Тод мэдээ
Д.Амарбаясгалан: Н.Алтанхуяг дарга байвал бүх зүйл шударга, үгүй бол бүгд шударга бус болчихдог байж болохгүй

АН-ынхан дотоодын хэрүүл тэмцлээ цэгцэлж чадахгүй явсаар хоёр хүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэн, үймээн шуугиан дэгдээж эхэлсэн. СЕХ-ноос холбогдох байгууллагуудын дүгнэлт, тайлбарт үндэслэн С.Эрдэнийг нэр дэвшигчээр бүртгэсэн бол О.Цогтгэрэлийн АН-аас нэр дэвшсэн Н.Алтанхуяг нар талбай дээр өлсгөлөн зарлаж эхэлсэн. Н.Алтанхуяг өөрийг нь нэр дэвшүүлсэнгүй хэмээн амин хувийн эрх ашгаа хангуулахаар ийнхүү суулт хийгээд зогсохгүй намынхаа дотоод асуудлыг төр, ард түмэн ийнхүү нялзааж эхэлсэн.
О.Цогтгэрэл даргатай АН-ынхан эрх баригч МАН-ынхан бүртгэлийн байгууллагууд болох СЕХ, Улсын Дээд шүүх зэрэгт нөлөөлж байна хэмээн мэдэгдээд байгаа юм. Тэгвэл МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан өнөөдөр “Мэдээллийн урсгал” нэвтрүүлэгт оролцож, байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Өөрийн бурууд бүдэрвэл хүний зөвд уйлдаггүй гэдэг үгтэй. Эхлээд нам дотроо эвлэлдэж, дотоод асуудлаа шийдвэрлэж, Монгол Улсын Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль бусад хуулийг чанд сахиж мөрдөж сурах зайлшгүй шаардлага байна гэж харж байна.
Н.Алтанхуяг тэргүүтэй хүмүүсийг би хар багаасаа мэднэ. Намайг арван настайгаас, мэдээ орсон цагаас энэ хүмүүс улс төрд явахыг харлаа. Монголын улс төрд 30 жил явлаа, яагаад төлөвшдөггүй юм бэ гэж бодох хэмжээнд хүргэж байна. Монгол Улс хөгжмөөр байна, Монголын ард түмэн баян чинээлэг амьдрах хүсэл эрмэлзэл байна. Энэ бүхэнд саад тушаа болж,30 жил явж ирчихээд өнөөдөр бас л өнөөх шударга ёсоо яриад явж байна шүү дээ. Н.Алтанхуяг Ерөнхий сайд байвал бүх зүйл шударга байдаг, үгүй бол шударга бус болчихдог байдал Монголын нийгэмд байж болохгүй шүү дээ.
Би л дарга байвал бусад нь хамаагүй, би дарга биш бол бусад бүх зүйл шударга бус гэж яриад байгаа нь тааламжгүй байна.
Залуу хүний хувьд би ингэж үзэж байна. Тэгэхээр энэ үйлдлийг таслан зогсоох ёстой. Хүн дарга болохын тулд эсвэл аливаа улс төрийн нам хоорондоо дотооддоо ойлголцоогүйн төлөө Монголын төр, Монголын ард түмэн зовж зүдэрдэг байж болохгүй. Зовох шалтгаан бидэнд мундаагүй. Ковидоос өгсүүлээд бид олон зүйл дээр зовсон, зүдэрснээ ярьж болно. Түүнээс хэн нэгэн хүн дарга болоогүйн төлөө зовж зүдрэх тухай яриад байж болохгүй гэдгийг шуудхан хэлье. МАН өчигдөр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ СЕХ-нд бүртгүүлэхдээ нэг зүйлийг маш тодорхой хэлсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль Монголын ард түмний нүдэн дээр ил тод будилаан, маргаангүй шударга болоосой гэдэг хүсэлтийг тавьсан. Түүний төлөө ч МАН манлайлал үзүүлж ажиллах болно гэдгийг тодорхой хэлсэн. Монгол төрийн, тэр дундаа Төрийн тэргүүнээ сонгох сонгууль элдэв маргаангүй болох нь юу юунаас чухал. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болохоор Монголын хамгийн муу хүмүүс хоорондоо өрсөлддөг, ингээд нэг муу нь сонгогддог гэдэг ойлголтоосоо бид салах ёстой. Улс төрийн намууд ийм улс төрийн соёлгүй байдлаа таслан зогсоох ёстой. Төрийн тэргүүнээ сонгох сонгуульд төрөө дээдэлдэг ард түмэн илүү сайхан сэтгэгдэлтэйгээр оролцдог байх ёстой. Үүний төлөө МАН хичээн ажиллах болно” гэлээ.
Тод мэдээ
Сүхбаатар дүүрэгт 37228 ам.метр явган хүний замын засвар, арчлалтыг энэ сарын 20-ноос эхлүүлнэ
Нийслэлээс явган замын арчлалтыг сайжруулах үүднээс байршлууд дээр нь очиж тогтмол ажиллаж байгаа. Тухайлбал, энэ сарын 17-ны өдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг болон холбогдох албаныхан хотын гол, гудамж замын зарим байршилд явган замын нөхцөл байдалтай танилцаж, үүрэг чиглэл өглөө.
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд ажиллахдаа явган замгүй байршлуудад хэрхэн явган зам гаргах, иргэдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах асуудлаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг болон албаны хүмүүстэй ярилцлаа.
Энэ үеэр Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг “Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу өнгөрсөн амралтын өдрүүдээр дүүргийн Тамгын газар, хороодын ажлын албатай хамтарч Сүхбаатар дүүргийн 1-11 дүгээр хорооны 355 байршилд 37228 ам.метр талбайн явган хүний зам талбайн арчлалтыг шалгасан. Явган хүний замын хавтангуудын арчлалтыг сайжруулах, засварлах шаардлагатай хэсгүүдэд ажлыг энэ сарын 20-ноос эхлүүлж, үе шаттай явуулна. Эхний ээлжид Сүхбаатар дүүргийн Бага тойруугаас Их тойруу доторх явган хүний замыг засварлана. Багшийн дээдийн хойно Спортын төв ордны арк дээр иргэдээс гомдол их ирдэг. Автомашин явах хоёр урсгал замтай ч хажуугаар нь явган хүний зам байдаггүй. Тиймээс иргэд, орчмоор нь зорчиж байгаа оюутнуудад зорчиход хүндрэлтэй. Энэ хэсэгт мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулж, явган хүний замыг хийхээр төлөвлөж байна” гэлээ.
Сүхбаатар дүүргийн хэмжээнд Энхтайваны өргөн чөлөө буюу Арслантай гүүрний баруун талаас Баруун 4 зам хүртэлх явган хүний замыг шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Гэрээнд заасан хугацааны дагуу ажлууд хийгдэнэ. МУИС-ийн баруун талаас Засгийн газрын ордны зүүн талд байрлах “Галлериа Улаанбаатар”-ын урд талын хэсэг, СТӨ-ний ард талын хэсгийн явган замын ажлуудыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас хяналт тавин гүйцэтгэж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Тод мэдээ
Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ
Нийслэлийн Засаг даргын 2025 оны “Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнөөдрөөс Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ.
Тодруулбал, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, дүүргүүдийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн алба хаагчид Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу 9 чиглэлд ирэх есдүгээр сарын 21-ний өдрийг дуустал хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллах юм. Энэ жилээс Сэлбэ гол дагуу хөдөлгөөнт эрүүл ажиллана. Нийслэлийн хэмжээнд гол, усны ослоос аврах, урьдчилан сэргийлэх завьт болон хөдөлгөөнт эргүүл 15 дахь жилдээ ажиллаж байна.
НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС
Тод мэдээ
Сүхбаатарын талбайн хоёр талын явган хүний замыг шинэчлэх ажил үргэлжилж байна
Нийт 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчлэх ажил үргэлжилж байна. Үүний нэг болох Сүхбаатарын талбайн хоёр талын 5012 ам.метр талбай бүхий явган хүний зам засварын байршилд холбогдох албаныхан ажиллалаа.
Тухайн байршилд ажилласан УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “Нийслэл хотын хэмжээнд төв магистрал зургаан гудамжинд байгалийн чулуун хавтангаар явган хүний зам хийж байна. Тухайлбал, Төв шуудангийн уулзвараас Сүхбаатарын талбайг тойрсон явган хүний замыг тодорхой хэсгүүдэд хувааж, ажлыг үргэлжлүүлж байгаа юм. Ажил гүйцэтгэхдээ явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулахгүйн тулд иргэд чөлөөтэй зорчих гарцыг гаргасан” гэлээ.
Түүнчлэн явган замыг байгалийн боржин чулуун хавтангаар шинэчлэхдээ галаар шатаах, цохилттой дрилл ашиглан барзгар гадаргуу үүсгэх байдлаар технологийн шинэчлэлтийн ажлыг зарим шаардлагатай хэсэгт оруулж өгч байгааг ажил гүйцэтгэгчид хэллээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
-
Өнөөдөр2024/06/11
Живэх нь 1-4 хүртэлх насныхны гэнэтийн ослоос үүдэлтэй нас баралтын тэргүүлэх ша...
-
Өнөөдөр2019/07/03
Зүүн өмнөд Азийн шүлхийн хяналт хөтөлбөрийн үндэсний зохицуулагчдын XXII уулзалт...
-
Чөлөөт бүс2022/02/11
Сарьсан багваахай нүднээсээ илүү чихэндээ итгэдэг...
-
Тод мэдээ2020/01/07
Сурагчдын амралтыг долоо хоногоор сунгав