Тод мэдээ
Авто замын нүхэн эвдрэлийг шөнийн цагаар засварлаж байна

Нийслэлийн хэмжээнд 1000 гаруй км хатуу хучилттай зам бий. Ан цав, заадас засварын ажлыг тухай бүрд нь хийхгүй бол заадас нь томорсоор нүх болдог. Улмаар ус, чийг орж, замын суурь бат бэх чанараа алдаж, эвдэрдэг байна. Улаанбаатар хотын олонх замын насжилт хэтэрсэн хэдий ч Нийслэлийн Авто замын хөгжлийн газар болон Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ төсөв, санхүүдээ тулгуурлан, зам засварын ажлыг өнгөрсөн гуравдугаар сараас хойш хийж эхэлсэн. Өдгөө авто замын нүхэн эвдрэлийг засварлах ажлыг иргэдэд хүндрэл, чирэгдэл учруулахгүй байх зорилгоор шөнийн цагаар буюу 22:00-06:00 цагийн хооронд хийж, гүйцэтгэж байгаа юм. Тэд долоодугаар сарын 1-нээс өмнө ажлаа дуусгахаар төлөвлөжээ.
Улаанбаатар зам засвар, арчлалтын газар нь Сонгинохайрхан, Баянгол, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр буюу Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Чингисийн өргөн чөлөө зэрэг гудамж, замуудад нийт 30200 ам метр талбайд нүхэн эвдрэл засварлах ажил хийж гүйцэтгэнэ. Тус газрын дарга Б.Галхүү “Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын захиалгаар манайх зам арчлалтын ажил хийж байна. Заадас засварын ажлыг хийсэн. Одоо нөхөөсний ажил үргэлжилж байгаа бөгөөд 12 бригадын 70-80 хүн ажиллаж байна. 30200 ам метр авто замд засвар хийхээс одоогийн байдлаар ажил 30 хувьтай явна. Үүний дараа тэмдэг, тэмдэглэгээ хийнэ” гэсэн бол Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын Зам засвар, ашиглалтын хяналын хэлтсийн дарга Д.Ганбат “Нийслэлийн зургаан дүүрэг, 175 гудамж, замын урсгал засвар, нөхөөсний ажил хийнэ. Улаанбаатар зам засвар, арчлалтын газар Баянгол, Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт ажлуудаа эхлээд байна. Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүрэгт тендер зарлаж, 14 багц ажлаас найман гүйцэтгэгч гэрээгээ байгуулчихсан. Ирэх долоо хоногоос үлдсэн зургаа нь гэрээ байгуулж, ажлаа эхэлнэ. Урсгал засвар, нөхөөсний ажлыг 45 мянган ам метр талбайд хийхээр төлөвлөсөн” гэлээ.
Тод мэдээ
Сүхбаатар дүүрэгт 37228 ам.метр явган хүний замын засвар, арчлалтыг энэ сарын 20-ноос эхлүүлнэ
Нийслэлээс явган замын арчлалтыг сайжруулах үүднээс байршлууд дээр нь очиж тогтмол ажиллаж байгаа. Тухайлбал, энэ сарын 17-ны өдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг болон холбогдох албаныхан хотын гол, гудамж замын зарим байршилд явган замын нөхцөл байдалтай танилцаж, үүрэг чиглэл өглөө.
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд ажиллахдаа явган замгүй байршлуудад хэрхэн явган зам гаргах, иргэдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах асуудлаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг болон албаны хүмүүстэй ярилцлаа.
Энэ үеэр Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг “Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу өнгөрсөн амралтын өдрүүдээр дүүргийн Тамгын газар, хороодын ажлын албатай хамтарч Сүхбаатар дүүргийн 1-11 дүгээр хорооны 355 байршилд 37228 ам.метр талбайн явган хүний зам талбайн арчлалтыг шалгасан. Явган хүний замын хавтангуудын арчлалтыг сайжруулах, засварлах шаардлагатай хэсгүүдэд ажлыг энэ сарын 20-ноос эхлүүлж, үе шаттай явуулна. Эхний ээлжид Сүхбаатар дүүргийн Бага тойруугаас Их тойруу доторх явган хүний замыг засварлана. Багшийн дээдийн хойно Спортын төв ордны арк дээр иргэдээс гомдол их ирдэг. Автомашин явах хоёр урсгал замтай ч хажуугаар нь явган хүний зам байдаггүй. Тиймээс иргэд, орчмоор нь зорчиж байгаа оюутнуудад зорчиход хүндрэлтэй. Энэ хэсэгт мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулж, явган хүний замыг хийхээр төлөвлөж байна” гэлээ.
Сүхбаатар дүүргийн хэмжээнд Энхтайваны өргөн чөлөө буюу Арслантай гүүрний баруун талаас Баруун 4 зам хүртэлх явган хүний замыг шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Гэрээнд заасан хугацааны дагуу ажлууд хийгдэнэ. МУИС-ийн баруун талаас Засгийн газрын ордны зүүн талд байрлах “Галлериа Улаанбаатар”-ын урд талын хэсэг, СТӨ-ний ард талын хэсгийн явган замын ажлуудыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас хяналт тавин гүйцэтгэж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Тод мэдээ
Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ
Нийслэлийн Засаг даргын 2025 оны “Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнөөдрөөс Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ.
Тодруулбал, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, дүүргүүдийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн алба хаагчид Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу 9 чиглэлд ирэх есдүгээр сарын 21-ний өдрийг дуустал хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллах юм. Энэ жилээс Сэлбэ гол дагуу хөдөлгөөнт эрүүл ажиллана. Нийслэлийн хэмжээнд гол, усны ослоос аврах, урьдчилан сэргийлэх завьт болон хөдөлгөөнт эргүүл 15 дахь жилдээ ажиллаж байна.
НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС
Тод мэдээ
Сүхбаатарын талбайн хоёр талын явган хүний замыг шинэчлэх ажил үргэлжилж байна
Нийт 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчлэх ажил үргэлжилж байна. Үүний нэг болох Сүхбаатарын талбайн хоёр талын 5012 ам.метр талбай бүхий явган хүний зам засварын байршилд холбогдох албаныхан ажиллалаа.
Тухайн байршилд ажилласан УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “Нийслэл хотын хэмжээнд төв магистрал зургаан гудамжинд байгалийн чулуун хавтангаар явган хүний зам хийж байна. Тухайлбал, Төв шуудангийн уулзвараас Сүхбаатарын талбайг тойрсон явган хүний замыг тодорхой хэсгүүдэд хувааж, ажлыг үргэлжлүүлж байгаа юм. Ажил гүйцэтгэхдээ явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулахгүйн тулд иргэд чөлөөтэй зорчих гарцыг гаргасан” гэлээ.
Түүнчлэн явган замыг байгалийн боржин чулуун хавтангаар шинэчлэхдээ галаар шатаах, цохилттой дрилл ашиглан барзгар гадаргуу үүсгэх байдлаар технологийн шинэчлэлтийн ажлыг зарим шаардлагатай хэсэгт оруулж өгч байгааг ажил гүйцэтгэгчид хэллээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
-
Өнөөдөр2022/11/03
УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ долоо хоногт...
-
Тод мэдээ2022/04/19
Түлш нөөцлөхөд хүндрэл үүсэж болзошгүй гэв
-
Өнөөдөр2023/09/22
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Тод мэдээ2020/12/30
УОК: Өнгөрсөн 28 хоногт халдвар илрээгүй аймгуудад хөл хорионы зэрэглэлийг нэмэх...