Тод мэдээ
МАН, МАХН гишүүд, дэмжигчдэдээ хандан УРИАЛГА гаргалаа

Улс төрийн ууган хүчин байгуулагдсаны түүхт 100 жилийн ой энэ жил тохиож буйтай холбогдуулан МАН болон МАХН-ын ахмад, дунд, залуу үеийн гишүүд угшил нэгтэй хоёр намаа хамтарч улс төрийн үйл ажиллагаагаа явуулан, улс орныхоо нийгэм эдийн засагт тулгамдсан асуудлыг хамтдаа шийдэх санал санаачлага, шаардлага хүсэлтийг гаргасаар байгаа билээ.
Иймээс МАН-ын Удирдах зөвлөл МАХН-ын Гүйцэтгэх товчооноос хамтарсан Ажлын хэсэг гарган ажиллаж байна. Уг Ажлын хэсгээс Монгол эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдал, Монголын ард түмний язгуур эрх ашиг, үндэсний эв нэгдэл, Хүний эрх, эрх чөлөө, нийгмийн шударга ёс, эрх тэгш байдал, ардчилал, улс төрийн өндөр ёс зүйг эрхэмлэн дээдэлж, хамтарсан уриалгын төлсийг боловсруулж гарын үсэг зурав.
Үндэсний язгуур эрх ашиг, эрх чөлөө, шударга ёсны төлөөх хамтарсан уриалгын гол зорилго нь өнөөгийн нийгэмд тулгамдаж байгаа хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг тогтоох, ардчиллыг бэхжүүлэх, хонгилын шүүх засаглалыг үгүй хийх, эрх зүйн хувьсгалыг эхлүүлж, сонгодог парламентыг төлөвшүүлэх, хүчирхэг эдийн засагтай, иргэн бүр нь тэгш эрхтэй, дэлхийн хөгжилтэй улс орнуудын жишигт хүрсэн улс болгохын төлөө нэгдэж ажиллахад оршиж байна.
Ажлын хэсгээс боловсруулсан уриалгын төсөлд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга нар гарын үсэг зурлаа.
Энэ үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Амарбаясгалан “Манай 2 намын хувьд олон жилийн турш нэг нам байж, улс төрийн үйл ажиллагааг амжилттай удирдан зохион байгуулж ирснээрээ онцлог. Засгийн эрх барьж, улс орныг удирдан чиглүүлж ирсэн туршлагатай ч тодорхой үзэл санаа, байр суурь дээр зөрчилдсөн. Тусдаа үйл ажиллагаа явуулснаас хойш даруй 10 жил өнгөрчээ. Энэ хугацаанд оносон гэхээсээ алдсан зүйлүүд нэлээд байсныг намын ахмад, залуу, дунд үеийнхэн шаардлага, хүсэлттээ хөндсөн байсан. Тиймээс эдгээр олон гишүүдийнхээ санал бодол цаашлаад Монгол Улсынхаа том эрх ашигт нийцсэн улс төрийн үйл ажиллагааг хамтарч явуулах нь бидний энэ цагийн үүрэг гэж ойлгож байна. Өмнө нь улс төрийн намууд нэгдэж үйл ажиллагаа явуулна гэхэр ажил албан тушаал, наймаа тохироо гэсэн байдлаар олон нийт хүлээж авдаг байсан.Харин энэ удаагийн МАН болон МАХН-ын нэгдэн нийлэх үйл явц нь улс эх орныхоо өмнө тулгамдсан олон том зорилтыг хамтран шийдэхээрээ чухал ач холбогдолтой юм” хэмээн онцлов.
МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “10 жилийн өмнө нэг байсан нам маань 2 хуваагдаж салсан шалтгаан нь байгалийн баялагтай холбоотой гэрээ хэлцлүүдийг Монголд, монголчууддаа ашигтай хийх ёстой гэдэг дээр хатуу байр суурьтай байсантай холбоотой. Харин өнөөгийн МАН-ыг удирдаж байгаа удирдлага, УИХ, Засгийн газар Оюутолгой зэрэг гэрээнүүдийг Монголын талд ашигтайгаар засах, сайжруулах ёстой байр суурь дээр нэгдмэл болсон нь бидний 10 жилийн өмнөх салсан шалтгааныг үгүй болгосон. Мөн хууль шүүхийн байгууллагын бусармаг үйл ажиллагаа, тухайлбал хуулиар биш хувь хүмүүс, хэсэг бүлэг хүмүүс тааллаараа шүүхийн шийдвэрийг гаргуулдаг байсныг таслан зогсоох, байгалийн баялгийг ард түмэнд тэгш хуваарилах, Эрдэнэтийн 49 хувийн хууль бус хувьчлал зэрэг бидний 10 жилийн турш тэмцэж байгаа асуудлууд МАН-ын өнөөгийн баримталж буй бодлоготой нийцэж байгаа нь бидний нэгдэж, нийлэх гол шалтгаан боллоо” хэмээв.
Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, ардчилал, үндэсний аюулгүй байдлыг бататгах цогц бодлогыг хэрэгжүүлэх уриалгыг хоёр намын бүх шатны байгууллагуудад хэлэлцүүлэг өрнүүлэх бөгөөд гишүүд дэмжсэн тохиолдолд МАН болон МАХН нэгдэж цаашдын улс төрд хамтарсан үйл ажиллагаа явуулах юм.
Тод мэдээ
Сүхбаатар дүүрэгт 37228 ам.метр явган хүний замын засвар, арчлалтыг энэ сарын 20-ноос эхлүүлнэ
Нийслэлээс явган замын арчлалтыг сайжруулах үүднээс байршлууд дээр нь очиж тогтмол ажиллаж байгаа. Тухайлбал, энэ сарын 17-ны өдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг болон холбогдох албаныхан хотын гол, гудамж замын зарим байршилд явган замын нөхцөл байдалтай танилцаж, үүрэг чиглэл өглөө.
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд ажиллахдаа явган замгүй байршлуудад хэрхэн явган зам гаргах, иргэдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах асуудлаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг болон албаны хүмүүстэй ярилцлаа.
Энэ үеэр Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг “Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу өнгөрсөн амралтын өдрүүдээр дүүргийн Тамгын газар, хороодын ажлын албатай хамтарч Сүхбаатар дүүргийн 1-11 дүгээр хорооны 355 байршилд 37228 ам.метр талбайн явган хүний зам талбайн арчлалтыг шалгасан. Явган хүний замын хавтангуудын арчлалтыг сайжруулах, засварлах шаардлагатай хэсгүүдэд ажлыг энэ сарын 20-ноос эхлүүлж, үе шаттай явуулна. Эхний ээлжид Сүхбаатар дүүргийн Бага тойруугаас Их тойруу доторх явган хүний замыг засварлана. Багшийн дээдийн хойно Спортын төв ордны арк дээр иргэдээс гомдол их ирдэг. Автомашин явах хоёр урсгал замтай ч хажуугаар нь явган хүний зам байдаггүй. Тиймээс иргэд, орчмоор нь зорчиж байгаа оюутнуудад зорчиход хүндрэлтэй. Энэ хэсэгт мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулж, явган хүний замыг хийхээр төлөвлөж байна” гэлээ.
Сүхбаатар дүүргийн хэмжээнд Энхтайваны өргөн чөлөө буюу Арслантай гүүрний баруун талаас Баруун 4 зам хүртэлх явган хүний замыг шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Гэрээнд заасан хугацааны дагуу ажлууд хийгдэнэ. МУИС-ийн баруун талаас Засгийн газрын ордны зүүн талд байрлах “Галлериа Улаанбаатар”-ын урд талын хэсэг, СТӨ-ний ард талын хэсгийн явган замын ажлуудыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас хяналт тавин гүйцэтгэж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Тод мэдээ
Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ
Нийслэлийн Засаг даргын 2025 оны “Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнөөдрөөс Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ.
Тодруулбал, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, дүүргүүдийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн алба хаагчид Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу 9 чиглэлд ирэх есдүгээр сарын 21-ний өдрийг дуустал хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллах юм. Энэ жилээс Сэлбэ гол дагуу хөдөлгөөнт эрүүл ажиллана. Нийслэлийн хэмжээнд гол, усны ослоос аврах, урьдчилан сэргийлэх завьт болон хөдөлгөөнт эргүүл 15 дахь жилдээ ажиллаж байна.
НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС
Тод мэдээ
Сүхбаатарын талбайн хоёр талын явган хүний замыг шинэчлэх ажил үргэлжилж байна
Нийт 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчлэх ажил үргэлжилж байна. Үүний нэг болох Сүхбаатарын талбайн хоёр талын 5012 ам.метр талбай бүхий явган хүний зам засварын байршилд холбогдох албаныхан ажиллалаа.
Тухайн байршилд ажилласан УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “Нийслэл хотын хэмжээнд төв магистрал зургаан гудамжинд байгалийн чулуун хавтангаар явган хүний зам хийж байна. Тухайлбал, Төв шуудангийн уулзвараас Сүхбаатарын талбайг тойрсон явган хүний замыг тодорхой хэсгүүдэд хувааж, ажлыг үргэлжлүүлж байгаа юм. Ажил гүйцэтгэхдээ явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулахгүйн тулд иргэд чөлөөтэй зорчих гарцыг гаргасан” гэлээ.
Түүнчлэн явган замыг байгалийн боржин чулуун хавтангаар шинэчлэхдээ галаар шатаах, цохилттой дрилл ашиглан барзгар гадаргуу үүсгэх байдлаар технологийн шинэчлэлтийн ажлыг зарим шаардлагатай хэсэгт оруулж өгч байгааг ажил гүйцэтгэгчид хэллээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
-
Тод мэдээ2024/10/31
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд хүүхдийн амбулаторийн эмнэлгийг ашигла...
-
Тод мэдээ2024/04/08
"Монголын төмөр зам" ТӨХК 533.9 мянган тонн ачаа тээвэрлэлээ
-
Өнөөдөр2023/10/03
УИХ: Ажлын хэсэг, байнгын хороодын хуралдаан болно
-
Тод мэдээ2021/05/05
Ерөнхийлөгч Х.Баттулга Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаан зарлалаа