Хэн юу хэлэв...
Үнэн ба Зөв Намын дарга А.Отгонбаатар: Би гишүүн болж чадсангүй, жагс гээд байгаа ах нар хэний халуун амь, бүлээн цусаар тоглох гээд байгаа юм бэ?
УИХ-ын 2020 оны сонгуулийн үр дүнгийн талаар Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар иргэдэд хандан мэдээлэл хийлээ. Түүний яриаг багцлан хүргэж байна.
Найзуудаа одоо уйлаад яах вэ? Гоншигноод яах вэ? Сонгууль болдгоороо болоод өнгөрлөө. Асуудал байгаа бол хууль шүүхээрээ явья. Зарим нэг ах нар 7 сарын 1 шиг хүмүүсийг уриалж, турхирч, жагсаал цуглаан хийе гэж солиотой юм ярьж байна. Би үүнийг хэрхэвч зөвшөөрөхгүй. Ард түмэн Сүхбаатарын талбай дээр гарч зогсоод хамгийн түрүүнд цагдаа нартай тулна. Тэр яриад байгаа хүмүүстэйгээ ч тулахгүй. Хэдэн цагдаа нар гэмтэж бэртэж, байшин барилга нурааж, үймээн самуун дэгдэнэ. Үүний шанд Монгол Улс, Монголчууд л хохирно. Би сонгуулийн өмнө энэ ах нарт “Бид нэг цул болж ажиллах ёстой. Тэгвэл ялна” зөндөө хэлсэн. Хэн нь ч тоож авч хэлэлцээгүй. “Би мундаг, би мундаг” гээд л сонгуульд орсон. Сонгуулийн үр дүнг харахаар нийт санал өгсөн иргэдийн 40 хувийг ньл Ардын нам авсан байна. Үлдсэн 60 хувийг нь бусад нь хуваагаад авчээ. Бидэнд ялах боломж байсан.
Бид өөрсдөө л саналаа хуваасан. Сонгуульд ялагдсан. Сонгууль болохоор шаагилдаад л гараад ирдэг улс төрчид хэтэрхий олон юм байна. Сая бүүр 600 гаруй хүн гараад л ирээ биз дээ. Сонгууль дуусахаар алга болдог. Шал худлаа л байгаа байхгүй юу? Ийм байж жагсая, цуглая гэдэг. Өмнө нь 7 сарын 1-нд жагсаал болоход таван гэм зэмгүй залуу амь насаараа хохирсон. Жагсаалыг зохион байгуулсан ах нар өөрсдөө зугатаад алга болсон ш дээ. Ийм байж битгий солиороод байгаарай. Энэ талбай дээр жагсаал боллоо гэхэд эгэл жирийн цагдаа нар, эгэл жирийн ард иргэд алалцаад л өнгөрнө. Ийм асуудал байж болохгүй. Одоо бид дөрвөн жил шахаж шаардаад л явах зам үлдлээ. Ирэх 4 жил бид дараагийнхаа сонгуульд бэлтгэнэ. Зүгээр суухгүй. Хуулийн дагуу бүх юмыг шийдээд явах ёстой. Сонгууль будиллаа гээд бүүр будлиан үүсгэж болохгүй. Ард түмнийг хооронд нь байлдуулах гэж турхирах хэрэггүй. Нөхцөл байдлыг бид томоор харах хэрэгтэй, ард түмнээ, улс орноо бодох хэрэгтэй. Нөгөө алдартай Сири гэдэг улс яалаа.
Сонгуулийн маргаанаас үүдэж маргалдаад, жагсаж тэмцээд, эцэст нь улс нь өөрөө байхгүй болсон. Тиймээс 7 сарын 1 шиг асуудлыг бид дахиж үүсгэж болохгүй. Ард түмнийг ингэж өдөөн турхирч болохгүй. Ард түмэн сонголтоо хийчихлээ. Үр дүн нь ингэж гарлаа. Маргаан байгаа бол хууль шүүхээрээ яваарай. Би нэг зүйл хэлэхийг хүсч байна. 2021 онд бид Гэрэгэ бондны 800 сая ам.доллар, 2022 онд Чингис бондны 1 тэрбум ам.доллар гээд нийтдээ 4 бондны асар их өр төлнө. Энэ өрийг төлөхийн тулд маш их хөрөнгө мөнгө олох шаардлагатай болно. Одоо улсаараа тоглохоо болье. Энэ улс оронд тогтворгүй байдал үүсээд эхлэх юм гадныханд л олз болноо. Тиймээс ялагдсан хүмүүс битгий бусдыг турхир гэж хатуухан хэлмээр байна. Үнэн ба зөв нам ялагдсан. Бид нарын хувьд ч гэсэн маш их зүйлийг алдсан. Бусад намыг бодоход бид дөрвөн жил ажилласан. Гэлээ гээд бид ялагдлаа гэж гоншигнохгүй. Одоо цаашид эвсэж нэгдэх, нийгмийг өөрчлөх, Үндсэн хуулийн 6-р зүйлийн 2-ыг өөрчлөхийн төлөө хамтран зүтгэе. Бидэнд итгэдэг энэ намд итгэдэг бүх хүмүүсийн төлөө ажиллах болно. Өчигдөр анхан шатны шүүхээр Өвөрхангай аймагт хууль зөрчсөн гэдэг үйлдлийг нь тогтоосон. Энэ гурван нэр дэвшигчийг татах ёстой. Ийм л жишгээр хуулийн дагуу асуудлаа шийдүүлнэ.
“Би гишүүн болж чадсангүй. Миний өмнөөс жагс” гээд байгаа ах нар хэний халуун амь, бүлээн цусаар тоглох гээд байгаа юм бэ гэдгийг би ойлгохгүй байна. Өөрсөддөө алдаа байхгүй юм шиг өрөөлд байнга бурууг чихдэг хүмүүс одоо боль. Өнөөдөр жагсаал цуглаанд уриалаад байгаа ах нар өөрсдөө л нэгдэж чадаагүй унасан, Биднийг ч бас унагасан. Дээрээс нь хууль шүүхийг гартаа атгасан МАНАН бүлэглэл биднийг унагаасан. Гэхдээ “Үнэн ба зөв” намынхан цаашдаа илүү их нэгдэж ажиллана. Биднийг дэмжиж байгаа бүх хүмүүсийг би хамтран ажиллахыг урьж байна.
Цөмөөрөө илүү хүчирхэг, илүү ухаалаг, илүү ажилсаг, илүү ухаалаг байж тэмцье. Ах нар шиг хөшигний ард нуугдчихаад араас нь хүн түлхэж унагаадаг адгийн тамтаг нь байхгүй байя гэж уриалж байна. Төрийн гурван өндөрлөгийн бүх суудалд сууж үзсэн нэг өвөө, УИХ-д өчнөөн жил суусан, Улаанбаатар хотын дарга байсан бас нэг буурал толгойтой өвөө байна. Өвөө нар нийлээд олон түмнийг турхирах хэрэггүй. Ийм өвөө нар одоо зайгаа тавьж өгөх цаг болсон. Залуучууддаа боломж олго. Ирэх сонгуульд ялагдал амсахгүйн төлөө одооноос ажиллах хэрэгтэй. Улс орноо бодож байгаа бол эв нэгдлийг сахиж, илүү хичээж ажиллая.
Хэн юу хэлэв...
Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцно
“Эдийн засгийн эрх чөлөөний тухай, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаар Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан дараах Ерөнхий сайд Н.Учрал дараах үүрэг даалгаврыг өглөө.
-Зөвшөөрөл сунгуулах хүсэлт гаргасан этгээд зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчөөгүй болох нь тогтоогдсон бол ажлын хоёр өдөрт сунгах тохиргоог Зөвшөөрөл, мэдэгдлийн цахим систем /license.mn/-д хийх,
-Энгийн зөвшөөрөл хүссэн өргөдлийн хариуг хуульд заасан хугацаанд өгөөгүй бол зөвшөөрөл олгосонд тооцох,
-Тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг цахимаар гаргах нөхцөл бүрдүүлээгүй зөрчлийг арилгах,
-Зөвшөөрөл сунгуулах хүсэлтийг шийдвэрлэх хугацааг хэтрүүлсэн эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо.
-Зөвшөөрөл олгосон, сунгасан, хүчингүй болгосон, түдгэлзүүлсэн шийдвэрийг Зөвшөөрөл, мэдэгдлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд хуульд заасан хугацаанд бүртгүүлэх үүргээ гүйцэтгээгүйалбан тушаалтны гаргасан зөрчлийг арилгаж, холбогдох арга хэмжээг авч ажиллахыг даалгав.
Хэн юу хэлэв...
Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ
Орон сууцын залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа.
Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга олгож, уг зөвшөөрлийн үндсэн дээр компаниуд захиалгаа авдаг. Мөн зөвшөөрөлгүйгээр ч сууц, талбайн захиалга авч байна. Захиалгын гэрээ байгуулахдаа тухайн сууц, талбай өмнө нь захиалагдсан эсэхийг шалгах боломжгүйгээс давхар захиалга хийгдэж, иргэд залилах гэмт хэргийн хохирогч болсоор байна. Өнөөдрийн байдлаар 2,569 иргэнд 206.0 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.
Ерөнхий сайдын 2026 оны 154 дүгээр захирамжаар “Орон сууцын захиалгын гэрээний улмаас хохирсон иргэдийн хууль ёсны эрх, ашгийг хамгаалах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шалгаж, үүсээд байгаа нөхцөл байдлыг шийдвэрлэх” үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан.
Хохирогчдын тоо нэмэгдэх эрсдэлтэй байгаа тул холбогдох төрийн байгууллагад байгаа мэдээллийг нээлттэй, ил тод болгож, иргэн, хуулийн этгээдийг урьдчилан сэргийлэх боломжтой үнэн зөв мэдээллээр хангах зайлшгүй шаардлага үүсжээ.

Засгийн газрын энэ тогтоолоор аймаг, нийслэлийн Засаг дарга барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, тухайн барилгын хаягийн болон хот байгуулалтын мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэсэн байршлын урьдчилсан хаяг, давхрын зохион байгуулалтын зураг, сууц, талбайн хаалганы дугаар болон хаалганы дугаар бүрээр үүсгэсэн QR код бүхий дахин давтагдашгүй дугаар зэрэг мэдээллийг барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгосноос хойш ажлын гурван өдөрт Улсын бүртгэлийн ерөнхий газарт цахимаар хүргүүлэхийг үүрэг болголоо. Мэдээлэлд өөрчлөлт орсон тохиолдолд шинэ мэдээллийг мөн гурванөдөрт цахимаар хүргүүлнэ.
Улсын бүртгэлийн байгууллага барьж дуусаагүй орон сууцын барилгын сууц, талбайд урьдчилсан тэмдэглэл, захиалгын гэрээ хийгдсэн тохиолдолд эдгээр тэмдэглэлийн төлөв, тэдгээрийн өөрчлөлтийг албан ёсны цахим хуудсаар мэдээлнэ.
Ингэснээр иргэн, хуулийн этгээд сууц, талбай захиалгын гэрээ байгуулахаас өмнө тухайн сууц, талбайд өмнө нь захиалга, эсхүл урьдчилсан тэмдэглэл хийгдсэн эсэх зэрэг мэдээлэлд үндэслэн гэрээ байгуулах эсэх шийдвэр гаргах, учирч болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцох боломж бүрдэнэ гэж үзлээ.
Хэн юу хэлэв...
Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа
“Монголын төмөр зам” ТӨХК хэрэгжүүлж, 160 гаруй үндэсний аж ахуйн нэгж, 4,000 орчим монгол инженер, техникийн ажилтны мэдлэг, ур чадвар, хамтын хүчээр байгуулсан Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 127 км төмөр замыг өчигдөр /2026.10.11/ нээлээ.
Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон төмөр замын салбарын байгууллагуудын удирдлага, бүтээн байгуулалтад оролцсон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцлоо.

Төмөр зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын төвөөр дамжин өнгөрөх 34 нэр төрлийн аюултай ачааг тойруулан тээвэрлэх, нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, тээвэр, логистикийн үр ашгийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой төсөл боллоо хэмээн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва онцоллоо. Тэрбээр “Энэ төсөлд гар бие оролцсон төрийн болон аж ахуйн нэгж байгууллагын бүх шатны төлөөлөлд нийслэлчүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлье” гэв.

Төслийн хүрээнд нийт 33 сая шоо метр газар шорооны ажил гүйцэтгэж, төмөр замын дагуух 8 байршилд нийт 1,279 метр төмөр бетон гүүрэн байгууламж, иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлэх зориулалттай 127 ширхэг төмөр бетон хоолойг барьж байгуулжээ.






