Тод мэдээ
УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүд хуралдана
Монгол Улсын Их Хурал дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн өнөөдрийн /2021.06.21/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж байна.
НЭГ. УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН
- Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахим хэлбэрээр хуралдана;
- Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан" танхимаас цахим хэлбэрээр хуралдана.
ХОЁР. АЖЛЫН ДЭД ХЭСГИЙН ХУРАЛДААН
- Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 11.00 цагаас цахим хэлбэрээр хуралдана;
- Соёлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Үндсэн хууль” танхимд.
ГУРАВ. АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН
- Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
- Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Их засаг” танхимд;
- “Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд.
Тод мэдээ
Гурван ээлжээр хичээллэх эрсдэл үүссэн сургуулиудын барилгыг өргөтгөх хөрөнгө оруулалт хийнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны тавдугаар сарын 15-нд боллоо. Монгол Улсын 2024 оны төсөвт батлагдсан улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа гурван ээлжтэй сургууль, ачаалал өндөртэй байршилд байгаа сургууль болон цэцэрлэг, дотуур байрны зарим төсөл, арга хэмжээний гүйцэтгэлд анхаарч төсвийн ерөнхийлөн захирагчийн хуулиар батлагдсан дүнд багтаан зохицуулалт хийхийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгалаа.
Хот байгуулалтын норм, стандартын дагуу цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн зориулалтаар газар чөлөөлөх, норм дүрмийн дагуу олгоогүй тохиолдолд буцаан хурааж авах, шинээр ашиглалтад орж буй хотхон, хорооллуудыг ашиглалтад ороход цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн асуудлыг шийдвэрлээгүй тохиолдолд ашиглалтад орох хугацааг хойшлуулах, үүнд хяналт тавих зорилгоор улсын комиссын бүрэлдэхүүнд орон нутгийн Боловсрол, шинжлэх ухааны газраас төлөөлөл багтаах, шинээр баригдаж буй хотхон, хорооллуудад газар чөлөөлж, сургууль, цэцэрлэгийн зориулалтаар нийслэл, тухайн орон нутгийн боловсрол, шинжлэх ухааны газарт эзэмших эрхийг шилжүүлэх ажлыг зохион байгуулахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо.
Сургуулийн хүртээмж, ачааллаас шалтгаалан бий болсон гурван ээлжээр хичээллэж байгаа сургуулийн тоог бууруулахаар 11 байршилд 5980 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн төсөл, арга хэмжээг шинээр, 40,350 хүүхдийн хүчин чадалтай 86 төсөл, арга хэмжээ 2024 онд он дамжин шилжин хэрэгжиж байна.
“Гурван ээлжээр хичээллэх эрсдэл үүссэн сургуулиудын барилгыг өргөтгөх, хөрөнгө оруулалт хийх, барилга угсралтын ажлыг дуусгахад шаардлагатай санхүүжилтийг гаргаж арга хэмжээ авахыг даалгалаа” гэж Л.Энх-Амгалан сайд ярилаа.
Тод мэдээ
Ерөнхийлөгч гавьяат тамирчин Ц.Раднаад хүндэтгэл үзүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гавьяат тамирчин, Дэлхийн гүйлтийн рекорд эзэмшигч Ц.Раднааг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Ц.Раднаа гуай 1962 онд Биеийн тамирын дээд сургуульд орсноос хойш спорттой амьдралаа холбож, 1966 оноос буюу сургуулиа төгсөөд хөнгөн атлетик, тэр дундаа ойрын болон дундын зайн гүйлтээр мэргэжлийн түвшинд хичээллэж, уралдаан, тэмцээнд оролцож байжээ.
2019 онд 85 настайдаа Бүгд Найрамдах Польш Улсад болсон хөнгөн атлетикийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гурван алтан медаль хүртэж, нэг дээд амжилт тогтоосон анхны монгол хүн юм.
Түүнээс хойш Ази тивийн хэмжээнд зохиогдсон хөнгөн атлетикийн аварга шалгаруулах болон мастеруудын тэмцээнд удаа дараа оролцож, алт, мөнгөн медаль хүртэн, нийт 17 дээд амжилтын эзэн болжээ.
Өндөр настай хэдий ч биеийн тамир, спортоор тогтмол хичээллэн, дэлхийд эх орныхоо нэрийг гаргаж, хүүхэд, залууст үлгэр дуурайл үзүүлж байгаад нь Ерөнхийлөгч талархал илэрхийлж, амжилт хүслээ.
Өдгөө 90 нас сүүдэр зооглосон Ц.Раднаа гуай ирэх наймдугаар сард Шведийн Хаант Улсад болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилт гаргаж, дахин рекорд тогтоохоор бэлтгэлээ базааж байна.
Ц.Раднаа гуай өглөө бүр 3-4 км гүйж, 60, 100, 200 метрийн зайн гүйлтийг тус бүр 10 удаа давтаж, биедээ таарсан хүчний бэлтгэл, дасгал хөдөлгөөн хийдэг. Бэлтгэлээ хэтрүүлчих гээд байдаг талтай гэдгээ ярилаа. Мөн туулж өнгөрүүлсэн амьдралынхаа талаар ном бичиж эхэлснээ ч хэллээ.
Тэрбээр 90, 95 насандаа Мастеруудын дэлхийн аварга, тивийн аварга шалгаруулах тэмцээн, 2028 онд болох 100 хүртэлх насны ахмадуудын Олимпод өрсөлдөх зорилго тавьсан байна.
Хүн бүр биеийн тамир, спортоор хичээллэн, архи, согтууруулах ундаа, тамхинаас хол байвал бие, ухаан санаа эрүүл байж, урт наслах бүрэн боломжтой. Иймээс өглөө эрт босож гүйж байхыг хүүхэд, залууст захилаа.
Сэтгэгдэл