Бидэнтэй нэгдэх

Тод индэр

Г.Золбоо: 2024 оны эхний улиралд манай улсын эдийн засаг, төсвийн үзүүлэлтүүд цар тахлын өмнөх түвшнээс давсан сайн гүйцэтгэлтэй байна

Огноо:

,

Сэтгүүлч:

Монгол Улсын Сангийн яамны Санхүү, төсвийн судалгааны газрын дарга Г.Золбоотой 2024 оны нэгдүгээр улирлын макро эдийн засгийн гүйцэтгэлийн талаар ярилцлаа.

-2023 оны хувьд уул уурхайн жил болж, эдийн засаг эргэн сэргэлээ. Тэгвэл 2024 оны эхний улиралд эдийн засаг ямар байна вэ? 

-Сүүлийн жилүүдэд дэлхий дахин эдийн засаг, санхүүгийн хувьд тааварлахын аргагүй олон сорилтуудтай тулгарлаа. Манай улсад эдгээр сорилтууд бусад хөгжиж буй улсуудтай харьцуулахад илүү хүчтэй нөлөөлсөн гэж бодож байна. Гэсэн хэдий ч Засгийн газар цаг тухайд нь оновчтой арга хэмжээг авч хэрэгжүүлсэний үр дүнд бид эдгээр сорилтуудыг амжилттай давж гарлаа.

Тухайлбал, Засгийн газар хил, гааль, тээврийн асуудлуудыг шийдвэрлэж, томоохон төрийн өмчит компаниудын менежментийг сайжруулсны үр дүнд өнгөрсөн онд Монгол Улс түүхэндээ анх удаа 70 сая тн нүүрс экспортоллоо.  Үр дүнд нь эдийн засагт эерэг дохио болдог төсөв, төлбөрийн тэнцлийн хос ашигтай гарч, валютын нөөц 5 тэрбум ам.доллар буюу түүхэн дээд хэмжээнд хүрлээ. Цаашилбал, инфляц зорилтот түвшинд хүрч тогтворжин, эдийн засаг 7 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Энэ оны хувьд, эхний 2 сарын байдлаар уул уурхай, боловсруулах үйлдвэр, үйлчилгээ зэрэг салбарын өсөлтийн нөлөөгөөр, эдийн засаг 7.8 хувийн өсөлт үзүүлсэн.

Мөн нэгдүгээр улирлын байдлаар, экспорт өмнөх оны өндөр түвшинд хадгалагдаж, гадаад валютын нөөц 5.2 тэрбум долларт хүрлээ. Түүнчлэн, төсвийн орлого өмнөх оноос 2.5 их наяд төгрөгөөр өсөж, тэнцэл 1.6 их наяд төгрөгийн ашигтай гарсан зэрэг эерэг үзүүлэлттэй байна.

-Эдийн засгийн үзүүлэлтүүд эхний улиралд эерэг гарсан ч гадаад худалдаа буурсан байна. Үүнд юу голлон нөлөөлөв?

-Эхний улирлын байдлаар манай улсын гадаад худалдааны ашиг 1.2 тэрбум ам.доллар гарч өмнөх оноос 31.9 хувь буурсны гол шалтгаан нь  импортын дүн өмнөх оноос 25 хувиар өсөж 2.4 тэрбум ам.долларт хүрсэн юм. Нэг талаараа импорт өсөж байгаа нь дотоодод эдийн засгийн идэвхжил сайн, хэрэглээ нэмэгдэж байгааг илэрхийлдэг.

Мөн экспорт 3.7 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх оны түвшнээс 2.9 хувиар буурсан байна. Манай улсын нийт экспортын 60 орчим хувийг нүүрс, 14 хувийг зэсийн баяжмал, 2 орчим хувийг цайрын баяжмал бүрдүүлдэг. Эхний улирлын байдлаар цайрын баяжмал, нүүрсний экспорт буурсан нь дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийн хэлбэлзэлтэй холбоотой. Хэдийгээр бид нүүрсний биет хэмжээг өмнөх оноос 4 сая тонноор өсгөж, оны эхнээс 18 сая тн нүүрс экспортолж чадсан боловч Ганцмод боомтын үнэ тонн тутамд 193 ам.доллар болж өмнөх оноос 37 доллараар бага байгаа нь нүүрсний экспорт буурах шалтгаан болсон.

