Тод мэдээ
“Эцэг эхийн зөвлөл”-ийн анхдугаар зөвлөгөөн боллоо

Монгол Улсын Соёлын яам болон Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран “Эцэг эхийн зөвлөл”-ийн анхдугаар зөвлөгөөнийг зохион байгууллаа. Энэхүү зөвлөгөөн нь гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, гэр бүлийн боловсрол, тэнцвэрт харилцааг дэмжсэн эерэг зан үйл, хандлагыг нийгэмд төлөвшүүлэх зорилготой юм.
Мөн иргэд, олон нийтийг соён гэгээрүүлэх, хүүхдийг соёл урлагаар дамжуулан нийгэмшүүлэх, ахуйн соёл, хамтдаа амьдрахуйд сургах, эцэг эхчүүдийн хүүхдийн өмнө хүлээх үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, хүүхдийн анхдагч соёлын орчинг бий болгох, байгууллагын эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилготой зохион байгуулсан юм.
Зөвлөгөөнд Нийслэлийн ИТХ-ын дарга, НГХУСАЗСЗ-ийн дарга Ж.Батбаясгалан, Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэг, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл, НГХУСАЗСЗ-ийн Нарийн бичгийн дарга Б.Батбямба болон 500 орчим эцэг эхийн төлөөлөл оролцсон юм.
Зөвлөгөөнийг НГХУСАЗСЗ-ийн дарга Ж.Батбаясгалан нээж үг хэлэхдээ “Нийслэлийн хэмжээнд гарсан нийт гэмт хэргийн тоо өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 10 хувиар буурчээ. Гэвч технологийн дэвшил дагасан шинэ төрлийн гэмт хэрэг, бүх төрлийн донтолттой хамааралтай хүүхдийн эрүүл мэнд, дадал зуршил, амь насанд хор аюултай гэмт хэргүүд та бидний хүүхдүүдэд заналхийлж байгааг мартаж болохгүй.
Хүүхдийн эрх хуулиар хамгаалагдахаас гадна хүмүүнлэг нийгмийн бодлого, эцэг эхийн үүрэг хариуцлага, иргэн бүрийн оролцоогоор хамгаалагдах ёстой. Хүүхдийн орчныг илүү хамгаалж, аюулгүй, эрүүл саруул өсөж торних, сурч боловсрох эрхийг хангах, хамгаалах зорилгоор бид байгууллагын дэргэдэх эцэг эхийн зөвлөлийн анхдугаар зөвлөгөөнийг Соёлын яамтай хамтран “Хамтдаа үлгэрлэе” уриан дор зохион байгуулж байна. Нийслэл Улаанбаатар хот төдийгүй Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй бүх байгууллага, аж ахуй нэгж, иргэд, эцэг эхчүүд хамтдаа хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэж, хүүхдүүдээ элдэв эрсдэлээс хамгаалцгаая” хэмээв.
Эцэг эхийн зөвлөлийн анхдугаар зөвлөгөөнөөс хүүхэд, гэр бүлд ээлтэй байгууллага, хамт олон байхад анхаарч, хүүхэд, гэр бүлтэй холбоотой аливаа зөрчил, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай зөвлөмж гаргаж байна. Зөвлөмжид мөн гэмт хэргийг эрх бүхий байгууллагад мэдээлэх соёлд төлөвшүүлэх, ажилтан, албан хаагчдыг хүүхэдтэйгээ хамт чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжийг нэмэгдүүлэх, ажилтан, албан хаагчдад хүүхдийнхээ сурлага, сурч буй орчинтой танилцан, хариуцан ажиллаж байгаа багш, удирдлагуудтай уулзах боломжийг бүрдүүлэх талаар тусгажээ.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
Тод мэдээ
Сүхбаатар дүүрэгт 37228 ам.метр явган хүний замын засвар, арчлалтыг энэ сарын 20-ноос эхлүүлнэ
Нийслэлээс явган замын арчлалтыг сайжруулах үүднээс байршлууд дээр нь очиж тогтмол ажиллаж байгаа. Тухайлбал, энэ сарын 17-ны өдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг болон холбогдох албаныхан хотын гол, гудамж замын зарим байршилд явган замын нөхцөл байдалтай танилцаж, үүрэг чиглэл өглөө.
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд ажиллахдаа явган замгүй байршлуудад хэрхэн явган зам гаргах, иргэдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах асуудлаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг болон албаны хүмүүстэй ярилцлаа.
Энэ үеэр Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг “Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу өнгөрсөн амралтын өдрүүдээр дүүргийн Тамгын газар, хороодын ажлын албатай хамтарч Сүхбаатар дүүргийн 1-11 дүгээр хорооны 355 байршилд 37228 ам.метр талбайн явган хүний зам талбайн арчлалтыг шалгасан. Явган хүний замын хавтангуудын арчлалтыг сайжруулах, засварлах шаардлагатай хэсгүүдэд ажлыг энэ сарын 20-ноос эхлүүлж, үе шаттай явуулна. Эхний ээлжид Сүхбаатар дүүргийн Бага тойруугаас Их тойруу доторх явган хүний замыг засварлана. Багшийн дээдийн хойно Спортын төв ордны арк дээр иргэдээс гомдол их ирдэг. Автомашин явах хоёр урсгал замтай ч хажуугаар нь явган хүний зам байдаггүй. Тиймээс иргэд, орчмоор нь зорчиж байгаа оюутнуудад зорчиход хүндрэлтэй. Энэ хэсэгт мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулж, явган хүний замыг хийхээр төлөвлөж байна” гэлээ.
Сүхбаатар дүүргийн хэмжээнд Энхтайваны өргөн чөлөө буюу Арслантай гүүрний баруун талаас Баруун 4 зам хүртэлх явган хүний замыг шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Гэрээнд заасан хугацааны дагуу ажлууд хийгдэнэ. МУИС-ийн баруун талаас Засгийн газрын ордны зүүн талд байрлах “Галлериа Улаанбаатар”-ын урд талын хэсэг, СТӨ-ний ард талын хэсгийн явган замын ажлуудыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас хяналт тавин гүйцэтгэж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Тод мэдээ
Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ
Нийслэлийн Засаг даргын 2025 оны “Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнөөдрөөс Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ.
Тодруулбал, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, дүүргүүдийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн алба хаагчид Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу 9 чиглэлд ирэх есдүгээр сарын 21-ний өдрийг дуустал хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллах юм. Энэ жилээс Сэлбэ гол дагуу хөдөлгөөнт эрүүл ажиллана. Нийслэлийн хэмжээнд гол, усны ослоос аврах, урьдчилан сэргийлэх завьт болон хөдөлгөөнт эргүүл 15 дахь жилдээ ажиллаж байна.
НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС
Тод мэдээ
Сүхбаатарын талбайн хоёр талын явган хүний замыг шинэчлэх ажил үргэлжилж байна
Нийт 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчлэх ажил үргэлжилж байна. Үүний нэг болох Сүхбаатарын талбайн хоёр талын 5012 ам.метр талбай бүхий явган хүний зам засварын байршилд холбогдох албаныхан ажиллалаа.
Тухайн байршилд ажилласан УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “Нийслэл хотын хэмжээнд төв магистрал зургаан гудамжинд байгалийн чулуун хавтангаар явган хүний зам хийж байна. Тухайлбал, Төв шуудангийн уулзвараас Сүхбаатарын талбайг тойрсон явган хүний замыг тодорхой хэсгүүдэд хувааж, ажлыг үргэлжлүүлж байгаа юм. Ажил гүйцэтгэхдээ явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулахгүйн тулд иргэд чөлөөтэй зорчих гарцыг гаргасан” гэлээ.
Түүнчлэн явган замыг байгалийн боржин чулуун хавтангаар шинэчлэхдээ галаар шатаах, цохилттой дрилл ашиглан барзгар гадаргуу үүсгэх байдлаар технологийн шинэчлэлтийн ажлыг зарим шаардлагатай хэсэгт оруулж өгч байгааг ажил гүйцэтгэгчид хэллээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
-
Тод зураг2020/01/03
Төрийн байгууллагын 1704 салбар нэгжид ХАСХОМ бүртгэж байна
-
Тод мэдээ2020/10/21
Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэл...
-
Тод мэдээ2020/02/10
НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлнэ
-
Тод мэдээ2023/01/18
Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 31 гэрч дуудсан байна