Тод мэдээ
Х.Баттулга АН-ын даргаар О.Цогтгэрэлийг болгоно, бусад нь нэрээ тат гэжээ

“Тувааны” АН-ын даргын сунгаанд өрсөлдөж байгаа О.Цогтгэрэл тэргүүтэй 4 нэр дэвшигчийг өнөөдөр Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзжээ. З.Энхболд зуучлан уулзуулсан энэ уулзалтаар Х.Баттулга УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийг санал хураалтгүйгээр АН-ын даргын сунгаанд шууд ялуулахыг Д.Пүрэвдаваа, О.Амартүвшин, С.Эрдэнэболд нарт тулгажээ.
Тэднийг нэрээ татахыг шаардсан нь сунгааг шударга болно хэмээн найдан хамаг хүч боломжоороо сурталчилгаа хийсэн 3 нэр дэвшигчид хүнд цохилт болсон бололтой. Тэд сая 17 цагт Зоригийн хөшөөний өмнө хэвлэлийн хурал зарлана хэмээн хэвлэлүүдэд зар өгсөн. Гэвч тэд ирсэнгүй. Эх сурвалжаас тодруулбал, Д.Пүрэвдавааг Ерөнхийлөгч буцааж дуудсан бол О.Амартүвшин явж, С.Эрдэнэболд ганцаараа үлдээд өөрийн цахим хуудсаараа лайв хийхээр болжээ.
Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд өнгөрсөн оны 5 дугаар сараас хэрэгжиж эхэлсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр дахин нэр дэвших эрхгүй болсон. Үндсэн хуулийн Цэцэд маргаан үүсч эцсийн шийдвэр гараагүй ч Х.Баттулга нэр дэвшихийн тулд өөрөөс шалтгаалах бүх л эрх мэдлийг ашиглан аргаа барж буй билээ. Хамгийн сүүлд гэхэд өөрийг нь нэр дэвших эрхтэй гэсэн албажаагүй мэдээг Цэцийн шийдвэр мэт олон нийтэд тараасан, бүрэн эрхийн хугацаа нь дуусаад 1,3 жил болж буй Ш.Цогтоог Цэцийн гишүүнээс чөлөөлөх УИХ-ын тогтоолд хориг тавьсан. Гэвч ингэлээ гээд Цэц түүний талд шийдвэр гаргах эсэх нь тодорхойгүй байгаа.
Үүнээс өмнө нь Х.Баттулга УИХ-ын гишүүн Ц.Туваанаар дамжуулан АН-аас ямар ч өрсөлдөгчгүйгээр дахин нэр дэвших заалтыг АН-ын дүрэмд хүчээр оруулсан ч энэ нь мөн л хүчин төгөлдөр бус болсон билээ. Аргаа барахдаа АН-ыг хоёр дарга, хоёр тамгатай болгон хувааснаас АН-ын даргын сунгаа хоёр талд зэрэг зарлагдаад буй. Өчигдөр сунгааны сурталчилгаа албан ёсоор хаагдсан.
“Эрдэнийн” АН-ын даргын сунгааны дүн маргааш цахим санал хураалтаар эцэслэх бол “Тувааных” гишүүдийн саналаар шийдэгдэх юм. Ийм үед ардчилсан Ерөнхийлөгч маань гишүүдийнхээ сонголтыг үл тоон санал хураалтаас өмнө “Тувааны” АН-ын даргыг ийнхүү тодруулсан нь нэр дэвшигч нарын эгдүү, зэвүү хоёрыг зэрэг хүргээд байна. Х.Баттулгыг АН-ын мянга мянган гишүүдийн сонголтыг уландаа гишгэх эрх байхгүй хэмээн тэд үзэж байна.
О.Цогтгэрэлийн тухайд АН-ын даргын сунгаанд маш их хөрөнгө мөнгө гаргасан гэх бөгөөд тэр нь АН-ын дансанд оров уу, Тувааны халаасанд оров уу, эсвэл бүүр Х.Баттулгын хандив болсон эсэх нь ч тодорхойгүй байгаа гэнэ.
Мөн энэ үеэр Х.Баттулга Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр дахин нэр дэвших боломжгүй нь тодорхой болчлоо. Тийм болохоор өөрийнхөө оронд Н.Алтанхуягийг дэвшүүлнэ гэж ярьжээ.
Тод мэдээ
Сүхбаатар дүүрэгт 37228 ам.метр явган хүний замын засвар, арчлалтыг энэ сарын 20-ноос эхлүүлнэ
Нийслэлээс явган замын арчлалтыг сайжруулах үүднээс байршлууд дээр нь очиж тогтмол ажиллаж байгаа. Тухайлбал, энэ сарын 17-ны өдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг болон холбогдох албаныхан хотын гол, гудамж замын зарим байршилд явган замын нөхцөл байдалтай танилцаж, үүрэг чиглэл өглөө.
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд ажиллахдаа явган замгүй байршлуудад хэрхэн явган зам гаргах, иргэдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах асуудлаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг болон албаны хүмүүстэй ярилцлаа.
Энэ үеэр Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг “Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу өнгөрсөн амралтын өдрүүдээр дүүргийн Тамгын газар, хороодын ажлын албатай хамтарч Сүхбаатар дүүргийн 1-11 дүгээр хорооны 355 байршилд 37228 ам.метр талбайн явган хүний зам талбайн арчлалтыг шалгасан. Явган хүний замын хавтангуудын арчлалтыг сайжруулах, засварлах шаардлагатай хэсгүүдэд ажлыг энэ сарын 20-ноос эхлүүлж, үе шаттай явуулна. Эхний ээлжид Сүхбаатар дүүргийн Бага тойруугаас Их тойруу доторх явган хүний замыг засварлана. Багшийн дээдийн хойно Спортын төв ордны арк дээр иргэдээс гомдол их ирдэг. Автомашин явах хоёр урсгал замтай ч хажуугаар нь явган хүний зам байдаггүй. Тиймээс иргэд, орчмоор нь зорчиж байгаа оюутнуудад зорчиход хүндрэлтэй. Энэ хэсэгт мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулж, явган хүний замыг хийхээр төлөвлөж байна” гэлээ.
Сүхбаатар дүүргийн хэмжээнд Энхтайваны өргөн чөлөө буюу Арслантай гүүрний баруун талаас Баруун 4 зам хүртэлх явган хүний замыг шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Гэрээнд заасан хугацааны дагуу ажлууд хийгдэнэ. МУИС-ийн баруун талаас Засгийн газрын ордны зүүн талд байрлах “Галлериа Улаанбаатар”-ын урд талын хэсэг, СТӨ-ний ард талын хэсгийн явган замын ажлуудыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас хяналт тавин гүйцэтгэж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Тод мэдээ
Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ
Нийслэлийн Засаг даргын 2025 оны “Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнөөдрөөс Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ.
Тодруулбал, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, дүүргүүдийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн алба хаагчид Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу 9 чиглэлд ирэх есдүгээр сарын 21-ний өдрийг дуустал хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллах юм. Энэ жилээс Сэлбэ гол дагуу хөдөлгөөнт эрүүл ажиллана. Нийслэлийн хэмжээнд гол, усны ослоос аврах, урьдчилан сэргийлэх завьт болон хөдөлгөөнт эргүүл 15 дахь жилдээ ажиллаж байна.
НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС
Тод мэдээ
Сүхбаатарын талбайн хоёр талын явган хүний замыг шинэчлэх ажил үргэлжилж байна
Нийт 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчлэх ажил үргэлжилж байна. Үүний нэг болох Сүхбаатарын талбайн хоёр талын 5012 ам.метр талбай бүхий явган хүний зам засварын байршилд холбогдох албаныхан ажиллалаа.
Тухайн байршилд ажилласан УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “Нийслэл хотын хэмжээнд төв магистрал зургаан гудамжинд байгалийн чулуун хавтангаар явган хүний зам хийж байна. Тухайлбал, Төв шуудангийн уулзвараас Сүхбаатарын талбайг тойрсон явган хүний замыг тодорхой хэсгүүдэд хувааж, ажлыг үргэлжлүүлж байгаа юм. Ажил гүйцэтгэхдээ явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулахгүйн тулд иргэд чөлөөтэй зорчих гарцыг гаргасан” гэлээ.
Түүнчлэн явган замыг байгалийн боржин чулуун хавтангаар шинэчлэхдээ галаар шатаах, цохилттой дрилл ашиглан барзгар гадаргуу үүсгэх байдлаар технологийн шинэчлэлтийн ажлыг зарим шаардлагатай хэсэгт оруулж өгч байгааг ажил гүйцэтгэгчид хэллээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС