Тод мэдээ
Ирэх сарын цаг агаарын ерөнхий төлөв

Цаг уурын байгууллагаас ирэх долдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөвийг гаргасан байна. Энэ сард газар тариалангийн бүс нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох бол нутгийн өмнөд хэсгээр агаарын температур олон жилийн дунджаас дулаан, хур тунадас олон жилийн дунджаас бага байх төлөвтэй байна.
Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Ховд, Говь–Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, Увсын ихэнх нутаг, Завханы хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Ховд, Говь–Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үе болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр агаарын температур өмнөх үеэсээ 4–6°С–аар сэрүүснэ. Харин нэг ба хоёр, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар 28–32°С хүрч хална. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үе болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 16-18 м/с хүрч ширүүсч болзошгүй.
Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Өвөрхангай аймгийн өмнөд хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Булган, Сэлэнгэ, Төв аймгийн нутаг, Архангай, Хөвсгөлийн зүүн хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр агаарын температур өмнөх үеэсээ 4–6°С–аар сэрүүснэ. Харин нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар 28–32°С хүрч хална.Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 16-18 м/с хүрч ширүүсч болзошгүй.
Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Сүхбаатарын баруун өмнөд хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим, хур тунадас Хэнтий, Дорнодын хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна.Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеээр агаарын температур өмнөх үеэсээ 3–8°С–аар сэрүүснэ. Харин гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар 30–34°С хүрч хална. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө ширүүсч зарим газраар 12-14 м/с, зарим үед түр зуур 16–18 м/с хүрч ширүүсч болзошгүй.
Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас Өмнөговь, Дорноговийн нутгаар олон жилийн дунджаас бага, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлчээр агаарын температур өмнөх үеэсээ 3–5°С–аар сэрүүснэ. Харин хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар 32–36°С хүрч хална.Нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 18-20 м/с хүрч ширүүсч болзошгүй.
Эх сурвалж: ЦУОШГ
Тод мэдээ
Сүхбаатар дүүрэгт 37228 ам.метр явган хүний замын засвар, арчлалтыг энэ сарын 20-ноос эхлүүлнэ
Нийслэлээс явган замын арчлалтыг сайжруулах үүднээс байршлууд дээр нь очиж тогтмол ажиллаж байгаа. Тухайлбал, энэ сарын 17-ны өдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг болон холбогдох албаныхан хотын гол, гудамж замын зарим байршилд явган замын нөхцөл байдалтай танилцаж, үүрэг чиглэл өглөө.
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд ажиллахдаа явган замгүй байршлуудад хэрхэн явган зам гаргах, иргэдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах асуудлаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг болон албаны хүмүүстэй ярилцлаа.
Энэ үеэр Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг “Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу өнгөрсөн амралтын өдрүүдээр дүүргийн Тамгын газар, хороодын ажлын албатай хамтарч Сүхбаатар дүүргийн 1-11 дүгээр хорооны 355 байршилд 37228 ам.метр талбайн явган хүний зам талбайн арчлалтыг шалгасан. Явган хүний замын хавтангуудын арчлалтыг сайжруулах, засварлах шаардлагатай хэсгүүдэд ажлыг энэ сарын 20-ноос эхлүүлж, үе шаттай явуулна. Эхний ээлжид Сүхбаатар дүүргийн Бага тойруугаас Их тойруу доторх явган хүний замыг засварлана. Багшийн дээдийн хойно Спортын төв ордны арк дээр иргэдээс гомдол их ирдэг. Автомашин явах хоёр урсгал замтай ч хажуугаар нь явган хүний зам байдаггүй. Тиймээс иргэд, орчмоор нь зорчиж байгаа оюутнуудад зорчиход хүндрэлтэй. Энэ хэсэгт мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулж, явган хүний замыг хийхээр төлөвлөж байна” гэлээ.
Сүхбаатар дүүргийн хэмжээнд Энхтайваны өргөн чөлөө буюу Арслантай гүүрний баруун талаас Баруун 4 зам хүртэлх явган хүний замыг шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Гэрээнд заасан хугацааны дагуу ажлууд хийгдэнэ. МУИС-ийн баруун талаас Засгийн газрын ордны зүүн талд байрлах “Галлериа Улаанбаатар”-ын урд талын хэсэг, СТӨ-ний ард талын хэсгийн явган замын ажлуудыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас хяналт тавин гүйцэтгэж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Тод мэдээ
Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ
Нийслэлийн Засаг даргын 2025 оны “Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнөөдрөөс Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ.
Тодруулбал, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, дүүргүүдийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн алба хаагчид Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу 9 чиглэлд ирэх есдүгээр сарын 21-ний өдрийг дуустал хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллах юм. Энэ жилээс Сэлбэ гол дагуу хөдөлгөөнт эрүүл ажиллана. Нийслэлийн хэмжээнд гол, усны ослоос аврах, урьдчилан сэргийлэх завьт болон хөдөлгөөнт эргүүл 15 дахь жилдээ ажиллаж байна.
НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС
Тод мэдээ
Сүхбаатарын талбайн хоёр талын явган хүний замыг шинэчлэх ажил үргэлжилж байна
Нийт 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчлэх ажил үргэлжилж байна. Үүний нэг болох Сүхбаатарын талбайн хоёр талын 5012 ам.метр талбай бүхий явган хүний зам засварын байршилд холбогдох албаныхан ажиллалаа.
Тухайн байршилд ажилласан УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “Нийслэл хотын хэмжээнд төв магистрал зургаан гудамжинд байгалийн чулуун хавтангаар явган хүний зам хийж байна. Тухайлбал, Төв шуудангийн уулзвараас Сүхбаатарын талбайг тойрсон явган хүний замыг тодорхой хэсгүүдэд хувааж, ажлыг үргэлжлүүлж байгаа юм. Ажил гүйцэтгэхдээ явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулахгүйн тулд иргэд чөлөөтэй зорчих гарцыг гаргасан” гэлээ.
Түүнчлэн явган замыг байгалийн боржин чулуун хавтангаар шинэчлэхдээ галаар шатаах, цохилттой дрилл ашиглан барзгар гадаргуу үүсгэх байдлаар технологийн шинэчлэлтийн ажлыг зарим шаардлагатай хэсэгт оруулж өгч байгааг ажил гүйцэтгэгчид хэллээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
-
Тод зураг2019/11/06
Оршуулгын үйлчилгээнд олон улсын стандартууд нэвтрүүлж байна
-
Тод зураг2020/05/08
Гадаадад байгаа монголчуудад зориулан "Шуурхай 119" аппликэйшнийг хэрэ...
-
Тод мэдээ2024/12/27
Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн зээлийн санхүүж...
-
Тод индэр2020/09/16
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайван БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн...