Дэлхий нийтээр..
Л.Оюун-Эрдэнэ: Хатуу хөл хорио тогтоохгүйн төлөө иргэн бүр өнөөдрөөс хичээх шаардлагатай байна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сангийн сайд тэргүүтэй Вакцинжуулалтын ажлыг зохион байгуулах ажлын хэсгийнхэнтэй шинэ 7 хоногийн өглөөний уулзалтаа хийв.
Уулзалтаар вакцинжуулалтын явцын нөхцөл байдал, хуваарь, худалдан авалт, нийлүүлэлт, хувийн аж ахуй нэгжүүдээс ирүүлж буй санал хүсэлтийг шийдвэрлэсэн байдал зэрэг вакцинжуулалттай холбоотой асуудлуудаар Шадар сайд, Эрүүл мэнд, Гадаад харилцаа, Сангийн сайд нарын мэдээллийг сонсож, шийдвэрлэх арга замуудын талаар санал солилцов.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад БНСУ, БНЭУ-д үйлдвэрлэсэн Астразенека, БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн Вероселл, ОХУ-ын Спутник-v гэсэн гурван төрлийн вакцинаас нийт 474 мянган тун вакцин оруулж ирснээс 209,274 хүн эдгээр гурван вакцинаас тариулаад байна. Вакцинжуулалтад хамрагдсан иргэдээс авсан асуулгаас үзвэл 40 гаруй хувьд нь халуурах зэрэг дархлаажуулалтын хэвийн хариу урвал илэрсэн бөгөөд хүндрэл, гаж нөлөө гараагүй байна.
Монгол Улс вакцинжуулалтын хурдаараа Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудаас хоёрдугаарт, дархлаажуулалт хийж буй дэлхийн 146 орноос 17 дугаарт эрэмбэлэгдэж, дэлхийн дархлаажуулалтын дунджаас хоёр дахин их буюу 6.2 хувьтай байна.
Дэлхий дахинаа 13 төрлийн вакцин хэрэглээнд нэвтрүүлсэн бөгөөд вакцинжуулалт хийгээд 103 хонож байгаа бол КОВАКС хөтөлбөр хэрэгжээд 20 хоног, манай улсад вакцинжуулалт эхлээд 27 хоног болж, өдөрт дунджаар 15-20 мянган хүнийг хамруулж байна. Вакцины хоёрдугаар тунг 28-56 хоногийн зайтай хийх бөгөөд Улаанбаатарт зургадугаар сарын 1-н гэхэд нэг сая иргэн вакцинжуулалтын хоёрдугаар тунгаа бүрэн хийлгэж дууссан байхаар тооцож байна. Вакцинжуулалтыг төлөвлөсөн хуваарийн дагуу 8 үе шаттай явуулж буй.
Үүнд:
1. Хариу арга хэмжээний баг,
2. Үйл ажиллагаа нь тасралтгүй үргэлжлэх шаардлагатай салбар,
3. Худалдаа үйлчилгээний салбар,
4. Бүх шатны боловсролын салбарын ажилчид,
5. 50-64 насны болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд,
6. 65+ насныхан болон эрхтэн шилжүүлэн суулгасан иргэд,
7. 18-25 насныхан,
8. 25-49 насны иргэд тус тус байна. Энэ долоо хоногоос КОВАКС хөтөлбөрийн хүрээнд 25 мянган тун Пфайзер вакцин орж ирэх бөгөөд 65+ насны болон эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэдийг хамруулахаар төлөвлөжээ.
Вакцин худалдан авалтын саналаа хөрш орнуудад гаргаж, гэрээнүүд хийгдэж буй бөгөөд БНЭУ-аас Астразенека вакцин худалдан авах хэлцэл хийж байна. Худалдан авалтын санхүүжилтийн саатал гарахгүй гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан мэдэгдсэн.
Эхний ээлжинд 3, 4 дүгээр сард багтаан 1.3 сая тун вакцин худалдан авахаар төлөвлөжээ. Хувийн дөрвөн аж ахуй нэгж сайн дураар вакцинжуулалтад оролцох хүсэлтээ гаргасныг бүх талаар дэмжиж ажиллаж байгаагаа Шадар сайд С.Амарсайхан хэллээ.

Нэгдсэн дархлаажуулалт орон даяар ийнхүү идэвхтэй хийгдэж байгаа ч коронавирусын тархалт ойрын өдрүүдэд эрчимжиж буйд сэтгэл зовниж буйгаа Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдэгдээд хоногт 200 гаруй халдварын тохиолдол бүртгэгдэж эхэлж буй тул хатуу хөл хорио тогтоох саналтай байгаагаа хэлсэн. Нэг тохиолдлын ард 4 халдвар тээгч байгаагаар тооцоход энэ нь маш их өргөн цар хүрээтэй тархалт явагдаж байгаа нь тодорхой бөгөөд зориулалтын 1,700 гаруй ор дэлгэсэн нь дүүрч байгаа учир бусад эмнэлгүүдийг дайчлах шаардлага гарна. Энэ нь эмнэлгээр үйлчлүүлж байгаа бусад халдваргүй иргэдийг эрсдэлд оруулах үр дагавартай. Мөн халдвар авч гэрээр тусгаарлалт, ажиглалтад байлгаж байгаа үед нас баралт, хүндрэл их хэмжээгээр гарах эрсдэл ойрхон байгаа учир багадаа 14 хоногийн хөл хорио тогтоож халдварын тархалтыг бууруулах ёстой гэсэн юм.

