Тод мэдээ
72 цагийн доторх шинжилгээний бичиг л хүчинтэй гэдэг ташаа мэдээллийг залруулахыг үүрэг болгов

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
“Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний төлөвлөлтийг Нийслэлийн онцгой комисоос орон зайн нэгдсэн мэдээллийн системд оруулан ажиллаж байгаа юм. Мөн хатуу хөл хорионы хугацаанд иргэдэд шаардлагатай мэдээ мэдээллийг хүргэх, санал гомдлыг нь сонсох, шуурхай шийдвэрлэх үүднээс нийслэлийн Засаг даргын Тамгын газрын www.ulaanbaatar.mn албан ёсны вэб, “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудсанд Chatbot үүсгэсэн. Улмаар 1800-1200 дугаарт 24 цагийн турш CallCenter ажиллаж, нийт найман сувгаар иргэдэд шаардлагатай мэдээллийг өгч байна.
Өнөөдрөөс зөвшөөрөгдсөн 14 чиг үүргийн байгууллагын ажилтан, албан хаагчдын тав хүртэлх хувь нь ажилдаа явж, замын хөдөлгөөнд нийтийн тээвэр болон хувийн унаагаар оролцож байгаа. Улмаар нийтийн тээвэр 21 чиглэлд 180 автобус өглөө 07:00-09:30, өдөр 12:00-15:00, орой 17:00-22:30 цагийн хувиараар үйлчилгээнд гарч байна. Гэхдээ өглөө, оройны ид ачаалалтай үед нийтийн тээврийн хэрэгслийг нэмэгдүүлэх зохицуулалт хийж ажиллахыг Хотын дарга үүрэг болгосон.
Харин өнөөдрөөс замын хөдөлгөөнд оролцож эхэлсэн иргэдээс 72 цагийн дотор хийлгэсэн шинжилгээний бичиг шаардаж эхэлсэн нь үл ойлголцол төрүүлж, ажилтан, албан хаагчдыг чирэгдүүлсэн юм. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч тайлбар хийж, холбогдох албаныханд үүрэг чиглэл өглөө.
Тэрбээр “Төрийн албан хаагчид хоёрдугаар сарын 8-наас шинжилгээнд хамрагдаж эхэлсэн. Энэ шинжилгээ “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нд орж байгаа. Эхний ээлжинд төрийн албан хаагчдаа шинжилгээнд оруулаад дараа нь дүүргүүдийн голомтолсон хэсгүүд буюу 134 блокийн иргэдээс шинжилгээ авсан. Ингээд өчигдрөөс үлдсэн өрхүүдээс шинжилгээ авч байгаа. Хоёрдугаар сарын 8-наас хойш шинжилгээ өгсөн төрийн албан хаагчид, хувийн худалдаа эрхлэгчид шинжилгээнд хамрагдсан бичгээ үзүүлээд явах ёстой. Хүн бүхнээс PCR шинжилгээ авах боломжгүй байна” гээд иргэдэд хаанаас зөрүүтэй мэдээлэл өгөөд байгаа талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржоос тодруулахад “Хоёрдугаар сарын 8-наас хойш өгсөн PCR шинжилгээ хүчин төгөлдөр байгаа. Манайхаас зөрүүтэй мэдээлэл гаргаагүй” гэлээ. Мөн Тээврийн цагдаагийн албаны Замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн дарга, хурандаа Б.Батболд “Албан хаагчдыг хоёрдугаар сарын 8-наас хойш шинжилгээ өгсөн бол чөлөөтэй нэвтрүүл гэсэн чиглэл өгсөн” гэсэн тайлбар өгөв.
Д.Сумъяабазар: Улаанбаатарыг эрүүл бүс болно гэсэн итгэл иргэдэд байна, бид ч тийм зорилготой ажиллаж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Нийгэм тэр чигээрээ хүлээлтийн байдалтай байна. Өвчин, зовлонгоос салахын тулд төр, иргэн, хувийн аж ахуйн нэгжүүд хариуцлагатайгаар хатуу хөл хориог давахын төлөө зүтгэж байна. Иргэд “Улаанбаатар хот аюулгүй бүс болох юм байна” гэсэн итгэл үнэмшилтэй байгаа. Бид ч гэсэн тийм зорилготой ажиллаж байна” гээд мэргэжлийн байгууллагын хариуцлагатай албан тушаалтнууд бодлогоо нэгтгээд, эцсийн нэг л мэдээллийг иргэдэд өгөхийг үүрэг болголоо.
Засаг дарга Д.Сумъяабазар “Бид 412 мянга гаруй өрхөөс шинжилгээ авна гэсэн болохоос Улаанбаатар хотын 1,500,000 иргэнээс шинжилгээ авах үүрэг даалгаврыг өгөөгүй. Тиймээс ялгаа заагаа ойлгох хэрэгтэй байна. Өчигдөр би яг ийм ойлголт, мэдээллийн зөрүүгээс болж өглөө нийтийн тээвэр, замын хөдөлгөөн дээр асуудал үүсэхвий гэж хэлж хэлж гаргасан. Тиймээс энэ мэт зохион байгуулалт, ойлголтын асуудал дээрээ анхаарах хэрэгтэй байна шүү” гэлээ.
Мөн Нийслэлийн онцгой комиссын 1800-1200 дугаар дээр ирж буй дуудлагын хамгийн их нь “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний байршлын талаар байгаа юм. Мөн зөвшөөрөгдсөн салбарын ажилтнууд зөвхөн 62 дугаар сургууль дээр бус бусад явуулын болон суурин цэг дээр шинжилгээ өгч болохыг Засаг дарга Д.Сумъяабазар дахин санууллаа.
Тод мэдээ
Сүхбаатар дүүрэгт 37228 ам.метр явган хүний замын засвар, арчлалтыг энэ сарын 20-ноос эхлүүлнэ
Нийслэлээс явган замын арчлалтыг сайжруулах үүднээс байршлууд дээр нь очиж тогтмол ажиллаж байгаа. Тухайлбал, энэ сарын 17-ны өдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг болон холбогдох албаныхан хотын гол, гудамж замын зарим байршилд явган замын нөхцөл байдалтай танилцаж, үүрэг чиглэл өглөө.
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд ажиллахдаа явган замгүй байршлуудад хэрхэн явган зам гаргах, иргэдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах асуудлаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг болон албаны хүмүүстэй ярилцлаа.
Энэ үеэр Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг “Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу өнгөрсөн амралтын өдрүүдээр дүүргийн Тамгын газар, хороодын ажлын албатай хамтарч Сүхбаатар дүүргийн 1-11 дүгээр хорооны 355 байршилд 37228 ам.метр талбайн явган хүний зам талбайн арчлалтыг шалгасан. Явган хүний замын хавтангуудын арчлалтыг сайжруулах, засварлах шаардлагатай хэсгүүдэд ажлыг энэ сарын 20-ноос эхлүүлж, үе шаттай явуулна. Эхний ээлжид Сүхбаатар дүүргийн Бага тойруугаас Их тойруу доторх явган хүний замыг засварлана. Багшийн дээдийн хойно Спортын төв ордны арк дээр иргэдээс гомдол их ирдэг. Автомашин явах хоёр урсгал замтай ч хажуугаар нь явган хүний зам байдаггүй. Тиймээс иргэд, орчмоор нь зорчиж байгаа оюутнуудад зорчиход хүндрэлтэй. Энэ хэсэгт мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулж, явган хүний замыг хийхээр төлөвлөж байна” гэлээ.
Сүхбаатар дүүргийн хэмжээнд Энхтайваны өргөн чөлөө буюу Арслантай гүүрний баруун талаас Баруун 4 зам хүртэлх явган хүний замыг шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Гэрээнд заасан хугацааны дагуу ажлууд хийгдэнэ. МУИС-ийн баруун талаас Засгийн газрын ордны зүүн талд байрлах “Галлериа Улаанбаатар”-ын урд талын хэсэг, СТӨ-ний ард талын хэсгийн явган замын ажлуудыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас хяналт тавин гүйцэтгэж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Тод мэдээ
Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ
Нийслэлийн Засаг даргын 2025 оны “Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнөөдрөөс Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ.
Тодруулбал, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, дүүргүүдийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн алба хаагчид Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу 9 чиглэлд ирэх есдүгээр сарын 21-ний өдрийг дуустал хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллах юм. Энэ жилээс Сэлбэ гол дагуу хөдөлгөөнт эрүүл ажиллана. Нийслэлийн хэмжээнд гол, усны ослоос аврах, урьдчилан сэргийлэх завьт болон хөдөлгөөнт эргүүл 15 дахь жилдээ ажиллаж байна.
НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС
Тод мэдээ
Сүхбаатарын талбайн хоёр талын явган хүний замыг шинэчлэх ажил үргэлжилж байна
Нийт 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчлэх ажил үргэлжилж байна. Үүний нэг болох Сүхбаатарын талбайн хоёр талын 5012 ам.метр талбай бүхий явган хүний зам засварын байршилд холбогдох албаныхан ажиллалаа.
Тухайн байршилд ажилласан УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “Нийслэл хотын хэмжээнд төв магистрал зургаан гудамжинд байгалийн чулуун хавтангаар явган хүний зам хийж байна. Тухайлбал, Төв шуудангийн уулзвараас Сүхбаатарын талбайг тойрсон явган хүний замыг тодорхой хэсгүүдэд хувааж, ажлыг үргэлжлүүлж байгаа юм. Ажил гүйцэтгэхдээ явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулахгүйн тулд иргэд чөлөөтэй зорчих гарцыг гаргасан” гэлээ.
Түүнчлэн явган замыг байгалийн боржин чулуун хавтангаар шинэчлэхдээ галаар шатаах, цохилттой дрилл ашиглан барзгар гадаргуу үүсгэх байдлаар технологийн шинэчлэлтийн ажлыг зарим шаардлагатай хэсэгт оруулж өгч байгааг ажил гүйцэтгэгчид хэллээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
-
Тод мэдээ2023/10/20
Монгол Улс, БНХАУ-ын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зу...
-
Тод индэр2025/01/08
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ахмадын үндэсний чуулганыг нээж үг хэллээ
-
Тод мэдээ2023/12/05
Нурсан гэр, байшин, гараашийг нүүлгэн шилжүүлж, тусламж үзүүллээ
-
Өнөөдөр2022/02/22
Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн