Өнөөдөр
Номын сангуудад ариутгал, халдваргүйжүүлэлтийн төхөөрөмжийг хүлээлгэн өглөө
Нийслэлийн хэмжээнд соёл, урлагийн үзвэр, үйлчилгээг халдвар хамгааллын дэглэмийг сахиулан хүчин чадлынхаа 50 хүртэлх хувийн дүүргэлттэйгээр нээсэн билээ. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Монгол Улсын Үндэсний номын сан, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын санд ариутгал, халдваргүйжүүлэлтийн төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.
Үндэсний номын сан уншлагын гурван танхимаар суудлынхаа 30-50 хувийн дүүргэлттэйгээр уншлага үйлчилгээгээ эхлүүлжээ. Ковидын өмнөх жилүүдэд өдөрт дунджаар 150-200 хүнд уншлагын танхимаар үйлчилдэг байсан бөгөөд цар тахлын нөхцөл байдалд тааруулан уншигчдад урьдчилан цаг өгөх байдлаар суудлын дүүргэлтийг зохицуулан ажиллаж байна.
Энэ үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Коронавируст халдварын нөхцөл байдал амаргүй байна. Гэхдээ улс орны хөгжил дэвшлийн хамгийн гол суурь нь болсон оюуны эрэлт хэрэгцээгээр нийслэлийн иргэдээ дутагдуулж, соён гэгээрүүлэх ажлыг орхигдуулж болохгүй. Тиймээс халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиж, боломжтой бүх хэлбэрээр иргэдийнхээ оюуны эрэлт хэрэгцээг хангахад санаачилгатай ажиллаарай” гэлээ.
Мөн соёлын салбарыг хөгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар тусгайлан бодлого хэрэгжүүлж, салбарын яамыг байгуулсан. Ард иргэдээ соён гэгээрүүлэх, оюуныг нь тэлэх энэ үйлсэд нийслэл хотын удирдлагууд мөн номын сангуудтайгаа нэг шугаманд хамт алхаж, ажиллах болно гэдгийг тэрбээр онцолсон юм.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
Өнөөдөр
“Морингийн даваа-Нисэх” чиглэлийн нийтийн тээврийн замналд түр өөрчлөлт орууллаа
Авто зам засварын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн Морингийн давааны авто замыг 2024 оны тавдугаар сарын 2-ны өдрөөс зургаадугаар сарын 1-ний өдөр хүртэл хаана.
Зам засварын ажил хийхтэй холбогдуулан нийтийн тээврийн Ч:67 “Морингийн даваа-Нисэх” чиглэлийн замналд түр өөрчлөлт оруулсан тул тухайн чиглэлийг UB смарт аппликейшн дээр Ч:67Z тэмдэглэгээтэйг сонгон харах боломжтой.
Иймд нийтийн тээврийн автобуснууд дараах зураглалын дагуу зорчино гэж Нийтийн тээврийн газраас мэдээллээ.
Өнөөдөр
Тавдугаар сарын 11-нд бүх нийтээр мод тарина
Нийслэлд 2024 оны тавдугаар сарын 11-18-ны өдрүүдэд найман байршилд мод тарих бөгөөд 300 гаруй байгууллага оролцохоор болжээ.
21 аймаг тавдугаар сарын 3-ны өдрөөс төвлөрсөн 33 байршилд дөрвөн сая хүртэл мод тарих юм.
Аймаг бүр 10 хүртэлх гол, горхийг сонгон, нэг гол дээр 10 га хүртэл талбайг хоёр жилийн хугацаанд ойжуулах бэлтгэлдээ ороод байна.
Ойн мэргэжлийн байгууллагууд мод тарих талбай, тарьц, суулгац бэлтгэх, тарьсан модоо жилийн турш услах, арчлах чиглэлээр иргэд, байгууллага, аж ахуйн нэгжтэй хамтран ажиллана.
Түүнчлэн модлог ургамлын тарьц, суулгацын үзэсгэлэн худалдааг нийслэлд "Тэнгэр плаза", "Модлог ургамлын цуглуулгын цэцэрлэг", "Ялалтын талбай"-д, 21 аймаг, сумдад зохион байгуулж, тарьц, суулгацаар ханган, заавар, зөвлөмж өгөх юм.
Өнөөдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ахмад настны үндэсний төвд ажиллалаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт байрлах, халамжийн салбарын ууган байгууллага-Ахмад настны үндэсний төвд ажиллалаа.
Ерөнхийлөгч төр, засгаас ахмадуудын тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн хамгаалал зэрэгт онцгой анхаарч байгааг хэлээд, удахгүй тохиох тус төвийн 100 жилийн ойн баярын мэнд хүргэж, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөв.
Ахмад настны үндэсний төв нь асран хамгаалах, харгалзан дэмжих төрөл садангүй, бие даан амьдрах чадваргүй, ганц бие, байнгын эмчилгээ, асаргаа шаардлагатай болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг байрлуулж, хоол, хувцас, эрүүл мэнд, асаргаа сувилгаа, нөхөн сэргээх, сэтгэл зүй, соёл зэрэг үйлчилгээг хуульд заасны дагуу үзүүлдэг.
Өнөөдрийн байдлаар 14 аймаг, нийслэлийн 182 ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн амьдарч байгаагийн 117 нь эрэгтэй, 65 нь эмэгтэй юм.
Батсүмбэр сумын төвөөс Ахмад настны үндэсний төв хүртэл хатуу хучилттай зам тавих хөрөнгөөс гадна барилгын дээвэр, уурын зуухыг шинэчлэх, ахмадуудад нэн шаардлагатай автобус зэргийг худалдан авах 500 гаруй сая төгрөгийг 2024 оны төсөвт тусгасан байна.
2010 онд 10 хүн тутмын нэг нь ахмад настан байсан бол 2040 он гэхэд таван хүний нэг нь ахмад настан болох тооцоолол бий.
Хүний эрхийн үндэсний комиссын 2022 оны тайлангаас үзвэл, ахмад настны гэр бүл болон хууль ёсны үр хүүхэд, ах дүү нар нь харж хандах үүргээ биелүүлэхээс зайлсхийх, үр хүүхэд нь эцэг, эхээ ялгаварлан гадуурхах, гэрээсээ хөөх, эд хөрөнгө, тэтгэврийг нь завших, хүчээр авах зэргээр эрхийг зөрчих тохиолдол цөөнгүй байна.
Цаашид аймгуудад ахмадуудад зориулсан асрамжийн газар, өдөр өнжүүлэх төв байгуулах, энэ чиглэлээр төрийн бус байгууллага, хувийн хэвшил, иргэдийн санаачилгыг дэмжих, ахмадуудын хөдөлмөр эрхлэлт, гэр бүл дэх сэтгэл санаа, бие махбодь, үл хайхрах хүчирхийлэлд өртөхөөс сэргийлэх зэргийг тусгасан Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцүүлэх гэж байгааг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа хэллээ.
Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ажилтнуудын үндсэн цалин, орон нутагт ажилласны нэмэгдлийг тодорхой хувиар нэмсэнд төвийн удирдлага, ажилтнууд талархалтай байна. Одоогоор нарийн мэргэжлийн эмч, сувилагч дутмаг байгаа тухай төвийн дарга Л.Эрдэнэхүү хэллээ.
1924 онд маршал Х.Чойбалсан санаачилга гарган Нийслэл хүрээнд “Өнчин ядуусыг тэтгэх газар” байгуулсан нь өнөөгийн үндэсний төвийн суурь болсон түүхтэй. 1956 оноос Хэнтий аймгийн Цэнхэрмандал сум, 1967 оноос хойш одоог хүртэл Батсүмбэр сумын Баянголын аманд үйл ажиллагаа явуулж байна.
Улсын хэмжээнд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний төрөлжсөн асрамжийн чиглэлээр төр, хувийн хэвшлийн 12 асрамжийн газар ажилладаг. Эдгээрт 400 гаруй ахмад настан амьдарч байна.
Сэтгэгдэл