Тэгвэл гамшгаас хамгаалах дэглэмийн зэрэглэлийг бууруулж, хөл хориог цуцлан Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа дэмжих 10 их наядын цогц төлөвлөгөөг Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлснээр өнгөрсөн 50 хоногийн хугацаанд эдийн засагт эерэг өөрчлөлтүүд гарч, бизнес эрхлэгчдийн итгэл сэргэж байгааг Сангийн сайд дурдаад, хөл хорио тогтоохгүй байх саналтай байгаагаа хэллээ. Тухайлбал гуравдугаар сарын эхний 15 хоногт НӨАТ төлөгчөөр 570 гаруй аж ахуй нэгж шинээр бүртгүүлсэн нь өмнөх жилүүдийн мөн үеэс хоёр дахин өссөн нь эдийн засаг дахь хүлээлт эерэг байгаагийн илрэл. Гуравдугаар сарын 3-ны өдрөөс жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан хоёр их наядын зээлийг гаргаж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 173 зээлдэгчид нийт 130.3 тэрбум төгрөг, 1,177 иргэнд ипотекийн зээл олгожээ. Гадаад өрийн менежментийг сайжруулснаар Монгол Улсын зээлжих зэрэглэл -B3 төлөв тогтворгүй байсан бол -B3 төлөв тогтвортой болж зэрэглэл ахижээ. Эдийн засгийн хамгийн өндөр идэвхжлийн энэ үед дахин хөл хорио тогтоовол одоо хүрээд буй энэ өсөлт 70-80 хүртэл хувиар буурч, эдийн засагт хүнд цохилт болно хэмээн тооцож буйгаа Сангийн сайд мэдэгдсэн.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ажлын хэсгийн гишүүдийн дээрх мэдээллийг сонсоод Засгийн газраас иргэдийн эрүүл мэндийг хамгаалж, эдийн засгийн өсөлтийг дэмжих бодлого хэрэгжүүлж байгаа ч эдийн засагт эерэг өөрчлөлтүүдийн эсрэг цар тахлын тархалт нэмэгдэх урвуу хамааралтай үр дүнг харуулж байна. Бизнес эрхлэгчдийн итгэл дөнгөж сэргэж, эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирч байгаа энэ үед Засгийн газраас хатуу хөл хорио тогтоох сонирхол байхгүй ч нөхцөл байдал хүндэрч байна. Тиймээс иргэн бүр, аж ахуй нэгж бүр хариуцлагатай, хувийн сахилга бат, халдвар хамгааллын дэглэмээ баримталж хичээж ажиллахыг уриалья.
Ирэх 14 хоногт УОК, НОК болон бусад холбогдох байгууллагуудаас гаргасан халдвар хамгааллын дүрэм, журмуудаа сайтар мөрдөж хөл хорио тогтоохгүй байхын төлөө ажиллах хэрэгтэй. Эс бөгөөс 2021 оны 04 дүгээр сарын 05-19 -ны өдрүүдэд гамшгаас хамгаалах эрсдлийн “улаан түвшин”-д шилжүүлэхээс өөр аргагүйг нөхцөл байдал шаардаж байгааг дурдлаа.
Ерөнхий сайдын зүгээс бодит нөхцөл байдлыг иргэдээс нуух шаардлагагүй, бүх мэдээллийг нээлттэй болгож, цар тахлыг иргэдтэй хамтдаа даван туулах, хөл хорио тогтоовол хамгийн багадаа 10-14 хоногийн өмнө мэдэгдэж, иргэд, бизнес эрхлэгчдэд тодорхой төлөвлөлт хийх боломжийг олгох хэрэгтэй байна гэв.

Дэлхий нийтээр..
Германы прокурорууд “Умардын урсгал”-ын халдлагыг Украины тал захиалсан гэж үзжээ
Германы прокурорууд 2022 онд “Умардын урсгал” хийн хоолойд гарсан дэлбэрэлттэй холбоотойгоор Украины армийн офицер асан этгээдэд яллах дүгнэлт үйлджээ. Түүнийг Украины төрийн байгууллагын нэрийн өмнөөс ажиллаж, хоолойг дэлбэлэх ажиллагаанд оролцсон гэж буруутгаж байна.
Германы хувийн мэдээлэл хамгаалах журмын дагуу Серхий К. гэж нэрлэгдсэн уг этгээдийг иргэний зориулалттай байгууламжид халдсан, дэлбэрэлт үүсгэсэн, дэд бүтэц сүйтгэсэн, нийтийн үйлчилгээг тасалдуулсан бүлэгт багтсан гэж үзжээ. Харин тэрбээр уг хэрэгт холбоогүй гэдгээ мэдэгдсэн байна.
Киевийн эрх баригчид Германы прокуроруудын мэдэгдэлд дэлгэрэнгүй тайлбар өгөх хангалттай мэдээлэл одоогоор байхгүй гэжээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский яллах дүгнэлтийн талаар бүрэн мэдээлэл аваагүй тул одоогоор дүгнэлт хийхэд эрт байна гэж мэдэгдсэн байна.
Прокуроруудын мэдээлснээр Серхий К. нь 2022 оны есдүгээр сард шумбагчид, хөлгийн ахмад, тэсрэх бодисын мэргэжилтнээс бүрдсэн багийг удирдан Герман руу хуурамч бичиг баримтаар нэвтэрч, хөлөг түрээслэсэн гэж үзэж байна. Улмаар багийнхан Балтын тэнгист байрлах хоолойн хэсэгт тэсрэх төхөөрөмж байрлуулсан гэх үндэслэлээр шалгагдаж байна.
“Умардын урсгал”-ын дэлбэрэлт 2022 оны есдүгээр сард буюу Орос Украинд бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлснээс долоон сарын дараа болсон. Дэлбэрэлтийн улмаас Оросын байгалийн хийг Европ руу дамжуулах гол шугам болох “Умардын урсгал-1” гэмтэж, ашиглалтад ороогүй байсан “Умардын урсгал-2”-ын хэсэг мөн эвдэрсэн юм.
Германы тал уг хэргийг өөрийн харьяалалд хамаарна гэж үзэж байна. Учир нь гэмтсэн хоолойнууд Германы Мекленбург–Өрнөд Померани мужийн Любмин хотод хүрдэг бөгөөд Германы эрчим хүчний аюулгүй байдалд нөлөөлсөн гэж тайлбарлажээ.
Дэлхий нийтээр..
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён-ы хамт 2026 оны 07 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
Энэ айлчлал БНСУ-ын төрийн тэргүүн 2011 онд манай улсад айлчилснаас хойш 15 жилийн дараа болох юм.
Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны хэлэлцээ хийж, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагаа зэрэг чиглэлээр санал солилцоно.
Айлчлалын үеэр талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолд хүндэт зочдын хувиар оролцоно.
Хоёр улс:
2006 онд “Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны түншлэл”
2011 онд “Иж бүрэн түншлэл”
2021 онд “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоосон.
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс 1990 оны 03 дугаар сарын 26-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. БНСУ 1990 онд Улаанбаатар хотноо, манай улс 1991 онд Сөүл хотноо Элчин сайдын яамаа нээжээ.
Дэлхий нийтээр..
Пакистан: Афганы хил орчимд явуулсан ажиллагаагаар 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж мэдэгдэв
Пакистаны аюулгүй байдлын хүчнийхэн Афганистантай залгаа хилийн бүсэд явуулсан хуурай замын ажиллагаа болон дараах агаарын цохилтын үеэр 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж тус улсын эрх баригчид мэдэгдлээ.
Пакистаны Мэдээллийн сайд Аттаулла Тарарын мэдээлснээр, уг ажиллагааг сүүлийн үед тус улсын нутаг дэвсгэрт гарсан хэд хэдэн зэвсэгт халдлагын хариу арга хэмжээ болгон зохион байгуулжээ. Тэрбээр ажиллагааны үеэр зэвсэгт бүлэглэлүүдийн байрлаж байсан нуугдах газар, баазуудад чиглэсэн цохилт өгсөн гэж мэдэгдсэн байна.
Энэхүү ажиллагаа нь Карачи хот дахь Пакистаны хилийн цэргийн төв байр руу зэвсэгт халдлага үйлдэгдсэний дараахан болсон юм. Уг халдлагын улмаас гурван цэргийн алба хаагч амь үрэгдэж, хэд хэдэн хүн шархадсан бөгөөд халдлагын хариуцлагыг Пакистаны Талибантай холбоотой Жамаат-ул-Ахрар бүлэглэл хүлээжээ.
Сүүлийн жилүүдэд Пакистаны баруун хойд бүсэд зэвсэгт халдлагын тоо эрс нэмэгдэж, тус улсын эрх баригчид ихэнх халдлагыг Пакистаны Талибан (TTP) болон түүнтэй холбоотой бүлэглэлүүдтэй холбон тайлбарлаж ирсэн. Харин Афганы эрх баригчид өөрийн нутаг дэвсгэрийг ийм зорилгоор ашиглуулахгүй гэсэн байр сууриа удаа дараа илэрхийлж байгаа юм.
-
Дэлхий нийтээр..2022/03/17
ЗГ: Эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар ажиллаж байна
-
Үйл явдал2020/05/22
ОХУ-аас иргэдээ татан авах ээлжит ажиллагааны бэлтгэл ажил хийгдэж байна
-
Дэлхий нийтээр..2022/12/02
Баян-Өлгийчүүд шинэ засаг даргаа Улаанбаатараас хайж байна
-
Дэлхий нийтээр..2020/05/05
С.Амарсайхан: Тодорхойгүй хугацаагаар баар, цэнгээний газруудыг хаах нь зүйтэй
