Тод мэдээ
Онгийн голын гүүр ашиглалтад орлоо
Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутаг Онги голын 54.8 м урт төмөр бетон гүүрийн нээлт болов. Зам, тээврийн хөгжлийн яамны захиалгаар уг гүүрийн зураг төслийг “ГБЭТ” ХХК зохиож, “Зам Замын Байгууламж” ХХК барьсан бөгөөд Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ техник, технологийн хяналт тавьж ажилласан байна.
Гүүрийн барилгын ажлыг 2020 оны тавдугаар сард эхлүүлж өнгөрсөн зургадугаар сард бүрэн дуусгажээ. 260 м урт хайрган хучилттай авто зам, 130 м урт эргийн чулуун бэхэлгээ, 80 м урт далангийн налуугийн чулуун бэхэлгээтэй гүүрийг “ЗЗБ” ХХК-ийн ерөнхий инженер А.Жавхлантөгс ахлагчтай 30 гаруй ажилтан 17 ш машин механизм, тоног төхөөрөмжтэйгээр батлагдсан зураг төсөл, техникийн шаардлага, гэрээний нөхцөлийн дагуу ажлын график төлөвлөгөө, технологи аргачлалыг гаргаж, орон нутгийн удирдах байгууллагуудтай хамтран байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг ханган ажиллаж гүйцэтгэсэн байна гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.
Тод мэдээ
Соёлын биет өвийн эд зүйлсийг хууль бусаар худалдахыг завдсан хэргийг шүүхэд шилжүүллээ
Прокурорын байгууллага 2024 оны тавдугаар сарын 6-10-ны өдрүүдэд 223 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.
Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 94, Өмчлөх эрхийн эсрэг 61, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 39, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 13, Хүний амьд явах эрхийн эсрэг 8, Хүрээлэн байгаа орчны эсрэг болон Авлига, албан тушаалын тус бүр 3, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 2, Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх 1 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:
Нийслэлийн прокурорын газраас Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Засаг дарга О.Т нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хэсгийн ахлагчаар Г.Ч-г ажилд томилон цалин олгож, өөртөө авч зарцуулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
-Баянгол дүүргийн 309 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Э.А нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ой тогтоолтын сургалтад хамрагдсан хүүхдүүдийн төлбөрийн 20 хувийг цэцэрлэг хөгжүүлэх санд төвлөрүүлэх нэрийдлээр өөртөө шилжүүлэн авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
-Иргэн Б.Б нь Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт аюултай бодисын жагсаалтад багтсан мөнгөн усыг зориулалтын бусаар ашигласан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 1 /Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
-Сүхбаатар дүүргийн прокурорын газраас иргэн Т.Э, Э.Г нар нь Хүннүгийн үеийн НТӨ II зуунаас НТ I зуунд хамаарах соёлын биет өв, XVII-XIX зууны үеийн бурхны шашны сүм хийдэд ашиглагдаж байсан эдлэлийг хууль бусаар худалдаалахыг завдсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 25.5 дугаар зүйлийн 1 /Соёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлжээ.
Тод мэдээ
"Давсны мэдээлэл сурталчилгааны 7 хоног" эхэллээ
Энэ сарын 13-ны өдрөөс "Давсны мэдээлэл сурталчилгааны 7 хоног" "Эрүүл зүрхний төлөө давсаа багасгацгаая" уриан дор эхэлж байна. Давс хэтрүүлэн хэрэглэх нь зүрх судасны өвчин, цусны даралт ихсэлт, чихрийн шижин, хавдар зэрэг халдварт бус өвчнөөр өвчлөх шалтгаан болдог байна.
Монгол Улсад 2019 онд хийгдсэн “Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын үндэсний IV судалгаа”-гаар нийт хүн амын давсны дундаж хэрэглээ 10.5 г байгаа нь 2013 оны судалгааны үр дүнтэй харьцуулахад үндэсний хэмжээнд 0.6 г, баруун бүсэд 5.1 г, Улаанбаатар хотод 1.2 г -аар тус тус буурсан үзүүлэлттэй байгаа ч монгол хүний давсны хоногийн хэрэглээ нь ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс 2 дахин их хэвээр байна гэж НЭМҮТ-өөс мэдээллээ.
Тод мэдээ
Бүх боомтоор ХАА-н гаралтай бүтээгдэхүүн экспортлох боломжийг бүрдүүлнэ
Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос 2024 онд экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр хийж хэрэгжүүлэх ажлаа товч танилцууллаа. Ингэхдээ бүсчилсэн хөгжлийн бодлогод нийцүүлж бүсийн эдийн засаг, худалдааны хэрэгцээ шаардлагад үндэслэн боомтуудыг хөгжүүлнэ. Бүс нутгийн эдийн засгийн интеграцид Монгол Улсын оролцоог нэмэгдүүлж, тээвэр логистикийн эрсдэл зардлыг бууруулна гэлээ.
Мөн олон улсын жишигт нийцсэн боомтын тоог нэмэгдүүлнэ. "Ханги", "Бичигт", "Булган", "Хавирга", "Цагаандэл-Уул" зэрэг 5 боомтыг өргөтгөж, хүчин чадлыг нэмэгдүүлнэ.
Түүнчлэн "Эрээнцав" боомтыг олон улсын зэрэглэлтэй болгоно. Тэсэрч, дэлбэрэх аюултай барааг импортлох зөвшөөрөлтэй боомтын тоог нэмэгдүүлнэ.
Бүх боомтоор ХАА-н гаралтай бүтээгдэхүүнийг экспортлох боломжийг бүрдүүлнэ гэж Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос мэдээллээ.
Сэтгэгдэл