Хэн юу хэлэв...
М.Баяраа: Аж ахуйн нэгжүүдэд үзүүлсэн дэмжлэг зөрчил гэж ойлгогдсон
Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга М.Баяраатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Нийслэлийн Өмчийн харилцааны газар нийслэлийн төсөвт жилд хэчнээн төгрөгийн орлого төвлөрүүлдэг вэ?
-Нийслэлд орлого төвлөрүүлдэг гурван агентлаг байдаг. Үүнд, Нийслэлийн Татварын газар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн Өмчийн харилцааны газар багтдаг. Нийслэлийн Өмчийн харилцааны газарт түрээсийн орлого, өмчийн дуудлага худалдааны орлого, нийслэлийн харьяа байгууллагуудын ногдол ашиг, акталсан хөрөнгө борлуулсан орлого гэх үндсэн дөрвөн төрлийн орлогоос бүрддэг. Үүнээс түрээсийн орлогын хувьд 2018 онд 1.6 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэх байснаас 1.8 тэрбумыг төвлөрүүлсэн байдаг. 2019 онд 1.8 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөснөө давуулан биелүүлж, 2 тэрбум төгрөг төвлөрүүлэн 115 хувийн гүйцэтгэлтэй ажилласан. Харин цар тахлын үед буюу 2020 онд түрээсийн орлогод 3.1 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөснөөс 2.5 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж 82.5 хувийн гүйцэтгэлтэй ажилласан. Тэгэхээр “Ковид 19” цар тахлын үед зарим түрээслэгчдэд хөнгөлөлт үзүүлэх шаардлага үүссэн.
-Нийслэлийн өмчит объектуудад зарим аж ахуйн нэгж түрээсийн гэрээ байгуулаагүй, төлбөргүй үйл ажиллагаа явуулж байсан гэх мэдээлэл зарим хэвлэлээр гарсан. Энэ талаар тодруулахгүй юу?
-Нийслэл дэх төрийн Аудитын газраас дөрвөн жилд нэг удаа хийдэг хуваарьт шалгалтаар 2018-2020 оны түрээсийн үйл ажиллагаанд шалгалт явуулсан. Манай Нийслэлийн Өмчийн харилцааны газраас шалгалтын багийнхантай хамтарч ажиллан, түрээслүүлж байгаа бүх объектоо нэг бүрчлэн танилцуулж, шалгуулсан. Шалгалтаар илэрсэн зөрчлүүдтэй холбоотойгоор Нийслэлийн Өмчийн харилцааны газраас 2021 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдөр Нийслэлийн Аудитын газарт тайлбар хүргүүлсэн.
Тухайн тайлбарт аж ахуйн нэгжүүд 2019 он хүртэл гэрээгээ байгуулаад явж байсан. Харин 2020 онд "Ковид-19"-ийн нөхцөл байдлаас шалтгаалан зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг нь дэмжих үүднээс Нийслэлийн Засаг даргын захирамжаар түрээсийн хөнгөлөлт эдлүүлэх, чөлөөлөх ажлууд хийсэн. Хөл хорионы үед үйл ажиллагаа нь зогссон худалдаа, үйлчилгээ эрхлэгчид, жижиг, дунд бизнес эрхлэгчдээ нийслэлээс дэмжсэн юм. Тухайлбал, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Нийслэлийн Засаг захиргааны 4-р байр, Ерөнхий боловсролын сургуулийн цайны газарт үйл ажиллагаа явуулж байсан иргэн, аж ахуйн нэгжүүд хөнгөлөлтөд хамрагдсан. Удаан хугацаанд хөл хориотой байсан учраас үйл ажиллагаа явуулах боломжгүй болж түрээсээ төлж чадахгүйд хүрсэн. Хоёр жилийн турш “Ковид-19” цар тахлаас үүдэн үйл ажиллагаа эрхлэх боломжгүй болсон бизнес эрхлэгчдээс түрээс нэхэх хүндрэлтэй. Бид жижиг, дунд бизнес эрхлэгчдээ дэмжих ёстой. Энэ талаар бид Нийслэлийн Аудитын газарт тайлбар хүргүүлсэн. Одоо Аудитын газрын гаргасан дүгнэлтийн дагуу Ажлын хэсэг байгуулагдаад илэрсэн зөрчлүүдийг арилгах, дахин нягтлах, шалгах ажлыг зохион байгуулаад явж байгаа.

-Тухайн байгууллагуудаас авах түрээсийн үнийг хаанаас тогтоодог вэ?
- 2018 оны НИТХ-ын Тэргүүлэгчдийн 40 дүгээр тогтоолоор түрээсийн төлбөрийн доод жишиг үнийг тогтоосон байдаг бөгөөд тухайн түрээслүүлэх талбайн зориулалт, байршил бусад нөхцөлөөс хамаарч түрээсийн төлбөр харилцан адилгүй байдаг. Түүнээс биш зарим байгууллагаас хэт өндөр түрээс аваад, заримаас нь түрээс авдаггүй гэсэн зүйл байхгүй.
-Хотын дарга нийслэлийн харьяа байгууллагуудад цахим үйлчилгээг нэвтрүүлэх, олон нийтэд ил тод, нээлттэй байх бодлого баримталж байгаа. Энэ чиглэлээр танай байгууллага хэрхэн ажиллаж байгаа вэ?
-Нийслэлийн өмчийн үр ашгийг дээшлүүлэх, хадгалах, хамгаалах тал дээр олон ажлыг хийж байгаа. Тухайлбал Нийслэл өмчийн нэгдсэн мэдээллийн цахим сантай болохоор ажиллаж байна. Нийслэлтэй хамааралтай бүх өмчийн түрээс, дуудлага худалдаа гэх мэт үйл ажиллагаа цахим системд нээлттэй байдлаар орж байгаа. Төрийн байгууллагын нээлттэй, ил тод байх гэдэг зарчим дээр үндэслэн бүх мэдээллээ цахим руу шилжүүлж байна. 30 жилийн хугацаанд анх удаа цахим хэлбэрт шилжиж байна гэсэн үг. Мөн олон жил үргэлжилсэн, өмчийн маргаантай нийслэлийн 32 объектыг чиг үүргийнхээ хүрээнд шүүхэд шилжүүлсэн. Нийслэлийн өмчийг хадгалах, хамгаалах тал дээр холбогдох хуулийн байгууллагуудад хандан ажиллаж байна.
-Урт цагаанд үйлчилгээ эрхлэгчид шүүхийн маргаантай байгаа. Энэ асуудал шийдэгдэж байгаа юу?
-Урт цагааны барилга байгууламж ашиглалтын шаардлага хангахгүй, галын аюулгүй байдлыг бүрэн хангахааргүй бөгөөд газар хөдлөлтөд нурах магадлалтай гэсэн дүгнэлтийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас удаа дараа гаргасан. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн А/216 дугаар захирамжаар урт цагаан үйлчилгээний төвийн үйл ажиллагааг зогсоосон. Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас Урт цагааны барилгыг буулгаад, шинэ барилга барьж, жуулчны гудамжийг бий болгох төлөвлөгөөг боловсруулсан. Гэвч тухайн барилгад үйл ажиллагаа явуулж байсан аж ахуй нэгжүүд уг захирамжийг хууль бус хэмээн үзэж шүүхэд хандсан. Шүүхээс тухайн захирамжийн биелэлтийг түдгэлзүүлсэн байдалтай байна. Шүүхээр энэхүү асуудлыг эцэслэн шийдэх байх. Тиймээс ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг түрээслэх, үйл ажиллагаа явуулах боломжгүй учраас нийслэлийн зүгээс тухайн түрээслэгч байгууллагуудтай гэрээ хийхээс татгалзаж байгаа.
-Нийслэл өмч, хөрөнгөө хэдий хугацаанд тоолдог вэ?
-Нийслэлийн өмчийн тооллогыг дөрвөн жилд нэг удаа хийдэг. Энэ жил буюу 2022 оны гуравдугаар сард улсын хэмжээнд тооллого хийнэ.
НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР
Хэн юу хэлэв...
Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр /2026.06.30/ Төв цэнгэлдэх хүрээлэнд ажиллалаа.
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тохижилтын ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Үүнд үзэгчдийн суудал, дотоод зам, дээврийн хэсгийн засвар, гадна тохижилт, ногоон байгууламж, үйлчилгээний хэсгийн зохион байгуулалтын ажлууд багтаж байна.
Шадар сайд баяр наадмын өдрүүдэд авто зогсоол, нийтийн тээвэр, ариун цэврийн байгууламж, үйлчилгээний стандартын бэлтгэлийг сайтар хангах шаардлагатайг онцоллоо. Мөн энэ жилийн зохион байгуулалтын туршлага, анхаарах асуудлыг нэгтгэсэн гарын авлага боловсруулж үлдээх чиглэл өглөө.

Үндэсний их баяр наадмын Ерөнхий найруулагч Д.Баярбаатарын мэдээлснээр долдугаар сарын 3, 7-нд наадмын нээлтийн тоглолтын бэлтгэл ажлын явцтай танилцахаар төлөвлөж байна гэлээ.
Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав бөхийн барилдааны нэг, хоёрын давааг долдугаар сарын 10-нд зохион байгуулахаар төлөвлөж байгааг мэдээлэв.
Шадар сайд Н.Номтойбаяр баяр наадмын үйл ажиллагааг нарийн төлөвлөсөн цагийн хуваарийн дагуу зохион байгуулах, жуулчдад зориулсан тайлбар, мэдээллийг олон хэлээр бэлтгэх, тасалбарын борлуулалтын тухайд урилга байсан ч төлбөртэй гэдгийг онцоллоо.

Түүнчлэн сур, шагайн харвааны талбайн тохижилт, хоол үйлчилгээний стандарт, иргэдэд нээлттэй шууд дамжуулалтын зохион байгуулалтад анхаарч ажиллахыг үүрэг болголоо.






Хэн юу хэлэв...
Зам, тээврийн сайд газрын тосны бүтээгдэхүүний тээвэрлэлтийг тасалдуулахгүй байхыг үүрэг болголоо
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 оны зургаадугаар сарын 29-ний өдөр Төмөр замын газар, "Монголын төмөр зам" ТӨХК, "Улаанбаатар төмөр зам" ХНН болон нефть импортлогч компаниудын төлөөлөлтэй уулзаж, газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт, тээвэрлэлтийн асуудлаар үүрэг чиглэл өглөө.
Уулзалтын үеэр дэлхий дахин болон бүс нутгийн нөхцөл байдлаас шалтгаалан нефтийн нийлүүлэлт хүндрэх эрсдэл байгааг онцолж, төмөр замын байгууллагуудад газрын тосны бүтээгдэхүүний тээвэрлэлтийг тасалдуулахгүй байх чиглэлд онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгожээ.
Мөн нефть импортлогч компаниуд болон холбогдох байгууллагуудад шатахуун, түлшний нөөцөө хангалттай бүрдүүлэх, нийлүүлэлтийг тасралтгүй байлгах, гаалийн байгууллагатай нягт хамтран ажиллахыг сануулсан байна.
Түүнчлэн иргэний нисэх болон төмөр замын байгууллагууд одоогийн түлш, шатахууны нөөц, цаашдын хэрэгцээний тооцоогоо яаралтай танилцуулж, бүтээн байгуулалтын ажлуудад шатахууны нийлүүлэлтээс шалтгаалсан саатал үүсгэхгүйгээр төлөвлөн ажиллах шаардлагатайг Зам, тээврийн сайд онцоллоо.
Түүнээс гадна Зам, тээврийн яамнаас баримталж буй бодлогын хүрээнд нефть импортлогч компаниудын хүсэлтийг үндэслэн аюултай ачаа хадгалах агуулах, сав барих зориулалтын газрын асуудлыг төрийн холбогдох байгууллагуудтай зөвшилцөн шийдвэрлэх, дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийллээ.
Хэн юу хэлэв...
Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
Тахилгад Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийг төлөөлөн оролцлоо. Тахилгын өмнөх орой “Тэнгэр үзэлтний мөнх тэнгэр нэгдсэн хороо” НҮТББ-ын бөө нар лус, галын тахилга, хайрхны тэнгэрийг тахих ёслол үйлдлээ.
Төрийн нэрийн өмнөөс бөө нараар зан үйл хийлгэдэг түүхэн уламжлал байсныг судлаачид Монголын нууц товчооны 272 дугаар зүйл, Жужан, Хятан Улсын тухай түүхэн эх сурвалжуудыг харьцуулан судалж тогтоосон. Иймээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ удаагийн тахилгад бөө нарыг оролцуулах шийдвэрийг өнгөрсөн тавдугаар сард гаргасан юм. Энэ дагуу төрийн тахилгад шилмэл 99 бөө оролцож, тус тусын зан үйлээ үйлдлээ.
Мөн орой Хэнтий, Төв аймгийн лам нар Итгэл, Ганданлажаа, Өлзийхутаг буулгах сан болон Долоон бурхан од тус бүрт тахилгын ном хурлаа.
Тахилгын өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх төрийн бэлгэдлийг илэрхийлж, хүндэт харуулын цэргүүдээр хамгаалуулан тахилга үйлдэх талбайд хүрэлцэн ирлээ.
Дараа нь Монгол Улсын Төрийн далбаа, Хэнтий, Төв аймгийн туг, Эзэн Богд Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнийг тахилын ширээнээ залж байрлууллаа. Төрийн хонжин тэргүүтэй Хүндэт харуулын цэргүүд Бүх цэргийн Их хар сүлд, Өмнө, Өрнө, Умар, Дорнын элч сүлдийг залсны дараа Их сүлдэч зул, арц, хүж асаан хүндэтгэл үзүүллээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, хамаг монголчуудын дээд шүтээн Хэнтий хан, Бурхан Халдун уул бол Эзэн богд Чингис хааны сүр хүч, суу алдрыг тэтгэгч Сүлд тэнгэрийг оршоосон, үеийн үед тахиж, өнө мөнхөд шүтэх зарлигтай хайрхан гэдгийг онцоллоо.
Оройн дээд шүтээн Эзэн Богд Чингис хааны айлтгалтай Бурхан Халдун хайрхны цадиг түүх бол төрт ёс, түүхэн уламжлал, түмэн олны сүсэг бишрэл, төр, шашны эрхэм ёс, байгаль дэлхийгээ шүтэн дээдлэх ардын ухаан, өв соёл, зан заншлын цогц илэрхийлэл болохыг тэмдэглэлээ.
Иймээс Их хааны айлтгал, Их Монгол Улсын өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн алтан хэлхээг бататган илэрхийлэх үүднээс Бурхан Халдун уулын хүндэтгэлийн цогцолборыг төрийн тэргүүний зарлигаар шинээр бүтээж, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Эзэн Богд Чингис хааны мэндэлсэн морин жил ёслол төгөлдөр нээж байгааг сонордууллаа.
Ерөнхийлөгч, Их хааны суу алдар, үйл хэрэг, билиг сургаалыг эрхэмлэн дээдэлж, даган мөрдөж, түгээн дэлгэрүүлэх нь Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаа монголчуудын эрхэм дээд үүрэг гэдгийг хэллээ. Мөн Хэнтий хан хайрхан, Бурхан Халдун уулын шүтээн Сүлд тэнгэр монгол төрийг хүчирхэгжүүлэн, ард олныг энхжүүлэн, ээлийн дээдээ хүртээж, ивээлийн ихээ хайрлаж байхыг сүслэн даатгалаа.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Алтанхуягийн Үйлстөгөлдөр Бурхан Халдун хайрхны тэнгэрт хандсан айлтгалыг дуудан сонсгож, торгон дээр бичсэн эх хувийг нь Хэнтий аймгийн музейд хадгалуулахаар Засаг дарга Дамдинжавын Аюурбуньд хүлээлгэн өглөө.
Төрийн хонжин Бүх цэргийн Их хар сүлдний тайлга эхлэх команд өгөхөд хөгжимд хүндэтгэлийн аялгуу эгшиглэлээ. Их сүлдэч “Их хар сүлдийн өчил” өчих үед тахилгад оролцогсод Их хар сүлдэнд хүндэтгэл үзүүллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх идээ шүүсний дээж зэргийг Их хар сүлд болон хайрхны зүг өргөж, Их хар сүлдэнд мөргөлөө.
Ерөнхийлөгч тэнгэрт хүргэх дуут сумыг Хэнтий аймгийн Баян-Адарга сумын харьяат, Сумын мэргэн Жаргалсүрэнгийн Эрхэмбаярт хүлээлгэн өгч, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын харьяат, Сумын алдарт уяач, мянгат малчин Цэрэнжамцын Барссайханы цагаан /бор/ азаргыг сэтэрлэлээ.
Хүндэт харуулын цэргүүд Бүх цэргийн Их хар сүлд, Өмнө, Өрнө, Умар, Дорнын элч сүлдийг Монгол Улсын Төрийн далбаа, Хэнтий, Төв аймгийн туг, Эзэн Богд Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнийг буцаан заллаа. Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх хүндэтгэлийн гэрэлт цогцолборт мэхийн ёсолж, тэнгэрт дахин хүндэтгэл үзүүлснээр Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тайх төрийн тахилга өндөрлөлөө.
Бурхан Халдун уулыг Хиад боржигины өвөг Бодончарын үеэс тахиж, Эзэн Богд Чингис хааны үед Хамаг Монгол, Монголын Эзэнт гүрний Сүлд уул болгон тахиж байсан. 1995 онд Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн тахилгатай уул болгосон юм. 2015 онд ХБНГУ-ын Бонн хотноо болсон ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны чуулганаас “Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг” гэсэн нэрээр Дэлхийн соёлын өвд бүртгэжээ.
-
Дэлхий нийтээр..2024/04/29
Б.Мөнх-Эрдэнэ, Б.Бадамдорж нар сонгомол бөхийн төрлөөр олимпын эрхийн тэмцээнд о...
-
Дэлхий нийтээр..2020/01/09
Сургуулийн автобусаар зорчигч хүүхдүүд чип бүхий бугуйвчтай болно
-
Дэлхий нийтээр..2025/06/04
УИХ: Өнөөдөр болох байнгын хороодын хуралдаан
-
Дэлхий нийтээр..2025/08/07
ГЕГ: Монгол Улс дэлхийн 68 оронд бараа экспортолжээ
