Тод мэдээ
Түр хороо хуралдаж, Оюу толгой ордын ашиглалтын талаар мэдээлэл сонсов

“Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Монгол Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хороо 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хуралдаж, Оюу толгой ордын ашиглалтын талаар танилцуулга, мэдээлэл сонслоо.
Хуралдааны эхэнд Оюу толгой төсөлд холбогдох гэрээ, баримт бичгийн талаар “Эрдэнэс-Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт мэдээлэл хийв. Тэрбээр, Хөрөнгө оруулалтын гэрээ; Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тогтоосон Хувь нийлүүлэгчдийн гэрээ; Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүгийн төлөвлөгөө болон Бусад гэрээ, баримт бичгийн талаар танилцуулав.
Үргэлжлүүлэн “Эрдэнэс-Оюу толгой” ХХК-ийн Санхүү, шинжилгээний албаны дарга Ц.Алтанхуяг Оюу толгой төслийн санхүүгийн тайлангийн үзүүлэлт болон ТЭЗҮ; “Эрдэнэс-Оюу толгой” ХХК-ийн Геологи, уул уурхайн хэлтсийн дарга Л.Өнөрбаатар тусгай зөвшөөрөл, геотехник, далд уурхайн бүтээн байгуулалт зэрэг асуудлаар тус тус мэдээлэл хийв.
Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун Оюу толгой ордын хөрөнгө оруулалт, гэрээ болон олборлолттой холбогдуулан мэдээлэл хийж, байр сууриа илэрхийлэв. Тэрбээр, уг гэрээнд зааснаар зардал, ашиг хоёр тэнцүү байгаа нөхцөлд Монгол Улсад ногдох бодит ашиг харагдахгүй байгаа талаар дурдаж байсан бол Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Хөрөнгө оруулалтын гэрээний үндсэн зарчим зөрчигдсөн эсэх тухай; Монголын талын хүртэх ашиг; Дэлхийн төмрийн хүдрийн зах зээл; ТЭЗҮ болон Менежментийн төлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл, тодруулга хийв.
Дээрх гурван мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт Улсын Их Хурлын гишүүдийн хийсэн мэдээлэлтэй санал нэг байгаа эсэх талаар, мөн санхүүжилт, гэрээтэй холбогдуулан цаашид анхаарах асуудлын талаар Ажлын хэсгээс тодруулахад Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Солонгоо санхүүжилтын асуудал бол яах аргагүй анхаарал татаж буй асуудлын нэг, мөн Засгийн газрын маргаашийн хуралдаанаар удирдамжийн төслийг хэлэлцүүлнэ. Ингэснээр санхүүжилтийн бүтэц, төслийг бүхлээр нь эргэн харах боломж бүрдэнэ гэсэн тайлбар хийв.
Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, олон улсын арбитрын шүүхэд маргаан байнга үүсдэг тул Монгол Улсыг төлөөлөх эрх бүхий олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зөвлөхийг эртнээс бэлтгэх, мөн Оюу толгой төслийн хүрээнд говь газрын экологийн тэнцвэрийн алдагдалд онцгой анхаарч ажиллах тухай санал хэлэв.
Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам, Б.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ нар удирдамжийн төсөл болон ТЭЗҮ-г эрх бүхий байгууллага хийсэн эсэх талаар тодруулж байв. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Солонгоо хийсэн тайлбартаа, удирдамжийн төсөлд холбогдох яам, газруудаас санал авч, Хууль зүй, дотоод хэргийн яаман дээр нэгтгэсэн гэсэн бол ТЭЗҮ-г олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэр бүхий Австрали, АНУ-ын компани боловсруулсан талаар “Эрдэнэс-Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт хариулт өгөв.
Хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн, Түр хорооны дарга Ц.Даваасүрэн өнөөдрийн хуралдаанд дэлгэрэнгүй мэдээлэл хийсэн Улсын Их Хурлын гишүүд, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон “Оюу толгой” ХХК-ийн төлөөлөлд талархал илэрхийлж, цаашид бүгд нэгдсэн ойлголттой ажиллах нь чухал болохыг онцоллоо.
Улсын Их Хурал 2021 оны гуравдугаар сарын 26-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Түр хороог 24 гишүүний бүрэлдэхүүнтэй байхаар шийдвэрлэсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн Түр хороог даргалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Н.Алтанхуяг, П.Анужин, Ё.Баатарбилэг, Б.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, С.Бямбацогт, Ж.Ганбаатар, С.Ганбаатар, Г.Ганболд, Н.Ганибал, Х.Ганхуяг, Г.Дамдинням, Б.Дэлгэрсайхан, Б.Жаргалмаа, Ж.Мөнхбат, Ц.Сандаг-Очир, Ж.Сүхбаатар, Г.Тэмүүлэн, Ч.Ундрам, С.Чинзориг, Б.Энхбаяр нар ажиллаж байна.
Тод мэдээ
Сүхбаатар дүүрэгт 37228 ам.метр явган хүний замын засвар, арчлалтыг энэ сарын 20-ноос эхлүүлнэ
Нийслэлээс явган замын арчлалтыг сайжруулах үүднээс байршлууд дээр нь очиж тогтмол ажиллаж байгаа. Тухайлбал, энэ сарын 17-ны өдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг болон холбогдох албаныхан хотын гол, гудамж замын зарим байршилд явган замын нөхцөл байдалтай танилцаж, үүрэг чиглэл өглөө.
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд ажиллахдаа явган замгүй байршлуудад хэрхэн явган зам гаргах, иргэдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах асуудлаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг болон албаны хүмүүстэй ярилцлаа.
Энэ үеэр Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг “Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу өнгөрсөн амралтын өдрүүдээр дүүргийн Тамгын газар, хороодын ажлын албатай хамтарч Сүхбаатар дүүргийн 1-11 дүгээр хорооны 355 байршилд 37228 ам.метр талбайн явган хүний зам талбайн арчлалтыг шалгасан. Явган хүний замын хавтангуудын арчлалтыг сайжруулах, засварлах шаардлагатай хэсгүүдэд ажлыг энэ сарын 20-ноос эхлүүлж, үе шаттай явуулна. Эхний ээлжид Сүхбаатар дүүргийн Бага тойруугаас Их тойруу доторх явган хүний замыг засварлана. Багшийн дээдийн хойно Спортын төв ордны арк дээр иргэдээс гомдол их ирдэг. Автомашин явах хоёр урсгал замтай ч хажуугаар нь явган хүний зам байдаггүй. Тиймээс иргэд, орчмоор нь зорчиж байгаа оюутнуудад зорчиход хүндрэлтэй. Энэ хэсэгт мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулж, явган хүний замыг хийхээр төлөвлөж байна” гэлээ.
Сүхбаатар дүүргийн хэмжээнд Энхтайваны өргөн чөлөө буюу Арслантай гүүрний баруун талаас Баруун 4 зам хүртэлх явган хүний замыг шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Гэрээнд заасан хугацааны дагуу ажлууд хийгдэнэ. МУИС-ийн баруун талаас Засгийн газрын ордны зүүн талд байрлах “Галлериа Улаанбаатар”-ын урд талын хэсэг, СТӨ-ний ард талын хэсгийн явган замын ажлуудыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас хяналт тавин гүйцэтгэж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Тод мэдээ
Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ
Нийслэлийн Засаг даргын 2025 оны “Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнөөдрөөс Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ.
Тодруулбал, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, дүүргүүдийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн алба хаагчид Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу 9 чиглэлд ирэх есдүгээр сарын 21-ний өдрийг дуустал хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллах юм. Энэ жилээс Сэлбэ гол дагуу хөдөлгөөнт эрүүл ажиллана. Нийслэлийн хэмжээнд гол, усны ослоос аврах, урьдчилан сэргийлэх завьт болон хөдөлгөөнт эргүүл 15 дахь жилдээ ажиллаж байна.
НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС
Тод мэдээ
Сүхбаатарын талбайн хоёр талын явган хүний замыг шинэчлэх ажил үргэлжилж байна
Нийт 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчлэх ажил үргэлжилж байна. Үүний нэг болох Сүхбаатарын талбайн хоёр талын 5012 ам.метр талбай бүхий явган хүний зам засварын байршилд холбогдох албаныхан ажиллалаа.
Тухайн байршилд ажилласан УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “Нийслэл хотын хэмжээнд төв магистрал зургаан гудамжинд байгалийн чулуун хавтангаар явган хүний зам хийж байна. Тухайлбал, Төв шуудангийн уулзвараас Сүхбаатарын талбайг тойрсон явган хүний замыг тодорхой хэсгүүдэд хувааж, ажлыг үргэлжлүүлж байгаа юм. Ажил гүйцэтгэхдээ явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулахгүйн тулд иргэд чөлөөтэй зорчих гарцыг гаргасан” гэлээ.
Түүнчлэн явган замыг байгалийн боржин чулуун хавтангаар шинэчлэхдээ галаар шатаах, цохилттой дрилл ашиглан барзгар гадаргуу үүсгэх байдлаар технологийн шинэчлэлтийн ажлыг зарим шаардлагатай хэсэгт оруулж өгч байгааг ажил гүйцэтгэгчид хэллээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
-
Тод мэдээ2022/12/26
Элчин сайд Д.Гэрэлмаа Ромын Пап Францист Итгэмжлэх жуух бичгээ барив
-
Тод мэдээ2024/06/19
Өнөөдөр хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө
-
Тод мэдээ2023/12/21
ЗГ: 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн Монгол Улсын иргэдэд “Э...
-
Тод зураг2020/05/12
ХӨСҮТ-д эмчлүүлж буй 2 хүний биеийн байдал хүнд байна