Тод мэдээ
Ойн салбарын үндэсний чуулган “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, зөвлөмж гаргалаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болсон Ойн салбарын үндэсний чуулган Төрийн ордонд болж өндөрлөлөө.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар чуулганыг хааж үг хэлэв. Тэрбээр “Томоохон зорилтыг хэрэгжүүлэхийн тулд 30 жил орхигдсон салбарыг сэргээж, 2024 он гэхэд чадавхыг нь бүрэн бэхжүүлэх, мэргэжлийн боловсон хүчнээ бэлтгэх, зохион байгуулалт, удирдлагаар хангах, байгаль орчноо хайрлан хамгаалах чиглэлээр иргэдээ соён гэгээрүүлэх гээд олон ажил хүлээгдэж байна” гэлээ. Мөн бүгд нэгдмэл ойлголттой байж, нэг зорилгын төлөө хамтран ажиллахыг уриаллаа.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд аймаг, нийслэл нутаг дэвсгэртээ хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, санхүүжилт зэргийг хэлэлцэн батлах бол УИХ-ын чуулганаар хэд хэдэн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм.
Мөн Засгийн газар өргөтгөсөн хуралдаан 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хуралдах бол, Монгол Улсын Ерөнхий сайдын ахалдаг Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах үндэсний хороо ирэх долоо хоногт хуралдан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хийж хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцэхээр төлөвлөжээ.
Ойн салбарын үндэсний чуулганд оролцогчид “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг бүрэн дэмжихээ илэрхийлж, чуулганаар хэлэлцсэн илтгэл, салбар хуралдаануудаас дэвшүүлсэн саналыг нэгтгэн зөвлөмж гаргалаа.
Үүнд:
Нэг. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх арга замын талаар:
1.1. Шинэчлэн батлагдсан Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн дагуу боловсруулж байгаа “Байгаль орчны зорилтот хөтөлбөр”-т “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээг тусгах;
1.2. Мод тарих газар нутгийн судалгаа хийж, стратеги, үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөө, техник, эдийн засгийн үндэслэл боловсруулж, шаардлагатай төсөв, санхүүжилтийн бодит тооцоолол гаргах;
1.3. Аймаг, нийслэл мод тарихад зориулж жил бүр нэг тэрбумаас доошгүй төгрөгийг төсөвт тусгаж байх, мод тарьж ургуулах иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын санал, санаачилгыг дэмжих урамшууллын механизм, эдийн засгийн хөшүүрэг бий болгох;
1.4. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний үр дүнг ойгоор бүрхэгдсэн талбай 0 хувьд хүрэх, нэн хүчтэй цөлжсөн газрын хэмжээ 4.0-с доошгүй хувиар буурсан байх, хүлэмжийн хийн шингээлтийг 2.5 сая тн-оор нэмэгдүүлсэн байхаар тооцох;
Хоёр. Төр хувийн хэвшлийн түншлэлийн талаар:
2.1. Ойн салбарын мэргэжлийн байгууллагын эрх олгох, ойн аж ахуйн арга хэмжээний гүйцэтгэлийн үр дүн, хяналт, мониторинг хийх зэрэг төрийн захиргааны байгууллагуудын зарим чиг үүргийг мэргэжлийн холбоодод шилжүүлэх;
2.2. Гадаад, дотоодын томоохон хөрөнгө оруулалт татах боломжтой төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх;
2.3. Ойн магадлан итгэмжлэлийн стандартыг боловсруулж, хараат бус хөндлөнгийн байгууллагаар магадлан итгэмжлэл хийх тогтолцоо бий болгох, олон улсын ойн магадлан итгэмжлэлийг нэвтрүүлэх бэлтгэл ажлыг хангах.
Гурав. Хүний нөөц, мэргэжилтэй боловсон хүчний талаар:
3.1. Ойн мэргэжилтэн бэлтгэх сургалт үйлдвэрлэлийн төв, коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрийг харилцан уялдаатай болгож, шатлан суралцах боломжийг бүрдүүлэх;
3.2. Сум, суурин газар бүрт гурваас доошгүй ойжуулагч байхаар тооцож, “1,000 сургагч багш бэлтгэх” хөтөлбөрийг 2022 онд багтаан хэрэгжүүлэх, мэргэжилтэй ажилчдыг тоог 7000-д хүргэх;
Дөрөв. Үр, тарьц, суулгацын нөөц бүрдүүлэлтийн талаар:
4.1. Модлог ургамлын үр,тарьц, суулгац бэлтгэх, импортлох, хадгалах, худалдан борлуулах, тээвэрлэх, ашиглах, үрийн нөөцийн улсын сан бүрдүүлэх хууль, эрх зүйн орчин бий болгох;
4.2. Үр хадгалах байгууламжийг улсын хэмжээнд болон бүсчилсэн хэлбэрээр байгуулах;
4.3. Мод үржүүлгийн зориулалтаар ашиглаж байгаа газрыг газар ашиглалтын төлбөрөөс чөлөөлөх;
4.4. Мод үржүүлэг, ойжуулалтын зориулалттай машин, тоног төхөөрөмжийг худалдан авахад зориулж урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох боломж бүрдүүлэх;
4.5. Үрийн нөөцийг жилд 290.0 мянган кг, жилд ургуулах тарьц, суулгацын хүчин чадлыг 30-100 сая ширхэгт хүргэх;
Тав. Агро-ойн аж ахуйг хөгжүүлэх талаар:
5.1. Агро-ойн аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулж ой, газар тариалан, бэлчээрийн хоорондын харилцааг зохицуулах хууль, эрх зүйн орчин бий болгох;
5.2.“Дэлхийн агро-ойн төв ” олон улсын байгууллагад элсэж төсөл, хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх;
5.3.Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяанд жимс, жимсгэнийн кластер хөгжүүлэх, Агро-ойжуулалтын судалгааны төв байгуулах.
Зургаа. Цөлжилт, газрын доройтлыг бууруулах талаар:
6.1. Ой, говийн баян-бүрд, хүлэрт намаг, цайдам зэрэг экологийн чухал экосистемийг нөхөн сэргээх чиглэлд шинэлэг, байгальд ээлтэй, технологид түшиглэсэн инноваци нутагшуулах;
6.2 Хур тунадас, уулын уруйн ус, шар усны ус болон илүүдэл урсац хуримтлуулах, усны нэмэлт эх үүсвэрийг ус, чийг дутмаг газруудад бүрдүүлэх далан, хаалтын системийн сүлжээг нэмэх;
6.3 Монгол орны байгалийн ялгавартай бүс нутгуудад цөлжилт, газрын доройтлыг урт хугацаанд судлах судалгааны төв байгуулж, технологи, инноваци үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх;
6.4 Цөлжилт, газрын доройтлын чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллага, донор улсуудтай хамтран ажиллах, туршлага судлах.
Долоо. Ой ашиглалт, ой модны үйлдвэрлэлийн талаар:
7.1. Ойгоос бэлтгэх модны дээд хязгаарыг тогтоож байгаа одоогийн хууль, эрх зүйн зохицуулалтыг өөрчлөн аймаг, сумын ойн менежментийн төлөвлөгөөг үндэслэн шийдвэрлэдэг тогтолцоонд шилжих;
7.2. Ойн замын сүлжээний нягтрал, эдийн засаг, экологийн ач холбогдлын судалгаа, тооцоо хийж, ойн аж ахуйн зориулалттай автозамын сүлжээг төлөвлөн улсын төсөвт тусган хэрэгжүүлэх;
7.3. Ойн нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор ойн арчилгаа, цэвэрлэгээ хийж, шахмал хавтан, эко хатуу түлш, цавчдас, модлог шахмал түлш зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг НӨАТ-аас чөлөөлөх хууль, эрх зүйн орчин бүрдүүлэх;
Найм. Хот, суурин газрын ногоон байгууламжийн талаар:
8.1. Ногоон байгууламжийн асуудлыг хот суурин газрын төлөвлөлт, хөгжлийн хэтийн төлөвтэй уялдуулан зураг төслийн дагуу хөгжүүлэх;
8.2. Хот, суурин газрын ногоон байгууламжийн тухай бие даасан хууль гарган холбогдох журам, стандарт, норм, нормативыг шинэчлэн эрх зүйн орчныг тодорхой болгох;
8.3. Ногоон байгууламжид тарих зориулалттай тарьц, суулгац үржүүлэх газруудад татварын хөнгөлөлт, урамшуулал үзүүлэхийг төрөөс бодлогоор дэмжих;
8.4. Тарьц суулгац бойжуулах, хот суурин цэцэрлэгжүүлэх ажилд шаардагдах усны үнийг хөнгөлөх, чөлөөлөхийг зөвлөмжид тусгажээ.
Тод мэдээ
Сүхбаатар дүүрэгт 37228 ам.метр явган хүний замын засвар, арчлалтыг энэ сарын 20-ноос эхлүүлнэ
Нийслэлээс явган замын арчлалтыг сайжруулах үүднээс байршлууд дээр нь очиж тогтмол ажиллаж байгаа. Тухайлбал, энэ сарын 17-ны өдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг болон холбогдох албаныхан хотын гол, гудамж замын зарим байршилд явган замын нөхцөл байдалтай танилцаж, үүрэг чиглэл өглөө.
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд ажиллахдаа явган замгүй байршлуудад хэрхэн явган зам гаргах, иргэдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах асуудлаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг болон албаны хүмүүстэй ярилцлаа.
Энэ үеэр Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг “Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу өнгөрсөн амралтын өдрүүдээр дүүргийн Тамгын газар, хороодын ажлын албатай хамтарч Сүхбаатар дүүргийн 1-11 дүгээр хорооны 355 байршилд 37228 ам.метр талбайн явган хүний зам талбайн арчлалтыг шалгасан. Явган хүний замын хавтангуудын арчлалтыг сайжруулах, засварлах шаардлагатай хэсгүүдэд ажлыг энэ сарын 20-ноос эхлүүлж, үе шаттай явуулна. Эхний ээлжид Сүхбаатар дүүргийн Бага тойруугаас Их тойруу доторх явган хүний замыг засварлана. Багшийн дээдийн хойно Спортын төв ордны арк дээр иргэдээс гомдол их ирдэг. Автомашин явах хоёр урсгал замтай ч хажуугаар нь явган хүний зам байдаггүй. Тиймээс иргэд, орчмоор нь зорчиж байгаа оюутнуудад зорчиход хүндрэлтэй. Энэ хэсэгт мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулж, явган хүний замыг хийхээр төлөвлөж байна” гэлээ.
Сүхбаатар дүүргийн хэмжээнд Энхтайваны өргөн чөлөө буюу Арслантай гүүрний баруун талаас Баруун 4 зам хүртэлх явган хүний замыг шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Гэрээнд заасан хугацааны дагуу ажлууд хийгдэнэ. МУИС-ийн баруун талаас Засгийн газрын ордны зүүн талд байрлах “Галлериа Улаанбаатар”-ын урд талын хэсэг, СТӨ-ний ард талын хэсгийн явган замын ажлуудыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас хяналт тавин гүйцэтгэж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Тод мэдээ
Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ
Нийслэлийн Засаг даргын 2025 оны “Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнөөдрөөс Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ.
Тодруулбал, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, дүүргүүдийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн алба хаагчид Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу 9 чиглэлд ирэх есдүгээр сарын 21-ний өдрийг дуустал хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллах юм. Энэ жилээс Сэлбэ гол дагуу хөдөлгөөнт эрүүл ажиллана. Нийслэлийн хэмжээнд гол, усны ослоос аврах, урьдчилан сэргийлэх завьт болон хөдөлгөөнт эргүүл 15 дахь жилдээ ажиллаж байна.
НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС
Тод мэдээ
Сүхбаатарын талбайн хоёр талын явган хүний замыг шинэчлэх ажил үргэлжилж байна
Нийт 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчлэх ажил үргэлжилж байна. Үүний нэг болох Сүхбаатарын талбайн хоёр талын 5012 ам.метр талбай бүхий явган хүний зам засварын байршилд холбогдох албаныхан ажиллалаа.
Тухайн байршилд ажилласан УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “Нийслэл хотын хэмжээнд төв магистрал зургаан гудамжинд байгалийн чулуун хавтангаар явган хүний зам хийж байна. Тухайлбал, Төв шуудангийн уулзвараас Сүхбаатарын талбайг тойрсон явган хүний замыг тодорхой хэсгүүдэд хувааж, ажлыг үргэлжлүүлж байгаа юм. Ажил гүйцэтгэхдээ явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулахгүйн тулд иргэд чөлөөтэй зорчих гарцыг гаргасан” гэлээ.
Түүнчлэн явган замыг байгалийн боржин чулуун хавтангаар шинэчлэхдээ галаар шатаах, цохилттой дрилл ашиглан барзгар гадаргуу үүсгэх байдлаар технологийн шинэчлэлтийн ажлыг зарим шаардлагатай хэсэгт оруулж өгч байгааг ажил гүйцэтгэгчид хэллээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
-
Өнөөдөр2020/07/11
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Тод мэдээ2021/02/22
Шүүгч нар БИЕЭ ҮНЭЛЭЛТ зохион байгуулсан байх үндэслэлтэй гэж үзжээ
-
Тод мэдээ2022/10/07
“Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөн орон нутагт амжилттай хэрэгжиж...
-
Тод мэдээ2020/06/30
Далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхгүй