Тод индэр
Шадар сайд отроор яваа малчидтай уулзав

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан отроор яваа Дундговь аймгийн зарим малчинтай уулзав. Аймгийн хэмжээнд 1145 өрхийн 945 мянган мал отроор хаваржиж байгаа бөгөөд малчид өвс, тэжээлийн үнийг тогтворжуулж, хаврын хахир хатуу үеийг хохирол багатай даван туулах нөхцөл бүрдүүлж өгөх, малын индексжүүлсэн даатгалд хамруулж өгөх хүсэлтийг уламжиллаа.
Өнгөрсөн 03 дугаар сарын 14-ний өдөр Дундговь аймагт найман цаг үргэлжилсэн хүчтэй шороон шуурганы улмаас зөвхөн Цагаандэлгэр сумын хэмжээнд гэхэд л 50 мянга гаруй мал хорогджээ. Байгалийн гамшигт өртсөн өрхүүдэд 50 гэр, мөнгөн тусламжийг Улсын онцгой комиссоос олгосон юм. Цаашид отроор яваа малчдын амьжиргааг дэмжих бодлогыг Засгийн газар, Улсын онцгой комисс баримталж байгааг Шадар сайд хэлээд малчдад хүнсний багц олголоо. Малын чанарыг сайжруулах, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор малчдад хөнгөлөлттэй зээл олгож эхэлснийг ч хэлэв.
Отроор яваа малчдыг вакцинд шуурхай хамруулах, байгалийн гамшигт хорогдсон малын сэг зэмийг яаралтай устгаж, ариутгал, халдваргүйжүүлэлт хийхийг аймгийн удирдлагуудад даалгалаа. Энэ чиглэлээр Ажлын хэсэг байгуулахаар болов. Шадар сайд С.Амарсайхан Дундговь аймагт ажиллах үеэрээ Цагаандэлгэр сумын харьяат Н.Амгаланбаатарын гэр бүлд “Улсын аварга малчин” цол, тэмдэг гардуулж хүндэтгэл үзүүлэв.
Тод индэр
Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим иргэн байна
Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулах төслийг Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн 158 га талбайд хэрэгжүүлж буй.
Энэ хүрээнд 2206 нэгж талбарыг чөлөөлөхөөс 1736 иргэнтэй нөхөн олговрын гэрээ байгуулж, нөхөх олговрыг олгоод байна.
Энэ талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөх хэлтсийн дарга Мөнхбаяр “Сэлбэ дэд төвийн 158 га газрын нөлөөлөлд 2206 иргэний газар өртсөн. Өнгөрсөн оны гуравдугаар сарын 18-нд иргэдээс нийгэм, эдийн засгийн судалгаа болон санал асуулга авч, 70-аас дээш хувийн дэмжлэг авсан тул төслийн газар чөлөөлөлтийн ажлыг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 1736 иргэнтэй нөхөн олговрын гэрээ байгуулж, иргэдийн мөнгийг дансанд нь шилжүүлсэн. Үүнээс 1562 айл байсан газрыг чөлөөлж цэвэрлээд байна” гэлээ.
Мөн газар чөлөөлөөгүй 280 орчим нэгж талбар үлдсэн бөгөөд үүний 30 орчим нь уг төслийг огт дэмжээгүй байна. Иймээс эдгээр иргэдтэй өдөр бүр уулзаж, сонсох ажиллагаа хийж байгааг хэллээ.
Тод индэр
Я.Чулуунхүү: Эзэнгүй нохой, муурыг барьж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлж байна
Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор эзэнгүй нохой, муур, мал амьтныг барьж, асрамжлах газарт байрлуулах ажлыг дөрөвдүгээр сарын 24-28-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ талаар УБЗАА-ны Захиргаа, санхүүгийн удирдлагын газрын дарга Н.Отгонбаяраас тодрууллаа.
Тэрбээр “2025 онд НЗДТГ болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд эзэнгүй нохой, мууртай холбоотой гомдол олноороо ирсэн. Тиймээс нийслэлийн Засаг даргын захирамжаар эзэнгүй нохой, муурыг эзэнжүүлэх, түр асрах байранд хүргэх, анхан шатны вакцин хийх, туулга өгөх, үржлийг хязгаарлах үйлчилгээ үзүүлж байна. Нохой, муур барих ажилд нийслэлийн зургаан дүүргийн онцгой, цагдаагийн албан хаагчид болон УБЗАА, нийслэлээс холбогдох албаныхан 1000 гаруй хүн ажиллаж байна. Энэ удаагийн байршил СХД-ийн 20 дугаар хорооноос эхэлж, Туулын бургаснаас хойш самнах ажиллагаа явуулж байна” гэлээ.
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны Засаг дарга Я.Чулуунхүү “Нийслэлийн Засаг даргын захирамжаар нохой, муур барих, эзэнжүүлэх арга хэмжээ 20 дугаар хороонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Манай хороо гэр хороолол, байшин хороолол, үйлдвэрлэлийн бүс ихтэй. Үйлдвэрлэлийн бүсэд эзэнгүй нохой, муур олон байдаг. Бага насны хүүхдүүдийг хичээл сургуульдаа явахад айлгадаг. Тиймээс нохой, муур барих ажил иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой” гэв.