Дэлхий нийтээр..
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нарын уулзалт болов
НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын 15 дугаар чуулганы хүрээнд Далайд гарцгүй хөгжиж буй орнууд (ДГХБО)-ын Сайд нарын уулзалтыг Женев хотноо 2021 оны есдүгээр сарын 2-ны өдөр цахимаар зохион байгуулав.
Уулзалтыг Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв, Дэлхийн худалдааны байгууллага болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Л.Пүрэвсүрэн ДГХБО-ын Женев дэх бүлгийн зохицуулагчийн хувиар удирдан зохион байгуулав.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг уулзалтыг нээж хэлсэн үгэндээ дэлхий дахинаа тулгамдаад буй коронавируст цар тахлын нөлөөгөөр далайд гарцгүй хөгжиж буй улсууд урьд урьдынхаас илүү хүндрэлтэй тулгарч буйг онцлоод, ДГХБО-ын түүхий эдээс хараат байдлыг бууруулж, эдийн засгийг төрөлжүүлэн, худалдааны хэмжээ, хөгжлийн түвшинг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг тэмдэглэв. Түүнчлэн тээвэр, ложистик, хөрөнгө оруулалт, цахим худалдаа, чадавхыг бэхжүүлэх зэрэг ДГХБО-д нэн чухал чиглэлээр үзүүлж буй тусламж дэмжлэгээ цаашид нэмэгдүүлэхийг хөгжлийн түншүүдэд уриалж, НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын 15 дугаар чуулганаас эдгээр чиглэлээр тус байгууллагад илүү их бүрэн эрх олгох шаардлагатай байгааг тэмдэглэв.
Уулзалтаар Балба, Боливи, Бутан, Замби, Зимбабве, Казахстан, Лаос, Парагвай зэрэг улсын худалдаа, хөгжлийн асуудал хариуцсан сайд, элчин сайд нар, НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирал, Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Цахилгаан холбооны хөгжлийн салбарын дарга, Түүхий эдийн хамтын сан байгууллагын захирал зэрэг төлөөлөгчид тус тус үг хэлж, ДГХБО-ын худалдаа, хөгжлийн асуудалд тулгарч буй сорилт бэрхшээл, түүнийг шийдвэрлэх арга замын талаар санал солилцов.
Өдгөө дэлхийд далайд гарцгүй 44 улс байгаагийн 32 нь далайд гарцгүй хөгжиж буй орнууд юм. Далайд гарцгүй хөгжиж буй орнууд нь далайн боомтоос хол оршдог, олон улсын зах зээлээс алслагдмал, гадаад худалдааны зардал өндөр, транзит улсуудаас хамаарал ихтэй зэрэг олон тулгамдсан асуудалтай бөгөөд олон улсын худалдаанд тэдний эзлэх хувь дөнгөж 1 хувь болно.
Уулзалтын дүнд 2021 оны 10 дугаар сарын 3-7-нд болох НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын 15 дугаар чуулганд хандан гаргаж буй Далайд гарцгүй хөгжиж буй улсуудын Сайд нарын тунхаглалыг батлав.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Дэлхий нийтээр..2023/09/22
Баянхонгор аймагт ингэний 30-40 ферм байгуулахад Ерөнхий сайдаас дэмжлэг хүслээ
-
Үйл явдал2020/10/21
Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан
-
Үйл явдал2022/05/17
Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан
-
Хэн юу хэлэв...2022/02/09
М.Баяраа: Аж ахуйн нэгжүүдэд үзүүлсэн дэмжлэг зөрчил гэж ойлгогдсон
