорчихдоо ямар нэгэн саадгүй зорчих нөхцөл бүрдэхээс гадна ашиглаж буй улсын дугаараа дур мэдэн сольж, өөрчлөх зөрчил багасах ач холбогдолтой.
Энэ талаар нийслэлийн Автотээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын төв ОНӨААТҮГ-ын дарга Э.Ниндэв “Өнөөдрийн байдлаар манай улсад мөрдөгддөг тээврийн хэрэгслийн улсын дугаарын MNS 4410:2017, MNS 4410:2002 стандарт нь олон улсын стандартад нийцдэггүй. Иймээс Монгол Улс Замын хөдөлгөөний тухай конвенц /олон улсын гэрээний эрх зүйн тухай венийн конвенц/-д нэгдсэнийхээ дагуу иргэдийн зорчих эрхийг эдлүүлэх хүрээнд тээврийн хэрэгслийн олон улсын дугаарын стандартыг нэвтрүүлэх шаардлага гарсан. Мөн лацны стандартыг батлах ёстой. Ингэснээр иргэд тээврийн хэрэгслийн дугаарыг хоорондоо дамжуулах, тэгш, сондгойгоор хязгаарласан үед болон товчоогоор гарахдаа сольдог зөрчил арилна” гэв.
Гэсэн хэдий ч автомашины улсын дугаарыг олон улсын стандартад нийцүүлэх, лацны стандартыг батлах нь төслийн шатандаа явж байгааг анхаарах хэрэгтэй. Хэрэв стандарт батлагдаж, хэрэгжих үед бүх тээврийн хэрэгслийн улсын дугаарыг төсвийн мөнгөөр солихгүй. Өөрөөр хэлбэл иргэд тээврийн хэрэгсэлдээ шинээр дугаар авч байгаа тохиолдолд шинэ стандартаар дугаарыг олгоно. Харин хуучин дугаартай иргэд өөрсдийн хүсэлтээр дугаараа шинэ стандартад шилжүүлэх боломжтой болж байгааг тэрбээр онцолсон юм.
Ташрамд, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор НИТХ-аас өнгөрсөн оны хоёрдугаар сарын 8-нд нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байх тогтоолыг баталсан. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 15-наас эхлэн уг баталсан дээд хязгаарт багтаан зургаан шалгуур үзүүлэлтээр нийслэл хотод тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарыг олгох, бусад тохиолдолд олгохгүй байх тогтоолыг үе шаттай хэрэгжүүлж байна.