Бидэнтэй нэгдэх

Тод мэдээ

Хүний эрхийн дэд хороо хуралдаж, “Зөвлөмж, чиглэл өгөх тухай” тогтоолыг баталлаа

Огноо:

,

Сэтгүүлч:

УИХ-ын Хүний эрхийн дэд хороо 2021 оны дөрөвдүгээр сарын 06-ны өдөр хуралдаж, төрийн цэргийн байгууллагад хүний эрх, эрх чөлөөг зөрчих, “цэргийн дэг” нэрийн дор хугацаат цэргийн  алба хаагчдыг дарамтлах, эрүүл мэнд, амь насанд нь хохирол учруулах зүй бус үйлдлүүд удаа дараа гарч байгаа асуудлыг хэлэлцлээ.

Дэд хорооны хуралдаанд Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболд, Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч Х.Лхагвасүрэн, Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга Ц.Ням-Очир, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Д.Ганзориг, Дотоодын цэргийн штабын орлогч, Харуул хамгаалалтын хэлтсийн дарга Д.Рэнцэндорж, Улсын ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэл, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн ахлах прокурор Ж.Ариунаа нар оролцсон юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Одонтуяа үг хэлж, зарим асуудлаар тодруулга хийв. УИХ-ын Хүний эрхийн дэд хороог эл асуудлаар хуралдуулах хүсэлт гаргасан гэдгээ тэрбээр онцлоод “Зэвсэгт хүчний анги, нэгтгэлд 2019 оноос хойш хүн амины хэргүүд гарчээ. Анх ийм асуудал үүсэхэд л нухацтай хандаж, шат шатандаа асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажилласан бол дараа дараагийн гэмт хэрэг гарахгүй байлаа” гэв. Үйл явдын хариуцлагыг хэнээс нэхэх, салбарын удирдлагууд нь асуудлын учир шалтгааны талаар ямар дүгнэлт хийж байгаа талаар С.Одонтуяа гишүүн тодруулсан.

Хугацаат цэргийн алба хаагчдын эцэг, эхчүүд төрийн бус байгууллага байгуулж, үр хүүхдийнхээ алба хаах явцад нь хяналт тавих боломжийг бүрдүүлэх, цэргийн анги, нэгтгэлүүдэд сэтгэлзүйч ажиллуулах, камержуулах зэрэг саналуудыг иргэд, олон нийт гаргаж буйг тэрбээр уламжиллаа. Мөн төрийн цэргийн байгууллагад хүний эрх, эрх чөлөөг зөрчих, “цэргийн дэг” нэрийн дор хугацаат цэргийн  алба хаагчдыг дарамтлах, эрүүл мэнд, амь насанд нь хохирол учруулах зүй бус үйлдлүүдийг таслан зогсоох чиглэлд богино, дунд, урт хугацаандаа хийж хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, мэдээллийг тогтмол хүлээн авч, шаардлагатай бол эрх зүйн орчныг өөрчлөх, төсөв хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх, хохирогчдыг оролцуулсан нээлттэй сонсгол зохион байгуулах зэргээр цаашид хамтран ажиллахаа илэрхийлсэн.

С.Одонтуяа гишүүний тодруулсны дагуу 2019 онд зэвсэгт хүчний анги, нэгтгэлд гарсан хүн амины хэргийн талаарх мэдээллийг Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Д.Ганзориг нэгбүрчлэн танилцуулсан. Зэвсэгт хүчний … дугаар ангийн байрлалд Танкын ротын захирагч, ахлах дэслэгч А.Э-ын өгсөн үүргийн дагуу тус ротын механикч, жолооч, дэд ахлагч Р.В ротын 17 цэргийг хөнжил, гудсыг нь үүрүүлэн, гүйлгэх явцад байлдагч Б.А-ын бие муудсаар, амь насаа алдсан харамсалтай хэрэг болсон. Энэ гэмт хэрэгт холбогдсон албан хаагчид төрийн албанаас чөлөөлөгдөж, 6 сараас 5 жилийн хорих ял эдэлж байгаа гэв. Мөн зэвсэгт хүчний … дугаар ангиас өвс хадлангийн ажилд гарсан бие бүрэлдэхүүн дунд хариуцсан албан тушаалтан нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг хянаагүй улмаас байлдагч Б.Н 2019 оны есдүгээр сарын 18-ны өдөр машин дээрээс унаж, нас барсан. Энэхүү харамсалтай хэргийг зохих ёсоор хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн бөгөөд шийдвэрлэх шатандаа байгаа гэв. Энэ оны гуравдугаар сарын 28-нд … ангийн салаан захирагч Г байлдагчийнхаа эрүүл мэндэд онц ноцтой хохирол учруулж, амь насанд нь хүрсэн. Энэ асуудлыг мөн хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн, хуулийн дагуу шийдвэрлэх болно гэлээ. Эдгээр харамсалтай тохиолдлоос гадна цэргийн албан хаагчдын ёс зүйгүй үйлдлийн талаарх судалгааны талаар дурдаж, дүнг танилцууллаа. 2018-2019 онд энэ төрлийн зөрчил хамгийн ихээр бүртгэгдсэн бөгөөд энэ дагуу салбарын хэмжээнд тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлсэн гэв. 2020 оны цэргийн албан хаагчдын ёс зүйгүй үйлдлийн талаарх судалгаагаар дээрх үзүүлэлт 50 хувь буурсан, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ зохих үр дүнгээ үзүүлж байгаа гэж үзжээ. Зэвсэгт хүчний анги, нэгтгэл, цэргийн албан хаагчдын дунд гарч буй ёс зүйгүй үйлдлүүд, хүний эрхийн зөрчлийг таслан зогсоох чиглэлд зөвхөн салбарын хэмжээнд тэмцээд, шийдвэрлэх боломжгүй гэдгийг Д.Ганзориг генерал хэлсэн. Зэвсэгт хүчний анги, нэгтгэлийн бие бүрэлдэхүүн гэдэг бол нийгмийн нэг хэсэг, тиймээс нийгэм даяар, нийтээр байгаа үзэгдэл, хандлага цэргийн анги, нэгтгэл дунд нэвтэрч, илэрч байгаа гэдгийг анхаарч үзэхийг тэрбээр хүссэн. 

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, “цэргийн дэг” нэрийн дор хугацаат цэргийн  алба хаагчдын хүн ёсны эрх, эрх чөлөөнд халдах, дарамтлах, улмаар эрүүл мэндэд хохирол учруулж, амь насанд нь халдах нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчиж байгаа гэдгийг онцоллоо. “Цэргийн дэг” хэмээн тодорхойлж буй үйлдлүүд нь хүнлэг бус, нэг ёсны эрүү шүүлт, жендэрт суурилсан хүчирхийлэл гэдгийг хаа хаанаа ойлгож, хүлээн зөвшөөрөх ёстой гэдгийг тэмдэглэж байв. “Жам ёсны, байх ёстой, зүй ёсны” гэх хэвшмэл ойлголтыг нийтээрээ халах, өөрчлөх ёстой гэдэг байр суурийг илэрхийлсэн. 

Цэргийн өдөр тутмын үйл ажиллагаа дотоод албаны дүрмээр зохион байгуулагддаг бөгөөд энэ дүрэмд алба хаагч хоорондын харилцаа, ёс зүйн хэм хэмжээг заасан байдгийг Д.Ганзориг генерал мэдээллээ. Гэхдээ дүрэм, журмын хэрэгжилтийг хангах, үүсээд байгаа зүй бус асуудлуудыг шийдвэрлэхээр цэргийн анги, нэгтгэлийн захирагч, холбогдох албан тушаалтан үүргээ биелүүлж, чадах хэрээрээ хяналт тавьж ажиллаж байгаа ч хангалттай үр дүнд хүрэхгүй байгаа хэмээн хүлээн зөвшөөрөв. "Бие бүрэлдэхүүний хангалт одоогоор 66 хувьтай байгаа, нийгмийн нийтлэг хандлага, төлөвшил бүхий залуус цэргийн анги, нэгтгэлд алба хаахаар ирдэг. Ёс суртахууны доголдолтой нийтээрээ тэмцэж, хамтран ажиллах байдлаар асуудлыг шийдвэрлэхээс өөр гарц байхгүй" гэдэг хариултыг Д.Ганзориг генерал өгсөн. 

Батлан хамгаалах салбар нь гомдол, мэдээллээ хүлээн авч, шийдвэрлэдэг дотоод механизмтай учраас өнөөдрийг хүртэл Хүний эрхийн Үндэсний Комисст цэргийн албан хаагчдаас ирүүлсэн гомдол, мэдээлэл байхгүй гэдэг хариултыг Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболд өгөв. 2013-2020 оны байдлаар Монгол Улсад бүртгэгдсэн цэргийн албаны эсрэг гэмт хэргийн бүртгэлээр цэргийн албан дахь дүрмийн бус харилцаанаас үүдсэн 125 гэмт хэрэг бүртгэгдсэн гэв. Хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн дүрмийн бус харилцааны талаарх буюу 98 гэмт хэрэг нь хууль хяналтын байгууллагад шилжсэн гэдгийг Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүн Б.Энхболд дурдаад “Бид энэ төрлийн гэмт хэргийн талаарх цогц судалгааг хийхээр бэлтгэл ханган ажиллаж байгаа” гэв. 2006 онд Хүний эрхийн Үндэсний комисс энэ төрлийн судалгааг хийж, 2007 онд Улсын Их Хуралд танилцуулж байснаас хойш ийм төрөлжсөн цогц судалгаа хийгдээгүй юм байна. Цаашдаа цэргийн дотоод албаны дүрэм нь хүний эрхийн зарчимд нийцэж буй эсэх, хүний хөгжлийн номлолд цэргийн үзэл, номлол нийцэж буй эсэхийг сууриар нь авч үзэх шаардлагатай гэдгийг тэрбээр хариулт, мэдээллийнхээ үеэр дурдсан. 

Улсын Их Хурал дахь Хүчирхийллийн эсрэг лобби бүлгийг төлөөлж Б.Баярсайхан гишүүн үг хэлэв. Монгол Улсын цэрэг армийн тогтолцоонд ёс суртахууны ил тод байдлын шинэчлэлт, өөрчлөлтийг зайлшгүй хийх цаг нь болсон гэдгийг нийгэмд гарч буй асуудлууд илэрхийлж байна гэлээ. Армид хугацаат цэргийн алба хааснаасаа болж хөдөлмөрийн чадвараа тодорхой хэмжээгээр алдсан, хөгжлийн бэрхшээлтэй болсон хүмүүсийн талаарх судалгаа, тоон мэдээллийг лавлав. "Өнөөдөр нийгэмд ил тодоор яригдаж буй цэргийн албаны гэмт хэргийн ихэнхийг салааны дарга, жагсаалын дарга нар үйлдсэн байгаа нь цэргийн байгууллага шат шатандаа хяналт сул, дураараа авирлах, хүнлэг бус харилцааг өөгшүүлсэн орчин гэж харагдаж байна" гээд үүнд төсөв хөрөнгө гэхээс илүүтэй алба хаагчдын ёс суртахууны доголдол, ажил үүргээ чин сэтгэлээсээ гүйцэтгэх хандлага дутаж байна гэж үзэж байгаагаа хэлсэн.

2016-2020 оны хугацаанд цэргийн салбарт хүний эрүүл мэндийн эсрэг 62, амь насанд хохирол учруулсан 2 гэмт хэрэг албан ёсоор бүртгэгджээ. Мөн гэр бүлийн хүчирхийллийн эсрэг 2 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Нийт албан хаагчдын ёс суртахууныг сайжруулах асуудлыг хөндөхөөс өөр аргагүй байгааг хүлээн зөвшөөрч байв. Хугацаат цэргийн албан хаагчид нийгмийн бүх давхаргаас ирдэг, нэг жилийн хугацаанд цэрэг нэг бүрийг өөрчилж, төлөвшүүлэх нь хүндрэлтэй гэдгийг Д.Ганзориг генерал тайлбарласан. Үргэлжлүүлэн тэрбээр Б.Баярсайхан гишүүний хүсэлтийн дагуу батлан хамгаалах салбарын сэтгэл зүйн үйлчилгээ, боловсон хүчний нөөцийн талаар мөн  мэдээлэл, тодруулга өгсөн.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, цэргийн албан хаагчдын дунд гарсан гэмт хэргүүдийн шийдвэрлэлт, хүлээлгэсэн хариуцлагын талаар тодруулж, мэдээлэл авсан бол батлан хамгаалах салбарын бие бүрэлдэхүүн бүх шатандаа хандлагаа өөрчлөх шаардлагатай гэдэг байр суурийг Н.Алтанхуяг гишүүн илэрхийлэв. Цэргийн байгууллагад үйлдэгдсэн гэмт хэргийн хохирогчдоос гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн хүлээсэн хариуцлагын талаарх мэдээлэл цуглуулах, үүнийгээ олон нийтэд мэдээлэх ажлыг зохион байгуулах саналыг гаргаж байв. Прокурорын байгууллагаас 2010-2020 онд цэргийн алба хаагчдын холбогдсон 506 гэмт хэрэгт хэрэг бүртгэл, мөрдөн байцаах ажиллагаа явуулсан гэх мэдээллийг өгч байлаа. Эдгээрийн 92 хувийг шийдвэрлэсэн бол нотлогдоогүй гэх үндэслэлээр 105 хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Дээр дурдагдаж буй 506 гэмт хэргийн 10 орчим хувь нь ажлын байран дээр үйлдэгдсэн, бусад нь зэвсэгт хүчний алба хаагчид нийгмийн харилцаанд оролцох явцдаа, ахуйн хүрээндээ үйлдсэн гэмт хэргүүд гэдгийг холбогдох албан тушаалтан тайлбарлаж байлаа. Салбарын хэмжээнд ёс суртахууны асуудлыг анхаарч, шат шатандаа сахилга хариуцлагыг дээшлүүлэх тал дээр анхаарах шаардлага бий гэдэг дүгнэлтийг прокурорын байгууллагын төлөөлөл хэлсэн. 2021 он эхэлсээр цэргийн алба хаагчид холбогдсон долоон хэрэгт прокурорын байгууллага хяналт тавьсан бөгөөд хоёрыг нь шүүхэд шилжүүлсэн бол нэгийг нь хаасан, бусдыг нь шалгаж байгаа гэв.  

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, ажлын хэсгийн гишүүн бүр нэг үзүүлэлтийг өөр өөрөөр хэлж байгаагаас салбарын тоо бүртгэл, судалгааны чанарыг харж болохыг анхаарууллаа. Түүнчлэн сүүлд гарсан ноцтой хэргийн холбогдогч этгээд нь удаа дараа гэмт хэрэг үйлдэж байсан, харин удирдах байгууллага нь цалингийн 20 хувийг хасах зэрэг арга хэмжээ авч, нөхцөл байдлыг даамжруулсан гэж харагдаж байгааг шүүмжилж, сахилга хариуцлагын тогтолцоог сайжруулах шаардлагыг онцолж байв.

УИХ-ын гишүүн П.Анужин, салбарын боловсон хүчний боловсролын чансаа, томилгооны шаардлагын талаар тодруулж хариулт авсан бол Ц.Сандаг-Очир гишүүн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлд Хүний эрхийн Үндэсний Комисс ажиллах, батлан хамгаалах салбар хариуцлагын системээ сайжруулах ёстой гэдэг байр суурийг илэрхийллээ.

Ийнхүү хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, ажлын хэсгээс хариулт мэдээлэл авсны дараа “Зөвлөмж, чиглэл өгөх тухай” Дэд хорооны тогтоолын төслийг Б.Энхбаяр гишүүн танилцуулав. Төрийн цэргийн байгууллагад хүний эрх, эрх чөлөөг зөрчих, хугацаат цэргийн алба хаагчдыг “цэргийн дэг” нэрийн дор дарамтлах, эрүүл мэнд, амь насанд нь хохирол учруулах зүй бус үйлдлүүд удаа дараа гарч байгаатай холбогдуулан Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг хамгаалах зорилгоор цэргийн албаны үйл ажиллагаанд баримталдаг хууль тогтоомжуудад хяналт шинжилгээ, хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх, эдгээрт үндэслэн эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор холбогдох төслүүдийг 2021 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, цэргийн жинхэнэ албан хаагч болон цэргийн бэлтгэл алба хаагчийн эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн тохиолдолд мэдээллийг шуурхай авах, мэдээлэгчийн нууцыг чандлан хамгаалах, хадгалах, хамгаалах тогтолцоог боловсронгуй болгох, зөрчигдсөн эрхийг сэргээн хэрэгжүүлэх, гэм хорын хохирлын нөхөн олговрын зохицуулалтыг тодорхой болгож, гэмт хэрэг, зөрчилд хүлээлгэх хариуцлагыг чангатгахыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга болон Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т чиглэл болгохоор төсөлд тусгажээ. Түүнчлэн удирдлага, зохион байгуулалт, хяналт шалгалтын чиглэлээр талуудын оролцоо бүхий ажлын хэсгийг байгуулж зүй бус үйлдлийг таслан зогсоох чиглэлээр богино, дунд, урт хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг яаралтай боловсруулж, ажиллах, өмнө гарсан тохиолдлуудын шийдвэрлэлтийн талаар олон нийтэд ил тод мэдээлэх, салбарын хэмжээнд, бүх шатанд хүний эрхийн талаарх сургалт зохион байгуулах зэргийг чиглэл болгохоор Дэд хорооны төсөлд тусгасан байна.  

Дэд хорооны тогтоолын төслийн танилцуулга, хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Б.Баярсайхан, Ц.Сэргэлэн, Ц.Мөнхцэцэг, С.Одонтуяа, Ц.Сандаг-Очир, Б.Энхбаяр нар үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Дараа нь “Зөвлөмж, чиглэл өгөх тухай” Хүний эрхийн дэд хорооны тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 6 гишүүний 5 нь дэмжсэн юм.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Тод мэдээ

Баянгол дүүргийн 2 байршилд дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх ААН-үүд шалгарчээ

Огноо:

,

Нийслэлээс ашиглалтын шаардлага хангахгүй дүгнэлт нь гарсан, оршин суугчдын амьдрах нөхцөл хүнд байгаа байршлуудад дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж буй.

Энэ хүрээнд “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-иас ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцуудыг буулгаж, байршил дээр нь дахин төлөвлөлтийн 15-20 төслийг хэрэгжүүлэхээр сонгон шалгаруулалтыг үе шаттай зарласан.

Ийнхүү хоёр төслийн гүйцэтгэгч шалгарч, батламж гардууллаа. Тодруулбал,

  • Баянгол дүүргийн 3 дугаар хороо, ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай 35, 36 дугаар орон сууцны барилгыг буулган, барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр “Тэргүүн чансаа” ХХК; 
  • Баянгол дүүргийн 2 дугаар хороо, ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай 32 дугаар орон сууцны барилгыг буулган, барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр “Грэйт Роуд” ХХК тус тус шалгарсан юм.

Батламж гардуулах үеэр “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Төмөртөмөө гүйцэтгэгчээр шалгарсан аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлд амжилт хүсэн “Хамгийн гол нь хариуцлага алдахгүйгээр иргэдтэйгээ харилцан тохиролцож, бүтээн байгуулалтын ажилдаа яаравчлан орох хэрэгтэй. Дахин төлөвлөлтийн ажил цаг ямагт маргаан дагуулж байдаг. Гэвч та бүхнийг өнгөрсөн алдааг давтахгүй, хариуцлагаа өндөржүүлж, айл өрхийн амьдрах орчныг сайжруулахын төлөө хичээж ажиллана гэдэгт итгэж байна” гэв.

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Улиас модыг хэлбэржүүлэх, молцог түүх, унгарилыг шүршиж угаах ажлыг тогтмол хийж байна

Огноо:

,

Нийслэлийн хэмжээнд 38.8 мянга гаруй улиас мод байдаг. Үүнээс 50.4 хувь буюу 19.5 мянган гаруй улиас нь нийслэлийн зургаан дүүргийн нийтийн эзэмшлийн талбайд ургаж байна. Нийт улиас модны 46.9 хувь буюу 18232 ширхэг нь эм улиас гэж нэрлэгддэг. Энэхүү эм улиас модны унгарилын гаралтыг багасгах, бууруулах чиглэлээр үе шаттай ажлууд хийж байна.

Тухайлбал, 2025 оны хаврын хэлбэржүүлэлтийн ажлын хүрээнд 86 байршилд 9298 ширхэг навчит мод буюу нийт хэлбэржүүлэх эм улиас модны 51 хувийг хэлбэржүүлсэн. Харин энэ зургаадугаар сарын байдлаар нийтийн эзэмшлийн 157 га талбайд ургаж байгаа улиас модыг хэлбэржүүлэх, молцог түүх, унгарил гарсан үед шүршиж угаах зэрэг ажлыг тогтмол хийж байна.

Зургаадугаар сарын эхний 7 хоногоос эхлэн эм улиасны унгарилыг усаар шүршсэн. Ингэснээр эм улиаснаас гарах үр хөврөлийн хэмжээ 40 хувь хүртэл буурах боломжтойг холбогдох албаныхан хэллээ. Мөн ААНБ-ууд өөрсдийн эзэмшлийн талбайд байгаа улиас модны унгарилыг усаар шүршиж цэвэрлэхийг уриаллаа.

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Э.Ниндэв: Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг олон улсын стандартад нийцүүлэх, лацны стандартыг батлах шаардлагатай

Огноо:

,

Нийслэлийн зүгээс тээврийн хэрэгслийн улсын дугаарыг олон улсын стандартад нийцүүлэх, лацны стандартыг батлах төслийг боловсруулж, Зам, тээврийн яамтай санал солилцож байна.

Уг стандартыг баталснаар манай улсын автомашины дугаартай иргэд олон улсад зорчихдоо ямар нэгэн саадгүй зорчих нөхцөл бүрдэхээс гадна ашиглаж буй улсын дугаараа дур мэдэн сольж, өөрчлөх зөрчил багасах ач холбогдолтой.

Энэ талаар нийслэлийн Автотээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын төв ОНӨААТҮГ-ын дарга Э.Ниндэв “Өнөөдрийн байдлаар манай улсад мөрдөгддөг тээврийн хэрэгслийн улсын дугаарын MNS 4410:2017, MNS 4410:2002 стандарт нь олон улсын стандартад нийцдэггүй. Иймээс Монгол Улс Замын хөдөлгөөний тухай конвенц /олон улсын гэрээний эрх зүйн тухай венийн конвенц/-д нэгдсэнийхээ дагуу иргэдийн зорчих эрхийг эдлүүлэх хүрээнд тээврийн хэрэгслийн олон улсын дугаарын стандартыг нэвтрүүлэх шаардлага гарсан. Мөн  лацны стандартыг батлах ёстой. Ингэснээр иргэд тээврийн хэрэгслийн дугаарыг хоорондоо дамжуулах, тэгш, сондгойгоор хязгаарласан үед болон товчоогоор гарахдаа сольдог зөрчил арилна” гэв.

Гэсэн хэдий ч автомашины улсын дугаарыг олон улсын стандартад нийцүүлэх, лацны стандартыг батлах нь төслийн шатандаа явж байгааг анхаарах хэрэгтэй. Хэрэв стандарт батлагдаж, хэрэгжих үед бүх тээврийн хэрэгслийн улсын дугаарыг төсвийн мөнгөөр солихгүй. Өөрөөр хэлбэл иргэд тээврийн хэрэгсэлдээ шинээр дугаар авч байгаа тохиолдолд шинэ стандартаар дугаарыг олгоно. Харин хуучин дугаартай иргэд өөрсдийн хүсэлтээр дугаараа шинэ стандартад шилжүүлэх боломжтой болж байгааг тэрбээр онцолсон юм.

Ташрамд, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор НИТХ-аас өнгөрсөн оны хоёрдугаар сарын 8-нд нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байх тогтоолыг баталсан. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 15-наас эхлэн уг баталсан дээд хязгаарт багтаан зургаан шалгуур үзүүлэлтээр нийслэл хотод тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарыг олгох, бусад тохиолдолд олгохгүй байх тогтоолыг үе шаттай хэрэгжүүлж байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод индэр3 цаг 52 минут

П.Батчимэг: Цахилгаан скүүтерийг 16-гаас дээш, цахилгаан дугуйг 18-а...

Тод мэдээ3 цаг 56 минут

Баянгол дүүргийн 2 байршилд дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх ААН...

Тод мэдээ4 цагын өмнө

Улиас модыг хэлбэржүүлэх, молцог түүх, унгарилыг шүршиж угаах ажлыг ...

Тод мэдээ4 цаг 32 минут

Э.Ниндэв: Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг олон улсын стандартад н...

Тод мэдээ4 цаг 36 минут

Сонгуульд ашиглах тоног төхөөрөмж, программ хангамжийг шалган туршив...

Тод мэдээ4 цаг 46 минут

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай...

Тод индэр4 цаг 49 минут

Нэг удирдлагатай, нэг бодлоготой, нэг зарчимтай ажиллахыг Эрчим хүчн...

Өнөөдөр4 цаг 56 минут

УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...

Өнөөдөр6 цаг 37 минут

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан

Өнөөдөр6 цаг 45 минут

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Тод мэдээ2025/06/19

Сүхбаатар дүүрэгт 37228 ам.метр явган хүний замын засвар, арчлалтыг ...

Тод мэдээ2025/06/19

Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж...

Тод мэдээ2025/06/19

Сүхбаатарын талбайн хоёр талын явган хүний замыг шинэчлэх ажил үргэл...

Тод мэдээ2025/06/19

Явган хүний зам дээр механик гэмтэл үүсгэсэн зөрчилд хариуцлага тооц...

Өнөөдөр2025/06/19

УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...

Тод мэдээ2025/06/19

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томи...

Тод мэдээ2025/06/19

Төрийн өмчит дулааны цахилгаан станцуудад онцгой дэглэм тогтоож ажил...

Тод мэдээ2025/06/19

Төр өөрөө бүсээ чангалах “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-ыг Засгийн газар ...

Өнөөдөр2025/06/19

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Өнөөдөр2025/06/19

Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан

Тод мэдээ2025/06/18

“Оюутолгой” компанийн удирдлагуудтай уулзаж санал солилцлоо

Өнөөдөр2025/06/18

Энэ жилийн Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ

Тод мэдээ2025/06/18

УИХ: Өнөөдөр болох хэлэлцүүлгүүд

Тод мэдээ2025/06/18

УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд хороод

Тод мэдээ2025/06/18

УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд

Өнөөдөр2025/06/18

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Өнөөдөр2025/06/18

Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан

Тод индэр2025/06/18

Л.Гантөмөр: МАН шүүмжлэл сонсож мэддэггүй юм байна

Тод мэдээ2025/06/18

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томи...

Тод мэдээ2025/06/17

Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно

Санал болгох