Тод мэдээ
Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлэг боллоо

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хурал 2021 оны наймдугаар сарын 12-ны өдөр боллоо. Хуралдаанд УИХ-ын Инноваци, цахим бодлогын байнгын хорооны гишүүд, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Санхүүгийн мэдээллийн алба, Хууль зүй, дотоод хэргийн яамны удирдлага, холбогдох албан тушаалтнууд оролцлоо.
Хурлыг Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван нээж, үг хэлсэн бөгөөд тэрбээр “Виртуал хөрөнгийн салбарын олон улсын туршлага, зохицуулалт” сэдвээр танилцуулга хийв. Мөн энэ үеэр Санхүүгийн мэдээллийн албаны дарга Б.Батбаатар “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл”, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Долгорсүрэн “Виртуал хөрөнгийн зохицуулалтын олон улсын хандлага болон Монгол Улс дахь виртуал хөрөнгийн мэдээлэл” сэдвээр тус тус танилцуулга хийж, оролцогчдын асуултад хариулж, хэлэлцүүлэг өрнүүлэв.
Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага ФАТФ-ын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхтэй тэмцэх олон улсын стандартын Зөвлөмж 15-т заасны дагуу улс орнууд виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийн хууль, эрх зүйн орчинг бүрдүүлж, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангаж ажиллах үүрэгтэй.
Энэ хүрээнд Монголбанк, Санхүүгийн мэдээллийн алба, Санхүүгийн зохицуулах хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам болон бусад холбогдох байгууллагууд хамтран Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчтэй холбоотой хуулийн төсөл боловсруулах хэрэгцээ, шаардлагыг судалсны үндсэн дээр Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл болон дагалдах хуулиудад оруулах нэмэлт өөрчлөлтүүдийг Хууль, тогтоомжийн тухай хууль болон бусад олон улсын туршлага, стандартад нийцүүлэн боловсруулсан.
Хуулийн төслийг УИХ-ын 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, холбогдох байнгын хорооны анхны хэлэлцүүлэгт шилжүүлсэн бөгөөд байнгын хорооноос 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаараа хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг байгуулсан юм.
Уг хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсад виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн хууль, эрх зүйн орчин бүрдэж, ФАТФ-ын техник хэрэгжилтийг хангах, эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжих эерэг нөлөөтэй юм гэж Монголбанкнаас мэдээллээ.
Тод мэдээ
Сүхбаатар дүүрэгт 37228 ам.метр явган хүний замын засвар, арчлалтыг энэ сарын 20-ноос эхлүүлнэ
Нийслэлээс явган замын арчлалтыг сайжруулах үүднээс байршлууд дээр нь очиж тогтмол ажиллаж байгаа. Тухайлбал, энэ сарын 17-ны өдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг болон холбогдох албаныхан хотын гол, гудамж замын зарим байршилд явган замын нөхцөл байдалтай танилцаж, үүрэг чиглэл өглөө.
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд ажиллахдаа явган замгүй байршлуудад хэрхэн явган зам гаргах, иргэдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах асуудлаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг болон албаны хүмүүстэй ярилцлаа.
Энэ үеэр Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг “Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу өнгөрсөн амралтын өдрүүдээр дүүргийн Тамгын газар, хороодын ажлын албатай хамтарч Сүхбаатар дүүргийн 1-11 дүгээр хорооны 355 байршилд 37228 ам.метр талбайн явган хүний зам талбайн арчлалтыг шалгасан. Явган хүний замын хавтангуудын арчлалтыг сайжруулах, засварлах шаардлагатай хэсгүүдэд ажлыг энэ сарын 20-ноос эхлүүлж, үе шаттай явуулна. Эхний ээлжид Сүхбаатар дүүргийн Бага тойруугаас Их тойруу доторх явган хүний замыг засварлана. Багшийн дээдийн хойно Спортын төв ордны арк дээр иргэдээс гомдол их ирдэг. Автомашин явах хоёр урсгал замтай ч хажуугаар нь явган хүний зам байдаггүй. Тиймээс иргэд, орчмоор нь зорчиж байгаа оюутнуудад зорчиход хүндрэлтэй. Энэ хэсэгт мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулж, явган хүний замыг хийхээр төлөвлөж байна” гэлээ.
Сүхбаатар дүүргийн хэмжээнд Энхтайваны өргөн чөлөө буюу Арслантай гүүрний баруун талаас Баруун 4 зам хүртэлх явган хүний замыг шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Гэрээнд заасан хугацааны дагуу ажлууд хийгдэнэ. МУИС-ийн баруун талаас Засгийн газрын ордны зүүн талд байрлах “Галлериа Улаанбаатар”-ын урд талын хэсэг, СТӨ-ний ард талын хэсгийн явган замын ажлуудыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас хяналт тавин гүйцэтгэж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Тод мэдээ
Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ
Нийслэлийн Засаг даргын 2025 оны “Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнөөдрөөс Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ.
Тодруулбал, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, дүүргүүдийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн алба хаагчид Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу 9 чиглэлд ирэх есдүгээр сарын 21-ний өдрийг дуустал хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллах юм. Энэ жилээс Сэлбэ гол дагуу хөдөлгөөнт эрүүл ажиллана. Нийслэлийн хэмжээнд гол, усны ослоос аврах, урьдчилан сэргийлэх завьт болон хөдөлгөөнт эргүүл 15 дахь жилдээ ажиллаж байна.
НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС
Тод мэдээ
Сүхбаатарын талбайн хоёр талын явган хүний замыг шинэчлэх ажил үргэлжилж байна
Нийт 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчлэх ажил үргэлжилж байна. Үүний нэг болох Сүхбаатарын талбайн хоёр талын 5012 ам.метр талбай бүхий явган хүний зам засварын байршилд холбогдох албаныхан ажиллалаа.
Тухайн байршилд ажилласан УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “Нийслэл хотын хэмжээнд төв магистрал зургаан гудамжинд байгалийн чулуун хавтангаар явган хүний зам хийж байна. Тухайлбал, Төв шуудангийн уулзвараас Сүхбаатарын талбайг тойрсон явган хүний замыг тодорхой хэсгүүдэд хувааж, ажлыг үргэлжлүүлж байгаа юм. Ажил гүйцэтгэхдээ явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулахгүйн тулд иргэд чөлөөтэй зорчих гарцыг гаргасан” гэлээ.
Түүнчлэн явган замыг байгалийн боржин чулуун хавтангаар шинэчлэхдээ галаар шатаах, цохилттой дрилл ашиглан барзгар гадаргуу үүсгэх байдлаар технологийн шинэчлэлтийн ажлыг зарим шаардлагатай хэсэгт оруулж өгч байгааг ажил гүйцэтгэгчид хэллээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС