Тод мэдээ
“Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний дүнд халдварын 33 голомтыг шинээр илрүүллээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар, Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч, Шуурхай штабын дарга Р.Чингис, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Д.Бямбадорж нар нийслэл хот Бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил, авсан арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.
Засаг дарга Д.Сумъяабазар “Энэ хугацаанд Улаанбаатар хотын хэмжээнд “Нэг хаалга-нэг шинжилгээ” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Юуны түрүүнд тэвчээртэйгээр 12 хоногийн хугацаанд хөл хорионд орж, шинжилгээндээ идэвхтэй хамрагдсан Нийслэлчүүддээ баярлалаа. Мөн Дүүргийн онцгой комиссынхондоо баярлалаа. Өдөр шөнөгүй, нойр хоолоо умартан ажилласан бүх төрийн албан хаагчдадаа баярлалаа. Зөвхөн нийслэлийн төр захиргааны байгууллагын 15 мянга орчим алба хаагч гурван ээлжээр бэлэн байдалд ажилласан. Үндсэндээ хангалт зохион байгуулалт хэрэгжилтийг зохицуулах чиг үүрэгтэйгээр бид ажилласан.
“Нэг хаалга-нэг шинжилгээ” үйл ажиллагааны хүрээнд 2021 оны 02-р сарын 08-10-нд нийт 808 байгууллагын 62,646 төрийн албан хаагч, ажилтныг шинжилгээнд хамруулсан. 2021 оны 02.11 нээс 02.13-ны өдрийн хооронд “Нэг хаалга-нэг шинжилгээ” арга хэмжээг есөн дүүрэгт зэрэг эхлүүлж нийт 109,068 хүнийг хамруулаад байна. Үүний 67,003 нь явуулын багаар, 42,065 нь шинжилгээний суурин цэгээр хийгдсэн байна.
Тодруулбал, нийт хугацаанд “Нэг хаалга- Нэг шинжилгээ”-нд 442 мянга 303 өрхийг шинжилгээнд хамруулсан. Үүний 287 мянга гаруй нь явуулын багаар, 155 мянга нь суурин шинжилгээний цэгээр хийгдлээ.
Шинжилгээг авах үйл явцад нийслэлийн хэмжээнд давхардсан тоогоор 7279 эмч, эмнэлгийн ажилтан, 5849 бусад албан хаагч, нийт 13128 албан хаагч ажилласан. “Нэг хаалга-Нэг шинжилгээ” үйл ажиллагаа, төрийн албан хаагчдыг халдвар илрүүлэх шинжилгээ ажиллагааны хүрээнд нийт 504 мянган иргэнийг халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулаад байна” гэлээ.
Харин энэхүү шинжилгээг зохион байгуулсны дүнд ард иргэдийн дунд байсан 126 тохиолдлыг илрүүлж, өнөөдрийн байдлаар 549 хүн тусгаарлалтад байна. Мөн коронавирусийн халдварын 33 голомтыг илрүүлжээ.
ӨНӨӨДРӨӨС ДҮҮРЭГ БҮРт 2-3 ШИНЖИЛГЭЭНИЙ ЦЭГ АЖИЛЛАНА
Түүнчлэн өнөөдрөөс эхлэн дүүрэг бүрд 2-3 цэг байгуулж, коронавирусийн шинжилгээ авна. Үүнд:
Шинжилгээний төвүүдийн байршил:
Баянгол:
-20-р сургууль
-13-р сургууль
Баянзүрх:
-69-р сургууль /Шавь цогцолбор/
-48-р сургууль
-84-р сургууль
Сонгинохайрхан:
-62-р сургууль
-36-р сургууль
-67-р сургууль
Сүхбаатар:
-3-р сургууль
-58-р сургууль
Хан-Уул:
-18-р сургууль
-34-р сургууль
Чингэлтэй:
-39-р сургууль
-50-р сургууль
Багануур:
-Халдвартын тасаг
-Нийгмийн эрүүл мэндийн төв
Налайх:
-Амбулаторийн хуучин байр
Багахангай:
-Эрүүл мэндийн төв зэрэг цэгүүдэд зайлшгүй шаардлагатай (буяны ажил, эрүүл мэндийн шалтгааны улмаас хөдөө орон нутагт явах, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх гэх мэт) тохиолдолд холбогдох баримт бичиг, зөвшөөрлийг үндэслэн шинжилгээ өгөх боломжтой юм. Тэгэхдэ иргэд eruul.gerege.mn сайтаас урьдчилан цаг авч, оршин суугаа дүүргийн нутаг дэвсгэрийн ойролцоо цэгүүдэд үйлчлүүлнэ.
Харин “Нэг хаалга-Нэг шинжилгээ” дүүргүүдэд хийгдсэн байдлаар нь хэлбэл:
Сонгинохайрхан: 86540
Баянгол: 67645
Чингэлтэй 42023
Сүхбаатар: 41103
Хан-Уул: 69093
Баянзүрх 117836
Налайх: 10013
Багануур: 6831
Багахангай 1219 өрхийг хамруулжээ.
Харин өнөөдрөөс нийслэлд хатуу хөл хорио цуцлагдаж, аж ахуйн нэгжүүдийн 95 хувь нь хэвийн ажиллаж эхэлсэн. Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлан, аж ахуйн нэгжүүд дагаж мөрдөх нийтлэг журам, түр журмыг мөрдөж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга хэллээ. Мөн цаашид Улаанбаатар хотын хэмжээнд хатуу хөл хорио тогтоохгүй гэсэн байр суурьтай байгаагаа Хотын дарга хэллээ.
Тод мэдээ
Э.Ниндэв: Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг олон улсын стандартад нийцүүлэх, лацны стандартыг батлах шаардлагатай
Нийслэлийн зүгээс тээврийн хэрэгслийн улсын дугаарыг олон улсын стандартад нийцүүлэх, лацны стандартыг батлах төслийг боловсруулж, Зам, тээврийн яамтай санал солилцож байна.
Уг стандартыг баталснаар манай улсын автомашины дугаартай иргэд олон улсад зорчихдоо ямар нэгэн саадгүй зорчих нөхцөл бүрдэхээс гадна ашиглаж буй улсын дугаараа дур мэдэн сольж, өөрчлөх зөрчил багасах ач холбогдолтой.
Энэ талаар нийслэлийн Автотээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын төв ОНӨААТҮГ-ын дарга Э.Ниндэв “Өнөөдрийн байдлаар манай улсад мөрдөгддөг тээврийн хэрэгслийн улсын дугаарын MNS 4410:2017, MNS 4410:2002 стандарт нь олон улсын стандартад нийцдэггүй. Иймээс Монгол Улс Замын хөдөлгөөний тухай конвенц /олон улсын гэрээний эрх зүйн тухай венийн конвенц/-д нэгдсэнийхээ дагуу иргэдийн зорчих эрхийг эдлүүлэх хүрээнд тээврийн хэрэгслийн олон улсын дугаарын стандартыг нэвтрүүлэх шаардлага гарсан. Мөн лацны стандартыг батлах ёстой. Ингэснээр иргэд тээврийн хэрэгслийн дугаарыг хоорондоо дамжуулах, тэгш, сондгойгоор хязгаарласан үед болон товчоогоор гарахдаа сольдог зөрчил арилна” гэв.
Гэсэн хэдий ч автомашины улсын дугаарыг олон улсын стандартад нийцүүлэх, лацны стандартыг батлах нь төслийн шатандаа явж байгааг анхаарах хэрэгтэй. Хэрэв стандарт батлагдаж, хэрэгжих үед бүх тээврийн хэрэгслийн улсын дугаарыг төсвийн мөнгөөр солихгүй. Өөрөөр хэлбэл иргэд тээврийн хэрэгсэлдээ шинээр дугаар авч байгаа тохиолдолд шинэ стандартаар дугаарыг олгоно. Харин хуучин дугаартай иргэд өөрсдийн хүсэлтээр дугаараа шинэ стандартад шилжүүлэх боломжтой болж байгааг тэрбээр онцолсон юм.
Ташрамд, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор НИТХ-аас өнгөрсөн оны хоёрдугаар сарын 8-нд нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байх тогтоолыг баталсан. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 15-наас эхлэн уг баталсан дээд хязгаарт багтаан зургаан шалгуур үзүүлэлтээр нийслэл хотод тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарыг олгох, бусад тохиолдолд олгохгүй байх тогтоолыг үе шаттай хэрэгжүүлж байна.
Тод мэдээ
Сонгуульд ашиглах тоног төхөөрөмж, программ хангамжийг шалган туршив
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгуульд ашиглах сонгуулийн автоматжуулах хэрэгслийн программ хангамж, иж бүрдлийг 18 аймгийн 68 санал авах байрын байршилд 2025 оны зургаадугаар сарын 18-ны өдөр нэгэн зэрэг шалган туршлаа.
Санал авах байранд ашиглах камер, ирцийн мэдээ дамжуулах систем, санал тоолох төхөөрөмж түүний иж бүрдэл, сонгогчийн бүртгэлийн техник хэрэгслийг санал авах өдрөөс өмнө шалган турших энэхүү үйл ажиллагаа нам эвсэл, ажиглагч, хэвлэл мэдээллийн байгууллага, иргэдэд нээлттэй болдог. Энэ удаагийн сонгуульд оролцож байгаа 4 намын төлөөлөл, 121 нэр дэвшигчийн ажиглагч шалган турших ажиллагаанд оролцож, хяналт тавьсан юм.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгууль 6 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатарын цагаар 07.00-20.00 цагт болно.
Тод мэдээ
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд 2025 оны зургаадугаар сарын 19-ний өдөр Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, М.Нарантуяа-Нара, Ч.Лодойсамбуу, Г.Уянгахишиг, А.Ундраа нар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа.
Бизнес эрхлэгчдэд татвар, зээл, түрээсийн дарамт их байгаа энэ цаг үед аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/, нийгмийн даатгалын шимтгэл зэрэг нь хүндрэл учруулж байгаа учраас НӨАТ-ын хувь хэмжээг 5 хувь болгох хуулийн төслийг санаачлан боловсруулсан байна. Өнөөдрийн байдлаар аж ахуй нэгжүүдийн НӨАТ-ын өр 540 тэрбум төгрөгт хүрч, эдгээр хувийн хэвшлүүдийн дансыг хаах нөхцөл байдал үүссэн гэлээ.
Манай улсын НӨАТ-ын орлого өсч, орлого цуглуулах чадвар нэмэгдэж байгаа хэдий ч үр дүнд нь инфляци, ажилгүйдлийн түвшин өсөх, ДНБ буурах эрсдэл үүсэж болзошгүй байна гэдгийг хууль санаачлагчид онцоллоо. Иймд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн Албан татвар ногдуулах хувийн хэсгийн “11.1.Энэ хуулийн 7.1.1, 7.1.2-т заасан бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын үнэлгээнд 10 хувиар ногдуулна.” заалтын “… 10 хувиар ногдуулна.” гэснийг “… 5 хувиар ногдуулна” гэж өөрчлөх санал гаргажээ. Хуулийн өөрчлөлт батлагдсанаар орлого цуглуулах чадварын үзүүлэлт сайжирч, аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд дэмжлэг болохоос гадна татвар төлөгчдийн бааз нэмэгдэж, эдийн засагт эерэг нөлөө үзүүлж, улсын төсөвт цугларах татварын орлого нэмэгдэх боломжтой гэж үзэж буйгаа танилцууллаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.