-Нүүрсний үнийн бууралтыг хэрхэн харж байгаа вэ?  Цаашид үнийн талаар та ямар таамаглалтай байна вэ?

-Ерөнхийдөө манай коксжих нүүрсний үнэ нь БНХАУ-ын гангийн эрэлт, нийлүүлэлттэй шууд холбоотой гэж ойлгож болно. Өнгөрсөн 3 сарын хугацаанд БНХАУ-ын гангийн зах зээл уналтад орж, тус улсын дотоодын коксжих нүүрс хэрэглэдэг үйлдвэрүүдийн эрэлт суларснаар коксжих нүүрсний үнэ буурахад хүрлээ. 

Хэдийгээр Ганцмод боомтын коксжих нүүрсний үнэ 3 дугаар сарын дунджаар 1,399 юань буюу 193 ам.доллар болж буурсан боловч Ковид-19 цар тахлын өмнөх үе болох 2019 оны мөн үеэс 33 хувиар өндөр байгааг дурдах нь зүйтэй.

Олон улсын байгууллагуудын төсөөллөөр нүүрсний үнэ цаашдаа тодорхой хэмжээгээр буурах хандлагатай ч дэлхийн хамгийн том нүүрс хэрэглэгч, үйлдвэрлэгч БНХАУ-ын эрчим хүч, гангийн хэрэгцээ болон түүхий эдийн эрэлт өндөр хэвээр байхаар байна. Иймд нүүрсний үнэ буурсан ч биет хэмжээ буурахгүй гэж харж байна. Үүнээс гадна БНХАУ-ын гангийн эрэлт энэ оны 4 дүгээр сарын дунд үеэс сайжирч байгаа нь коксжих нүүрсний үнийг тогтворжуулж, ойрын хугацаанд нэмэгдэх хандлагатай байгааг Sxcoal онцолсон.

-Та сая БНХАУ-ын гангийн эрэлт сайжирч байгаа талаар дурдлаа. Гэтэл зарим эдийн засагчид тус улсын эдийн засгийг төдийлөн сайжрахгүй байна, тодорхой эрсдэлүүд байна, үүнээс шалтгаалаад манай уул уурхайн бүтээгдэхүүний экспортод эрсдэл учирч болзошгүй гэж үзэж байна?

-Бид БНХАУ—ын эдийн засгийн нөхцөл байдал, дотоодод нь өрнөж буй нийгэм, улс төрийн үйл явдал, болон Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээг тогтмол ажиглаж, судалгаа хийдэг. БНХАУ-ын Үндэсний статистикийн хорооноос 1 дүгээр улирлын эдийн засгийн өсөлтийг 5.3 хувь гэж танилцуулсан нь  шинжээчдийн хүлээлтээс давсан үзүүлэлт болсон. Үүнд цахилгаан машины үйлдвэрлэлтэй холбоотойгоор аж үйлдвэрийн салбарын өсөлт голлон нөлөөлжээ. Энэхүү тоон мэдээлэл зарлагдсаны дараагаар “Goldman Sachs”, “Citigroup” зэрэг олон улсын байгууллагууд тус улсын эдийн засгийн өсөлтийн 2024 оны төсөөллийг шинэчилж, 5.0 хувь болгон нэмэгдүүлсэн юм.

Мөн өнгөрсөн 3 дугаар сард БНХАУ-ын Ардын төлөөлөгчдийн Их Хурлын үеэр ерөнхийлөгч Ши Жиньпин шинжлэх ухаан, техник технологид суурилсан эдийн засгийг бий болгохоор зорьж байгаа талаар мэдэгдсэн. Энэ нь түүхий эдийн зах зээлд эерэг мэдээ болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, цахилгаан машин, хагас дамжуулагч зэрэг бүтээгдэхүүний үйлдвэрлэл цаашдаа ч үргэлжлэн өсөн нэмэгдэхийг илэрхийлж байна. Тэдгээр бүтээгдэхүүний үндсэн түүхий эд нь зэс, ган учир манай түүхий эдийн экспорт тогтвортой байх дохиог өгч байна.

-Хэдийгээр нүүрсний үнэ буурч байгаа ч нөгөө талаас зэс, алтны үнэ харьцангуй өсөлттэй байна. Та энэ талаар юу гэж бодож байна вэ?

-Энэ оны эхний улиралд зэсийн үнэ дунджаар 8,300 ам.доллар орчимд хэлбэлзэж байсан. Харин 4-р сарын 22-ны байдлаар Лондонгийн хөрөнгийн бирж дээрх зэсийн үнэ 9,815 ам.доллар болж сүүлийн 2 жилийн дээд хэмжээнд хүрээд байна. Үүнд БНХАУ-ын үйлдвэрлэлийн салбар сэргэж эхэлсэнтэй зэрэгцэн 3 дугаар сарын сүүлээс БНХАУ-ын зэс хайлуулах үйлдвэрүүд нийлүүлэлтээ бууруулах болсон нь нөлөөлсөн гэж шинжээчид үзэж байгаа. Улс орнуудын хэрэгжүүлж буй эдийн засгаа дэмжих бодлого болон цахилгаан машины үйлдвэрлэл нэмэгдэж байгаа нь зэсийн эрэлтэд эергээр нөлөөлж, цаашдаа зэсийн үнэ тогтвортой хадгалагдах төсөөллийг олон улсын байгууллагууд гаргаж байна.

Харин алтны тухайд Ойрх дорнод болон зүүн европ дахь геополитикийн хурцадмал байдлаас үүдэн Төв банкууд алтны худалдан авалтаа нэмэгдүүлэх болсон нь алтны үнийг өсгөж, дөрөвдүгээр сарын 18-нд үнэ 2,417 ам.доллар буюу түүхэн дээд хэмжээнд хүрч өсөөд байна. Алт нь хамгийн бага эрсдэлтэй хөрөнгө оруулалт гэгддэг тул алтны үнэ өсөх нь эдийн засагт тодорхой бус байдал нэмэгдэж байгаа дохио гэж шинжээчид хардаг. Иймд бид гадаад орчны нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж, шаардлагатай тооцоо, судалгааг тогтмол хийж байна.

-Манай эдийн засагт уул уурхайн салбарын өсөлт үргэлжилж байна гэж та ярилаа. Тэгвэл энэхүү өсөлт нь төсвийн орлогод хэрхэн нөлөөлж байна вэ?

-Уул уурхайн салбарын орлого АМНАТ болон бусад татварын орлогуудаар дамжин манай төсвийн орлогын 30 хүртэлх хувийг бүрдүүлдэг томоохон салбар. Тухайлбал 2023 онд АМНАТ-ын орлого 4.2 их наяд төгрөгт хүрч дангаараа төсвийн орлогын 17 хувийг бүрдүүлсэн. Харин 2024 онд бид АМНАТ-ын орлого 4.5 их наяд төгрөгт хүрнэ гэж төлөвлөснөөс эхний улирлын байдлаар аль хэдийн 1.5 их наяд төгрөгийг бүрдүүлээд байна.

АМНАТ-ын орлогоос гадна энэ оны эхний улиралд өмнөх оны мөн үетэй харьцуулахад аж ахуйн нэгжийн орлогын албан татварын орлого 90 хувиар, НӨАТ-ын орлого 30 хувиар, НДШ-ийн орлого 10 орчим хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байгаа. Эдийн засаг идэвхжиж, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа сайжирч голлох татварын орлогууд өсөж байгаатай холбоотойгоор 2024 онд төлөвлөсөн нийт татварын орлогын 30 орчим хувь нь мөн бүрдээд байна. Улмаар энэ оны нэгдүгээр улирлын байдлаар төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 1.6 их наяд төгрөгийн ашигтай гарлаа.

-Эдийн засаг, төсвийн энэхүү өсөлт тэгвэл иргэдийн амьжиргаанд хэрхэн нөлөөлж байна вэ?

-Эдийн засгийн зөв бодлого хэрэгжүүлээд, бизнесийн идэвхжил нэмэгдээд ирэхээр ажил эрхлэлт, цалин нэмэгдэж, улмаар иргэдийн амьжиргааг дэмжих суурь нөхцөл болдог. Үүнийг 2023 оны гүйцэтгэлийн тоо мэдээнүүдээс харж болж байна.

Нэгдүгээрт, Сангийн яам аж ахуйн нэгжүүдийн 2023 оны санхүүгийн тайланг цахим тайлангийн системээрээ авч, тодорхой тоон мэдээлэлд дүн шинжилгээ хийж үзсэн. Ингэхэд цахим тайлангийн систем дэх бизнесийн байгууллагуудын хөрөнгө өмнөх оноос 22 хувиар, цэвэр ашгийн хувь 11.2 хувьд хүрч өсөн цах тахлын өмнөх өсөлтийн түвшинд хүрсэн байна. Мөн Татварын ерөнхий газрын 2023 оны татвар төлөлтийн тайлангаас харахад үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн тоо 8 хувиар өсөж, үүнээс 6 тэрбумаас дээш борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжийн тоо 27 хувиар, 1.5-6 тэрбумын борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжийн тоо 19 хувиар тус тус өссөн дүнтэй байна.

Хоёрдугаарт, хөдөлмөрийн зах зээлд нийт ажиллагчдын тоо 38.6 мянгаар өсөж 1.2 саяд хүрчээ. Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчдийн тоо ч мөн 33 мянгаар өсөж 730 мянга хүрсэн бөгөөд дундаж цалин нь өмнөх оноос 22 хувиар өссөн үзүүлэлттэй байна.  Ажил эрхлэлт өссөн, бизнесийн ашигт ажиллагаа сайжирсан, ажилчдын дундаж цалин нэмэгдсэн нь иргэдэд эдийн засгийн өсөлтийг бодитой хүргэх, иргэдийн амьжиргаанд нөлөөлөх гол суваг болж байна гэж үзэж байна.

-Сүүлийн жилүүдэд инфляц гол сорилт байлаа. Үнийн өсөлтийг тогтворжуулах чиглэлд Засгийн газраас тодорхой ямар ажлууд хийгдэж байна вэ?

-Дэлхий дахинд сүүлийн жилүүдэд үүссэн сорилтууд нь нийлүүлэлтийн гаралтай инфляцыг хөөрөгдөж 2022 оны 6 дугаар сард манай улсын инфляц 16.9 хувьд хүрсэн. Тус инфляцын задаргааг харвал 9.9 нэгж хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалж байсан. Өөрөөр хэлбэл манай улсад импортоор орж ирж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өндөр байсан нь инфляцын суурь шалтгаан болж байв. Тиймээс үнийг тогтворжуулахын тулд Засгийн газраас гаалийн албан татварыг хөнгөлөх, нөөцийг нэмэгдүүлэх, шаардлагатай санхүүжилтийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох гэх зэрэг арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлснээр инфляц аажмаар саарч 2024 оны 3 дугаар сард 7 хувьтай гарлаа.

Хэдийгээр импортын гаралтай инфляц буурсан боловч дотоодын хүнсний бүлгийн үнийн өсөлт өндөр хэвээр байна. Үүнд хамгийн гол нөлөө үзүүлсэн нь гурил болон махны үнэ байгаа юм. Тухайлбал, 2024 оны 3 дугаар сард үхрийн махны үнэ өмнөх оны мөн үеэс 15, дээд гурилын үнэ 14 хувиар тус тус нэмэгдсэн байна. Иймээс Засгийн газар гурил, махны үнийг бууруулах чиглэлд ажиллаж байна.

-2024 оны эхний улиралд нэгдсэн төсөв 1.6 их наяд төгрөгийн ашигтай гарч, гадаад валютын нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрсэн, валютын ханш, инфляц тогтворжсон зэрэг эдийн засаг, санхүүгийн үзүүлэлтүүд эерэг дүр зурагтай гарсан талаар та хэллээ. Дунд хугацааны эдийн засгийн өсөлтийн төсөөлөл ямар байгаа вэ?

-Энэ оны үлдсэн хугацаанд гаднаас гэнэтийн томоохон шок үүсэхгүй бол эдийн засгийн өсөлт хадгалагдаж, 6 орчим хувиар өсөх төлөвтэй байна.

Засгийн газар ирэх 2025 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг боловсруулаад байна. Хуулийн хугацаагаар тавдугаар сарын 1-ний өдөр Улсын Их Хуралд өргөн барих ёстой бөгөөд  төсөлд Шинэ сэргэлтийн бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, эдийн засгийн өсөлтийг дунд хугацаанд 7-8 хувьд хадгалах боломжтой гэж тооцож байна. Үүнд уул уурхай, хөдөө аж ахуй болон үйлчилгээний салбарын өсөлт голлон нөлөөлөх бөгөөд дотоодын худалдаа, үйлчилгээний салбарын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж, өсөлтийг дэмжинэ гэж төсөөлж байна.

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: Сангийн яам

Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Тод индэр

Г.Занданшатар: Авлига, хээл хахуультай тэмцэх, шударга ёсыг тогтоох гол зэвсгүүдийн нэг Хиймэл оюун ухаан байх болно

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцож, харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын инженер, техникийн ажилтнууд, бизнес эрхлэгчид, эрдэмтэд, мэргэжилтнүүдэд хандан үг хэллээ. Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай анхдагч хуулийн төслийг Засгийн газраас энэ сарын 03-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ, хиймэл оюун ухаан, машин сургалт, юмсын интернэтийн хөгжлийн хурд дэлхий дахинд нүд ирмэх зуур хувьсан өөрчлөгдөж байгааг онцлоод, Цахим үндэстэн болох зорилтынхоо хүрээнд та бүхний мэдлэг, оюуны хүчээр манай улс хурдацтай хөгжин дэвшиж байна гэлээ. Тэрбээр, “E-Mongolia”, https://d.parliament.mn/ платформыг жишээлэн дурдаж, би өдөр тутам ChatGPT ашиглахын зэрэгцээ зарим үед хэрэгтэй зураг, лого зэргийг AI-аар бүтээлгэдэг болсон гэсэн юм. Хувийн хэвшлийнхэн төртэйгөө хамтран хиймэл оюун ухаан хөгжүүлж байгааг www.shilen.gov.mn-ээс харж болно гээд тэрбээр, хиймэл оюун ухаанд хамаатан садан, ашиг сонирхлын зөрчил гэж байдаггүй тул авлига, хээл хахуультай тэмцэх, шударга ёсыг тогтоох гол зэвсгүүдийн нэг болно гэдэгт итгэлтэй байна гэсэн юм.

Мэдээллийн технологийн салбарыг экспортод чиглүүлэн хөгжүүлэх, гадаадын зах зээлд гаргахад дэмжлэг үзүүлэх, энтрепренёр, гарааны бизнесийг дэмжих хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, үндэсний тоон контентыг эдийн засгийн эргэлтэд оруулах зэрэг ойрын үеийн чухал зорилтууд хүлээгдэж байгааг тэрбээр тэмдэглээд, Монгол Улсын хөгжлийн болого, хөтөлбөрүүдэд туссан зорилго, зорилтууд, “Цахим Үндэстэн” санаачилгын хэрэгжилтийн тухай товч танилцуулсан юм. Хөдөө, орон нутгийг харилцаа холбоо, өндөр хурдны интернэт сүлжээнд холбох, дижитал дэд бүтцийг байгуулах төрийн үйлчилгээг цахимжуулах, цахим мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, тоон бичиг үсгийн чадавхыг сайжруулах зэрэг ажлууд амжилттай өрнөж буйг Улсын Их Хурлын дарга зориуд дурдсан юм. Энэ салбарын хөгжил нь инновацыг идэвхжүүлж, үйлдвэрлэл, экспортыг дэмжих, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд үр өгөөжөө өгөх ёстой хэмээн тэрбээр өгүүлээд, энэ үр өгөөж нь нийгмийн бүхий л салбарт нэвтэрч, бүтээмж, өрсөлдөх чадварыг сайжруулж, шинэ шинэ ажлын байрыг нэмэгдүүлэн, инновацыг хөгжүүлэх хөшүүрэг болно гэлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Тод индэр

Л.Оюун-Эрдэнэ: Хуримтлалын сан бол дундаж давхаргыг тэлэх үндэсний шинэ тогтолцоо юм

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор Хуримтлалын сангийн данс нээх үйл ажиллагаанд оролцож, үг хэллээ.

Тэрбээр “Монгол Улсын экпортын 93 хувийг бүрдүүлдэг уул уурхайн салбарын нээлттэй, ил тод байдлыг хангахын төлөө Засгийн газар өнгөрсөн хугацаанд бүх хүчээ дайчлан ажиллалаа. Баялгийн реформын төлөөх тэмцэл, санаачилгад хамт байсаар ирсэн ард түмэндээ талархаж байна. Оюутолгойн 2.3 тэрбум ам.долларын өр тэглэгдэж, төрийн эх үүсвэрээр хувьдаа авахыг санаархсан Эрдэнэтийн луйврын схем илчлэгдэж, “Эрдэнэс Тавантолгой” компани ил тод болж, бүтээгдэхүүнээ биржээр арилждаг болсноор ДНБ 2020 онд 37 их наяд төгрөг байсан бол 2023 онд 68.9 их наяд төгрөг болсон. Нэг хүнд ногдох ДНБ 2023 онд анх удаагаа 5,875 ам.долларт хүрсэн. Валютын нөөц 5.0 тэрбум ам.долларт хүрч, төлбөрийн тэнцэл анх удаа 1.5 тэрбум ам.доллараар давлаа. Эдийн засгийн өсөлт цар тахлын үед -4.6 хувь байсан бол өнөөдөр долоон хувь хүртэл өслөө. Хөгжлийн банкны бондуудыг өөрийн эх үүсвэрээр төлж, болзошгүй дампуурлаас гарлаа. Өнөөдөр бид хамтдаа Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын санг нээж байна. “Эрдэнэс Монгол”-ын эзэмшлийн стратегийн ордуудын 34 хувьд ногдох ногдол ашиг иргэдийн Хуримтлалын санд төвлөрч байна гэсэн үг. Хуримтлалын сан бол дундаж давхаргыг тэлэх үндэсний шинэ тогтолцоо юм. Иргэн бүр орон сууцтай, эрүүл, өндөр боловсролтой байж чадвал өөрийнхөө болон гэр бүлийн ирээдүйгээ өөрчлөх суурь болж чадна. Ийм иргэдтэй улс орон өөдлөн хөгжих суурь тавигдна. Нийгмийн хөгжлийн суурь асуудлууд ч ингэж л шийдэгдэнэ” гэлээ.

Мөн Хуримтлалын сан бол Та бидний шинэ итгэлцийн гэрээ бөгөөд хамтын хариуцлагын хэлцэл байх болно. Хамтдаа бид стратегийн ордуудад түшиглэсэн төслүүдээ ашигтай ажиллуулахыг бүх нийтээрээ дэмжиж, мөн хяналт тавина гэдгийг тэмдэглэлээ.

Үндэсний баялгийн сан Ирээдүйн өв сан, Хөгжлийн сан, Хуримтлалын сан гэсэн гурван данстай байх юм. Хуримтлалын санг Сингапурын Хуримтлалын сангийн загварт тулгуурлан хөгжүүлж, иргэдэд орон сууц, боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр дэмжлэг үзүүлэхэд зориулах юм. Өнөөдөр Хуримтлалын санд Эрдэнэтийн 34, Оюутолгойн 34, Тавантолгойн 34 хувь шилжиж, “Эрдэнэс Монгол” нэгдэл 500.0 тэрбум төгрөгийг энэ санд шилжүүлж, орон сууцны хөтөлбөрийн эх үүсвэрийг нэмэгдүүллээ. Ингэснээр Монголбанк, арилжааны банкуудтай хамтран ажиллаж, ипотекийн зээлийн эх үүсвэр 1.2 их наяд төгрөг болж, хүлээлгэд байсан 10,000 айл өрх орон сууцны зээлийн хөтөлбөрт хамрагдах боломж бүрдэж байна.

Улсын хэмжээнд энэ оны тавдугаар сарын 1-ний байдлаар нийт 20.1 мянган иргэн ипотекийн зээлд хамрагдах хүсэлтээ өгөөд байгаагийн 3,520 нь орон нутагт, үлдсэн 16,531 нь Улаанбаатарт байна. Он гарснаас хойш эхний дөрвөн сарын байдлаар улсын хэмжээнд 300 гаруй тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг 2600 гаруй иргэнд олгожээ.

Дэлгэрэнгүй унших

Тод индэр

Б.Ганбат: Технологийн дагуу өнгөт тэмдэглэгээний илүүдэл материалыг бэхжилтээ бүрэн авсны дараа цэвэрлэдэг

Огноо:

,

Нарны замын зорчих хэсгийн асфальт бетон хучилтын ажил дуусаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг өчигдөр 06:00 цагт нээсэн. Уг замын өнгөт тэмдэглэгээ борооны усны улмаас урссан эсэх асуудлаар нийслэлийн Замын хөгжлийн газрын Зам арчлалтын хяналтын хэлтсийн Ахлах мэргэжилтэн Б.Ганбат дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр тус замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн хүрээнд хийгдэж буй гарцны өмнөх өнгөт тэмдэглэгээний ажил бүрэн дуусаагүй байна. Борооны улмаас өнгөт тэмдэглэгээний илүүдэл материалууд урссан гэж олон нийтийн сүлжээгээр шүүмжилж байна. Технологийн дагуу өнгөт тэмдэглэгээний илүүдэл материалыг бэхжилтээ бүрэн авсны дараа цэвэрлэдэг. Ямар ч урсаж алга болсон зүйл байхгүй бөгөөд замын чанар, стандартад нөлөөлөхгүй гэдгийг онцоллоо.

Түүнчлэн нарны зам дагуух борооны ус зайлуулах шугам хоолой, явган замын рамп, авто замын тэмдэглэлийн ажлууд үргэлжилж байна. Мөн замын урд хэсэгт ус зайлуулах, шингээх худаг хоёрыг шинээр хийнэ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод мэдээ2024/05/15

Ойн улаан хачгийн тархалтын шинэ цэг илрүүллээ

Тод мэдээ2024/05/15

Хянан шалгах түр хорооны ээлжит сонсголыг 5 дугаар сарын 21, 22-ны ө...

Өнөөдөр2024/05/15

Энэ онд нийслэлийн хэмжээнд 17 байршлын замыг засаж, шинэчилнэ

Тод мэдээ2024/05/15

Хот, нийтийн аж ахуйн салбарын 13 мэргэжлээр 100 хүүхдийг Германд су...

Өнөөдөр2024/05/15

Д.Бат-Эрдэнэ: Сонгуулийн ил тод, нээлттэй, хяналттай зохион байгуула...

Тод мэдээ2024/05/15

УНТЭ: ОХУ-ын эмч нар элэг шилжүүлэн суулгах чиглэлээр суралцлаа

Тод индэр2024/05/15

Г.Занданшатар: Авлига, хээл хахуультай тэмцэх, шударга ёсыг тогтоох ...

Тод мэдээ2024/05/15

Шалбарсан, гэмтэлтэй цахилгааны утас ашиглахгүй байхыг зөвлөж байна

Тод мэдээ2024/05/15

Англи хэлний Pearson хөтөлбөрийг өргөжүүлэхэд ИБУИНХУ-ын дэмжлэгийг ...

Өнөөдөр1 өдөр.өмнө

Гамшиг, осол, аюулт үзэгдлийн 125 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэ...

Өнөөдөр1 өдөр.өмнө

Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжих авто замын төслүүдийг шуурхай ...

Тод мэдээ1 өдөр.өмнө

Соёлын биет өвийн эд зүйлсийг хууль бусаар худалдахыг завдсан хэргий...

Тод мэдээ1 өдөр.өмнө

"Давсны мэдээлэл сурталчилгааны 7 хоног" эхэллээ

Өнөөдөр1 өдөр.өмнө

Бага тойруугийн авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ...

Тод мэдээ1 өдөр.өмнө

Бүх боомтоор ХАА-н гаралтай бүтээгдэхүүн экспортлох боломжийг бүрдүү...

Өнөөдөр1 өдөр.өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг нэг нэгж хувиар бууруулж, 11 хувь болгов

Тод мэдээ1 өдөр.өмнө

Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн чиглэлийн галт тэрэгний хуваарьт өөрчлөл...

Тод мэдээ1 өдөр.өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСВУ-ын Элчин сайдыг хүлээн авч...

Тод мэдээ1 өдөр.өмнө

Гол, усны ослоос сэрэмжлүүлж байна

Тод мэдээ2024/05/13

Булган аймгийн Дашинчилэн сумын ойд улсын начин Б.Түмэндэмбэрэл түрү...

Тод мэдээ2024/05/13

32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний төв байгуулж, тохижуулна

Тод мэдээ2024/05/13

Зудын улмаас зүй бусаар хорогдсон малын сэг зэмийг устгах, халдваргү...

Тод мэдээ2024/05/13

Монгол Улсын Ерөнхийлөгч хашаандаа мод тарьж, ургуулж буй айлд зочил...

Тод мэдээ2024/05/13

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна, дотор талбайг засварлаж байна

Тод мэдээ2024/05/13

Төрийн албаны тусгай шалгалт эхэллээ

Тод мэдээ2024/05/13

Сэлэнгэ аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймрийг унтрааха...

Өнөөдөр2024/05/13

Хоёр орны хамтарсан “Талын түнш-2024” хээрийн сургууль э...

Өнөөдөр2024/05/13

УИХ: Намын бүлэг, ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана

Өнөөдөр2024/05/13

Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан

Тод мэдээ2024/05/10

Цахим худалдаа, дижитал эдийн засгийн асуудлаарх Засгийн газар хооро...

Санал болгох