Тод индэр
У.Хүрэлсүх: МҮЭХ-г бүх талаар дэмжиж ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар тэргүүтэй удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. МҮЭХ-ны төлөөлөл Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь баяр хүргэж, ажлын амжилт хүсэв.
МҮЭХ-той хөдөлмөрчин хүний эрх ашгийг хамгаалах, цалин хөлс, нийгмийн асуудалд нь анхаарах, үйлдвэрчний эвлэлийн байгууллагыг бэхжүүлэх зэрэг чиглэлээр хамтарч ажиллахаа Монгол Улсын Ерөнхийлөгч хэлэв. 1999 оноос хойш өөрчлөгдөөгүй Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ хэлэлцэн батлахад МҮЭХ-ны хүчин зүтгэл их байсныг тэмдэглэв. Ирэх сарын эхээр зохион байгуулах цар тахлын эсрэг төр, хувийн хэвшлийн зөвлөгөөнд МҮЭХ оролцож, байр сууриа илэрхийлэх нь зүйтэй гэж үзэж байгаагаа хэлэв.
Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа МҮЭХ-той нягт хамтран ажиллаж байсныг МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар тэмдэглэлээ. Түүний дотор дөрвөн төрлийн татварын нэмэгдэл, нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой асуудлыг иргэдэд ээлтэй байдлаар шийдсэнд талархаж байдгаа илэрхийлэв. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар батлуулахад хүчин чармайлт гаргасныг онцоллоо. Цаашид энэ хуулийн хэрэгжилтэд анхаарах, Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг УИХ одоогийнхоос дордуулахгүй батлахад анхаарахыг хүсэв.
МҮЭХ-ны төлөөлөл үндэсний бүтээмжийн хөдөлгөөн өрнүүлэх, төрийн өмчит болон компаниуд ажилчиддаа хувьцаа эзэмшүүлдэг байх, боловсролын салбарынхны цалинг дундаж цалингийн хэмжээнд хүргэх, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх зэрэгт дэмжлэг үзүүлэхийг хүслээ.
Тод индэр
Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим иргэн байна
Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулах төслийг Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн 158 га талбайд хэрэгжүүлж буй.
Энэ хүрээнд 2206 нэгж талбарыг чөлөөлөхөөс 1736 иргэнтэй нөхөн олговрын гэрээ байгуулж, нөхөх олговрыг олгоод байна.
Энэ талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөх хэлтсийн дарга Мөнхбаяр “Сэлбэ дэд төвийн 158 га газрын нөлөөлөлд 2206 иргэний газар өртсөн. Өнгөрсөн оны гуравдугаар сарын 18-нд иргэдээс нийгэм, эдийн засгийн судалгаа болон санал асуулга авч, 70-аас дээш хувийн дэмжлэг авсан тул төслийн газар чөлөөлөлтийн ажлыг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 1736 иргэнтэй нөхөн олговрын гэрээ байгуулж, иргэдийн мөнгийг дансанд нь шилжүүлсэн. Үүнээс 1562 айл байсан газрыг чөлөөлж цэвэрлээд байна” гэлээ.
Мөн газар чөлөөлөөгүй 280 орчим нэгж талбар үлдсэн бөгөөд үүний 30 орчим нь уг төслийг огт дэмжээгүй байна. Иймээс эдгээр иргэдтэй өдөр бүр уулзаж, сонсох ажиллагаа хийж байгааг хэллээ.
Тод индэр
Я.Чулуунхүү: Эзэнгүй нохой, муурыг барьж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлж байна
Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор эзэнгүй нохой, муур, мал амьтныг барьж, асрамжлах газарт байрлуулах ажлыг дөрөвдүгээр сарын 24-28-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ талаар УБЗАА-ны Захиргаа, санхүүгийн удирдлагын газрын дарга Н.Отгонбаяраас тодрууллаа.
Тэрбээр “2025 онд НЗДТГ болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд эзэнгүй нохой, мууртай холбоотой гомдол олноороо ирсэн. Тиймээс нийслэлийн Засаг даргын захирамжаар эзэнгүй нохой, муурыг эзэнжүүлэх, түр асрах байранд хүргэх, анхан шатны вакцин хийх, туулга өгөх, үржлийг хязгаарлах үйлчилгээ үзүүлж байна. Нохой, муур барих ажилд нийслэлийн зургаан дүүргийн онцгой, цагдаагийн албан хаагчид болон УБЗАА, нийслэлээс холбогдох албаныхан 1000 гаруй хүн ажиллаж байна. Энэ удаагийн байршил СХД-ийн 20 дугаар хорооноос эхэлж, Туулын бургаснаас хойш самнах ажиллагаа явуулж байна” гэлээ.
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны Засаг дарга Я.Чулуунхүү “Нийслэлийн Засаг даргын захирамжаар нохой, муур барих, эзэнжүүлэх арга хэмжээ 20 дугаар хороонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Манай хороо гэр хороолол, байшин хороолол, үйлдвэрлэлийн бүс ихтэй. Үйлдвэрлэлийн бүсэд эзэнгүй нохой, муур олон байдаг. Бага насны хүүхдүүдийг хичээл сургуульдаа явахад айлгадаг. Тиймээс нохой, муур барих ажил иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой” гэв.