Хэн юу хэлэв...
Я.Эрдэнэсайхан: Үндэсний үйлдвэрлэгчдийг бүтээгдэхүүний танилцуулгаа ирүүлэхийг урьж байна
Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайханаас бэлгийн багцын талаар тодрууллаа.
-Гадаадын зочид, төлөөлөгчдөд үндэсний үйлдвэрлэгч нарынхаа бүтээгдэхүүнийг багц болгон бэлэглэж байя гэдэг санаачилгыг гаргасан байсан. Энэ чиглэлд ямар ажлууд хийгдэж байна?
-ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар энэ талаар ярилцсан байсан. Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар, Элчин сайдын яамдууд гадны зочид, төлөөлөгч нарт зориулж бэлэг өгөх шаардлага гардаг. Монгол Улсыг төлөөлж өгч байгаа бэлэг учраас дотооддоо үйлдвэрлэсэн, үндэснийхээ онцлог дүр төрхийг илэрхийлсэн, чанар стандартын шаардлага хангасан байвал зүгээр гэж ярилцаад Жижиг, дунд үйлдвэрлэлийн газрын даргын тушаал 2021 оны 4-р сард гарсан. Энэ ажлын хүрээнд хэвлэл мэдээлэл, олон нийтийн хэрэгслээр дамжуулан үйлдвэрлэгчдэд хандаж бэлгийн багцад оруулах бүтээгдэхүүнийхээ дээж, танилцуулгыг ирүүлэхийг урьсан. Нийт 22 үйлдвэрлэгчээс бүтээгдэхүүний үнэ, санал ирсэн. Тоо ширхэг, бүтээгдэхүүний чанар болон яг бэлэг болгон өгөх зориулалтын шаардлагыг төдийлөн сайн хангаж чадахгүй байна гэж үзэж байгаа.
Гадаад харилцааны яамныхан бас ажлын хэсэг байгуулаад Дипломат төлөөлөгчийн газар, Элчин сайдуудын яамдуудаас саналыг нь авч, судалж үзье гэж ярилцаж байгаа юм билээ. Одоохондоо эцсийн байдлаар шийдэгдээгүй байна.
-Энэ санаачилгыг ажил хэрэг болгож, хэрэгжүүлэх нь аль аль талдаа үр ашигтай байх болов уу гэж харж байна?
-Ер нь нэгдсэн шаардлага бүхий бэлгийн багц гаргаж өгөх нь үндэсний үйлдвэрлэлийнхээ бүтээгдэхүүн цаашлаад монголоо сурталчлах давуу талтай. Бид гадны орнуудын туршлагыг судалж үзсэн. Жишээлбэл, Солонгосын парламентын гишүүн нь тухайн сонгогдсон тойргийнхоо бүтээгдэхүүнийг гадны зочид төлөөлөгчдөд өгдөг. Энэ нь улсаа сурталчлахаас гадна тойргоо сурталчилж байгаа юм. Солонгос, Япон улсад гадны гэхгүй дотоодынхоо төлөөлөгчдөд ч их хурлын гишүүний хувиар бэлэг өгдөг юм байна. Энэ жишгээс бид санаа авч, ажил хэрэг болгохоор ажиллаж байна.
-Бэлгийн багцад оруулах бүтээгдэхүүнд ямар шаардлага тавих вэ. Нэгдсэн стандарт гэж байх уу?
-Яг тогтсон стандарт гэж байхгүй. Нэг жишээ дурдахад, Вьетнамын төлөөлөгчид арьсан түрийвч, бээлий, цүнх гээд арьсан бүтээгдэхүүн их сонирхдог. Гэтэл Солонгос, Япончууд илүү архи сонирхдог. Харин Европынхон, Канадууд ноолууран бүтээгдэхүүн сонирхдог гээд улс орны онцлог өөр учраас бүгдэд нь ижилхэн бэлэг өгч болохгүй. Тиймээс тухайн оронд сууж байгаа монголын төлөөллийн байгууллагуудаас санал авах хэрэгтэй байна. Дээрээс нь нэг жилд хэдий хэмжээний тоо ширхгийг ямар төсвөөр хийдэг гэдгийг мэдэх хэрэгтэй. Ингэж байж үнэдээ тааруулан бэлгийн багц гаргана.
-Саналаа ирүүлсэн компаниуд ямар бүтээгдэхүүн санал болгож байна вэ?
-Зарим нь ноос, ноолууран зарим нь арьсан, архи гээд төрөл бүрийн бүтээгдэхүүн байгаа учраас нийлүүлээд “бэлгийн багц” гаргах боломжтой. Одоохондоо энэ багц бүрдээгүй байна. Тэгэхээр аж ахуйн нэгжүүдээс дахин санал авах шаардлагатай байгаа юм. Өмнө ирсэн болон шинээр ирэх бүтээгдэхүүнээ нийлүүлж байгаад сонгон шалгаруулалт хийе гэж төлөвлөж байна. Жижиг, дунд үйлдвэрийн газраас үндэсний үйлдвэрлэлийнхээ борлуулалтад тодорхой хэмжээнд дэмжлэг үзүүлэхийг зорьж байна. Тийм учраас үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд энэ ажилд идэвхтэй оролцож, бүтээгдэхүүний дээж, танилцуулгаа ирүүлэхийг урьж байна. Сонирхсон жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид turbold@sme.gov.mn мэйл хаяг руу байгууллага болон бүтээгдэхүүний товч танилцуулгыг үнийн саналын хамт 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор ирүүлэх боломжтой.
Эх сурвалж: ХХААХҮЯ
Хэн юу хэлэв...
Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюанийг эх орондоо бүрмөсөн буцахтай нь холбогдуулан /2026.07.21/ хүлээн авч уулзав.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнуулсан Элчин сайдад Ерөнхий сайд Н.Учрал баяр хүргээд, томилолтын хугацаандаа хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд идэвх чармайлт гарган, хоёр улсын ард түмний нөхөрлөлийг бэхжүүлэхэд өндөр хувь нэмэр оруулж ажилласныг Монгол Улсын Засгийн газар өндрөөр үнэлж буйг тэмдэглэв.

Элчин сайд цаашид ч хоёр улсын хамтын ажиллагаанд анхаарч ажиллахаа илэрхийлээд, Монгол Улсын Засгийн газрын хүсэлтийн дагуу БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун, мөн агаарын хөлгийн түлш нийлүүлэхэд анхаарч ажиллаж байгааг хэлэв.
Хоёр талын хамтын ажиллагааны чухал чиглэл болох Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал зэрэг боомтыг төмөр замаар холбох, холбогдох гэрээ, хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах замаар эрх зүйн орчныг бэхжүүлэх ажил хэрэгжинэ гэдэгт итгэлтэй буйгаа Ерөнхий сайд илэрхийллээ.
Элчин сайд Шэнь Миньжюань Монгол Улсад хоёр жил 10 сарын хугацаанд томилолтоор ажиллаад, эх орондоо буцах гэж байна.


Хэн юу хэлэв...
Ерөнхий сайд СОР17 бага хурлын бэлтгэл, төслийн талбай дахь бүтээн байгуулалтын явцтай танилцав
НҮБ-ын цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17-р бага хурлыг /СОР17/ Монгол Улс энэ оны наймдугаар сарын 17-28-нд Улаанбаатар хотноо зохион байгуулна.
Ерөнхий сайд Н.Учрал тус хурлын бэлтгэл болон төслийн талбай дахь бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж, салбар хоорондын уялдаа холбоог хангаж, мэдээлэл солилцлоо.
СОР 17 нь Монгол Улсад дэлхий нийтийн анхаарал, хөрөнгө оруулалт, туршлага, дэвшилтэт технологийг татах, цөлжилттэй тэмцэх, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал арга хэмжээ юм.

Уг бага хурлыг Ногоон болон Цэнхэр бүс гэсэн хоёр үндсэн хэсэгт хуваан, тус бүрийг өөр өөр агуулга, сэдвийн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөжээ.
Дэлхийн 190 орчим орны 2,000 гаруй төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд буй СОР17 бага хурлын ач холбогдлыг иргэдэд таниулах ажлыг эрчимжүүлэхийг Ерөнхий сайдН.Учрал үүрэг болголоо. Мөн бага хурлын зохион байгуулалттай холбоотой санхүү, төсвийн мэдээллийг олон нийт болон шийдвэр гаргагчдад ил тод, нээлттэй байлгахыг холбогдох албаныханд даалгав.

COP17 хурлын үеэрх замын хөдөлгөөний зохицуулалт, түр хаалт, нийтийн тээврийн чиглэл, сургууль, цэцэрлэг, зах, худалдаа үйлчилгээний төвийн ажиллах хуваарь зэрэг шаардлагатай мэдээллийгнаймдугаар сарын 1-нээс өмнө иргэдэд хүргэж ажиллахыг Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо.
“Эх байгалиа сэргээж, итгэл найдвараа бадраая” уриатай СОР17 бага хурал нь Монгол Улсын Засгийн газрын ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх, зорилтуудыг олон улсын түвшинд уялдуулах чухал алхам болох юм.
Малчдын төлөөллийг тус хуралд оролцуулж, тэдний санал, хүсэлтийг олон улсад хүргэх ёстой гэсэн саналыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат хэлж байлаа.










Хэн юу хэлэв...
Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр /2026.06.30/ Төв цэнгэлдэх хүрээлэнд ажиллалаа.
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тохижилтын ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Үүнд үзэгчдийн суудал, дотоод зам, дээврийн хэсгийн засвар, гадна тохижилт, ногоон байгууламж, үйлчилгээний хэсгийн зохион байгуулалтын ажлууд багтаж байна.
Шадар сайд баяр наадмын өдрүүдэд авто зогсоол, нийтийн тээвэр, ариун цэврийн байгууламж, үйлчилгээний стандартын бэлтгэлийг сайтар хангах шаардлагатайг онцоллоо. Мөн энэ жилийн зохион байгуулалтын туршлага, анхаарах асуудлыг нэгтгэсэн гарын авлага боловсруулж үлдээх чиглэл өглөө.

Үндэсний их баяр наадмын Ерөнхий найруулагч Д.Баярбаатарын мэдээлснээр долдугаар сарын 3, 7-нд наадмын нээлтийн тоглолтын бэлтгэл ажлын явцтай танилцахаар төлөвлөж байна гэлээ.
Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав бөхийн барилдааны нэг, хоёрын давааг долдугаар сарын 10-нд зохион байгуулахаар төлөвлөж байгааг мэдээлэв.
Шадар сайд Н.Номтойбаяр баяр наадмын үйл ажиллагааг нарийн төлөвлөсөн цагийн хуваарийн дагуу зохион байгуулах, жуулчдад зориулсан тайлбар, мэдээллийг олон хэлээр бэлтгэх, тасалбарын борлуулалтын тухайд урилга байсан ч төлбөртэй гэдгийг онцоллоо.

Түүнчлэн сур, шагайн харвааны талбайн тохижилт, хоол үйлчилгээний стандарт, иргэдэд нээлттэй шууд дамжуулалтын зохион байгуулалтад анхаарч ажиллахыг үүрэг болголоо.






