Тод мэдээ
Дархан хотод Залуус хороолол барихад Засгийн газраас 50 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд өчигдөр Дархан-Уул аймгийн удирдлагууд аймаг орон нутгаа хөгжүүлэх, дэд бүтцээ сайжруулах, хүн амын төвлөрөлөө сааруулах, хот төлөвлөлтөө төгөлдөржүүлэхээр шинээр боловсруулж баталсан ерөнхий төлөвлөгөөгөө танилцуулав.
Өдгөө 109 мянга гаруй хүн амтай Дархан сум 2030 он гэхэд оршин суугчдынхаа 80 хувийг орон сууцжуулж, 2035 он гэхэд гэр хороололгүй хот болж, үүнийг даган хүн амын тоогоо 300 мянгад хүргэхээр тооцоолжээ.
Энэ хүрээнд Дархан сумын 13, 14, 15 дугаар хорооны нутаг дэвсгэрийн 11 мянга гаруй га талбайг хамарсан шинэ суурьшлын бүсийн төлөвлөлтөд Залуус хотхон, IT парк, Их дээд сургуулиудын кампус, музей, номын сангийн цогцолбор, спорт танхим, задгай талбай, аялал жуулчлалын гудамж байгуулахаар тооцоолсон байна. Тус төслийг хэрэгжүүлэхэд төрөөс дэмжлэг шаардлагатайг хэллээ. Тодруулвал ерөнхий төлөвлөгөөний дагуу 2035 он хүртэл хугацаанд 100.000 айлын орон сууц барихаар тусгасан бөгөөд тухайлбал Дархан-Уул аймгийн төвийн Дархан сумын 15-р багийн 2,524 өрхийн 8,500 гаруй иргэнийг орон сууцжуулах аж.
Дархан сумын дэд бүтцийн сүлжээг өргөтгөх, суурьшлын бүс байгуулахад эхний ээлжинд дэд бүтцийг байгуулахад нийт 50 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хэрэгтэй. Дараагийн шатны бүтээн байгуулалт, барилгажилтыг хувийн хэвшил, аж ахуйн нэгж байгууллагын оролцоотойгоор хийх аж.
Тус ерөнхий төлөвлөгөөтэй танилцсныхаа дараа Засгийн газраас дэмжлэг үзүүлж, ирэх оны төсөвт дэд бүтцийн бүтээн байгуулалтад шаардагдах 50 тэрбум төгрөгийг улсын төсөвт тусгуулж шийдвэрлүүлэхээ Ерөнхий сайд мэдэгдэв. Энэ нь Монгол Улсын Засгийн газрын үндсэн дөрвөн зорилтын нэг төвлөрлийг сааруулах бодлогод нийцэж буйг онцлов.
Дархан сумыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний хүрээнд баригдах нэг дэд төсөл болох “Залуус Хороолол” нь нийт 11.6 га талбайг хамрах бөгөөд урьдчилсан байдлаар 9 давхар 18-н орон сууцны барилга, 150 ортой цэцэрлэгийн барилгыг 2 байршилд, 480 суудалтай сургуулийн барилга, хатуу хучилттай авто зам 2.1км, 700 авто машины зогсоол, Ногоон байгууламж 1.6 га талбайд, үйлчилгээний барилга байхаар тооцсон гэлээ.
Тод мэдээ
Энхтайваны өргөн чөлөө дагуух автобусны буудлуудыг халаас зогсоолгүй болгоно
Энэ онд нийслэлийн хэмжээнд 10 байршилд шинээр зам барих бол 41 байршилд авто замыг шинэчилнэ. Тодруулбал, Саппорогийн уулзвараас Офицеруудын ордон хүртэлх авто замыг бүрэн шинэчлэх юм. Энэ хүрээнд Энхтайваны өргөн чөлөө дагуу автобусны буудлуудыг халаас зогсоолгүй болгоно. Ингэснээр нийтийн тээврийн автобус нэгдүгээр эгнээгээр чөлөөтэй зорчих боломж бүрдэх юм.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зохиомол түгжрэлийн шалтгааныг арилгах, нийтийн тээвэр хоорондын зайг алдагдуулахгүй байх зорилгоор 2022 оноос эхлэн зам дагуух зогсоолуудыг үе шаттай хааж байгааг нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр онцолж байлаа.
Түүнчлэн Энхтайваны өргөн чөлөөний авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 2-ны өдрөөс эхэлсэн. Ингэхдээ иргэдэд саад учруулахгүйгээр шөнийн цагаар буюу 22:00-06:00 цагийн хооронд авто замыг засварлан шинэчилж байна. Харин асфальтбетон хучилтыг амралтын өдрүүдэд хийж байгаа юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Тод мэдээ
“Зээлийн апплейкешны эрх нэмэгдүүлж өгнө” гэж бусдыг залилжээ
Иргэн Б.П нь фэйсбүүк цахим орчинд “Nary Narut, Shimer shimka, Suki Nay, Anujin, Marlaa Marlaa, kimmyya InkIop” гэх нэртэй хуурамч хаяг нээн, түүнийгээ ашиглаж, “Токи.мн, Ленд.мнь Hipay” зэрэг зээлийн аппликейшны эрх нэмэгдүүлнэ" гэх зар оруулж хэрэглэгчийн нэвтрэх нэр, нууц үгийг хууль бусаар авч тухайн мэдээллээр иргэдийн цахим мэдээллийн сүлжээнд зөвшөөрөлгүйгээр нэвтэрч, олон удаагийн үйлдлээр зээл авч залилах, хулгайлах гэмт хэргийг үйлдэн их хэмжээний ашиг олж, амьдралын эх үүсвэрээ болгосон хэргийг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Шалгалтын явцад гэмт этгээдүүд нь тухайн үйлдлийн аргыг ашиглаж, олон иргэдийг хохироосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байгаа тул дээрх нэр бүхий цахим фэйсбүүк хаягтай холбогдон зээлийн аппликейшны эрхээ нэмэгдүүлэх гэж хувийн мэдээллээ өгч, залилах гэмт хэргийн хохирогч болсон иргэд цагдаагийн байгууллагын 8822-2255 дугаарт холбогдохыг зөвлөлөө.
Хувийн мэдээллээ алдах нь цахим гэмт хэргийн хохирогч болох гол шалтгаан болж таныг санхүүгийн эрсдэлд оруулах аюул дагуулдаг гэдгийг ямагт анхаарч, таатай санал бүхий мэдээллүүдэд хянуур байж, дээр дурдагдсан эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Тод мэдээ
Хүннү хотын тээвэр логистикийн талаарх мэргэжлийн холбоод, компаниудын саналыг сонсож, ажлын хэсэг байгууллаа
Улаанбаатар хотын хүн ам өсөх тусам тээвэр логистикийн цогц, шинэлэг шийдэл хэрэгтэй болсон. Тиймээс Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлыг түшиглэсэн анхны дагуул хот Хүннү хотод тээвэр логистикийн нэгдсэн төвийг нийт 1019 га талбайд барина. Үүнээс 400 га талбайд тээвэр логистикийн бүсийг байгуулах юм.
Тээвэр логистикийн бүс байгуулахтай холбогдуулан мэргэжлийн холбоод, үйл ажиллагаа эрхлэгч компаниуд, экспертүүдтэй өнөөдөр хотын дарга Х.Нямбаатар болон нийслэлийн холбогдох албан тушаалтнууд уулзаж, санал бодлыг нь сонсож, хэлэлцүүлэг хийлээ. “Хүннү хотын тээвэр логистикийн бүсийн хөгжлийн стратеги” хэлэлцүүлгээр оролцогчдын санал хүсэлтийг сонсож, тээвэр логистикийн төвийн төлөвлөлтөд тусгах ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсгийн ахлагчаар нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр ажиллана.
Хэлэлцүүлгийн үеэр хотын дарга Х.Нямбаатар үг хэлэхдээ Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд одоогийн суурьшлыг задлах дагуул хотын төлөвлөлтийг тусгасан. Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэсэн анхны дагуул хотод тээвэр логистикийн бүсийг бий болгох нь олон давуу талтайг онцоллоо.
Өнөөгийн Улаанбаатар тээвэр логистикийн хувьд үр ашиг, бүтээмж багатай, ажиллагаа ихтэй. Төмөр замын өртөөн дээр ирсэн чингэлгүүдийг гар аргаар ангилан ялгаж, 10 терминал руу цөөн тооны вагоноор түгээдэг. Нэг чингэлэгт ногдох зардал өндөр. 10 терминал бүрийн тоног төхөөрөмжийг бүрэн хүчин чадлаар ашигладаггүй. Терминалууд дээр буусан ачааны 40 орчим хувийг эргэж орон нутагт түгээдэг. Логистик компани бүр өөрийн талбайтай болох хүсэлтэй боловч нийслэлд зай талбай байхгүй. Хүннү хотын тээвэр логистикийн нэгдсэн төв байгуулагдсанаар эдгээр асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтойг хэлэлцүүлэгт оролцогчид хэлж байлаа.
Хэлэлцүүлэгт Хүннү хотын Захирагчийн чиг үүргийг хэрэгжүүлэгч, Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч М.Батбаяр “Хүннү хотын тээвэр, логистикийн бүсийн төлөвлөлт”, Улаанбаатар хотын Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний тээвэр, логистикийн төлөвлөлт”, Монголын тээвэр логистикийн түншлэл мэргэжлийн холбооны ерөнхийлөгч А.Мөнхболд “Төр-хувийн хэвшлийн түншлэлийн эрх зүйн орчин: Боломж ба сорилтууд” сэдвээр илтгэл хэлэлцүүлэв.
Хүннү хотын тээвэр логистикийн нэгдсэн төв байгуулагдсанаар дараах ач холбогдолтой.
- Монгол Улсын худалдаа, тээврийн дэд бүтцийг сайжруулж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх,
- Тээвэр логистикийн зардлыг бууруулж, эдийн засаг, бизнесийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлэх,
- Олон улсын техник, технологийг нутагшуулан, хотын доторхи ачаа урсгалыг зохион байгуулах,
- Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, төмөр замын эрчмийг зохицуулах,
- Логистик төвүүдийн агуулахуудыг хотоос гаргаж, хадгалалтын зардлыг бууруулах,
- Орон нутаг руу чиглэсэн барааны урсгалыг хотын гадна талд төвлөрүүлэх давуу талтай.
-
Тод мэдээ2023/04/05
"People awards-2023"-ын шилдгүүдтэй танилц
-
Тод индэр2020/04/03
Өмнөговь аймгийн онцгой комисст нэн хэрэгцээтэй зүйлсийг хандивлав
-
Өнөөдөр2024/02/07
Нийслэлийн аварга фермерүүд шалгарлаа
-
Тод индэр2020/06/29
Үнэн ба Зөв Намын дарга А.Отгонбаатар: Би гишүүн болж чадсангүй, жагс гээд байг...