Тод мэдээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Эдийн засгийн сэргээн босголт “Ковид-19” цар тахалтай тэмцэх асуудал эрхэлсэн сайд Я.Нишимуратай уулзав

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Эдийн засгийн сэргээн босголт "Ковид-19" цар тахалтай тэмцэх асуудал эрхэлсэн сайд Я.Нишимура, Японы ХӨСҮТ-ийн захирал Т.Вакида нарыг хүлээн авч уулзан, "Ковид-19"-ийн нөхцөл байдал, төр засаг, эрүүл мэндийн байгууллагаас авч буй арга хэмжээ, цар тахалтай тэмцэх чиглэлд хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд дэлгэрэнгүй санал солилцов.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Засгийн газар "Ковид-19" цар тахлын үед манай улсад дэмжлэг туслалцаа үзүүлж, нэн ялангуяа манай өсвөр насны хүүхдүүдийг вакцинжуулж байгаад талархал илэрхийлэв. Тэрээр хичээл сургуулийн үйл ажиллагааг хэрхэн зохицуулж, эмчилгээнд ямар эм хэрэглэж, эдийн засгийн цаашдын төлөв байдлыг хэрхэн харж, "Ковид-19" цар тахлын дараа ард иргэдийг аль болох түргэн энгийн амьдралд эргэн оруулах ямар стратеги төлөвлөгөөтэй байгаа талаарх Япон Улсын туршлага, үйл ажиллагааг сонирхов. Япон дахь дельта вирусын тархалт, вакцины дархлаажуулалтын үр нөлөө, эмийн хэрэглээ, нэн ялангуяа хүндээр өвдсөн өвчнүүдэд чиглэсэн эмчилгээний талаар тодруулж, мэдээлэл авав. Японы Халдварт өвчин судлалын үндэсний төв манай эмч, ажилтнуудыг сургалтад хамруулж, дадлагажуулах зэргээр дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэнд талархал илэрхийлээд манай ХӨСҮТ-өөс тус төвд илгээгээд буй SARS-CoV-2 вирусын генийн өөрчлөлтийг шинжлүүлэх ажлыг түргэтгэж өгөхийг хүсэв.
Японы тал тус улсад хэрэглэгдэж байгаа гол эмнүүд хөнгөн шинж тэмдэгтэй өвчнүүдэд илүү үр нөлөөтэй байгаа, мөн цар тахлын эсрэг эм шинээр бүтээж байгаа талаараа танилцуулж, дельта вирусын тархалт нийт тохиолдлын 30-40 хувьтай тэнцэж байгаа, халдварын тархалтаас урьдчилан сэргийлэхэд халдвар хамгаалалтын дэглэмийг чанд сахихын сацуу хавьталд орсон иргэдийн бүртгэл мэдээллийг нарийвчлан гаргаж байгааг танилцуулав. Япон Улс эмнэлгийн ажилтнууд, өндөр настнуудаа вакцинд хамруулж дууссан, халдвар албан байгууллага, ажлын байранд их гарч байгаа, түүнчлэн айл өрхийн нэг гишүүн өвдөхөд бусад нь дагаад халдвар авч байгаа нь урьд нь түгээмэл байгаагүй тул хэрхэн урьдчилан сэргийлэх дээр анхаарч байгаа талаар ярив.
Сайд Я.Нишимура цаашдын төлөв амаргүй харагдаж байна гээд Монгол Улс цаг алдалгүй вакцинжуулалтын асуудлыг шийдвэрлэснийг дурдаад Японд энэ оны 10-11 дүгээр сард багтааж хүн амынхаа 60 орчим хувийг вакцинжуулалтад хамруулахыг зорьж байгаа, үүний дараа эдийн засгийн үйл ажиллагааг идэвхжүүлэх боломж нэмэгдэнэ гэж харж байгаа гэв. Халдвар хамгааллын дэглэмийн тухайд, Токиод оройны 20 цагаас хойш зоогийн газруудыг ажиллуулахгүй байгаа. PCR шинжилгээнд өдөрт 100 мянган иргэн хамрагдаж байна, түргэвчилсэн оношлуурын хувьд хариу нь 15 минутад гардаг шуурхай багцыг өргөнөөр ашиглаж байгааг танилцуулав.
Талууд мэдээллээ цаашид тогтмол солилцож, хамтарсан судалгаа хийх зэргээр улам нягт хамтран ажиллахаар ярилцав.
Тод мэдээ
Сүхбаатар дүүрэгт 37228 ам.метр явган хүний замын засвар, арчлалтыг энэ сарын 20-ноос эхлүүлнэ
Нийслэлээс явган замын арчлалтыг сайжруулах үүднээс байршлууд дээр нь очиж тогтмол ажиллаж байгаа. Тухайлбал, энэ сарын 17-ны өдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг болон холбогдох албаныхан хотын гол, гудамж замын зарим байршилд явган замын нөхцөл байдалтай танилцаж, үүрэг чиглэл өглөө.
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд ажиллахдаа явган замгүй байршлуудад хэрхэн явган зам гаргах, иргэдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах асуудлаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг болон албаны хүмүүстэй ярилцлаа.
Энэ үеэр Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг “Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу өнгөрсөн амралтын өдрүүдээр дүүргийн Тамгын газар, хороодын ажлын албатай хамтарч Сүхбаатар дүүргийн 1-11 дүгээр хорооны 355 байршилд 37228 ам.метр талбайн явган хүний зам талбайн арчлалтыг шалгасан. Явган хүний замын хавтангуудын арчлалтыг сайжруулах, засварлах шаардлагатай хэсгүүдэд ажлыг энэ сарын 20-ноос эхлүүлж, үе шаттай явуулна. Эхний ээлжид Сүхбаатар дүүргийн Бага тойруугаас Их тойруу доторх явган хүний замыг засварлана. Багшийн дээдийн хойно Спортын төв ордны арк дээр иргэдээс гомдол их ирдэг. Автомашин явах хоёр урсгал замтай ч хажуугаар нь явган хүний зам байдаггүй. Тиймээс иргэд, орчмоор нь зорчиж байгаа оюутнуудад зорчиход хүндрэлтэй. Энэ хэсэгт мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулж, явган хүний замыг хийхээр төлөвлөж байна” гэлээ.
Сүхбаатар дүүргийн хэмжээнд Энхтайваны өргөн чөлөө буюу Арслантай гүүрний баруун талаас Баруун 4 зам хүртэлх явган хүний замыг шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Гэрээнд заасан хугацааны дагуу ажлууд хийгдэнэ. МУИС-ийн баруун талаас Засгийн газрын ордны зүүн талд байрлах “Галлериа Улаанбаатар”-ын урд талын хэсэг, СТӨ-ний ард талын хэсгийн явган замын ажлуудыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас хяналт тавин гүйцэтгэж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Тод мэдээ
Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ
Нийслэлийн Засаг даргын 2025 оны “Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнөөдрөөс Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ.
Тодруулбал, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, дүүргүүдийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн алба хаагчид Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу 9 чиглэлд ирэх есдүгээр сарын 21-ний өдрийг дуустал хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллах юм. Энэ жилээс Сэлбэ гол дагуу хөдөлгөөнт эрүүл ажиллана. Нийслэлийн хэмжээнд гол, усны ослоос аврах, урьдчилан сэргийлэх завьт болон хөдөлгөөнт эргүүл 15 дахь жилдээ ажиллаж байна.
НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС
Тод мэдээ
Сүхбаатарын талбайн хоёр талын явган хүний замыг шинэчлэх ажил үргэлжилж байна
Нийт 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчлэх ажил үргэлжилж байна. Үүний нэг болох Сүхбаатарын талбайн хоёр талын 5012 ам.метр талбай бүхий явган хүний зам засварын байршилд холбогдох албаныхан ажиллалаа.
Тухайн байршилд ажилласан УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “Нийслэл хотын хэмжээнд төв магистрал зургаан гудамжинд байгалийн чулуун хавтангаар явган хүний зам хийж байна. Тухайлбал, Төв шуудангийн уулзвараас Сүхбаатарын талбайг тойрсон явган хүний замыг тодорхой хэсгүүдэд хувааж, ажлыг үргэлжлүүлж байгаа юм. Ажил гүйцэтгэхдээ явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулахгүйн тулд иргэд чөлөөтэй зорчих гарцыг гаргасан” гэлээ.
Түүнчлэн явган замыг байгалийн боржин чулуун хавтангаар шинэчлэхдээ галаар шатаах, цохилттой дрилл ашиглан барзгар гадаргуу үүсгэх байдлаар технологийн шинэчлэлтийн ажлыг зарим шаардлагатай хэсэгт оруулж өгч байгааг ажил гүйцэтгэгчид хэллээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС